Зүйр үг зүглүүлэгч мөн үү?!
Зүйр үг бол манай ард түмний амьдралаар нотлогдон, бидний амьдралын философи болж үр хүүхдээ түүгээр сургаж ирсэн. Гэвч нийгмийн хөлжлөө дагаад, дэлхий нийтийн хөгжлийн хандлагыг дагаад зарим зүйр үгийн хэрэглээг бид бодох цаг нэгэнт болсон мэт санагдах юм.
Зүйр үгийн хүмүүжлийн нөлөө, сургалтын чадамжийг бодолцон зарим хэсэг нь гадны орнуудын бодлогыг тээсээр ирсэнийг бид нэгэнт хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Иймэрхүү зүйр үгүүдэд бидний зориггүй, идэвхигүй, мохоо болгон хүмүүжүүлэх, хөгжих боломж нөхцлийг хаах санаа илт мэдрэгддэг төдийгүй түүгээр бид хэдэн үеэрээ хүмүүжиж ирсэн нь бодит үнэн билээ.
Ах нь сургадаг
Дүү нь сонсдог
Ах нь сургаж дүү нь сонсохыг хүлээж суусаар бид зориг зүрхтэй, идэвхи зүтгэлтэй олон шинэ, залуу ажилтнуудаа мохоож байгаатай та санал нийлдэг үү? Сургаад байдаг ах нар нь өөрсдөө шаардлага хэр хангаж байгаа бол доо. Хоцрогдсон ах нар сургах нь ч юу бол. Харин ах нар сургах чадвартай байхын тулд өөрсдөө байнга сурч, шинэчлэгдэж байх хэрэгцээ тулгараад байна. Тийм ах нарыг дүү нар хэлүүлэтгүй сонсож л таараа. Эхэлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт байдаг нь бас л амьдралын үнэн бөлгөө.
Төрийн төлөө
Оготно боож үхэх
Төрийг маань монголчууд бус өөр хүмүүс барьж байсан үед энэ зүйр үг гарсан байхыг бид үгүйсгэхгүй. Төр барихад иргэн бүрийн оролцоо чухал байгаа цаг үед амьдарч байгаа бидэнд эрх барьж байгаа намд үйлчилсэн мэт зүйр үгсээр хойч үеэ хүмүүжүүлсээр. Энэ үгийн хор уршиг нь хүн бүрийн ажилдаа хандах хандлага дээр илэрч гараад байгааг удирдагчид олж харж л байгаа байх даа. Төрийн төлөө оготно боож үхнэ гэсэн сэтгэлгээгээр хойш суусаар идэвхигүй амьдрагчдыг, хүний хойно суугчдыг бид өөрсдөө төрүүлсээр байна. Төрийн төлөө оготно хүртэл боож үхдэг нийгэм л хөгжлийн өндөр түвшинд хүрдэг.
Долоо хэмжиж
Нэг огтол
Судалгаа шинжилгээний үндсэн дээр аливаа алхмыг хийх талаасаа энэ зүйр үгийг бид өнөөдөр ч хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ байгууллагын хөгжил, хурдны талаасаа үүнийг баримтлаад суугаад байдаг удирдагчид дорхноо хоцрогддог талаас нь харж үзүүштэй л мэт. Тэднийг долоон удаа хэмжих гэсээр байтал аль хэдийн зөв алхмуудыг хурдан хийчихсэн байгууллагууд амжилтанд түрүүлэн хүрэх нь вий гэдгийг бас бодууштай.
Жор мэдэхгүй эмчээс
Зовлон үзсэн чавганц дээр
Ийм утгатай зүйр үгэндээ итгэж явсаар ажил хийж байсан туршлагатай л бол сургуульд сурсан эсэх нь хамаагүй мэт болох нь ээ. Гэтэл бидний хүрээд байгаа хөгжлийн түвшин маань жор мэддэг эмчдээ зовлонг нь түргэн үзүүлээд ажил хийлгэх, ажлаа авч явах, хүнтэй ажиллах, хүн удирдах цаашлаад байгууллагыг авч явах ухаанд сургах шаардлага гараад байгааг бид зөв ойлгох цаг нэгэнт болсон байна. Хар “бараашигаар” хүнийг удирдах боломж өдөр ирэх тутам л хавчигдан шахагдсаар байгааг байгууллага удирдаж байгаа хүмүүс ч хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ.
Түрүүлж дуугарсан
Хөхөөний ам хөлддөг
Энэ үгийг аав ээж маань том хүний өмнүүр бүү орж дуугарч бай гэсэн утгаар сургадаг байсан. Гагцхүү энэ санаа даамжирсаар өөрийгөө илэрхийлэх чадваргүй, бусдыг аялдан дагагчдыг төрүүлэхэд нөлөөлсөн. Аль ч байгууллагын хурал, цуглаад дээр болдог үйл явцыг саная. Санал бодлоо хуваалцах болоход хүн бүр л дотроо түрүүлж дуугараад яахав, хүмүүс яриад ирэхээр нь л болъё гэцгээн эхний доод тал нь арав шахам минут дуугарцгаадаггүй. Харин түрүүлж дуугарч байгаа хүнийгээ энэ их солиотой нөхөр дандаа л ингэж байх юм хэмээн бодоцгоодог. Яваа яваандаа нөгөө хүмсүүс л түрүүлж босч дуугарахгүй бол болохгүй мэт хүлээцгээдэг. Хурлын цаг дуусахад дуусч барагдашгүй санал гомдол хөвөрцгөөдөг. Ингээд л түрүүлж биш сүүлдэж дуугардаг ухаантнуудаар дүүрэн улс болж хувирах вий дээ.