ЗАМ
''Ухрах тушаал'' шиг халилд тулав ч,
Урдахаа ардаа л хийн,
Уул зурж өөдөө,
цэцэг мэт зүтгэсэн
Дээшээ Зам !..
Хазайж гуйвсан ч урагшаа,
Хальтирч савласан ч урагшаа,
Хат заан мацсан
Эгц Зам !..
Бурханы бараа зүглэн
Буух чөлөөгүй нисээд,
Бууны цэцэнд хэрчүүлсэн
Жигүүртэн шиг
Тэнгэр тэврэн эрсдэж,
Бороо мэт газардсан
Босоо Зам !..
Тал нь өвөлтэй хөлддөг бөмбөрцгийн
Тас хайрах жавар бүлээсгэж
''Монгол! гэж амьсгалсан
Тана хатуу цасыг нь адуу мэт чавчиж,
''Монголоо! '' гэж хайлуулсан,
Тунамал орчлонгийн үл эвдрэх хүрдэнд
Тулга болон зоогдож,
Эрэггүй хальдаг гэмийн ''нүүдэл''-ийг
Эхийн сүү мэт хаасан,
Тал нь харанхуй өнгөрдөг хоногийн
Зүү сүвэгчлэх гэрэлтэй хором бүрийг
Замаг мэт хөхөж,
''Монголдоо! '' гэж шингээсэн,
Дуугай тэсвэр,
Дурсамж халуун зовлонгийн
Ил Зам!..
Энэ Зам-
Эвий, миний Зам!..
Майдарын номонд шинэ үг шивэхээр,
Махнаас гарах зүй бясалган, шүдээ булга зууж,
Дэлхий шөргөөн улисан,
Дэл нь нүдээ нүглээс нуун намисан,
Монгол ганц чонын
Зураг нь авагдаагүй,
Урт нь хэмжигдээгүй
"Оньсого" - Зам!
Д.Урианхай 2002.2.7-9. Мэдээлэлийн төв-хүн чулууны хонхор
Гэрэл зургийн эх сурвалж:http://www.facebook.com/NMCSteam/photos_stream