ЗАРИМ ПАРАДОКС САНААНУУД, ХЭРЭГЖИХ БОЛОМЖ
13 жил, 1 сар өмнө

1.Бяцхан “шизо” асуулт

Алив үндэстний оюуны туурвигчид үндэснийхээ Оршихуйн тулгууруудыг нэг бүрчлэн судалж, явц, өрнөлийг нь өргөн хүрээтэй судалж, үр дүнг нь шинжлэх ухааны үүднээс бодтой нягтлан дүгнэсэн байдаг.Түүхэн хөгжлийнхөө үе шат, онцлог, алдаа мадаг, амжилт ололтыг ийн танин мэдэх нь үндэстнийхээ ирээдүйн хөгжлийн “улаан шугам”, “хар хайрцаг”-ийн бодлогыг тодорхойлоход голч үүрэг гүйцэтгэдэг.

Монголчууд бид Оршихуйнхаа үндсийг тодорхойлох, үнэн зөвөөр ухаарах оролдлого хийх бүрдээ нэг том алдаанд уургалуулдаг.Юу гэвэл, өөрсдийгөө зөвхөн үгүйсгэх, бусад том үндэстнүүдийн оюуны болон эд материалын үйлдвэрлэлийн жишээ, үлгэр загвараар өөрсдийгөө үргэлж “сүрдүүлэн”, өөрөө өөрийгөө “жижигрүүлэх” алдаа юм. Энэ алдааны урхагаар Монголчууд XIY-XXI зуун хүртэл олон зууны туршид сэтгэхүйн хувьд болон сэтгэлзүйн хувьд ер тусгаар тогтноогүй, зөвхөн бусдын сэтгэлгээний хийгээд эд таваарын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэрэглэгч, түүнээс ямагт хараат, “боолын сэтгэхүй”-тэй амьдрагч үндэстэн байсаар өнөөтэй золгоход хүрчээ.

Өнгөрсөн түүхэн урт хугацаанд Монголчууд бид “Монгол үндэстэнд Тэнгэр Бурханаас даалгагдаж буй түүхэн үүрэг / миссия/ юу вэ? Түүнийг гүйцэтгэх өгөгдхүүн, бодот боломж бидэнд юу байна вэ? гэж хэзээ ч асууж байсангүй. Ийм “шизо” боловч жинхэнэ эрүүл, магадгүй, морь малаас маань, алт, зэсийн уурхайнаас маань хавьгүй илүү ач холбогдолтой асуулт бидний бодол, сэтгэлд хэзээ ч төрж байгаагүйгээс Монголчуудын хамгийн гашуун түүхэн эмгэнэл-өөртөө итгэл алдах, аугаа зорилгогүй амьдрах, өөрийнхөө оюунд болон хүчин чадалд итгэлгүй амьдралаасаа болоод бусдад бөхөлзөх, тэднийг шүтэж дээдлэх, дууриах сэтгэлзүй бидний мах цус, уураг тархинд “цианы хүчил” мэт шингэн хордуулжээ. Энэхүү “тархины хордлого” ходоодны хордлогонд зэгсэн тэсвэртэй монголчуудыг өөрсдийгөө цаг ямагт харийнханы оюун сэтгэлгээний “шавь” /сайнаар бодоход!/, муугаар бодоход, хуулбарлагч юм уу даган дууриагч гэж үздэг “сэтгэлзүйн хор”-ыг асар хүчтэй тунгаар “үйлдвэрлэжээ”.

Орос ардын үгэнд “Нет пророка в своем отечестве” гэдэг хэлц байдаг.Оросуудын энэ шоглонгуй хэлц Монголчуудад бүүр ч тохирно.Монгол сэтгэхүй өөрийгөө ямагт бусдын дор тавьдаг, дорд үздэг, өөрийнхөө цусанд ууссан үргэлжид “сурагч” байх сэтгэлзүйгээсээ болоод үндэснийхээ оюуны бүтээл туурвилд ямагт гоочлонгуй, “тамын тогоо”-ны ёроолоос хялайнгуй хардаг хандлага, заншилтай болохоор хэн нэг маань юу ч хэлсэн ямагт үл тоомсорлонгуй, үл анзаарангуй ханддаг сэтгэлзүйн халх /барьер/ бидэнд ямагт үйлчилж, биднийг хааш нь ч үл хөдөлгөн, аль нэг амьтны садга, чихмэл мэт хашин гуулдаг гортой үйл явцуудын тасралтгүй, эцэс төгсгөлгүй үргэлжлэл бидний түүх болсоныг ултай, хариуцлагатайгаар тунгаах цаг иржээ. Иймд, “Мэдлэгийн эдийн засаг”-ийн хүрээнд ургаж буй саяын бяцхан “шизо” асуулт /Монголчуудын түүхэн үүрэг юу вэ?/ өнөө маш чухал асуулт! Үүнийг бид өөрсдийн бие даасан сэтгэхүйгээр шинжилж, түүхэн зам түүхэн бүтээлүүдийнхээ үнэ цэнээс олох, тэгээд бодтой, голчоор тодорхойлох хэрэгтэй. Эс бөгөөс, Монголчууд хүн төрлөгтний хөгжлийн хэтийн хугацаанд түүхэнд ямар ч үүрэггүй, хэрэггүй улс уу? Хэрэв тийм бол бидэнд энэ их “эзгүй” газар нутаг, баялаг нөөцтэй ашигт малтмалууд, тэр бүү хэл, Д.Сүхбаатарын талбайн хойморт бараагнах дөрвөн давхар ордон, түүн дотор хөлхөлдөн цалин тоншигч олон хүмүүсийн ч хэрэг юу? Иймд, бид “Монголчууд аа, монгол хүний оюун сэтгэлгээнд хүн төрлөгтний түүхээс, хөгжлийн хэрэгцээнээс өгөгдсөн, бас өгөгдөх онцгой үүрэг, хувь заяаны даалгавар юу вэ? Тийм зүй тогтол, эсвэл түүнтэй адилтган ойлгохоор юм монголчуудын хувьд угаасаа байна уу, ер нь, үгүй юу? “ гэж бие биеэсээ, таних ч бай, танихгүй ч бай хамаагүй хажуудах хүнээсээ асууя! Бас монгол хүн бүр өөр өөрөөсөө, өөрийнхөө “дотор хүн” –ээс асууя! Асуултандаа хариу эрэх, олох зорилгыг амьдралынхаа утга агуулга, орон зайн тэнхлэг болгохыг хувь хувийнхаа ажил үйлсийн “үндсэн хууль” болгон мөрдөе! Энэ Асуултыг монголчуудад гаднаас хэн ч тавихгүй, зөвхөн монголчууд л дотроосоо тавина! Иймд уг асуултыг бид бие биедээ тавихгүй амьдрах нь, хэлгүй, дүлий, нүдгүй, “морь унасан толгойгүй” хүмүүс л яваад, “хөрөнгөжөөд” л, даяаршаад л… төрөөд л…, үхээд л байх нь даанч утгагүй санагдаад, тийм утгагүй, сул, золбин амьдрал ямар ч үнэгүй бодогдоод, байж ядахдаа би энэ асуултыг амнаасаа аргагүй унагаж орхилоо.

Аристотель” Ухаантай хариулт хүсвэл ухаантай асуулт асуу!” гэсэн афоризм хэлсэн байдаг. Миний асуулт Аристотелийн хүссэн шиг тийм ухаантай, мэргэн асуулт биш ч, бас ч гэж тийм тэнэг ч асуулт биш тул, тэнэг биш асуултанд тэнэг биш хариулт сонсоно, тэр хариултыг өнөө биш гэхэд маргааш монгол оюуны туурвигчидаас хэн нэг нь заавал өгнө гэж найдна. Үндэстнийхээ оюуны ирээдүйд найдах нь жинхэнэ бодтой, эрүүл саруул, найдлага гэж итгэнэм.

Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос