ЗАРДАЛДАА ҮРЭГДСЭН АМЬДРАЛ УУ! БАЯЛАГ БҮТЭЭСЭН АМЬДРАЛ УУ?
(Хувийн ажиглалт)
Зарим залуус өөртөө баахан зардал бэлдэж амьдарч байна. Салбартаа сайн мэргэжилтэн болох, өөрийгөө бүрэн нээхийн тулд хичээхийн оронд гоё ганган хувцас, машин тэрэг, шоу цэнгээн, хоосон зиндаархсан үргүй хэрэглээ болсон бөөн зардалыг л өөртөө бэлдэх юм. Тэгээд зардалаа олох гэж юу таарснаа хийж амьдарч байна. Өөрийнхөө хэрэглээг хэт их зардалтай болгож түүнийгээ олохын төлөө зардалтайгаа хөөцөлдсөөр байтал ЗАРДАЛ- ЗАРДАЛАА ОЛОХ- ЮУ Ч ХАМААГҮЙ ХИЙХ- ЗАРДАЛ гэсэн хархны тойрогт орж амьдарсаар хийж бүтээсэн зүйлгүй хорвоог орхиж байгаа юм. Энэ амьдралыг ЗАРДАЛДАА ҮРЭГДСЭН АМЬДРАЛ гэж би томъёолсон.
Үүний оронд миний санал болгож байгаа хувилбар бол эхлээд өөрийгөө баялаг болгоход зардалаа зориулах хэрэгтэй. Тэгээд чи өөрөө баялаг бүтээх ёстой. Баялаг бүтээнэ гэдгийн гол санаа нь чи өөрийнхөө авъяас чадварыг олж нээж ЧИ ӨӨРӨӨ БАЯЛАГ (капитал) болох ёстой. Өөрийн гэсэн баялагтай болох хэрэгтэй. Чиний хийж хэрэгжүүлж байгаа үйлдэл амьдралд чинь эерэг өөрчлөлтийг авчирж, хийж бүтээсэн зүйлээр чи өөрөө болон үр хойчис, хүмүүс бахархаж байвал энэ бүтээлч амьдрал. ӨӨРИЙГӨӨ ТАНИХ- БАЯЛАГ БҮТЭЭХ- УТГА УЧИРТАЙ ЗҮЙЛ ХИЙХ- ӨӨРИЙГӨӨ ОЛОХ гэсэн бүтээлч хэмнэлтэй энэхүү амьдралыг БАЯЛАГ БҮТЭЭСЭН АМЬДРАЛ гэж би томъёолсон.
За эндээс мөнгө чухал, эсвэл мөнгө хэрэггүй эсэх талаар маргааны хариулт олдоно. Чи өөрөө баялагын үүсгүүр болоод юм хийж бүтээгээд мөнгө олж байвал утга учиртай мөнгө. Ингэж олсон мөнгө илүү утга учиртай зүйлд зориулагдана. Харин хийж бүтээхгүйгээр зардал үйлдвэрлэж, ямар ч хамаагүй аргаар мөнгө олох гэж улайрч яваа бол утга учиргүй мөнгө. Энэ мөнгө амьдралыг улам бүр үрнэ. Хүн бүр агуу ихийг хийх албагүй ч хүн бүр өөртөө тохирсон хийж бүтээх зүйлтэй энэ хорвоо дээр ирсэн. Түүнийгээ л олж хийх хэрэгтэй.
Эцэст нь танд тавих нэг асуулт:
Та ЗАРДАЛДАА ҮРЭГДЭЖ АМЬДАРЧ БАЙНА УУ? БАЯЛАГ БҮТЭЭЖ АМЬДАРЧ БАЙНА УУ?
Ж.Лувсандорж
2012.09.17