Зарим монгол ойлголтонд оруулах зарим “засвар”-Шударга өрссөлдөөн
13 жил, 1 сар өмнө

Нийгмийн хөгжлийн суурийг “Мэдлэгийн эдийн засаг”-т шилжүүлэхтэй холбогдуулаад манай нийгмийн сэтгэлгээнд хэвшсэн хэд хэдэн “мухар сүсэг”-ийн шинжтэй ойлголтуудад засвар оруулах зайлшгүй шаардлагатай юм.

а.”Шудрага” өрсөлдөөн

Улс төр –нийгмийн алив үйл явцын “пүрш” нь мөнгө болж, бүх механизм, хөдөлгүүрүүд мөнгөөр зохицуулагдаж буй харилцаанд жинхэнэ шудрага өрсөлдөөн байх ямар ч үндэсгүй. Ялангуяа, Монгол шиг “хулхи” хувьчлалаар хөрөнгөжсөн, харилцааны ил, далд хамаг эрэг шураг нь бүх “эргэлт”-эндээ мөнгөөр хөдөлдөг зах зээлд ихэнхи манай улс төр судлаач -“хамеолон”- уудын “хийлддэг” “шудрага өрсөлдөөн” гэгч бол зөвхөн “Сөнгөний ардчилал”-ын үл илрэх нуугдмал мөн чанарыг хаацайлсан үзэл суртал юм. Харин жинхэнэ шудрага, ариун, цэвэр ёс суртахуунт өрсөлдөөн “Мэдлэгийн эдийн засаг”-т шилжсэн харилцаанд, дан оюуны бүтээлийн үнэт чанарын хэрэглээнд л нэвтэрнэ. Монголчуудын амнаас үргэлж унадаг “сувд” -үгс болох “олон улсын жишигт хүрэх”, “экспортод өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх” гэдэг үгс Монголын “бага овор”-ын эдийн засагт тохирохоосоо монгол оюуны бүтээгч чадвар, байгаллаг увидаст тохирох нь илүү магадлалтай.

Монголын байгалийн ашигт малтмалын баялаг нөөцтэй орд газар олонтой ч, усны хэрэгцээг хангахад нэн хүндрэлтэй, дэд бүтэц хөгжүүлэхэд үр ашиг мууиай, зардал хөрөнгө нөхөгдөх боломж тун бага зэрэг шалтгаанаар орд уурхайнууд ашиглагдах нөхцөл “хаалттай” шахуу нь Бурханаас Монголын экологийн тогтолцоог бүтээхдээ “урьдчилан харсан”, нууцлагдмал “програм” ч байж магад. Иймд Монголын экологи орчиныг эдийн засгийн ач холбогдлоор бага, хэтдээ хичнээн ч мянган хүнийг “шоронд хийж шонд дүүжлээд” эс залруулагдах алдаа юм. Харин “Тархи” бол өөр чанарын орд! Монгол ген дахь энэхүү ”үүц”-ийг задалж нөөцийг нь гүйцэд “ухаж” ашиглах, оюун – “үйлдвэр”-ийг нийгмийн хөгжлийн тэргүүлэх үүрэг бүхий “олзворлох” хийгээд  “боловсруулах”  үйлдвэр болгох шинэ ойлголтоор ажиллах л хамгийн зөв “улаан шугам” байхаа магадгүй. Энэ үүднээс хэдэн санааг санал болгож “Монгол толгой”-ны билиг чадварыг үгүйсгэгч заримуудын инээдийг хүргэж болох юм. Үүнд:

-Жинхэнэ авъяас билигтэй, итгэл найдвар даах мөс, нуруутай, шинжлэх ухаанд болон логик сэтгэлгээ, уран сайханы сэтгэмжийн “үйлдвэрлэл”-д гарамгай ажиллах чадвартай эрдэмтэд, сэтгэгчид, инженер, зохион бүтээгчид, зохиолчидыг “дэлхийн түвшин”-ий мэргэжлийн шалгуураар сонгон шалгаруулж /нас үл харгалзан!/ улсын тусгай хангамж, хамгаалалттай онцгой нөхцөлд шилжүүлэн ажиллуулах, судалгаа-шинжилгээ, туршилт, бүтээл туурвил дээрээ тогтвортой, оюуны өндөр эрчимтэй төвлөрөн ажиллаж үр дүнд хүрэхэд нь материаллаг бааз суурийг бүрдүүлэх, ахуй амьжиргааны нь хэрэгцээг онцгой зэрэглэлээр хангах /энд, элдэв одон медалиар шагнах, алдар цол хүртээх тухай ярьж байгаа үг огт биш шүү!/ ;

