Зэрэгцээ ертөнц
13 жил, 4 сар өмнө

Хар багын л надад бурханы оронд очсон буурай ээж, буурай аав маань ээж аав хоёрын яриад байгаа шиг бүр холын, эргэж ирэхгүй харанхуй хүйтэн газар луу яваагүй, хаа нэгтээ бидний хажууд үргэлж цуг байгаа юм шиг, хажуугаас минь буруу зөвийг хэлж, түшиж тулж яваа шиг санагддаг байж билээ.

Буурай аав маань бидний харж сонсож, мэдэрч чадахгүй, хэлхээ холбоо тогтоож болохгүй байгаа тийм нэг өөр долгион дээр энэ л газар шороо, нутаг усандаа  өнөө л гандсан хүрэн тэрлэгтэйгээ хүрэн хайнагаа хөллөөд мод руу явж байгаа даа гэж бодохоор Дунд жаргалантын мод руу явах, ой модны шуугин найгахын харж толгойгоо салаавчлан хэвтэж байх сайхан байдагсан. Ингээд  хэвтэж байхад буурай аавтайгаа уулзаж хуучилаад, буурай аав минь моднуудаар дамжуулан баахан юм хэлээд ч байх  шиг.

 Ой модон дотор алхаж, ургаж гандахыг нь харж гэгээн тунгалаг баяр баясгаланд автах, хөнгөн гуниглах нь яг л буурай аавын гэрт хоёр бууралдаа эрхлэн хөлбөрөх мэт сэтгэгдэл төрүүлдэг байж дээ. Байгал дэлхий, нутгийн цэнхэр уулсаа хайрлах, өвс, мод, ургамал цэцэгстэй ярилцахын ухааныг ингэж өөрөө ч мэдэлгүй сурсан юм уу даа.

Долгион гэснээс энэ санаа анх надад “Эх орон-52 “ хүлээн авагчаас үүдэн орж ирснийг одоо ч сайн санадаг юм. Нэг удаа хүлээн авагчийн долгион тохируулах гэж жижигхэн бариулыг нь эргүүлж байх зуур “Яагаад энэ жижигхэн бариулыг эргүүлэхээр өөр өөр дуунууд тэр битгий хэл алс холын Москваг хүртэл сонсож болдог юм бол оо? Эргүүлж байсан чинь гэнэт буурай аав яриад унавал яана аа” гэж бодож билээ. Тэгэхэд буурай аав маань өөд болоод удаагүй, би их санадаг байсан байх л даа. Энэ цаг мөчөөс эхлээд л өөд болсон өтгөс буурлууд маань бидэнтэйгээ цуг энэ л газар шороондоо, энэ л ус голынхоо эрэгт идээшиж дассан нутаг усандаа өөр төлөвт шилжин амьдран суудаг байх хэмээн боддог болсон .

Бүүр сүүлд 10-р ангид байхдаа үзсэн философийн хичээлээр аливаа юм устаж үгүй болохгүй , шинээр бий болохгүй зөвхөн нэг төлөвөөс нөгөө төлөвт  шилждэг болохыг мэдэж авснаар миний бодол улам л лавширч билээ.

Өөд бологсод  өөр долгион дээр шилжин бидэнтэй хамт оршин байгаа тухай энэ бодлууд маань хүүхдийн гэнэн бодол байснаа ном зохиол үзэхийн хирээр, шинжлэх ухааны танин мэдэж чадахгүй байгаа зөвхөн зөн билгийн хүчээр холбогдож болох тэр ертөнц оршин байгааг бүүр түүрхэн мэдрэхийн хирээр бараг итгэл үнэмшил минь болж намайг яруу найраг руу хөтөлсөн биз ээ.

Зөвхөн яруу найраг, уран зураг, хөгжим л энэ ертөнцөд хүргэж өгөхийг ингэж би танин мэдэж эхэлсэн билээ.

Оросын их найрагч Пушкин далайн хүчит давалгааны түрэлтээс үл үзэгдэн үүсэж буй эрчим (энерги )- ийг мэдэрч салхи мэт хөлөглөн одож хүрэхийг тэмүүлсэн тэр ертөнц, Данзангийн Нямсүрэнгийн өвсний үндсэнд шингэн байж өөр нэг шавьжны хөгжимдөх аялгуугаар дамжин хүрэхийг зорьсон тэр ертөнц, Лувсанжавын Өлзийтөгсийн
Хэлбэргүй бороо хэвгүй тэнгэрээс гэнэт хаяалж
Хэн ч билээ дээ, тэр бүсгүйн үс цэв цэнхэр болчихсон
Тэнгэрийн хэсгээс хүртсэнээ мэдээ ч үгүй бүсгүй
Тэр гудамжны үзүүрт цэнхэртэн зогссоор л байсан” тэр ертөнц миний хувьд

Шүүдэр тулган хуримлах гэрэлт өвсний нөмөрт
Шөнийн чимээгүйг анирлан цэцгэсийн үнэрт согтоход
Шинэдийн саран ширтсэн адууны нүдэнд шингэн
Шал өөр орчлонг гэв гэнэт харав би

Өвс тийм буурал, тийм мөнгөлөг байхыг
Өглөө нь тэгээд алтран алтран гэрэлтэхийг
Өөрөөс минь ангид тийм эрхэмсэг оршдогийг
Өнө удаан амьдраад олж хараагүйг гайхсан ертөнц юм даа

Үгүй би Данзангийн Нямсүрэн, Л.Өлзийтөгсөөс хуулаагүй, дуурайгаагүй харин бидний очих гэсэн, танин мэдэх гэсэн тэр ертөнц өөрөө нэг юм шиг байна аа.

Чимээгүйн чимээнд нэвтрэхээр
Чи би ч танихгүй шал өөр байхийм
Чимээгүйн чимээнд нэвтрэхлээр
Чи бидэн хоёргүй шөл өөр ертөнц байхийм
Нээрэн шүү. Энэ ертөнц, зэрэгцээ энэ ертөнцөд юм болгон шал өөр.
Энэ ертөнцөд “Олоон жилийн өмнө урсаж байсан горхины
Огт амт нь өөрчлөгдөөгүй ус ахиад урсаж” болдог бурхан болсон ижий минь зүрхээр минь дамжуулж үгээ хэлдэг ээ.
Амар амгалангийн энэ ертөнцийг цэв цэнхэр өнгө төлөөлж, яв ягаан өнгө амилуулж“ Бурхан зүгийн гэгээ над руу наашилж
Бөхөлзөх ганц өвс сандайлан би хүлээж” байдаг шиг ээ.
Өөр, бүүр түүрхэн  харагдаж мэдрэгдэх тэр ертөнцийн

“Тогорууд зэллэсэн тэнгэрээр тэнэж явахад
Та нар өчүүхэн жижиг харагддаг
Тэгэхдээ шоргоолж шиг биш
Тийм эрхэмсэг биш
Би л лав буугаад очмооргүй санагддаг
Бүр мөсөн ингээд нисээд баймаар бодогддог
Бие минь харин хүн төрлөө үгүйлэхэд
Буцдаг , бүр нэг дургүй хүрмээр ээ

                  Арвалзаж, атиралдаж

                  Амь наана там цаана тэмцэлдэж

                  Авах идэхийн донд мансуурч

                  Ахиад л би та нартайгаа ханьсдаг аа.

Харин өнөөгийн бидний оршин, амьдран буй энэ ертөнцөд бид

                      Үүл , салхи, цагаан бороо

                      Өвснөөс зуурч тэмцэлдсэн

                      Өнчин ганц шоргоолж” л юм даа. За за “Бууж мордох хорвоог өөлж муулаад ч яахав,Буцаж ирэхгүй юм чинь өр нэхээд ч яахав” ээ.

Задгай галын дэргэд ганцаараа гуниж  суухуйд

Зуралзах улаан дөл намайг даллах мэт ээ

Зугуухнаар очис тэнэн одох нь, унтарах нь

Зовлонгоос хэн нэгэн салан амирлах мэт ээ

           Миний мэдэхгүйд хүмүүн олон яг ингээд

           Мянга мянгаараа гэрэлт хорвоог орхин одох

           Мянга мянган хүн мэдэхгүй тэр цаг дор

           Миний ээлж ирэхэд би бас нисэн одох” энэ хорвоогийн мөн чанар үнэндээ хоосон бололтой.

          “ Үйзэн цэнхэр салхин үүлээр наадсан тэнгэрийн дор

           Үр боловсорч хүрэнтсэн өвсөн шуранхайт талын гүнд

           Үсээ намируулан зогсох би л алга байх чинь вэ?

           Үгүйлэнэ чинээ санасан чинь үгүй л юм шиг харагдах чинь  ээ.