Зөвхөн Бурханд таалагдсан амьдралтай хүн л өөртөө итгэлтэй байж болно /ярилцлага/
"Найрамдал” эмнэлгийн ерөнхий эмч АУ-ны доктор,профессор Бямбын Намтайтай хийсэн ярилцлага
1. Ертөнцийн үүслийн талаар Танаас асууж ярилцлагаа эхэлье гэж бодож байна. Энэ талаар Та сонирхдог тань мэдээж. Яагаад гэвэл, Таны ертөнцийг үзэх философи сэтгэлгээний зохиол бүтээлүүдэд ертөнцийн мөн чанарын талаар нилээд тусгагдсан байдгийг би мэдэх юм.
Миний хувьд эрдэмтдийн ном зохиолоос уншиж сонирхож байснаа л мэдээлэхээс биш өөрөө судалсан, мэдсэн юм юу байх вэ? Байхгүй! Харин бусдын бичсэн ном, хэвлэлээс ойлгож авсанаа тоймлон хэлэхэд, өнөөгийн хүн төрөлхтөнд манай орчлон ертөнцийн үүсэл, хөгжлийн талаар гурван өөр, хоорондоо харилцан адилгүй утга агуулгатай ойлголт, гурван янзын онол, тайлбар хэрэглэгдэж байх шиг байна.
Нэгдүгээрт: Шинжлэх ухааны, тухайлбал, астро-физик, квант механикийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал байна.
Орчин үеийн онолын физикт “Хоёрдугаар Эйнштейн” гэж хүндлэгддэг Английн нэрт эрдэмтэн, сэтгэгч-физикч Стефен В. Хокингийн “Цаг хугацааны товч түүх” (Их тэсрэлтээс “Хар нүх” хүртэл), “Хар нүх ба шинэ ертөнц” гэдэг хоёр дэвтэр номыг 2004 онд “Монсудар” хэвлэлийн газар монгол хэлээр хэвлэн гаргасан. Энэ ном гайхалтай сайн ном! Тэр хэцүү номыг би, яахав, ойлгох газар нь ойлгон, эс ойлгогдох газар нь эс ойлгон уншсаар арайчүү хэлтэлсэн ухаантай юм.
Тэндээс барагцаалж үлдсэн ойлголтоо л Танд дамжуулж ам хаахаас өөр арга мэх надад үнэхээр алга байна. Стефен В.Хокинг номондоо дурдахдаа, орчин үеийн шинжлэх ухааны хуулиуд ертөнцийн үүсэл хөгжлийн гол үйл явцыг хангалттай хэмжээнд харьцангуйгаар ажиглаж чадна гэж нотлоод, шинжлэх ухааны тодорхойлж хэмжиж чадах, ажиглалт, судалгаа, туршлаганд нь давтагдаж буй зүй тогтолоор нь тооцоолж болохуйц хэмжээний орчлон ертөнцийг яаж үүсэж хөгжсөнийг тайлбарлахдаа сонгодог физикийн бүх хуулиуд зөрчигдөх “Онцгой цэг”-ээс “Их тэсрэлт”-ээр үүсэж эхэлсэн гэж үзэж байна.
АНУ-ын Массачусетийн Технологийн институтын эрдэмтэн Алан Гут “Орчлон ертөнц маш халуун, гэхдээ, огт эмх замбараагүй төлөв бүхий их тэсрэлтээр үүссэн!” гэсэн таамаглал дэвшүүлснээр энэ таамаглал нь одоо “Орчлон ертөнц төгсгөлгүй нягттай ямар нэг “Онцгой цэг”-ээс их тэсрэлтээр үүсч тэлж эхэлсэн!” гэсэн эштэй “Их тэсрэлтийн онол”, “Тэлж буй орчлонгийн загвар” гэдэг шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдсөн нэгдмэл онол болж боловсортлоо хөгжжээ.
“Тэлж буй орчлон” гэдэг томъёололын тухайд бол 1929 онд АНУ-ын одон орон судлаач эрдэмтэн Эдвин Пауэлл Хаббл одод галактикууд бие биеэсээ холдон тэлж буйг нээсэн шинжлэх ухааны чухал тулгуур нээлт хийсэн нь од гарагууд олон олон сая, тэрбум жилийн өмнө бүгд нэг цэгт, эсвэл, нэг таяг тойрогт бөөгнөн таталцаж, орчлон ертөнцийн эзлэхүүн төгсгөлгүй бага, харин нягт нь төгсгөлгүй их, төгсгөлгүй өндөр хэмийн халуунтай байсан гэдэг таамаглалд эрдэмтдийг хөтөлжээ.
Эрдэмтэд одоо “их тэсрэлт”-ийн агшинд орчлонгийн хэмжээ “Тэг” /0/-тэй тэнцүү, “Цаг хугацаа” гэх хэмжигдэхүүн ч үүсээгүй байгаад “Онцгой цэг”-ийн “Их тэсрэлт” болсноос эхлэн цаг хугацаа тоологдож, орчлон тэлж эхэлсэн гэж дүгнэж байна. Энд “Онцгой цэг” гэдэг нь ямар нэг физик биет гэрлийн хурдтай (300,000 км/сек) ойролцоо хурдтай хөдөлж хоорондоо үйлчлэлцсэнээр биеийн масс энергид шилжиж (Е=м*с2) тэр мужид физикийн орон зай, цаг хугацаа гэх хэмжигдэхүүний утга агуулга алдагдаж, “Орон-цаг” гэдэг нийлмэл, төгсгөлгүй мурийлттай (Их масстай биеийн татах хүчний нөлөөгөөр цаг хугацаа мурийдаг), цэг бүрд нь үйл явдал харгалздаг дөрвөн хэмжээст квант таталцалын үзэгдлийг үүсгэдэг юм байна. Ер нь онолын физикчидийн тайлбарлаж байгаагаар ертөнц язгуураараа хоёрхон юмнаас бүрдэж тогтдог аж. Тэр хоёр юм нь,-Бөөм, долгион хоёр! Алив матери үүсэхдээ энергээс бөөмс- эсрэг (анти) бөөмс гэсэн хос хэлбэрээр үүсдэг, бөөмс нь ертөнцийн таталцалын энергээс гардаг, ертөнц материйн эерэг энергитэй яг тэнцүү таталцалын сөрөг энергийг агуулдаг юм байна.
Онолын физик, астрофизикийн эдгээр онол тайлбаруудаас би өөртөө өөрийн хар ухаанаар хагас дутуу, буруу зөв ойлгож авсан ч гэх юмуу, дотроо төсөөлж тоймлож үлдсэн бодлоо эмхлүүлээд хэлэхэд, манай орчлон ертөнц лав л хов хоосноос үүсээгүй юм байна. Юу ч юм ямар нэг материаллаг ч юмуу, материаллаг бус ч юмуу “өгөгдөхүүн” зүйл урьд нь оршиж байж, тэр зүйл нь өнөөгийн хүн төрөлхтний аль ч хэлний үгийн санд илэрхийлэх үггүй, тэр байтугай, математик загвар, тэгшитгэлээр ч илэрхийлэгдэхээргүй тийм төгсгөлгүй нягттай агшиж хумигдсан “юм”- “юм бус” оршигч байж, тэр “Оршигч” нь бас төгсгөлгүй, тооцоологдохгүй үлэмж температуртай, одоогоор квант физикийн онолчидын оноож буй нэр томъёогоор, “Онцгой цэг”-т тохиож байж, тэгээд өөрийн дотоод бүтэц дэхь “юм”-“юм бус”-ын үйлчлэлийн явцаар маш хүчтэй “цөмийн урвал”-д орж “Их тэсрэлт” болсны улмаас манай орчлон галактикийг бүтээх “бөөм” – “долгион”- ы эгэл хэсгүүд гадагш цацагдан тархаж, түүний хамт “цаг хугацаа” ч түлхэгдэж тохиолдлоор тохиосон хэм хэмнэлээрээ явж эхэлжээ! гэсэн л ойлголттой үлдсэн.
“Их тэсрэлт”, “Тэлж буй орчлон”-гийн онол нь ажиглалт, тооцоолол, математик загварын төлөвийн туршилт, гэрлийн шилжилт, долгионы давтамжуудаар бодитой батлагдах зөв, үнэн онол мөн ч байж болно, биш байгаад шинжлэх ухааны өөр баримт нотолгоонуудаар няцаагдан хэрэглээнээс гарч ч болно, яагаад гэвэл, шинжлэх ухааны алив онол нээлт сэтгэлгээний гоо сайхан руу хийгээд үнэмлэхүй үнэн рүү хязгааргүй тэмүүлэх чанар агуулдгаараа бахархалтай ч хожим байгал ертөнц, ахуй амьдралын хувьсангуй явц, шинэ туршилт, шинжлэх ухааны төгс төгөлдөр нарийвчлалтай баталгааны үр дүнгээр няцаагдаж болох таамаглал, зөн мэдрэмжийн элементүүдийг агуулж байдаг онцлогтой юм. Эцэст нэг санаа нэмэн хэлэхэд, “Орчлон ертөнц гэж юу вэ, юунаас яаж үүссэн бэ?” гэдэг асуултын хариунаас илүүтэй “Орчлон ертөнц яагаад, юуны тул оршин байна вэ?” гэдэг асуултын хариу шинжлэх ухаанд чухал байгааг Стефен В.Хокинг маш ноцтой сануулсан байна лээ....
2. Сонин байна, баярлалаа! Одоо хоёр дахь, гурав дахь онол? Ямар онол тайлбарууд байна?
Тийм, Хоёр дахь, гурав дахь онол! Миний бодоход, хоёр дахь онол хүний аж төрөл, ахуй амьдрал, ёс суртахуунд маш чухал, маш ойр онол! Юу гэвэл, орчлон ертөнцийн үүсэл хөгжлийн шалтгааны тухай Буддын гүн ухааны эш тайлбар юм.
Буддын гүн ухааны онол эшээр бол ертөнц нүдэнд үл үзэгдэх хэмжээний өчүүхэн бичил, цаашаа үл задрах, бодит бүтэцгүй хумхийн тоосонцоруудын бөөгнөрөл, нягтралаас үүссэн гэж үздэг. “Хумхийн тоос” бол матери! Буддын шашны гүн ухаан ертөнцийг материас үүсэлтэйгээр, материаллаг чанартайгаар тайлбарлахдаа үүслийн үйл явцыг “Бүтэх-Эвдрэх”, “Үүсэх-Устах”, “Байх-Эс байх” –ын орчилд маш гүн диалектик сэтгэлгээ, самади бясалгалаар оносон. Үүнд, юмс бие биетэйгээ шүтэн барилдаж, бие биеэсээ хамаарч, шалтгаан нөхцөлийн үрээр хувьсан өөрчлөгдөж оршдог бөгөөд угтаа хоосон чанартай гэж үзсэн. Дорнын гүн ухааны сэтгэлгээний аугаа ололт бол диалектик хандлага нь, бас, юмс үзэгдэл байнга хувьсан өөрчлөгдөж “урьдахь” нь “хойтох”-ынхоо, “хойтох” нь “урьдах”-ынхаа шалтгаан болж байдгийг илт оносон бясалгал нь юм.
Юмс үзэгдэл байнга хувьсан өөрчлөгдөж байгаа учир тэд тогтонги мөн чанаргүй, өөрөөр хэлбэл, өөрийн мөн чанаргүй, өөрийн мөн чанаргүй болохоор өөрийн мөн чанараас бүтээгүй, өөрийн мөн чанараас бүтээгүй болохоор тэдний “Байгаа” нь “Байгаа бус”, “Байгаа бус” болохоор тэд үнэхээр бүтсэн бус, үнэхээр бүтсэн бус учир үнэн чанартаа юмс, үзэгдэл хоосон чанартай буюу “Буй нь буй бус”, “Буй бус нь бас буй бус”, “Мөнх бус, тасархай бус”, “Бүтэх үгүй, эвдрэх үгүй”, “Хурах үгүй, түгэх үгүй”, “Төрөх үгүй,түрдэх үгүй”, “Ирэх үгүй, одох үгүй”, “Дүүрэх үгүй, хорох үгүй”, зөвхөн бие биеэсээ харилцан хамааралд бие биетэйгээ шүтэн барилдаж оршино гэж үздэг.
Энэ орчилын үндэс нь шалтгаан хийгээд нөхцөлд орших юм. Шалтгаан хийгээд нөхцөл бүрдэхийг үйлийн үр гэнэ. Зөвхөн, шалтгаан нөхцөл бүрдэж үйлийн үр боловсорсноор юмс, үзэгдэл үүсэн буй болж, эсрэгээр, шалтгаан, нөхцөл үгүй болмогц юм, үзэгдэл устаж арилна. Бүх юмс өөрчлөгдөн хувирч, байснаараа эс байх нь ертөнцийн цорын ганц хувиршгүй, хөдөлшгүй үнэн юм. Ганц энэ үнэн л хэзээ ч үл өөрчлөгдөнө. Буддын шашны гүн ухааны энэ диалектик сэтгэлгээгээр хөөхөөр, ертөнцийн үүсэл бол шалтгаан нөхцөл, үйлийн үр хоёрын шүтэн барилдлагын “бүтээгдэхүүн” гэж хэлмээр байгаа юм.
За эцэст нь, гуравдугаар том онол, тайлбар бол Христос шашны “Библи” хөлгөнд буй нэг онол, тайлбар! Энэ онолыг “Бүтээлийн онол” буюу “Креоционизм” гэж нэрлэж байгаа.
“Бүтээлийн онол”-ын үндэс нь орчлон ертөнцийг “God” (Бог) буюу Бүтээгч тэнгэр, бидний нэрлэдэгээр “Бурхан” бүтээсэн гэж үздэг. Үүнд “God” хэмээх “Бүтээгч” орчлон ертөнцийг 6 хоногийн турш ээлж дараалан бүтээгээд 7 дахь өдрөө буюу манай дэлхийн ихэнх улс орны иргэд ажил албанаасаа амардаг “ням” гарагт амарсан гэж номлодог. Бүтээгч Эзэн бээр бүгдийн түрүүнд Тэнгэр, Газрыг бүтээжээ. Газар ямар ч хэлбэр дүрс үгүй, хоосон, гүн нүхэн харанхуй байдалтай харагдахаар нь Бүтээгчийн гэгээн сүнс их усан замлингийн дээгүүр элин халин явж таараад “Гэрэл гэгээ буй бол!” гэж айлдсанд гэрэл түгж, гэрэл түгснээр, гэрэл харанхуйгаас ялгарч, тэгээд Бүтээгч маань гэрлийг “өдөр”, харанхуйг “шөнө” гэж нэрлэснээр Өглөө, Үдэш үүссэн нь “God”-ын бүтээлийн эхний өдөр болов.
Цаашаа 5 өдрийн турш Дэлхийд оршин амьдрагч бүх амьтад, түүн дотроо, Хүн, тэгээд хүний амьдралд хэрэгтэй загас, шувуу, ургамал ногоо, үндэс үр бүгдийг гүйцээж бүтээгээд сэтгэл ханан баярлаж бүтээлээ завсарлав гэж өгүүлдэг. Сонирхолтой нь, нэг хачирхалтай мэдээ бий. Тэр нь “Библи” сударт тэмдэглэснээр, хүн төрөлхтний дээд өвөг Адамыг яаж бүтээсэн? гэхээр, газрын нанги шавраар зуурч бүтээгээд өөрийн мөнхийн амь амьсгааг бие рүү нь үлээн оруулж амилуулжээ. Адам ганцаардаж Тэнгэрийн Эдэм цэцэрлэгт уйтгарлаж гуниглаад байхаар нь Адамын нэг хавиргаар Ева гэгч тэнгэр охиныг бүтээж амраг хос болгон ханьсуулсан гэдэг юм. Энэ өгүүлсэн зүйл, товчдоо, “Бүтээлийн онол”-ын гол мэдээлэл! Өнөөгийн байдлаар энэ “креоционизм” нэг талаас, нөгөө талаас Чарльз Дарвины “Эволюцийн онол” хоёр шинжлэх ухаанд хүчтэй өрсөлдөж байр суурь булаацалдаж байгаа юм. Шинжлэх ухаанд бие биеэ үгүйсгэж байгаа хоёр онол байваас, логикийн хувьд, нэг нь зөв, нөгөө нь буруу байх ёстой, эсвэл хоёулаа ч буруу байх боломжтой, харин хоёулаа бүхлээрээ зөв байх магадлал бараг тэг (0)-тэй тэнцүү байх!
Дарвины “Эволюцийн онол” гэдэг бол амьд ертөнц, амьтны аймгийг Бурхан бүтээгээгүй, харин “байгалийн шалгарал”, хувьслын жамаар амьдрал энгийн хэлбэр, төлөвөөсөө илүү дээд, илүү зөрчилт, нарийн нийлмэл хэлбэр төлөвтөө шилжин дэвших замаар амьд байгалийн хөгжил өрнөж, органик биш бодисуудын хувьсал хөгжлийн үр хөврөлөөр, органик бодисууд дээд хөгжилтэй биологийн төрөл, зүйлүүд бий болж өнөөгийн бүтэц үйл ажиллагааны горимд хүрсэн гэж үздэг, жишээ нь: эхлээд нэг эст болхи функцэт биетүүдээс олон эст биологи биет болон хөгжиж дараа дараагийн үе шатуудад эсийн хуваагдал, бэлгийн үржлийн зарчмаар “мөлхөгчид”, “хөхтөн”, “сээр нуруутан”, “жигүүртэн”, “сүүн тэжээлтэн” гэх мэтийн төрөл, зүйлийн түмэн амьтад үүсэн хөгжиж, хөгжлийн эцсийн шатанд, үг яриагаар мэдээлэл солилцдог, үйл ажиллагаагаа хянан зохицуулдаг логик ухамсарт хүн төрөлхтнийг буй болгосон гэж нотолдог шинжлэх ухааны онол юм. Эдгээр онолуудын талаар би мэргэжлийн судлаач биш болохоор буруу ташаа мэдээлэл, ойлголт өгчихсөн байх магадгүй шүү, тиймд, жинхэнэ судалдаг нарийн мэргэжлийн хүмүүсээс сайн асууж лавлаж тодруулаарай!
3. Хүний сүнс, сүнслэг амьдрал, хүний хойт төрлийн талаар Та ямар бодолтой явдаг бол? Хуваалцахгүй юу?
Хүнд сүнс байдаг нь лавтайг өмнөх зуунуудад Дорно, Өрнийн шашинууд баталсаар ирсэн, харин тэр баталгааг нь шинжлэх ухаан үгүйсгэдэг, хүлээн зөвшөөрдөггүй, шашны үзэл бол мухар сүсэг, сүм хийдүүдийн эрх баригчдын мунхруулга гэж няцаадаг байсан бол ХХ зууны сүүл хагас ХХI зууны эхэн дэх шинжлэх ухаан хүний биед амьдад нь сүнс оршдогийг хүлээн зөвшөөрч, хүнийг үхэх агшинд сүнс биеэ орхин гарч сансар, дияаны орон руу оддогийг өөрөө баталж шинжлэх ухааны олон баримт туршлагын үр дүнг мэдээлдэг болов. Тэр бүү хэл, Орос, АНУ мэт оронд үхэж буй хүний сүнсийг өөр хүнд шилжүүлэн суулгах туршилт хийж үр дүнгээ нууцалж байгааг хэдэн жилийн өмнө Оросын нэг хэвлэлд бичсэнийг уншиж байлаа. Ингэхлээр, эмнэлгийн шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн шатанд хүний эд эрхтнийг хүнээс хүнд шилжүүлэн “нутагшуулах” мэс ажилбар хийх бүү хэл, үхсэн хүний хүүрэнд сүнс шилжүүлэн суулгаж амьдруулах мэс заслын арга ухааныг олж байгаа юм шиг байна.
Одоо сүнс судлаач зарим эрдэмтэд “сүнсний хөгжил”-ийн тухай ч ярих болж, сүнсний хөгжил нь хүний амьд ахуйд явагдах ёстой амьдралын нэг үйл явц гэж үзэж, сүнсийг сайн, муугаар ялгах, хэрэв хөгжилгүй муу сүнс байвал Дээд Тэнгэрийн Дияан орны эрхшээгчдэд гологдон, тийм “гологдол сүнс”-ийг шууд устгадаг тухай анх удаагаа мэдэгдэж эхлэв.
Сонирхуулж хэлэхэд, “Монголын Психотроникийн хүрээлэн” (Чинадбилигийн хүрээлэн)-гээс “Таны оюунлаг сэтгэлгээнд” цувралаар хэвлэн гаргаж буй номууд дотор Секлитова Л.А, Стрельникова Л.Л зохиогчидтой “Сүнсний тухай Бурхадтай хийсэн ярилцлага” (Сансарын дээд оюун ухаантай тогтоосон холбоо) гэдэг ном хэвлэгдсэн байгаа. Уг номонд Бурханы удирддаг Дээд ертөнцүүдийн зохион байгуулалт, эдгээр ертөнцийг бүтээсэн болоод оршин тогтнуулж буй хуулиуд, хүний сүнсийг үүтгэгч орны бүтэц, үйл ажиллагааны тухай гайхалтай сонин баримт мэдээллүүдийг оруулсан байна лээ, уншаарай!
Хүнд физик биеэс нь гадна зэрэгцээ бие, Сүнс гэдэг эрчимлэг, үнэмлэхүй оюунлаг, ихэнхи эгэл хүний нүдэнд үл үзэгдэх нарийн “Орон” бие буюу “цэнэгт ахуй” байгааг шинжлэх ухааны туршилт, судалгаагаар илрүүлж бодитой байгааг нь нотолсон нь хүний амьдралын агуулга, зорилго, амьдын үйл ажиллагааны мөн чанарыг өнөөгийн прагматик үзэл, баримтлалаар ойлгодог хандлагыг эрс өөрчлөх шаардлагатай болгож байна.
Хүний амьдралын хугацаа үхлээр дуусдаггүй, цаашаа харьцангуй мөнх үргэлжилдэгийг хүн төрөлхтөн мэдэж авах нь хүний амьдралын бүтэц, хугацаа, чинад агуулгыг шинээр ойлгох “Нүд нээж” буй маш чухал, маш том нээлт! Харамсалтай нь, энэ бүгдийг өнөөгийн хүн төрөлхтөн огт анхаарахгүй, ач холбогдол оноохгүй, аанай л урьд өмнөх он жилүүдэд амьдарч ирсэн шигээ эд хөрөнгийн шунал, махбодын хүсэл тачаал, оюуны мунхагт автан буруу амьдарсан хэвээр бөгөөд газар дэлхий дээр амьдарч байгаа амьдралынхаа үр дүн, үйл ажиллагааныхаа шинж чанарыг үхлийн дараах сүнслэг амьдралынхаа зам мөр, “хувь заяа”-тай холбон тооцох, газрын амьдралынхаа үүрэг, зорилгыг өмнөхөөсөө өөрөөр харах, өөрөөр ухааран шинэчлэх, “Хоёр дахь бие”-ээ тооцсон үйл ажиллагааны зарчимд хэвших шаардлага илт тулгарсаар буйг огт мэдрэхгүй хайран амьдрал, эрдэнийн үнэт хувь заяагаа гомдоон гутаасаар байна!
Хүний амьдрал газар дээр өнгөрүүлж буй хоног жилүүдээр дуусдаггүй, үхлийн үйл явцаар дамжин цаашаа өөр төлөв, өөр хэмжээст цаг хугацаа, орон зайд шилжиж өөр тооцоо, өөр хууль зүйт “шинэ засаглал”-ын нөхцөлд үргэлжилж амьдардаг. Тэр амьдрал нь газар дээрхи энэ амьдралын эерэг сөрөг үр дүнтэй шууд харгалзан бидний үйлдсэн нүгэл хилэнц болоод тус буян, ачлал хорлол, гэм унал болоод гэгээрэл ариусалын “үйлийн үр” ямраар боловсорно яг түүгээр нөхцөлдөн сүнсний амьдралдаа жаргал, зовлонгийн алийг эдлэхээ тодорхойлуулна. Хүн энэ насны амьдралдаа хүмүүст, бусад амьд амьтдад тус буян үйлдсээр эцэслэсэн бол жаргал эдлэх эрх чөлөөг олно, нүгэл хилэнц үйлдсээр хоногоо гүйцээсэн бол тамын зовлон эдлэх “хариуцлага”-ын ялд унана. Энэ бол сансарын хүрдний “үл эвдрэх” хууль юм. Энэ хууль хэзээ ч өөрчлөгдөхгүй мөнх хууль! Үүгээрээ манай Монгол улсын “УИХ”-аас баталж гаргадаг, хөрөнгө, мөнгөтэй, эрх дархтай хүмүүс нь үл тоодог, ядуу хоосон ард иргэдээ болохоор дагаж мөрдөхийг хатуу шаарддаг “Тоглоомын хууль”-уудаас асар ялгаатай!
Сүнс хүний биеийн хамгийн аугаа хэсэг! Хүний амьдралын хамгийн сонин, хамгийн идэвхитэй үргэлжлэл! Тэр хэдийгээр гарт баригдах физик хэмжээст ордоггүй ч тухайн хүнийхээ амьдрал, үйл хэргийн бүх мэдээллийг нэг нэггүй кодлон тээж, хүнийг үхмэгц биеэсээ асар хурдтайгаар, магадгүй, гэрлийн хурдаас илүү хурдтайгаар гарч амьдралын өөр төлөвт хувирч ордог “энерги-ахуй” юм байна гэж би ойлгоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний үхлийн дараах амьдралд тохиох үйл явцыг тодорхойлох “өгөгдөхүүн” удирдамж, хөтөлбөр болдог үзэгдэл гэмээр ч юм уу, хүний махбод хэмээх матери жирийн оюун ухаанд төсөөлөгдөшгүй, төгсгөлгүй их хурдын үйлчлэлээр энерги болж хувирч буй үзэгдлийн илрэл юм шиг байгаа юм. Тэгээд хүний бодит амьдралын хоёр дахь шатны үргэлжлэл болж урьд насны бүх мэдээлэлээ өөртөө агуулж, өөртэйгээ зөөж, физик биеийнхээ амьдралд туулж өнгөрсөн сайн муу, зөв буруу, ариун болоод ариун бус, хортой болоод тустай үйлийн үр дагаврыг эдэлж, яг л амьд хүн шиг, эсвэл жаргаж, эсвэл зовж, физик биеийнхээ үйлдсэн үйлийн үрийн шинж чанараар нөхцөлдсөн амьдралаар амьдардаг гэж итгээд сууж байна даа, ах нь! Хүмүүс ч бас ингэж ойлгож, ингэж итгэж, энэ насныхаа амьдралд нүгэл хилэнцээ аль болохоор тэвчиж, буяныг аль болохоор төгс үйлдээсэй гэж л хүсч байна.
4. Супер нэгдлийн онол гэж их яригдах юм. Монголын математикч, нийтлэлч Ч.Эрдэнэ гуай энэ чиглэлээр нээлт хийж, “супер нэгдэл”-ийг баталсан гэж би дуулсан. Энэ мэдээлэл хэр бодитой вэ? Та энэ сэдвийг сонирхдог уу?
Үнэнээ хэлэхэд, надад энэ талаархи мэдлэг тун хомсдоо. Мэргэжлийн хүн биш болохоор товтой, тодорхой хариулт өгч хараахан чадахгүй. Яахав, хаа нэгтээгээс уншиж сонирхож байсан ганц нэг шинжлэх ухааны өгүүлэл, мэдээлэл, физикийн эрдэмтэн нөхдийнхөө бичсэн номын хуудаснаас хальт мөлт ойлгосноо л дамжуулая: Одоо дэлхийн физикч эрдэмтэд бодит орчлонг бүхэлд нь нэгтгэн тайлбарлах нэгдмэл нэг универсал онол боловсруулах нь байгалийн шинжлэх ухааны эцсийн зорилго гэж үзэж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр сонгодог механикийн хуулиуд, тухайлбал, И.Ньютоны “Таталцалын онол”, бас орчин үеийн квант механикийн хуулиуд, тухайлбал, А.Эйнштейний “Харьцангуйн тусгай, ерөнхий онол”-ыг хооронд нь зөрчилгүйгээр нэгтгэн интегралчилах “Таталцалын квант механикийн онол”-ыг боловсруулна гэсэн үг юм билээ. Орчлон ертөнц хүний мэдлэг, оюун харьцаж чадах хэмжээндээ физикийн дөрвөн их хүчний үйлчлэлийн нөлөөгөөр оршин тогтнож байгаа юм байна. Энэ дөрвөн хүч байхгүй болвол, эсвэл ямар нэг нөхцөл шалтгаанаар арилж уствал орчлон устаж сүйрнэ. Энэ дөрвөн хүч бол “бодисын таталцалын хүч” (гравитац хүч), “цахилгаан соронзон хүч”, “сул харилцан үйлчлэлийн хүч”, “хүчтэй харилцан үйлчлэлийн орны хүч” гэсэн дөрвөн төрлийн хүч байгааг нягтлан тогтоосон.
Энэ дөрвөн хүчний үйлчлэх зүй тогтлыг физикийн шинжлэх ухаан амжилттай судалж нээгээд хүч тус бүрд харгалзах физик онолыг үндсэнд нь боловсруулж дуусчээ. Одоо эдгээрийг хооронд нь нэгтгэсэн орны нэгдсэн онолыг буй болгох чиглэлээр онолын физикийн гол судалгаа, туршилтууд хийгдээд эхэлжээ. Жишээ нь “Цахилгаан соронзон” орны онолыг “Сул хүчний” үйлчлэлийн онолтой нэгтгэсэн “Цахилгаан-сул хүч” –ний онол буй болгочихжээ.
Одоо “цахилгаан-сул орон”-ы онолыг “Хүчтэй харилцан үйлчлэлийн орон”-ы онолтой нэгтгэх “Их нэгдлийн онол” (UHO), тэгээд бүх дөрвөн хүчний орны үйлчлэлийг нэгтгэсэн “Супер нэгдлийн онол”-ыг боловсруулах аргазүйн эрэл, судалгаа, туршилтын ажлууд хийгдэж байгаа юм. Энэ “супер нэгдлийн онол”-оо “таталцалын квант орны онол” ч гэж нэрлэж байгаа юм билээ.
Манай Монголын математикч эрдэмтэн Ч.Эрдэнэ “Супер нэгдлийн онол”-ыг геометрт байгуулсан гэж мэдэгддэг. Тэрбээр 13 жилийн турш ноцолдож байж дуусгасан ‘’Principia mathematicia” гэдэг төө шахуу зузаан номондоо ертөнцийн хүчнүүдийн нэгдлийг математикаар баталсан гэж зарлаад байгаа. Энэ ном дан интеграл, дифферианциал тоонуудын хувиргалт, бодолт, тэднийг квадрат, куб зэрэгтэй язгуураас гаргасан, эсвэл квадрат куб зэрэгт дэвшүүлсэн тэгшитгэлүүдээр дүүрэн ном харагдана лээ. Урлаг, уран бүтээлийн биднүүст бол ёстой өнөө, “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэдэг шиг л ном! Гаус, Эрдэнээ хоёроос өөр эрдэмтэн ойлгох юм уу, үгүй юм уу бүү мэд! Өнөөдөр хүн төрөлхтний оюун ухаан судалж буй орчлон ертөнц хэрэв эхлэлгүй бус , бас хоосноос бүтсэн бус, ямар нэгэн бодитой нэгж, анхдагч эх сурвалжаас бүтсэн, тэр нь материйн бүтэцтэй бол “супер нэгдэлийн онол” манай орчлон ертөнцийн үүсэл, бүтэц, хөдөлгөөн, хөгжлийн бүх үйл явцын зарчмыг нэгтгэсэн физикийн суурь онол, материйн үйлчлэлийн гол механизмыг тайлбарласан “цөм онол” байх нь лавтай. Энэ сэдвээр Та өөрөө сонирхон уншаад маш дэлгэрэнгүй, цэгцтэй мэдлэг олоод авчихаар зарим нэг номын нэрсийг одоо би Танд хэлээд өгөе! Энэ номууд миний гэрийн номын санд байгаа. Аваад уншиж болно.
- Стефен В.Хокинг “Хар нүх ба шинэ ертөнц”, “Цаг хугацааны товч түүх” (Их тэсрэлтээс хар нүх хүртэл)
- С.Хүрэлсүх. “Шашны физик-I” “Шашны физик-II”
- Х.Намсрай (академич) “Хорвоо ертөнцийн хөгжил, амьдралын зүй зохицолдолгооны зарим асуудал”
- Ч.Эрдэнэ. “Бид ялав: Монголын үндэсний сэргэн мандал” “Их гурвалжин”
- Б.Г. Кузнецов. “А.Эйнштейн”
- Е.В. Дубровский “Разум побеждает”
- Нас-Уртын Түгжсүрэн, 8.Ч.Лхагважав “Оддын ай, орчлон судлал”
- 5. Би Монголчуудын эрүүл аж төрөх соёл, уламжлалын талаар олон жил судалгаа хийж ном зохиол хэвлүүлж байгаа болохоор энэ сэдвээр заавал асууж ярилцмаар байна. Танд ч бас боддог өөрийн бодол, философи бий байх гэж бодож байна?...
Эрүүл байхын утга учир бүгдэд тодорхой. Хэн ч өвдөх, үхэхийг хүсэхгүй! Эрүүл бие л саруул ухаан “үйлдвэрлэнэ”, нийгэмд баялаг бүтээх тустай ажил хөдөлмөр эрхэлж чадна, нийгэмдээ зориулсан эерэг эрчимт үйл ажиллагааныхаа үр шимээр жаргалтай амьдарч чадна. Ингэхлээр эрүүл бие бол хүний жаргалын анхдагч бөгөөд гол эх сурвалж гарцаагүй мөн! Нөгөө талаас Бурхан багшийн айлдсанаар хүн биднүүсийн амьдын хорвоо бол зовлонгийн “умай” юм. Яагаад гэвэл, Хүн “Төрөхийн зовлон”, “Өвдөхийн зовлон”, “Өтлөхийн зовлон”, “Үхэхийн зовлон” гэж дөрвөн их зовлонгийн далайг гаталдаг.
Эрүүл байх нь “Өвдөхийн зовлон”-гоос амирлуулна. Хүнийг эрүүл, сайхан чийрэг биетэй, өөрөөр хэлбэл, өвчингүй эд эрхтэнтэй, хийморлог амьдрах ухааныг арга билигийн нэгдэлд хураасан зөв амьдрахуйн уламжлалт мэдлэг, соёл, гэрийн сургаал, дэг ёсыг Монголчууд өнө эртнээс боловсруулсан нь бүхэл бүтэн “Үндэсний номын сан” болохуйц өвийг буй болгосон байгаа! Тэр бүрийг үл өгүүлээд, харин эрүүл амьдрахын учир тухайд жаахан өөр өнцгөөс хардаг санаагаа хэлье гэж бодож байна. Германы алдарт жүжгийн зохиолч Бертольд Брехтийн хэлсэн нэг айхтар үг байдаг. Тэр үгийг би бүүр залуу байхдаа “өврийн дэвтэр”-тээ бичиж аваад хадгалсан юм. Ямар үг вэ? гэхээр, “Үхлээс бус зорилгогүй амьдралаас ай!” гэсэн үг! Үхэл бол амьдралын хамгийн идэвхитэй, хамгийн хүчирхэг эрчимлэг, хамгийн оргил эгшнүүдийн нэг! Хар муугаар бодож огт болохгүй! Үхэл бол ариун, гүн мөн чанартай үйл! Иймд хүн сэтгэл дотроо үхэлтэй эвлэрч, баяртайгаар хүлээж авах гэгээрэлд амьддаа хүрэх хэрэгтэй! Үхэл ирэхэд айх, цочирдох ч хэрэггүй, амьдралд хоргодох, харамсах ч хэрэггүй! Харин гагцхүү том ариун зорилго тэмцэлгүй, хоосон дэмий өнгөрүүлсэн амьдралынхаа үр дүнгүй, бусдад хэрэг тусгүй хоног хугацаанаас л хүн айх, ичих хэрэгтэй юм. Тэгэхээр хүн эрүүл байхын гол учир, үндсэн зорилго насаа уртасгах, хэзээ нэг өдөр магад ирэх үхлийг цаашлуулахдаа бус, эрүүл байж их хөдөлмөрлөх, нийгэм олондоо ашид тустай, амин чухал хэрэгтэй түүхэн гавъяа, буяны үр өгөөж болж үлдэх ариун сайхан, үнэ цэнэтэй бүтээлийг үлдээхийн учир л юм. Үхэл хагацлыг даллах хэрэггүй ч үзэн ядах, гутаж гуних үнэхээр хэрэггүй! Үүгээр би юу хэлэхийг хүсч байна? гэвэл эрүүл биетэй байх явдал хүний амьдралын эхний хэрэгцээ, зорилго мөн нь яах аргагүй мөн, гэхдээ ард иргэд бид юуны тулд эрүүл биетэй байх ёстой юм бэ? гэдэг асуудал бол удаах, бас нэг зэрэгцээ гол хэрэгцээ гэдгийг л хэлэх гээд байна. “Удаах гол хэрэгцээ” гэдэг маань нийгэмдээ сайн сайхан баялаг бүтээх, гэхдээ, зөвхөн үхмэл эд хөрөнгийн хуримтлал бус, хүний жинхэнэ дотоод хөгжлийг хангах оюунлаг баялаг бүтээх хэрэгцээ юм. Энэ л чухамдаа хүний амьдралын гол хэрэгцээ, гол зорилго! Түүнээс биш зөвхөн өмч хөрөнгийн аривжуулга, ашиг хонжооны зорилгоор үйлдвэрлэл худалдаагаар бүтээгдэж буй “баялаг”, техник технологийн дэвшил, хөгжил, энэ зорилгод зарцуулагдаж буй амьдрал эцсийн дүндээ үхмэл үйл явц, үхмэл амьдрал! Үүнийг эс ойлгох нь, эс сэхээрч амьдрах нь хүнийг хөнөөх аюулд авчирна. Хүн, нарийндаа, өвчин үхлээс айх бус “үхмэл амьдрал”-аас л айх хэрэгтэй!
Монголчуудын хувь заяа уг нь тэнгэрлэг, гэгээн юм шүү! Даан ч энэ муухай луйвар, мөлжлөг, авлига, заль мэхээр амилсан зах зээлийн харилцаа, хувийн өмчийн шунал, улангасал дэндүү харлуулж хорлож орхилоо. Энэ гажиг замын бурууг ойлгож хөгжлийн зөв, хүнлэг энэрэнгүй зам руу ортол одоо олон жил, бас, оюун сэтгэхүйн хийгээд сэтгэлийн ариусал, гэгээрлийн олон хувьсгал хийх цаг хугацаа шаардлагатай болчихлоо. Яагаад гэвэл, зах зээлийн харилцааны гамшиг, гайгаар хүмүүсийн сэтгэл санаа асар муудан доройтож, адгуусан рефлекс, сэрэл тачаал, сэтгэхүйн ялзралд илт идэгдчихлээ. Монголчуудын хувьд гэхэд л, ихэнхи нь ядуурч, сайн сайхан амьдралд итгэх итгэлээ алдаж эхэлж байна. Шалтгаан нь нууцгүй, ив ил, юу гэвэл, хүн амын дийлэнхийг “Хүний эрх”, “Эрх чөлөө”, “Чөлөөт ардчилсан нийгэм”, “Чөлөөт сонгууль”, “Тэгш эрх” гэх мэт баахан олон, тэгсэн хэрнээ шал хийсвэр, тэнгэрийн солонго шиг хуурмаг, зүсэм талхны ч үнэ цэнэгүй улс төрийн “мэс засал”-ын “ардчилалаар” толгойг нь эргүүлэн молигодоод бодит хар амьдрал дээр болохоор луйвар, хулгай, мөлжлөгөөр хөлжсөн хөрөнгөт цөөнхийн эдийн засгийн дарлал, “ажилгүй”, “мөнгөгүй”-н гуйланчлал, боолчлолоор гинжилсэн хэрэг. Өнөөдөр Монголд зөвхөн хүн амын хоёр, гуравхан хувийг эзэлж буй төр-бизнесийн олигархи бүлэглэл л амьдралын сайханд болоод өөртөө маш итгэлтэй амьдарч байна. Гэвч зайлшгүй үнэнийг хэлэхэд, хүн зөвхөн Бурханд таалагдах ажил үйлстэй байвал л сая өөртөө итгэлтэй байж болно. Энэ бол нүгэлгүй амьдралын баталгаа! Хаанд таалагдсан хүн Бурханд таалагддаггүй гэж судар номын үг бий юм.
Стефен Хокинг “Орлон ертөнц гэж юу вэ, юунаас яаж үүссэн бэ? гэдэг асуултын хариултаас илүү “Ертөнц яагаад оршин буй вэ?” гэдэг асуултын хариуг олох нь чухал! гэж сануулсан шиг өнөөгийн нийгмийн сэтгэлгээ, түүн дотроо, эрүүл амьдрах арга ухааны сэтгэлгээг оруулаад, хүн эрүүл саруул амьдрах ёстойг ухааруулахаасаа илүүтэй хүн юуны тулд, яах гэж эрүүл амьдрах ёстойг таниулах нь их чухал байна. Энэ зорилго, чиглэл өнөөгийн хүн төрөлхтний амьдарч буй нийгмийн харилцаа, тэр харилцааны ёс зүй, хүмүүсийн үйл ажиллагааны мөн чанар туйлын сөрөг үр дагавартай байгаа нөхцөл байдлаас урган гарч байна.
Хүн, юуны тулд, чухам яах гэж эрүүл байх, энх амар амьдрах ёстойг ухамсарлуулах нь нийгмийн философийн гол асуудал гэдэг боловч энэ асуултын зөв хариултанд хүч хавсралгүй хөгжих нь бусад салбар шинжлэх ухаануудын хөгжлийг ч утгагүй болгоход хүргэнэ.