Залуу хүн та болохгүй бүтэхгүйн 1000 шалтгийг биш болж бүтэхийн 1 аргыг л ол
/BAI.mn цахим хуудаст өгсөн ярилцлага/
Манай энэ удаагийн амралтын буланд “залуусийн төлөөлөл” хэмээн тодотгохоосоо илүү жирийн нэгэн хөдөлмөрч, бүтээлч монгол залуу болох “Яруу сэтгэгч” хүний хөгжлийн ниймэмлэгийн үүсгэн байгуулагч, NMMATeam СEO Хар үхэрт овгийн Жамсранжавын Лувсандорж уригдан оролцож өөрийн бодол сэтгэгдлээ хуваалцлаа.
Түүнийг хийсэн бүтээсэн зүйлтэй, цаашид ч ихийг хийж бүтээхээр зорьж яваа залуу хүн гэдгээр нь онцлон ярилцсанаа эрхэм уншигчиддаа хүргэж байна.
Сар шинэдээ сайхан шинэлсэн үү? Луу жил урин дулаан сайхан эхэлж байна. Таны хувьд шинэ цагийн өнгийг хэрхэн шинжиж байна вэ?
Хүн бүр өөрийнхөө хамгийн сайн хийж чадах зүйлээ олж мэдрээд түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэх он жилүүд эхлэж байна гэж итгэж байгаа. Гадаадаас маш олон монголчууд эх орондоо ажиллаж амьдрахаар буцаж ирж байгаа юм байна. Гүйдлээ ололгүй мөнгө л чухал гээд гүйж байсан залуус маань мөнгөнөөс илүү үнэт зүйлээ ойлгоод, өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд эхлэхээр мөнгө араас нь гүйгээд ирнэ дээ гайгүй.
Таныг “Яруу сэтгэгч” сонины эрхлэгчээр ажиллаж байсныг санаж байна. Кино урлагийн дээд сургуулийг төгссөн гэж дуулсан яагаад сэтгүүлч мэргэжилд тэгтэл дурлах болов?
Энэ бол их сонин түүх дээ. 1999 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Тэмүүлэл цогцолбор сургуулийг төгссөн. Тухайн үед мэргэжил сонголтын талаар бараг төсөөлөлгүй, хүмүүстэй ч ярьж зөвлөлддөггүй, хүмүүс ч ярьж зөвлөдөггүй бүдүүн тойм явсаар мэргэжил сонгох болчихдог юм байна.
Тэр үед би “Олон хүнд зэрэг нөлөөлж, хүний амьдралыг яаж сайхнаар өөрчилөх вэ”гэсэн асуултыг өөртөө тавьж явдаг байлаа. Тэгээд кино урлаг л олон хүний амьдралыг өөрчилж чадна гэсэн дүгнэлтэнд хүрсэн учраас энэ мэргэжлийг сонирхож байлаа. Гэсэн ч манай аймагт урлагийн сургуулийн хуваарь ирээгүй байлаа. 10 жил сурчихаад сургуульгүй хоцролтой биш дээ гээд ШУТИС-ийн Цахилгаан системийн анги сонголоо.
Аав маань намайг инженер хүн болгох сонирхолтой байсан учраас сонголтонд маань дуртай л байлаа. Ингээд ШУТИС-д 1 жил суралцсан боловч сонирхолгүй байсан учраас 2000 онд гэр бүлийнхэндээ хэлэлгүйгээр нууцаар Кино урлагийн дээд сургуульд суралцаж төгссөн. Төгсөөд хүний хөгжил, соён гэгээрлийн хэвлэлтэй болохоор шийдэж “Яруу сэтгэгч” сонинг эрхлэн хэвлүүлж эхлэсэн. Ингээд сониноос улбаалаад Монгол хүний хөгжилтэй холбоотой ажлууд ундарч эхлэсэн дээ.
“Яруу сэтгэгч” нийгэмлэгийн эрхэм зорилго нь “Хүн” рүү чиглэсэн гэж боддог. Ерөөс хувь хүний боловсролд анхаарлаа хандуулдаг нь олон ч хүмүүсийн оюуны хамгийн тэжээллэг хоол болж өгч байгаа гэж боддог. Анх энэ байгууллагаа хэрхэн яаж байгуулж байв? Хичнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа вэ?
2006 оны 4 сарын 5- нд “Яруу сэтгэгч” сонин байгуулагдсан. Монголын оюун санааны манлайлагчдыг нэгтгэн дэмжиж, тэдгээрийн оюуны бүтээл туурвилыг олон нийтэд хүргэж Монгол хүнийг чадваржуулан хөгжүүлэх чиглэл барьж ажилладаг. Анх гурван хүний бүрэлдэхүүнтэй, сонин хэвлэх мөнгөө ахаасаа зээлээд л эхлэж байлаа даа.
Би өөрөө сониноо үүрээд их дээд сургуулиудиар явж зардаг байлаа. Эрхлэгч нь ямар хүн байдаг вэ гээд асуухаар нь Лувсандорж гээд нэг хүн байдаг юм аа гэж хэлчихээд суудаг байлаа. /Инээв/ Одоо ТББ болсон. “Яруу сэтгэгч” нийгэмлэг нь зохиолч Д.Урианхай, Хооллолт судлаач Б.Гэрэлмаа, Хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяа, Сэтгүүлч Б.Болормаа, Дээд эрүүл мэндийг үндэслэгч Х.Цэрэндорж зэрэг нэрт сэтгэгчидтэй хамтран ажиллаж байна. Удирдах зөвлөл, хүндэт гишүүд гэх мэт 10 гаруй залуус бий.
Эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ? Та эх оронч хүн мөн үү?
Эх орондоо гай болохгүйгээр өөрийнхөө амьдрал ахуйг сайхан аваад явчихаж байвал эх оронч хүн мөн. Өөрийнхөө амьдралыг сайхан авч явж чадаж байгаа хүн бусаддаа үлгэрлэж, урам зориг өгч, зөвөөр нөлөөлж чадна гэсэн үг. Ингээд хүн бүр өөрийнхөө амьдралыг сайхан аваад явчихвал эх орон хүчирхэг, амар тайван болно.
Таны хувийн блог болоод твиттер хуудас зэрэгт бичигдсэн зүйлүүдийг чинь уншихад их өөдрөг хүн гэж бодогдсон. Нийгмийн байдлаас бид бухимддаг биш бид л өөрсдөө нийгэмд бухимдал үүсгээд байгаа юм болов уу?
Нийгэм чинь хүмүүс биднээс л бүтэж байгаа. Дэлхий ертөнц бидний оюун бодлоос бүрэлдэж байгаа. Ертөнц бүхлээрээ нэг цул мэдээлэл гэж үзвэл тэр мэдээллийн нэг хэсэг нь Монгол улс. Монгол улсын өчүүхэн жижиг мэдээлэл нь би. Тиймээс хүн бүр дор бүрнээ зөв зүйлийг сэтгэж, байгаль дэлхий, хүн төрөлхтнөө хайрласан бодол санаагаар жолоодогдон амьдарвал дэлхий ертөнц бидний бодол санаа шиг л болно гэсэн үг.
Монгол улсын иргэн гэдгээрээ бахархахаас гадна монгол улс нь иргэнээрээ бахархахаар хэмжээний байгаасай хэмээн хүсдэг юм. Таны хувьд, танай байгууллага хамт олны хувьд монгол залуусынхаа хөгжилд илүү анхаардаг юм шиг ээ.Энэ бодлоо ямар ямар ажил хэрэг болгож байв?
Лекц сургалт, ном сонин, сонсдог ном эрхлэн гаргах, радио, ТВ нэвтрүүлэг бэлтгэх, зөвлөгөө өгөх, хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэх гэх мэтээр мэдлэгжүүлэх, чадваржуулах олон талт ажлуудыг зохион байгуулж байсан. www.yaruusetgegch.com цахим хуудсаар зочлоод лекц сургалтыг нь үзэх боломжтой. Дунд хугацаанд залуусын хөгжлийн төвтэй болох зорилготой ажиллаж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллаж залуусдаа томоохон хөрөнгө оруулж байгууллагуудтай хамтран ажиллах саналтай байна.
Өнөөдөр улс төрийн байдалд, улс төрчдөд буруугаа үүрүүлээд “хүний хөгжлийн” гэх нэртэй тусламжаар амьдарч байгаа олон сайхан эрүүл чийрэг, оюунт монгол залуус бий. Мэдээж залуу хүний хувьд боломжит гарц бүхэн рүү тэмүүлж яваа болохоор өөрийнхөө зүгээс хараад дүгнэдэг л биз дээ?
Ороо бусгаа цаг үед хүн өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшилгүй болж төөрөлдөх нь бий. Залуус маань одоо өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшлийг өөртөө бий болгож, энэ амьдралд ирсэн утга учраа танин мэдэж өөрийн гараар өөрийн амьдралыг урлан бүтээх нь чухал юм. Асуудал бүрийн цаана ямар нэг боломж байдаг. Асуудал бүрийн цаана бизнес байдаг. Жишээ нь: Хортой хүнс гэдэг нэг асуудал байгаа бол эрүүл хүнсийг бий болгох боломж байна л гэсэн үг.
Өнөөдөр бид хятад ногоог биш монгол хүн бүрийг монгол хөрсөнд ургуулсан ногоогоор хангах боломж байна. Бид бүгдийг үйлдвэрлэх боломжгүй. Тэгэх ч албагүй. Хийж чадах хэдэн юм аа хийгээд, гадагш нь гаргамаар байгаа юм. Хятадаас ногоо, сүү, Европоос бяслаг, Америкаас жажлууртай тахиа, Солонгосоос чипс гэх мэт ходоодны хог новш авчирч, хүүхдүүддээ хор идүүлэхгүйгээр өөрснөө дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломж байна. Бид хүний юмыг л авчирж хангалттай зарлаа.
Одоо өөрснийхөө юмыг л зарах хэрэгтэй байна. Урлаг, соёл, авъяас, айраг, хоормог, ааруул, аялал жуулчлал, рашаан усанд оруулахаас эхлээд, эрүүл мэндийн аялал жуулчлал, адаглаад одтой тэнгэрээ харуулаад бизнес хийж болж байна. Газраа ухахгүйгээр их юм хийж болж байна даа. Чипс шиг савласан ааруул бол шүдгүй хүүхдүүд, кальцгүй ястай хүн төрөлхтний эрэлт хэрэгцээ болохоор глобал бизнес болохгүй гэх газаргүй. Тиймээс Монгол залуу хүн та болохгүй бүтэхгүйн 1000 шалтгийг биш болж бүтэхийн 1 аргыг л ол гэж хэлмээр байна.
Би саяхан хэсэг залуусын яриан дундаас “Эдийн засгийн хямрал, ядуурал бол монголын эмгэнэл” гэж хэлж байхыг сонссон. Таны хувьд?
Юмыг хөндлөнгөөс шүүмжлэх бол хэний ч хийж чадах хялбар ажил шүү дээ. Өөрийн нөлөөлж, шийдэж чадахгүй асуудлыг шүүмжилж цаг хугацаа, энергиэ барахын оронд өөрийн шийдэж, өөрчилж чадах 1 жижиг асуудлыг барьж аваад л шийдвэрлээд өөрчлөөд яваад бай. Ингээд шийдвэрлээд яваад байхад таны нөлөөлж чадах чадвар, хүч улам далайцтай болсон байх болно. Өөрийн хүрээллээсээ л өөрчилж нөлөөлж эхлэ. Найзуудаараа тойрч суугаад грушиг пиво дугтарч, болохгүй бүтэхгүй улс төр ярихын оронд энэ удаа арай өөр зүйл яриад үз. Хаягдал яснаас кальци гаргаж аваад зарж болох уу гэдэг ч юм уу?
Таны аав ээж, ах, эгч нар бас дүү тань ч гэсэн “Хүний хөгжлийн төлөө” гэсэн уриатай юм билээ.Гэр бүлээрээ нийгмийн идэвхитэй юм байна шүү дээ.Гэр бүлийнхнээ танилцуулаач.
Ээж маань уран гартай оёдолчин, аав маань ур ухаантай механик инженер хүн. Харин 2 өвөө маань шинийг санаачлагч, зохион бүтээгчид байсан. Авга өвөө Шагдарын Дулмаа маань Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. “Арьс элдэгч машин”, “Цутгамал чулуун хороо” гэсэн 2 ШБОС (Шинэ Бүтээл Оновчтой Санал)- ын гэрчилгээтэй байсан. Нагац өвөө Молом нь Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул. Анхны хуурай сүүг гаргаж авч байсан хүн байдаг.
Манай том ах Ж.Бэгзсүрэн Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын нийтийн төв номын санд Мэдээлэл автоматжуулалтын тасгыг хариуцаж ажилладаг. Дунд ах Ж.Ганжуурдалай, дүүЖ.Дамдиндорж нар барилгын засал чимэглэл, интерьерийн чиглэлээр ажилладаг. ЭгчЖ.Хорлоо нь Сургуулийн Өмнөх Боловсролын Шинэчлэл болон Бага насны хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлыг судладаг сурган хүмүүжүүлэгч бүсгүй бий. Харин миний эхнэр В.Ундраа уран зураач бүсгүй.
Та өөрийгөө улс төрөөс хэр ангид гэж боддог вэ? Зарим залуу уран бүтээлчид, нийгмийн идэвхитэй залуус улс төр их сонирхож энэ талруугаа их татагдаад байгаа нь ажиглагддаг.
Улс төрөөс ангид хамааралгүй хүн гэж байхгүй л дээ. Ямар нэгэн байдлаар л хамаарч байгаа. Бид төрөө сонгож, төрөөс гарч буй хууль, тушаал, шийдвэрүүд нь бидний амьдралд буцаад нөлөөлж байгаа. Улс төрд оролцоно, нөлөөлнө гэдэг нь заавал улс төрч болохын нэр биш шүү дээ. Заавал улс төрч болж байж л улс орноо өөрчилж сайхан болгоно гэсэн үг биш шүү дээ. Өөрийнхөө хийж бүтээж байгаад эзэн болоод хамгийн ойр эргэн тойрноосоо л өөрчлөлтөө эхлэ. Бүүр өөрөөсөө эхлэ.
Ямар нэг намын гишүүн үү?
Намын гишүүн биш.
Залуу, монгол хүний хувиар тань хүсэл мөрөөдлийг тань асуумаар санагдлаа?
Монголдоо залуусын хөгжлийн төв байгуулах, амьтны хүрээлэн байгуулах, монголыг дэлхийд илэрхийлж чадахуйц брэнд бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, авъяас чадвартай Монгол хүнд менежмент хийж дэлхийд таниулах гэх мэт тодорхой хийх ажлууд бий.
Ажлынхаа чөлөө завыг юунд шимтэн өнгөрүүлдэг вэ?
Өөрийнхөө хүсэл тэмүүлэлд л чөлөөт цагаа зориулна. Бодох, төлөвлөх. Зөвлөгөө сургалт зохион байгуулдаг.
Одоо ямар ажлыг эхлүүлээд эсвэл ажиллаж байна? Хэтийн төлөв?
The New Media Marketing Agency-ийг үүсгэн байгуулахад гар бие оролцож, мэдээллийн технологийн салбарт монгол залуусыг дэлхийд өрсөлдөхүйц бүтээл хийлгэх зорилгоор ажиллаж байна. Мэдээж чадварлаг олон монгол залуустайгаа хамтарч илүү олон ажлын байр бий болгоно. Монголын ирээдүй хойч хүүхдүүдийг зөв үнэт зүйлтэй, бүтээлч хүн болгон төлөвшүүлэхэд гар бие оролцох хэрэгтэй.
Таныг Их найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ” шүлгийн мөрийг тарни мэт өөртөө шившиж явдаг тухай таны хувийн цахим хуудаснаас уншсан. Магадгүй яруу найрагт шимтэн дурладаг болов уу гэж асуусан юм шүү?
О.Дашбалбар агсаны ертөнцийг үзэх үзлийг нь хүндэтгэдэг. Хааяа бас толгойд мөрүүд орж ирвэл бичээд үлдээчихдэг. Би өөрийнхөө ТЭНГЭР МЭДНЭ гэдэг шүлгийг сонирхуулах зорилгоор биччихье.
Тэн гэрийн тамгатай газарт
Тэн гэртэй хамт төрөөд
Тэн дээ бид амьдарна
Тэн гэрт данстай
Тэн д бүртгэлтэйг
Тэр өдрийн
ТЭНГЭР МЭДНЭ
Тэнгэрийн доор ганц хуультай
Тэнгэр хэнийг ч ялгахгүй
Тэр бүхнийг мэднэ
Тэнгэрээс та бултаж чадахгүй
Булангийн араар нуугдаж болохгүй
Швейцарын банкинд ч нууж чадахгүй
Тэр бүхнийг харж байгаа
Эхнэрийнхээ араар тавьж болох ч
Тэнгэрийн араар тавьж чадахгүй
Тэрийг та аргалж болох ч
Тэнгэрийг та аргалж чадахгүй
Тэр таны дээр байна
Тэр бүхнийг
ТЭНГЭР МЭДНЭ
Үйл бүхэн чинь үртэй
Үг бүр чинь бүртгэлтэй
Үнэн амьдар
Үйлдэл бүрийг чинь
Тэнгэр шүүхгүй
Үйл чинь таныг шүүнэ
Үйлээ эдэл үр минь
Тэнгэр эцэг хэлнэ
ТЭНГЭР МЭДНЭ
“Тэнгэр нь хаясан” золиг минь
Тэнгэртээ та итгэвэл
Тэнгэр чинь таныг хаяхгүй
Тэнгэррүү хараад залбир
Тэнгэртэйгээ байхад алзахгүй
Түүнээс өшөө авах ч хэрэггүй
Тэнгэр бүгдэд хариу өгнө
Тиймээс санаа амар
Шударга хүнд айх шалтгаан үгүй
ТЭНГЭР МЭДНЭ
Хэн ч хараагүй
Хун ч сонсоогүй
Хүн ч мэдээгүй
Тэр харсан
Тэнгэр сонссон
Тэр тольдож байгаа
Тэнгэр биднээс дээр байгаа
Тэр бүхний дээр байгаа
Тэнгэрийн доор төрөөд
Тэнгэрийн дээр очно
ТЭНГЭР МЭДНЭ…
Ярилцасан Ц.Тамир
Эх сурвалж /bai.mn/
Фотог Б.Батзаяа