ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЁС ЗҮЙ
Цаашдаа маркетинг дотор зар сурталчилгааны эзлэх хувь нь улам буурна гэж боддог. Тухайн цаг үеийн технологийн хөгжил, хэрэглэгчийн сэтгэлгээнээс хамааран зар сурталчилгааны хэлбэрүүд хувьсан хөгждөг. Дижитал технологи хөгжсөнөөр зар сурталчилгаа нь массд чиглэсэн байдлаа өөрчилж илүү нарийвчлалтай, ухаалагаар хөгжих суурь нь бүрдлээ. Ямар ч шаардлагагүй, эсвэл залхаж буй хүнд тухайн рекламыг зориулахгүй байх боломж бүрдэж байна. Мөн зар сурталчилгааны зардлаа багасгаж, хэрэглэгчийг халамжлах, хэрэглэгчтэй харилцах зардлаа нэмэгдүүлснээр бизнесийг илүү хүмүүнлэг, тогтвортой болгож чадна гэж боддог. Жишээ нь Аппле компанийн хувьд зар сурталчилгаар биш харин соёл төлөвшүүлэх замаар л брэндийн үнэ цэнийг бий болгож чадлаа гэж боддог.
Зар сурталчилгаа нь хүний шунал дээр тулгуурладаг. Энэ нь яван явсаар хэт их хэрэглээ бий болгочихлоо. Дэлхийн хэрэглэж болох бүхнийг хэрэглээд, хогоор дүүргэж байна. Бүтээгдэхүүний илүүдэл нь ч хог хаягдал, үр ашиггүй зардлыг гааруулж байна. Тиймээс зар сурталчилгаа нь хэрэглээ, шуналыг дэвэргэхээс илүүтэйгээр зөв хэрэглээ, соёл дээр тулгуурлах, хариуцлагатай байх хэрэгцээ шаардлага урган гарч ирж байгаа. Ойрын ирээдүйд зар сурталчилгааны ёс зүйн тал дээр шинэ асуудлууд хөндөгдөнө байх даа.
Агуулгын талаасаа бол хэт их мэдээлэлд живсэн энэ үед хэрэглэгчийг залхааж бухимдал дээр нь бухимдал нэмэхээргүй, хэрэглэгчийн амьдралд нь хэрэгтэй мэдээлэл өгсөн, сэдэлжүүлсэн, урам зориг өгсөн агуулгатай байх нь зөв юм болов уу гэж хардаг. Хэрэглэгчид таалагдах сурталчилгааг бүтээж чадвал интернэтийг ашиглан маш бага зардлаар олон хүнд хүрч чадна. Зарим сурталчилгаанаас хүн залхаж байхад зарим сурталчилгааг нь хүн хайж олж дахин үздэг байх жишээтэй.
Ж.Лувсандорж