ЗӨВ маркетинг-Улсын ХӨГЖИЛ
11 жил, 7 сар өмнө

"Яруу сэтгэгч" вэбийн сурвалжлагч өнөөдөр Монгол улсынхаа нэгэн иргэний үзэл бодлыг сонслоо. Эх орныхоо үнэт баялаг чулууг олонд таниулж, үнэ цэнийг нь олонд түгээн Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй Баярбилэг онлайн ертөнцөд "Чулууны дархан" хэмээх нэрээрээ хэдийн танил болжээ. Чулууны дархан Баярбилэгийн товч намтар болоод чулуу урласан түүхийн талаар манай вэбэд нийтлэгдсэн тул /http://yaruusetgegch.com/#!/чулууны-дарханы-чулуу-үг/ өнөөдөр түүний эх орныхоо цаашдын хөгжилийг хэрхэн харж байгаа талаар ярилцлаа. 

Сурвалжлагч: Сайн байна уу? танд энэ өдрийн мэндийг хүргэе, та сүүлийн 8 жилийг чулуу урлалд зориулсан байна. Одоогоор нийт хичнээн хөөрөг урласан бэ? Чулуу урлалын давуу тал таны бодлоор? товчхон хэлбэл...

Баярбилэг: Тоймгүй олон хөөрөг хийсэн. Би чулуу урлах энэ үйлсдээ их хайртай байдаг. Эх орныхоо өсдөг хүйтэн хөрөнгийг олонд таниулж  үнэ цэнийг хүргэнэ гэдэг их бахархалтай ажил даа. Би илүү ихийг хийж бүтээж олон залуучуудад, хүмүүсд чулуу урлалыг зааж өгөхийг өвлүүлхийг л хүсдэг. 

Сурвалжлагч: Сүүлийн жилүүдэд Монголчууд үндэсний зан заншил, өв уламжлалаа авч үлдэхийг их хүсдэг болсон нь сайшаалтай. Энэ өв соёлоо авч үлдэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа хүний хувьд үндэсний үйлдвэрлэгчдэд төрийн дэмжлэг хэр байна вэ?

Баярбилэг: Тийм, үнэн шүү сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлээ эрхлэх хүмүүсийн тоо мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих иргэдийн тоо ч нэмэгдсэн. Гэхдээ миний хувьд төрийн дэмжлэг хангалтгүй байна гэж боддог. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлхийн тулд хичээн зүтгэх хүмүүсдээ илүү их дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй санагддаг.

Сурвалжлагч: Тухайлбал, ямар дэмжлэг хэрэгтэй вэ?

Баярбилэг: Энэ долоо хоногийн бүтэнсайн өдөр автомашингүй өдөр боллоо. Энэ маш зөв зүйтэй ажил шиг санагдсан. Ихэнх хүмүүс суугаа ажил хийдэг болж, хөдөлгөөний дутагдалд орсноос болоод маш их хүн явган алхаж, дугуй унаж байсан. Тиймээс бүтэнсайн өдөр бүрийг автомашингүй өдөр болговол жижиг дунд бизнес эрхлэгч үндэсний үйлдвэрлэгчид иргэдэд хийсэн бүтээсэн зүйлсээ таниулж, танилцуулах боломж бүрдэх юм байна гэж бодогдсон. Хүмүүс ч их таатай хүлээж авах болов уу? 

Сурвалжлагч: Ер нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, Монголоо гэсэн хүн бүр нэгдэж чадвал манай эх орон хөгжинө гэж надад бодогддог. Үндэсний үйлдвэр эрхлэгчидийн харилцаа холбоо хэр байдаг вэ? 

Баярбилэг: Яг зөв, бид нэгдэх хэрэгтэй, одоо бол шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л байдаг, би ингэж байна, би тэгэж байна гээд л өөрсдийгөө л бодсон хүмүүс их, тиймээс дээр дурдсан шиг нэгдэх арга хэмжээнүүдийг зохиож, нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Мөн энэ дээр зөв маркетинг хийгээд гадаадын улс  оронд таниулан сурталчилах хэрэгтэй байна. 

Сурвалжлагч: Цахим ертөнцөд залуучууд үзэл бодлоо хуваалцдаг боллоо, уулзалтууд ч зохиогдож байна. Таны хувьд уулзалтуудад оролцдог уу? Үр дүнг юу гэж хардаг вэ?

Баярбилэг: Цахим орчинд залуучууд үзэл бодлоо солилцож байгаа нь маш сайн юм. Гэхдээ зарим үед маш хэрэггүй сул мэдээллүүд урсаж байгаа харагддаг. Залуус бие биендээ санаа, оноо, эх орноо өөрчлөх гарц замуудыг л хэлдэг байгаасай гэж боддог. Миний хувьд сошиал уулзалтууд их үр дүнтэй санагддаг, хий дэмий бичээд суух биш хамтдаа хэрхэн хийхээ ярилцаж тохирох маш чухал. Би уулзалтуудад оролцож өөрийн хийдэг болон, хийхээр төлөвлөж буй ажлаа бусадтай хуваалцаж бусдын саналыг ч сонсож чадахаараа туслахаар шийдсэн байгаа. Саяхан би маркетингийн сургалтанд суусан. Ер нь маркетинг зөв байна гэдэг маш чухал юм гэдгийг ойлгосон.

Сурвалжлагч: Жижиг дунд бизнес эрхлэгчид зөв маркетинг хийвэл улсын хөгжилд нөлөөлнө, ер нь маркетинг зөв байвал улс орон ч хурдан хөгжинө гэсэн санаа.

Баярбилэг: Тэгэлгүй яахав, зөв маркетингтай байвал улс эх орны хөгжил хурдасна. Гэхдээ өнөөдөр манай Монгол бол хөгжлийн шатанд орсон гэж боддог. Хамгийн гол нь улс эх орны маркетинг хувь хүн рүүгээ чиглэсэн байх хэрэгтэй.

Сурвалжлагч: Таны хувьд бид баялагаа зөв ашиглах боломжтой юу? Монгол орны ирээдүйн баталгаа. Монгол орны иргэддээ хэлэх захиас? 

Баярбилэг: Ер нь хувь хүн бүр өөр өөр үзэл, бодолтой байх л даа, миний бодлоор Монголын гол тулгуур багана бол мал юм. Хэдийгээр эрт дээр үеэс замнаж ирсэн нүүдлийн соёл иргэншил алдагдаж байгаа ч баялагуудаа зөв ашиглаж уулыг нураагаад алтыг авлаа ч гэсэн ард нь хөшөө дурсгал үлдэж байдаг, ард зонд хэрэгтэй зүйл болж үлдээсэй гэж боддог. Улс орны хөгжилийн төлөө иргэд бүр маркетингтай л байх хэрэгтэй байна. Хамгийн гол нь чаддаг чаддагаа сайн хийгээд хав дарах биш бусаддаа хэлж, хуваалцах хэрэгтэй гэж боддог доо. 

Сурвалжлагч: За баярлалаа, таны үйл бүхэн бүтэмжтэй байх болтугай.

Баярбилэг:  Та бүхэнд ч бас баярлалаа, ард түмнийг соён гэгээрүүлж буй та бүхэнд амжилт хүсье.