Зөвлөгөө No2 Цаг хугацааны үнэ цэнийг нялх балчираас нь баримтлуулж, хэвшүүлдэг юм шүү
Томчууд бид өөрийн амьдралаас гадна хүүхдүүдийнхээ амьдралыг зохиож яваа. Үүнийг ухамсарлах хэрэгтэй. Хэрэв ухамсарлаж чадвал танд үүрэг хариуцлага бий болно. Харин үүрэг хариуцлагатай хүн хүч чадалтай байдаг. Хүч чадалтай болсон тохиолдолд мөрөөдөл биелдэг юм.
Хүний амьдралын цаг мөч бүхэн өндөр үнэтэй. Энэ хорвоод амьдрах цагийг бурхан хэмжиж өгчээ. Бид бүх юмны төлбөрт цаг хугацааг эн түрүүнд барьж байдаг. Хүн цагийг янз бүрээр ашиглана. Хэрхэн ашигласнаас хамааралд эд баялгийн хэмжээ нь өөр өөр. Зарим хүн зогсоо чөлөөгүй зурагтын суваг солино. Гэтэл цөөн хүн ном уншиж өөрийгөө цэнэглэнэ. Энэ хоёр хүн явсаар шал өөр өөр газарт очих нь тодорхой.
Эхний замаар явсан хүн амьдралдаа юу ч сурч чадаагүй залхуу хойрго ядуу хүн болдог. Харин хоёрдугаар замаар явсан хүмүүс тэс ондоо. Ер нь цагийн үнэ цэнийг ухамсарласан хэнбугай ч ирээдүйн амьдрал нь асар гэгээтэй болж ирдэг. Хүн амьдралын цаг мөч бүртээ ирээдүйгээ сийлж байдаг. Тиймээс хүүхдийг цагийн хуваариар ажлаа амжуулдаг болгож сургах хэрэгтэй. Цаг тэр бүү хэл минутын үнэ цэнийг ойлгодог болсон тэр цагт л мөнгө түүн рүү урсна. Өөрөөр хэлбэл их үйлсийг их мөнгө дагадаг. Их үйлс бүтээхэд их цаг хэрэгтэй. Бид аливаа ажлыг үдээс өмнө, үдээс хойш гэж бүдүүн баараг баримжаалан ярьдаг. Цагийн үнэ цэнийг ойлгоогүй өсч амьдарч буйн шагнал бол манай орны буурай хөгжил юм. Тиймээс үр хүүхдээ хөгжлийг бүтээх иргэн болгохын тулд аливааг төлөвлөсөн цагтаа амжуулдаг болгож зуршуулах хэрэгтэй байна.
Даалгавраа нэг цагт багтааж хийнэ, гадаа яг гучин минут тоглоод орж ирнэ, зурагтаа хоёр цаг үзээд унтраана гэж төлөвлөсөн бол түүндээ хүрэх гэж тэмүүлэхэд нь эцэг эх туслаад өгөх хэрэгтэй. Томчууд тусалж дэмжээд байвал хүүхэд маш хурдан, цагтаа бүхнийг амжуулдаг хэвшил зуршилтай болдог. Төлөвлөснөө цагтаа амжуулах гэж зүтгэдэг яг энэ зуршлаараа том болоод их үйлс бүтээж чаддаг. Тэгээд ч ар гэрийн болоод албан ажлаа ч цаг тухайд нь амжуулж чаддаг хүн болчихвол зөвхөн мөнгө биш сэтгэл санааны өөдрөг байдал ч хүнд давхар үүсдэг учиртай.
"Хүүхэд- гэр бүл" номноос