Зэрэмдэг үгс ба бидний амьдрал (Хүн хэлж буй үг шигээ амьдардаг уу?)
Үгээр бид бодол санаагаа солилцож, мэдээлэлээ өгч авдаг билээ. Үг гэдэг маань угтаа хэл судлалын ухагдахуун ч, физик чанараараа хэлбэлзэлтэй дуу авиа. Энэ дуу авиа бидний сэтгэл гэж харагдахгүй, тэмтрэгдэхгүй эрхтний минь илэрхийлэл болон хэрэглэгддэг. Сэтгэлийн илэхийрлэл бодол санаа болон хувирахуй доор дуу авиагаар дамжуулан нөгөө хүнийхээ сонороор дамжин сэтгэлд хүрнэ. Үг гэж дуу авианы физик шинжтэй үзэгдлийн хүчтэй чанар нь эндээс эхлэнэ.
Эгээ л усны байгаль дахь эргэлт лугаа адил, жишээлэхэд ус, мөс “шатдаг”= ууршин агаар мандалд дэгдэн гарч молекулиуд нь өндөр дэхь хүйтэн агаарын даралтын сийрэгжилт, хөргөлтнөөс хамаарч усны молекулуудын бөөгнөрөл нь бидний хараанд өртөхүйц болж манан, уур болон хувирч агаарын даралт, хэмийн зөрүүгээс үүсэх агаарын шилжилт хөдөлгөөнөөр буюу бидний нэрлэдэгээр салхиар туугдан хөвөхийг нь үүл хэмээнэ.Ууршсан усны молекулиуд маань салхинд туугдан явахдаа манан, үүл болон хүмүүн биднээс өөвөн цөөвөн, сэмжин, хурган, хонин гэх зэргийн зүйрлэл нэрийг аван нэгдэх явцдаа хуралдан нэгдэж, агаарын даралт, эх газрын татах хүч, ээн гэрэлтүүлэх наран зэрэг олон хүчин зүйлийн нэгдсэн нөлөөллөөр хувийн жин нь ихэсч эргэн газар дэлхийдээ эргэн буухуйг бороо хур хэмээнэ. Бороо хур нь горхи голыг сэлбэн нуур тэнгис далайд хүрэх зууртаа улирлын нөлөөгөөр цас мөс болохдоо ч дээрх үзэгдлийг хором ч алдалгүй давтан давтсаар байгаль дэлхийг амилуулан ургамал цэцэг амьтай бүхнийг төлжүүлэн энэ ертөнцийн амьдарлын амийг авч явах бөлгөө.
Энэ лүгээ адил Үг сэтгэлээс сэтгэлд өртөөлөн бууж, эрчим хүч агуулан явдгийг та бидний эмээ өвөө нар өвөг дээдсээсээ сурч мэдэн болчимгүй үг хэрэглэхийг цээрлэж, МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛГЭЭР, Манж хүн бэлээрээ гэдэг хэлц үгээр томьёолон биднийг сургамжилдаг билээ. Иймдээ ч манай монголчууд алив зүйлийг нэрлэх, хэлэлцэхдээ ҮГний эрчим хүчийг ойлгосон учраас бодолтой хандаж үгийг зөв хэрэглэхийг хичээдэг байлаа. Байлаа гэдэг нь бид өнөөдөр хэрэглэж чадахгүй болж гэдгийг танд ойлгуулж байгаа байх. Багадаа /одоо ч гэсэн би хэрэглэж дадаагүй байгаа/ энэ их ёсыг мэддэг өвгөчүүл, буурай нарын дэргэд ёсгүй үг хэрэглэн, нударгаар нь ороолгуулж өссөн билээ.
Хорьдугаар зууны гучаад оны хэлмэгдүүлэлт,их хядлагын өмнөх жилүүдэд тэр үеийн монголчууд цус гэж үг орсон хараал, хэллэгийг эр эм, эх захгүй хэлдэг байж. Удаа ч үгүй түүхэндээ дайнд ч хядуулаагүй тийм олон хүний амийг егүүтгүүлсэн. Саяхны жишээ: 90 оны эхээр ганзагын наймааны их урсгалд нийгмээрээ татагдан орох үед шатах гэдэг үгийг орос хэлнээс махчилан орчуулж хэрэглэснээс хойшхи арван жилд ой хээрийн түймэр тоогоо алдаж, зарим үед нар хиртсэн мэт, түнэр утаа хөшиглөн хоолой ам хатааж байсныг мартсан ч сануулахаар мэдэх хүн та бидний дунд цөөнгүй байгаа байх. Сүүлийн арван жил бид мэнд мэдэхдээ, -Юу байна?-Юмгүй гэдэг үг хэллэгийг нийтээр их хэрэглэв.ҮГ биелэлээ олов.Нийгмийн олонхи дундаж давхаргынхан эмзэг давхаргын тоог нэмэгдүүлэв. Чөлөөт зах зээлд шилжээд 20 жил болох гэж байна. Өнөөх муу хэлдэг социализмийн үеэсээ дээрдсэнгүй, харин доордов. Либерализм, чөлөөт зах зээлийг буруу гэсэнгүй, алив зүйлд зөв хандлагаар хандаж, зөв ойлгосныхоо дараа ЗӨВ ҮГ хэрэглэцгээхгүй бол юу болоод байгааг түүх, цаг хугацаа бидэнд сануулаад байгаа биш үү?
Өвөөгийн маань анд Монгол хэл, бичгийн гавьяат багш Чойжилсүрэн гуай надад алив зүйлд нэрний учир шалтгаан их буй. Эртний мэргэд судар ном зохиолоо сонсохуй сонорт чимэгтэй, санахуй санаанд тод үлдэхээр нэршээдэг байсан Зүрхэн тольт, Зуун найман билэг оршвой гэх зэрэг, Харин та нар азгүй хүүхдүүд байна Орос хэлний сурах бичгийг чинь Солонго /Радуга/ гэж нэрлэчихжээ. Зүй нь хүний сурсан эрдэм ном хаданд сийлсэн мэт үлдэх ёстой, Та нар маань соёл, шинжлэх ухааны уурхай болсон энэ их үндэстний хэлийг солонго шиг замхаруулчихгүй сураарай гэсэн нь ёжлож хэлсэн ч үнэний их хувьтай байж гэдгийг орос хэлийг сурсан гэх хэцүү бас сураагүй гэх хэцүү болсон над мэтийн манай үеийнхэн ойлгоно биз.
Өнөөдөр залуус хүүхдүүд илүү зан гаргаж лайтай /ланчиг лай=зовлон бэрхшээл/, бас юу гэв майр гэнэ үү = энэ үгийг эх хэлний үгийн сангаас би олсонгүй, /охиноосоо асуувал тоймгүй баримжаагүй буюу тоолж багцалж чадахгүй гэсэн санааг, төсөөлвөл англи хэлний "much" тай ойролцоог хэлдэг бололтой юм/ зэрэг мууг дуудсан үг хэрэглэцгээж байгаа бололтой юм. Дээр нь интернэтийн ихэнх блогуудын хэрэглэх үг хэллэг авах юм алга, гэжийгаа, боджийнэ, гэжүүл яахуу, ицсийцэст явжээвэл сайхан байдын байшд, бичлиг хийдиймүү гээл. Суужаагаан, хүний жишгээр явкуу бол болкуун байшд гэээл ерөөж гардын г.м
Ийм хэллэгтэй хүний сэтгэлгээ, сэтгэл хоёр нь ч ийм байгаа. Сэтгэл нь ийм бол үйлийн үр нь ч тийм л байгаа. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өвгөдийн ХҮН болоогүй хүнд эрдэм бүү заа, Галзуу солиотод харвах зэвсгийг зааж, бариулсантай адил гэдэг үг чинь бид болоод байгаа юм байна. /Хүүхэд залууст ойлгомжтойгоор хэлэхэд, сармагчинд гранат бариулна гэсэн үг/ Үүнд бидний буруу бий. Эх хэлээрээ зөв хэлэлцэж сурахыг шаардан намайг ам руу нь алгадмаар гэж айлган харцаараа шавхуурдаж зэмлэдэг байсан тэр өвөгчүүлийн сэтгэл, сэтгэлгээ бидэнд дутаснаас залуус дүү нар маань арван хэд, хорь хүрсэн насандаа ч эх хэлээ сураагүй, элий халгай болж эр нь эр шиг, эм нь ч эм шиг байж чадахгүй болжээ.
Үгийн буруу сонголт ажил хэрэг дээр нөлөөлсөн талаар жишээ хэлье.
Одоо нэг үеэ бодвол нийгмийн олон идэвхтэнгүүд болон хүмүүс мод тарья гэдэг болж, Энэ сайшаалтай. Харамсалтай нь гурван настай балчир мод бутыг ойгоос нь авчирч тариад л орхидог. Миний мэдэхийн хаврын хаварт 7 жил мод тарьцгаасан хүмүүс, газар байдаг. Очиж үзлээ, хатсан модны ёдор хугархай гол. Бидэн дундаа л байгалиа гэж бодож явдаг хүмүүсийн маань ажил ийм л байна. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш, бид зэрэмдэг үг хэрэглэж ярисаар байтал сэтгэлгээ маань зэрэмдэг болж, ажил үйлсээ дутуу гучуу зэрэмдэглэдэг болсоных ажээ. Зүй нь мод тарих гэдгийг мод ургуулах гэж бүтэн бодож, гүйцээн хийх нь бүтээн байгуулалтаар зогсохгүй эх хэлэндээ анхаарч сэтгэлгээгээ шинэчлэн өөрчилж хөгжүүлэх цаг болсныг дохиолж байна.
Үг яриандаа болон блогт дараах байдлаар хэлэлцдэг хүүхэд залуус, дүү нартаа
хүний жишгээр явкуу бол болкуун байшд гэээл ерөөж гардын
- Тиймээ хүний жишгээр сэтгэж явахгүй бол болохгүй болчихжээ та нар минь.
Эх хэлээ зөв хэрэглэж зөв сэтгэж баймааж та нар ХҮН шиг амьдрана гэж ерөөе дөө ах нь.
Энэ нийтлэлийг бичиж дуусаагүй байхад Хүн хэлж буй Үг шигээ амьдардаг гэж номын нэг дүү минь хэллээ.
Тиймээ, Яг л байгаль эхийн усны тогтолцоо хэрхэн бие биесээ нөхөж, амьдрал гэдэг гайхамшгийг нөхцөлдүүлэн бий болгодог шиг сэтгэлийн хур бороо болсон ҮГЭЭ зөв сэтгэж, зөв хэрэглэж сурцгаая даа Монголчууд минь ээ.