-Үндэсний шинжлэх ухааны нээлт, ололт, туршилт – шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд цаг алдалгүй нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтыг дайчлах, эрдэм шинжилгээний лаборатори, техник-технологи, багаж төхөөрөмжийг бүрэн шинэчилж, суурь судалгааны ажлын хэтийн үр ашгийг тооцох тусгай аргачлалын тогтолцоонд шилжих;

-Дэлхийн шинжлэх ухааны мэргэжил нэгт тэргүүлэх эрдэмтэд, мэргэжилтнүүлтэй туршлага солтлцох, онол дадлагын маргаанд биеэр идэвхитэй оролцох, өөрийнхөө онолын мэдлэг, чадвараа олон улсын стандартаар шалгах, гадаад томилолтын зардлыг улсын төсөвт тусгай хатуу зүйл ангилалаар тогтмол тусган зөвхөн зориулалтаар нь зарцуулдаг зарчим хэрэгжүүлэх;

-Монгол оюуны шинэ соргог онол, санаа, бодот бүтээлийг “экспортын бүтээгдэхүүн”-тэй адилтган ойлгох, эх хэлээрээ буй бүтээл туурвилуудыг гадаад нийтлэг хэл рүү тогтмол орчуулан дэлхийн оюуны даяаршилтанд хандивлах, оюуны бүтээлийн зах зээлд өрсөлдүүлэхээр нийлүүлэх Орчуулгын тусгай сан, фондыг төсөвт суулгаж монгол оюуны мэдээлэлийн сангийн менежментийн төрийн албыг бий болгох;

-Монгол хэлний тархацын талбай, орон зайг өргөтгөж, “Монгол судлал”-ыг дэлхийн шинжлэх ухааны “орбит”-од оруулах асуудлыг төрийн бодлогын ойрхи зорилгын хэмжээнд хэрэгжүүлэх, монгол хэлний сургалтыг гадаадад суугаа Монголын ЭСЯ-дын эрхлэх албаны үндсэн ажлын бүрэлдэхүүн болгох, монголчуудын эрдэм, соёлыг дэлхийн даяаршилд идэвхитэй оролцуулах зорилгоор Монголын соёл – шинжлэх ухааны ололт, дээжисийг таниулах онол-сурталчилгааны тогтмол үйл ажиллагаатай бага шиг ордон, клубуудыг дипломат харилцаатай бүх улс орнуудад нээж ажиллуулахын хамт уг ажлын үр дүнг тухайн ЭСЯ-ны ажил албаны үнэлэлтийн нэг гол үзүүлэлт болгон хэвшүүлэх;

Эдгээр арга хэмжээг эрчимжүүлсэнээр Монголын шинжлэх ухаан, оюуны бүтээмжийн ололт, нээлт, үр дүнг дэлхийн “Мэдлэгийн эдийн засаг”-ийн зах зээлд нэвтрүүлэх, шаргуу өрсөлдөх орон зай эзлэх шатанд гарах боломж сая бидний “гэрт орох” юм.

Оюуны бүтээлд зах зээлийн бус сэтгэлгээгээр үйлчлэх буюу оюуны бүтээлийн гүйцэтгэл, ашиглалт, хөрөнгө-санхүүгийн хичнээн их эрсдэлтэй байлаа ч төсөв зарах өодлого барих нь л жинхэнэ “хөгжлийн төсвийн философи” болж чадна. Яагаад гэвэл, оюуны “үйлдвэрлэл” дээр хөрөнгө, хуримтлал хожихоосоо наана он цаг/хугацаа/, хүч /сэтгэх хийгээд үйлдэх/, түүх /хүн төрлөгтний ой тойнд хадгалагдан үлдэх амьд үг, үл мартагдах, үл элрэх халуун элгэн дурьдатгал/ хожих бодлого үйлчтлбэл зохино. Энэ бол улс орны нийтлэг ач холбогдолтой, нийгмийн хөгжлийг хөтлөгч “араа” болохуйц шинжлэх ухаан-эрдэм шинжилгээний ажилд үндэсний оюуны потенциалыг зангидна гэсэн үг.

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос