ЗҮРХ
13 жил, 1 сар өмнө

Зүрх гал махбодьтой урд зүгийг эзэлсэн аргын чанартай эрхтэн. Цусыг бүх биеэр түгээн тарааж буцаан хураах цэнэг. Амин цэнэг үүсгэж зүрхний бүх булчинг сэргээн сэдээх цэнэгийг биеийн бүх хэсэгт дамжуулан тархааж эсийн цэнэгт орныг тэгшитгэх зэрэг аргын талын маш олон үйл ажиллагаатай. Зүрхний билгийн талын үйл бидэнд нууц далд дам боловч тэрнийг гэгээрэгсэд бясалгагчид таньж мэдээд судар номдоо бичсэн нь цөөн биш ээ. Зүрх бол гэрлийн орон. Сэтгэлийг төрүүлэгч сүнсний орон гэжээ.

Хүн бурхан завилгаагаар суувал адил талт гурвалжны   дүрс үүснэ. Зулай хоёр өвдөг гурвалжны орой болж зүрх гурвалжны төвд оршино. Адил талт гурвалжны харгалзсан цэг бүхэн төвөөсөө ижил зайд оршдог. Физикчдийн баталсан энэ дэлж завилж суусан хүний харгалзсан эс бүхэн зүрхнээсээ ижил зайд оршдогийг хэлж өглөө.

Энэ зүрх нь анатомын зүрх үү? Эсвэл зүрхэн хүрдний төв үү? Магадгүй хоёр дахь нь байх магадлалтай. Ахиулж тунгаавал хүний амин орон нь зүг зүгээрээ ижил хэмжээтэй алслагдана. Амин орон гэгч биеэс ялгарах өнгө гэрэл амин цахилгаан дуу авиан хэлбэлзэл хөнгөн бөөмс, бодох сэтгэлийн орон, хэт эгэл долигос чийг дулаан зэрэг бүтэц бүрэлдүүлбэртэй. Амин орон нь гадаад орчны цэнэгт орон зайтай харилцан нэвтрэлцэж эргэж бие эд эсдээ идэвхтэй нөлөө үзүүлдэг.

Хэдхэн жилийн өмнө зүрхний эсийг хүчтэй электрон микроскопоор хараад маш өчүүхэн гэрэлт орон зай байгааг илрүүлсэн. Тэр гэрэлтэгч хэсэг алмазнаас ч хатууг ч тогтоолоо. Түүнийгээ "Некесүс" гэж нэрлэжээ. Бясалгагчдын гэгээрэхүйн түвшинд таньж мэдсэн үнэнийг өнөөдөр хэдэн зуу мянга дахин томруулагч дуран авайгаар олж харлаа. Гэхдээ тэдгээрийн мөн чанарыг биед гүйцэтгэх үүрэг үйлийг ч олж тогтоогоогүй. Бусад эс эд зүрхний үйл ажиллагаанд хүний эрүүл саруул оршихуйд, бие-амь-сүнсний хооронд хэрхэн холбогддог зэрэг бүх юм нууц хэвээрээ байна.

Ингэхээр бидний мэдрэхүй танин мэдэхүйн чадвар бясалгагчдаас олон зуун мянга магадгүй хэдэн арван сая доогуур байна гэдгээ л хүлээн зөвшөөрцгөөе. Ингэлээ гээд бидэнд муу болохгүй. Харин ч дотоод ухамсрын хязгааргүй их нөөцөө уудлан илэрүүлье гэх сэтгэл төрөх учиртай.

... Энэ бол дээд гэгээрэлд хүрэхийн сэдэл мөн. Зүрх гэрлийн орон мөн байж зүрх сэтгэлийг үүсгэгч гэдэгт баталгаажуулах үлдлээ. Тэрний дараа зүрх сүнсний оршихуй орон гэдгийг тогтооно. Энэ бүхэн зүрхний билэг галын үйл болой.

Зүрх-уушиг

Зүрх арга давамгайлсан галын оршихуй болохоор уушигны билэг чанарыг түрэмгийлэн эвдэх үйлдэлтэй. Тийм харилцаатай байдгаас зүрх уушгийг дайсагнах нөлөөтэй. Уушиг билэг чанартай. Энэ нь зүрхний арга чанарыг хариаж хороож хөргөхөөсөө илүү зүрхийг элч хийгээр тэтгэн эрчимжүүлдэг. Уушиг өөрийн үйлээрээ зүрхний цусаа хөөн шахах сөрөн хураах аль алиныг нь тэтгэн дэмждэг. Ийм болохоор уушиг нь зүрхэнд нөхрийн харьцаатай.

 

 

Зүрх – дэлүү

Дэлүү цусыг хянаж өтөлсөн үхсэн эсийг шүүн авч цэвэршүүлнэ. Дэлүүний элч хийн гүйдэл хичнээн тэгш бол цусыг арисган тунгалагшуулах нь төчнөөн сайн байдаг. Үхмэл эс хөөж хөгжиж томорсон хөгшин эсээсээ ангижирсан цусны урсах чанар сайжирч зүрхний үйл ажиллагаа. Дэлүү нь өөрийн үйлээр зүрхэнд хүү мэт ачлал тус хүргэдэг.

Зүрх -бөөр

Бөөр усан махбодьтой хойт зүгийг эзэлсэн билэг чанартай эрхтэн юм. Энэ нь гал махбодьтой зүрхний арга талын үйлийг хязгаарлах нөлөөтэй. Бас бөөр нь цусны шингэнийг шүүн авч өтгөрүүлэн урсамхай шинжийг хариадаг зэргээсээ болоод зүрхэнд дайсагнах шинж чанарын үйлтэй юм. Харин зүрх нь бөөрний хүйтэн чанарыг бүлээсгэн хэт хүйтэнд унахаас хамгаалах нөхөр ёсны үйлтэй юм.

Зүрх - элэг

Эх нь үрээ хайрлаж хамгаалахын адил элэг нь зүрхийг өмгөөлөгч бат цайз юм. Үр хөврөлийн эхэн үед элэг цус төлжүүлэх эрхтэний үүрэгтэй байснаа цус цэвэршүүлэх үүрэгтэй болдог.

Доод  хөндийн  хураах  судсаар  ирсэн  зүрхийг гэмтээх  бүх хорт бодисыг шүүн авна. Элэгний энэ үйл нь зүрхэнд эхийн харилцааг үүсгэнэ. Элэг өөрөө аргын чанартай эрхтэн болохоор зүрхний арга үйлийг дэмждэг.

Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос