Захидлын мөртүүдийг уншиж суух ямар сайхан гээч!
Захидлын мөртүүдийг уншиж суух ямар сайхан гээч!
Дэлгэж унших тоолонд хуучрах гээд байхаар нь хааяахан уншдаг нэг л нандин!
/Залуу зохиолч Ядамсүрэнгийн Одгэрэл/
Миний өмнө өчигдөрхөн бичсэн захиа эзэндээ очиж амжаагүй шив шинэхэнээрээ байна. Хаа холыг зорин очих энэ захидал намайг төлөөлдөг болохоор захиа бичих тоолондоо би догдолдог.
Хүнээс захиа авах дуртай, бичих бүүр ч дуртай. Сэтгэлийн нандин үгс зүрхний угаас ундардаг болохоор захидлын эзэд ч бас миний хувьд эрхэм байдаг. Олон жилийн өмнө нэг захиа надад ирснийг мартдаггүй юм.
“Сайн байна уу? Уулзах гээд чадалгүй унаа таарахаар нь явлаа. Хэзээ нэгэн өдөр уулзах биз дээ. Сайн сууж байгаарай! Баяртай”
Ийм л товчхон захиаг анх удаа эрэгтэй хүнээс аваад зөндөө уйлж билээ. Сүүлдээ хачин гоё дармалдаж бичсэн тэр захиаг цээжилчихсэн юм даг. Түүнээс хойш зөндөө олон захиа бичиж, бас авч байлаа. Гэхдээ анхны захидлын эзнээс нэг ч удаа дахин захиа аваагүй. Одоо бодоход анхны тэр захиа л илүү амттай санагддаг юм…
“Хүмүүс амьдралаараа захиа бичдэг“ гэж уншиж байлаа. Тэгээд амьдралаас хүмүүсийн захиаг унших гэж битүүхэндээ хайдаг болсон. Тэр захидлууд буцах хаяггүй болохоор тайван тухтай уншдаг. Заримдаа бүр айж ичиж, зовж шаналан байж уншдаг. Хүмүүс үүнийг тэр бүр мэддэггүй л дээ.
Тэнүүн жаргалтай эр хүн дулаахан инээмсэглэж явна. Миний хайр гээд дэргэдэх бүсгүйгээ үнсэх юм. Хажууд нь зогсоо жаахан охин хурууныхаа завсраар нүдээ шагайлган инээнэ.
Ямар яруухан захидал вэ?!
…Толгойгоо гудайлгасан эр хүн өөртөө архи хундагалаж сууна. Эргэж харалгүй явсан бүсгүйг шалтагаа болгоод нүдээ сүүмийтэл согтоно. Дэргэд нь хэн ч алга. Уйлъя гээд ч нулимс гарахгүй нүд нь будан татаж, хашгаръя гээд ч дуу гарахгүй хоолой нь сааралтаж толгой нь улам гудайна.
Яасан хэцүүхэн захидал вэ?!
Ирж буцдаг хорвоод аавыгаа холын аянд үдсэн хүү хэнээс ч тус нэхэлгүй хат суун өсөхдөө дэргэдээ жижгэрсэн ижийгээ нулимсгүй явуулахсан гэж эзгүй хоймроо дүүргэж аавын голомтоо сахина.
Ай даа, ямар ухаалаг захидал вэ?!
Инээмсэглэж яваа залуу юунд ч юм яарчээ. Тэр алхах биш гүйлээ. Төрөх тасгийн цонхоор цав цагаахан хүн бөртийнө. “Хүүтэй болжээ“ гэдэг үг зүрхэнд нь, тархинд нь зэрэг харвахад залуухан аавын нүдэнд нулимс гялтагнана.
Ээд ээ, яасан гэгээлэг захидал вэ?!
Амьдралаас олж уншиж байгаа захидлуудын нэгээхэн хэсэг нь энэ. Таахын эцэсгүй энэ амьдрал барагдашгүй урт болохоор уншиж дуусгах гэж яарах хэрэггүй ээ. Яагаад гэвэл үргэлжлэх захидлын эзэд нь зөвхөн хүмүүс бид шүү дээ.
Би өмнөө байгаа захидлаа дугтуйнд хийж хаяглалаа. Буцах хаягтай энэ захидлын хариуг хүлээгээд би ч хөвсөлзөж өгнө дөө. Удалгүй хариу нь ирдэг тэр захидалд сэтгэл шингэсэн байдаг.
Тийм болоод л би захидал унших дуртай, бичих бүүр ч дуртай.