Ж.ХОРЛОО: Хүүхдийг хэт магтах нь сэтгэлийн хатгүй, үг сонсож чаддаггүй хүн болгодог
9 жил, 11 сар өмнө

“Би таван нас хүртлээ миний нэрийг “болохгүй” гэдэг л юм байх гэж боддог байлаа” гэдэг онигоо байдаг.

Судлаачид тав хүртэлх насандаа хүний төлөвшлийн 70 хувь нь суудаг гэж үздэг. Тиймээс та энэ насны хүүхэдтэй бол тун анхааралтай байх хэрэгтэй. Бид “Эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжлийн талаар ядаж ганц болов ч ном унших хэрэгтэй” гэж ярьдаг 2007 оноос хүний хөгжлийн чиглэлээр ажиллаж, хүүхдийн хөгжлийг түлхүү судалсан Ж.Хорлоотой ярилцлаа.

Ингээд тав хүртэлх насны хүүхдийн талаарх ярилцлагыг “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүлийн зарим зөвлөгөөний хамтаар хүргэе.

“Хүнтэй танилцах: Хүнтэй ёс журмын дагуу танилцах, нэр алдрыг нь зөв тогтоох, эргээд холбоотой байх зэрэг нь насан туршид нь хэрэг болно. Үүний зэрэгцээ өөрийн үзэл бодол, байр сууриа зөв илэрхийлж зөв ойлгуулж чаддаг байх нь дараа дараагийн хамт олны дунд ороход нь их тус болдог” “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүлээс...

Ж.ХОРЛОО: ХОЁР НАСТАЙДАА ХҮҮХЭД ӨӨРИЙГӨӨ БУЮУ БИ-гээ ИЛҮҮ МЭДЭРДЭГ


-Сүүлийн үеийн хүүхдүүдийг индиго гэж нэрлэх болж. Энэ хүүхдүүд Монголд бий юу?
-Индиго хүүхдүүдийг зөн билигтэй ч гэж ярьдаг. Гэхдээ монгол хүүхдүүдийг зөн билигтэй гэж ярихаасаа илүү яаж тэднийг зөв хүн болгох вэ гэдэг талаас нь илүү анхаарууштай. Тиймээс энэ хүүхдүүдтэй яаж харьцвал бид зөв хүн болгох вэ гэдэг талаас нь судалгаа хийсэн. Индиго гээд байгаа хүүхдийн зан төлөвийн өвөрмөц онцлогууд болох энэ хорвоод төрөх гавьяатай гэж үздэг, би-гээ мэдэрсэн, өөрөө илүү шийдвэр гаргаж, сонголт хийхийг зорьдог, дүрмийн сэтгэлгээтэй, бие даасан гэх мэт шинж чанарууд монгол хүүхдүүдэд байна. Харин тэр зөн билигтэй зэрэг нь ажиглагдаагүй.

-Судалгаагаа хаагуур, хэдэн хүүхдийн дунд хийсэн юм бол?
-“Индиго” төвийн 100 орчим хүүхдэд ажиглалт хийсэн. Индиго хүүхдийн арван шинж үзүүлэлт байдаг. Энэ үзүүлэлтээр нийслэлийн зургаан дүүргийн 12 цэцэрлэгийн 300 гаруй хүүхдийг судалсан. Ингэхэд индиго хүүхдийн үзүүлэлтийг 70 хувиас дээш хангасан.

-Эцэг эхчүүдийн хувьд анхаарууштай зүйл юу байсан бэ?

-Эцэг эхчүүдийн буруу хандлагаас болж хүүхдүүдийн хүмүүжилд сөрөг зүйл багагүй илэрсэн. Жишээ нь эцэг эхдээ эрхлэх, бусдаар хайрлуулах, магтаал сайшаалын үгэнд дуртай, хаана ч байсан эргэн тойрны зүйлийг анхаарч сонирхдог, байнга асуулт асуудаг гэх мэт шинж нь 75-80 хувьд нь байна.

-Энэ чинь угаасаа л хүүхдэд байдаг шинжүүд юм биш үү?

-Тодорхой хугацаанд байж байгаад арилдаг шинжүүд юм. Хоёр настайдаа хүүхэд өөрийгөө буюу би-гээ илүү мэдэрдэг онцлогтой. Энэ насандаа “би л хийнэ, би чадна” гэж зөрүүдэлж, би-гээ ярьдаг хувь хүн болох суурь нь тавигддаг үе. Гэтэл энэ хүүхдүүдийн хувьд арилахгүй улам гүнзгий болсон байгаа нь ажиглагдсан. Энэ нь эцэг эхчүүдийн буруу хандлагатай холбоотой. Яагаад дөрөв таван нас хүрчихээд бусдыг хайрлаж мэдэхгүй зөвхөн өөрийгөө л хайрлуулах гэдэг, яагаад магтаал л сонсох дуртай үг сонсож чадахгүй байна. Шүүмжлэл хэлэхэд сэтгэлээр гүн гүнзгий унадаг болох нь харагдсан.

Эцэг эхчүүдийн бас нэг буруу хандлага бол "Магтаж сайшаах" гэдэг ойлголтыг хэтэрхий туйлширч, буруу аргаар хэрэгжүүлдэг явдал. Тэд хүүхдийнхээ бүх зүйлийг учир утгагүй магтаж, хэтэрхий хоосон магтаалд умбуулж өсгөдөг. Тэр нь хүүхдийг сэтгэлийн хатгүй, хүний үг сонсож чадахгүй, бусадтай нэгдэн нийлж, ажиллах чадваргүй хүн болох үндсийг тавьдаг. Зөв магтаж сайшаана гэдэг нь хүүхдийнхээ юу нь маш сайн болсон байна, юу нь арай болоогүй байна, юу нь яг болох гээд байна гэсэн гурван шалгуураар хэмжин, аль алиныг нь хэлж, болж буй зүйл дээрээ түшиглэн болохгүй, болох гээд байгаа тэр зүйлээ улам сайжруулж хийх, улам сайн сайхан болгохын төлөө тэмүүлэх эрмэлзлэлийг төрүүлж өгөхөд оршдог.

“Ойр дотны хүмүүсээ халамжлах : Багадаа өвөө, эмээ ахмад хүмүүсийг халамжилж байсан хүүхэд том болж эцэг эх болсон хойноо гэр бүлдээ бүхнийг зориулдаг” “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүлээс...

Ж.ХОРЛОО: АЯГА УГААЖ БАЙХАД ХАЖУУД ЧИНЬ ИРЭЭД ОРОЛЦОХ ГЭЭД БАЙВАЛ ХАГАРДАГГҮЙ АЯГА БАРИУЛЧИХ

-Эцэг, эхчүүдийн буруу харилцаа гэдэг нь яг юуг хэлж байгаа вэ?

-Гурван нас хүртлээ хүүхэдтэй хаан мэт харьцах ёстой гэдэг үг байдаг. Гэтэл үүнийг хүүхдийг хэмжээ хязгааргүй эрхлүүлэх ёстой мэт эцэг, эхчүүд андуурдаг. Хаан хүн бол хүссэн зүйлээ хийж чаддаг, шийдвэр гаргаж чаддаг хүн юм. Таван нас буюу тодорхой хэмжээнд биеэ даах насанд хүрчихсэн мөртлөө бусдын хайр энхрийлэлд л умбах гээд хүний үгийг сонсож чаддаггүй, аливаа зүйлийн зөв буруу, сайн мууг ялгах чадваргүй, хүн бүхэн зөвхөн намайг л хайрлах ёстой гэсэн мэт авир нь цаашид үргэлжилсээр байвал амин хувиа хичээсэн, бусдыг боддоггүй харгис үзэлтэй хүн болно. Энэ хандлага руу эцэг, эхчүүд л түлхээд байгаа юм.

-Эцэг эхчүүд тэгвэл яах ёстой вэ?
-Бүх зүйлд хэмжээ хязгаар гэж зүйл байдаг гэдгийг хүүхдэдээ ойлгуулах ёстой. Хайр энхрийлэлд ч хэмжээ хязгаар бий. Хүүхдийнхээ хүссэн бүх зүйлийг өгч, хязгааргүй хайрлах нь хүүхдийг амьдралд хөлөө олох чадваргүй болгох хор уршигтай. Хүүхэд аливааг барьж үзэх гэж оролдоход эцэг, эхчүүдийн 90 хувь нь хориглодог гэж бидний судалгаан дээр гарсан. “Болохгүй, бохир заваан, хол бай” гэх мэтээр. Хүүхдийн сониуч, танин мэдэх занг нь хориглох нь хүүхэд өөрөө шинэ зүйлийг сурч мэдэх хүсэл сонирхолгүй болгох, хийж бүтээх гэсэн сэтгэлгээг нь унтрааж байна гэсэн үг. Хүүхэд юу хийх гээд байгааг нь сайтар анзаарч түүнийг нь дэмжиж өсгөх хэрэгтэй. Аяга угааж байхад чинь хажууд чинь ирээд оролцох гээд байвал хагардаггүй аяга бариулчих. Хувцсаа угааж байхад чинь хажууд чинь ирээд байвал оймсыг нь усанд хийгээд бариулчих. Гэх мэтээр хүүхдийг сонирхож байгаа зүйлийг нь хийлгэхээс битгий татгалз. Гэхдээ заавал тухайн үйлдлийг нь дуустал нь хийлгэх гэж залхаах хэрэггүй. Хийж үзэх хүслийг нь л битгий унтраа гэсэн үг.

-Арван сартай охин маань болохгүй юмсыг барьж аваад л амандаа хийж үзээд байна. Боль гэх тусам улам л авахыг хүснэ. Ийм хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ?
-Арван сартай хүүхэд гэдэг бол бүхнийг амталж байж мэдэрдэг үе. Гэтэл та бүхэн гэрээ яаж тохижуулснаа нэг хараарай. Хэрвээ та хүүхдэдээ зориулж гэрээ тохижуулаагүй бол хүүхэд чинь болохгүй гэсэн бүхнийг чинь л барьж авах болно. Хүүхдийн нүд харлаа л бол түүнийг барих, амтлах хүсэл сэдэл нь төрнө. Сэдэл төрсөн бол тэрийг хориглоод нэмэргүй. Хүүхдийн авах хүсэл улам бадарч, өгөхгүй бол уурлаж уйлах гэх мэтээр цаашид ууртай уцаартай, зөрүүд хүүхэд болдог. Хүүхэд аливааг хүртэж мэдэрч байж танин мэдэхүйгээ хөгжүүлдэг гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

-Цэцэрлэгтээ орж өгөхгүй нэг хүүхдийг мэдэх юм байна. Ээж нь гадаа тэвэрч 30-аад минут зогсож байгаад арай гэж оруулдаг. Эсвэл ямар нэгэн зүйлд дургүй нь хүрвэл шууд л ээж, аавыг цохиж зоддог хүүхэд ч байна. Зарим хүүхдийг их хорлонтой гэх нь ч бий.
-Хүүхэд хорлонтой биш байхгүй юу уг нь. Дандаа л эцэг эхчүүдийн буруу хандлага харилцаатай л холбоотой. Хүүхдэд зөв буруу, сайн мууг ялгаж өгөлгүй хэмжээгүй хайрласнаас болж байгаа л хэрэг. Зөрүүдлэх нас бол уг нь 2-3 насны хооронд л байх ёстой.

Ж.ХОРЛОО: ТАНАЙ ХҮҮХЭД ӨВӨЛ БОЛЧИХООД БАЙХАД Л ЗУНЫ ХУВЦАС ӨМСӨНӨ ГЭЭД ЗӨРЖ, УУРЛААД БАЙДАГ УУ

-Их зөрүүд үед нь яаж харьцах ёстой вэ?
-Тэр үед нь эвээр л харьцах хэрэгтэй. Сонголтгүй сонголтын аргыг жишээ нь хэрэглэж болно. Нэг л цамцыг энийг өмс гэвэл “үгүй” л гэнэ, нэг л зүйлийг идэх үү гэвэл “үгүй” л гэнэ. Харин сонголттойгоор “энийг идвэл том болно, энийг идвэл бүдүүн болно алиныг нь идэх вэ” гэвэл хүүхэд том болохыг нь л сонгоно. Бас нэг ээж “манай охин өвөл болчихоод байхад л зуны хувцас өмсөнө гээд дайраад зөрөөд байдаг” гэж хэлж байсан. Бас л ээжийн буруу. Яагаад өөрөө өвөл болчихсон байхад хүүхдийнхээ зуны хувцсыг далд хийгээгүй юм. Хэрвээ хүүхдийн нүдэнд өвлийн хувцаснууд нь сонголт хийж болохоор харагдвал тэрэн дундаас л сонгоно. Огт байхгүй далд хийчихсэн зүйлийг нэхэх нь тун ховор.

Манай эцэг эхчүүд хүүхдийг зөрүүдэлж ууртай байгаа үед нь юмыг тайлбарлаж өгөх гэдэг. “Үзэг авна аа” гээд дайраад байгаа хүүхдэд “үзэг баривал аюултай нүд амаа сохолно” гэж мянга тайлбарлаад нэмэргүй. Харин ч өнөө үзэг үзэг гээд яриад байх нь өнөө үзгийг авах сэдлийг нь улам бүр өдөөгөөд байдаг. Түүний оронд анхаарлыг нь өөр зүйлд татах хэрэгтэй. Тэгээд анхаарал нь саринах зуурт үзгийг нь авчихдаг. Харин ууртай үед нь зүгээр л орхисон нь дээр.

-Уур бухимдлаа янз бүрээр илэрхийлдэг хүүхдүүд байдаг. Айхтар чанга хашгирч орилох, юмыг хазах гэж дайрах гэх мэтээр?

-Энэ бол маш түрэмгий ааш авирын нэг. Ер нь аливаа хүнээс гарч байгаа уур уцаар гэдэг бол дотоод эрчимтэй холбоотой. Тиймээс хүүхэдтэйгээ хамт тоглож, ярилцах гэх мэтээр хамтдаа аливааг хийж чадвал хүүхдийн доторх уур уцаар багасдаг. Уур уцаарын эрчмийг нь өөр зүйлд гаргах аргууд байдаг. Жишээ нь маш их энерги шаардсан барилдах, ноцолдох, гүйж харайх зэрэг тоглоомыг хамт тоглох. Гэхдээ хүүхдийг ууртай, зөрүүдэлсэн үед нь тоглоё гээд хэлбэл бас л зөрүүдэлнэ. Тэгэхээр аав, ээж нь өөрсдөө их сонирхолтой тоглож эхлэх хэрэгтэй. Тэгээд хүүхдийг тоглоё л доо гэж гуйх биш харин хүүхдээр өөрөөр нь “би тоглоё” гэж хэлүүлэх. Үүний зэрэгцээ ярина гэдэг маш их эрчмийг гадагшлуулдаг гэдгийг санаарай.

Ж.ХОРЛОО: ТАНЫГ “ЯАГААД?”-ААР БУЛААД БАЙВАЛ...


“Хүүхэд 4-5 насандаа зорилго тавьж чаддаг, үр дүнд хүрэхийн тулд төлөвлөдөг. “Яах юм “ гэдэг асуулт тавьдаг. Даруу , шударга , эрч хүчтэй ба зоригтой байх хүмүүжил олгох. Буруу юм хийсэн бол ичих ба бусдаас уучлалт гуйдаг. Энэ насны хүүхэд гомддог учир нийтийн дунд хүүхдийг зэмлэхгүй байх. Ойр ойрхон хүүхдийг үгээр урамшуулж сайшааж байх нь чухал” "Хүүхдийн нэвтэрхий толь" сэтгүүлээс...

-Бүхнийг яагаад гэж асуудаг нас байдаг. Сүүлдээ ээж, аав нь хэлэх үггүй болтол нь “яагаад?”-аар булдаг. Энэ үед?

-Зарим эцэг, эхчүүд “ юу гэж хэлэхээ мэдэхгүй дуугүй л өнгөрдөг” гэдэг. Ингэж болохгүй л дээ. Үнэхээр мэдэхгүй зүйл таарвал хүүхдээсээ өөрөөс нь асуу. “Харин яагаад ийм юм бол миний хүү юу гэж бодож байна” гэх мэтээр. Хүүхэдтэйгээ ярилцаж аливаа зүйлийн утга учрыг тайлбарлаж өгдөг, аливаа зүйлийг ойлгож мэдэхэд нь хамгийн дотны туслагч нь байх хэрэгтэй.

Тав хүртэлх нас бол хүүхдийн маш чухал үе. Энэ үед нь бид цаг заваа зарцуулж хүүхдээ өсгөж хүмүүжүүлж чадвал цаашид хүүхэд таны хүссэн сайн хүүхэд болох боломжтой. Хүүхэдтэйгээ зөв л харилцаж байх хэрэгтэй.

-Хүүхэд компьютер, зурагтад донтох болжээ. Сүүлийн үед ээж, аавынхаа гар утсаар байнга хүүхэлдэйн кино үзэх, тоглох гэх мэтээр?

-Хүүхэд аливаа юманд донтож байна гэдэг ямар ч дүрэм журамгүй замбараагүй өсгөсөнтэй л холбоотой. Бага насанд нь хүүхдэд цаг хугацааны үнэ цэнийг ойлгуулж, бүх зүйл цаг хугацаатай байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Зурагт үзвэл 30 минут үзнэ, компьютерийг 30 минут тоглоно гэх мэтээр сургавал том болсон хойноо ч энэ хэвшлээрээ л явна. Эцэг, эхчүүд өөрсдийнх нь чих л амар байвал бусад нь хамаагүй гээд зурагтын өмнө суулгачихдаг. Ингэхээр хүүхэд өөрийгөө татаж авах чадваргүй, аливаад донтомтгой болдог. Хожим нь нөгөө хүүхэд нь компьютерт донтоход манай хүүхэд ингэчихлээ гэдэг. Гэтэл өөрийнх нь өсгөж хүмүүжүүлж сургасан нь тэр шүү дээ. Гэтэл хүүхэд 1-3 насандаа энэ хорвоо ертөнцтэй танилцах танин мэдэхүй хөгжиж байдаг. Харин эцэг, эхчүүд энэ үед нь эрхлүүлэх хайрлах талыг нь илүү гаргасан болохоос танин мэдүүлэх ажлаа орхигдуулсан байдаг.

Тэрээр ийнхүү ярилаа. Ярилцлагынхаа төгсгөлд “Та хүүхдэдээ сайн байна уу”, “баярлалаа”, “сайхан амраарай” гэж хэлдэг, найрсаг соёлтой харилцаанд сургавал хүүхэд тань танихгүй орчинд ч алзахгүй, хүмүүстэй харилцаа тогтоож чаддаг болно” гэсэн “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүлийн зөвлөгөөг та бүхэнд хүргэе.

О.Ариунбилэг

Эх сурвалж: http://news.gogo.mn/mr/134231