Ж.Лувсандорж: Блог гэдэг тухайн хүн өөрийгөө дэлхий дахинд таниулах нэрийн хуудас юм (gogo.mn-д өгсөн ярилцлага)
Онлайн харилцаа, холбоо өдөр ирэх тусам өргөжин тэлсээр байна. Зарим хүний амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон цаг ирээд байгаа билээ. Зардлаа хэмнэх, илүү их мөнгө олж, мэдээлэл авч, ажил амьдралынхаа харилцаа, холбооны хүрээг өргөтгөж, бие хүн гэдгээ бусдад илүү таниулах, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зэрэг олон таатай боломжийг интернэт гэгч зүйл бидэнд өгсөөр байна. Энэ хурдацтай хөгжил, дэвшлээс Та ч бас хоцрохыг хүсэхгүй байх. “Social network” буюу олон нийтийн онлайн сүлжээ дэлхийн дахиныг хэрээд байна. Тухайлбал, 2004 онд нээгдсэн Facebook гэхэд өнөөдрийн байдлаар 500 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй болоод байгаа бол 2006 оноос эхэлсэн Twitter 190 сая гишүүн хэрэглэгчтэй болжээ. Энэ тоо цаашид ч өсөн нэмэгдсээр байх болно. Энэхүү олон нийтийн сүлжээнүүдээс ч манай залуус хоцролгүй хойш суулгүйгээр дор бүрнээ боломжийн хэрээр өөртөө хэрэгтэй мэдээллийн болоод бизнесийн холбоо, сүлжээг онлайнд ертөнцөд үүсгээд байна.
Тухайлбал, Монголдоо хамгийн их хандалттай Үндэсний портал GoGo.mn -д бүртгэлтэй блог хэрэглэгч өнөөдрийн байдлаар 34 мянгад хүрээд байна. Энэ бол дотоодын зах зээлдээ хамгийн том тоо юм. Олон нийтийн сүлжээ болоод блогтой болсноор тухайн хүнд ямар ач холбогдолтой гэх асуулт танд гарч ирэх байх. Энэ талаар бид “Монгол блогчид 2010” арга хэмжээг зохион байгуулагчдын нэг Ж.Лувсандоржтой ярилцсан юм.
-“Монгол блогчид 2010” арга хэмжээ болоход нэг хоног үлдлээ. Та бүхэн энэ үйл ажиллагаанаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Манай орны ихэнх залуучууд интернэтийг мэйл шалгах, тоглоом тоглох төдий байдлаар ашиглаад байна. Гэтэл бидний үе тэнгийн гадаад нөхөд олон нийтийн сүлжээ, блогийг ашиглаад бизнес болгож чадаад байна.
Хамгийн наад зах нь, нэг жаахан хүүхэд кино зохиолоо блог дээрээ бичээд холливудийн анхааралд өртөөд ажил болгоод явж байх жишээтэй. Тэгэхээр бидэнд маш их боломж байхад үүнийг анзаарахгүй, тоохгүй, тогоон дотроо л хараад байна.
“Би ийм, тийм зүйл хиймээр байна. Даанч төсөв, санхүү байхгүй” гээд сууж байдаг. Гэтэл өнөөдөр Youtube –р тоглолтоо хийж байгаа хамтлаг хүртэл байна. Онлайн орчиндоо олон сая үзэгчтэй болчихсон байх жишээтэй.
Монголд интернэтийн ертөнцөд сайн сайн зүйл хийж байгаа залуучууд ч бас бий. Саяхан гэхэд Мэдээлэл, технологийн үндэсний паркийн программист залуу тоглоом хийгээд түүнийг нь дэлхийн дахинаа 50 мянган хүн худалдаад авчихсан байна.
Тэгэхээр бид интернэт гэгч энэ зүйлийг зүгээр нэг зугаа цэнгэл, тоглоом, хэн нэгнийг хараадаг, ёс бус аашилдаг зүйл гэж харахаа болих хэрэгтэй байна.
Тиймээс онлайн зах зээлд идэвхтэй хэрэглэгчдийн мэдлэгээ хуваалцах, хамтдаа боломжийг эрэлхийлэх зорилтыг “Монгол блогчид 2010” арга хэмжээний хүрээнд тавиад байгаа.
Ер нь блог гэдэг тухайн хүн өөрийгөө дэлхий дахинд таниулах нэрийн хуудас бөгөөд, өөрийнхөө юу хүсч мөрөөддөг, юу мэддэг чаддаг тэр бүгдээ л мэдүүлэх, харуулах, бусадтай хуваалцах хэрэгсэл.
-Ер нь интернэтийн орчинд олон нийтийн харилцаа үүсгээд байгаа энэ зүйл бол царай, царайгүй харалгүй, виртуаль харилцаа гэж ойлгож болно. Энэ зүйлийг заавал ингэж махчлах шаардлага бий юу. Бодит үр дүн нь юу вэ. Та бүгдэд цаасан дээр буусан тодорхой зорилт байгаа юу?
-Байгаа. Юуны өмнө би нэг жишээ татмаар байна. “Монгол блогчид 2010”-г зохион байгуулж байгаа “The new media marketing agency” –ийн гишүүд гэхэд хоёр жилийн өмнө гадна, дотны сургуульд сурч, ажилладаг байхдаа интернэтээр танилцаж, бие биенийхээ хүсэл, мөрөөдөл, зорилгыг мэдэлцээд өнөөдөр нэг баг болоод хамтран ажиллаж байна. Чи бид хоёр ч бас хоёр жилийн өмнөөс онлайнаар танил болоод өнөөдөр нүүр тулж байна. Гэхдээ бид хамтран ажиллаад явж байна.
Мэдээж, виртуаль орчинд хувийн амьдралаа дэлгэх албагүй. Бид үүнийг мэдлэгээ бусадтай хуваалцах гол гүүр байгаасай гэж харж байна. Үүнээс үүдэн маш их хамтын ажиллагаа бий болно. Монгол залуус гэхээр заавал Солонгост очиж хар ажил хийхийг мөрөөддөг, зорьдоггүй байгаасай, асар их боломж байгааг л хүмүүст мэдүүлэх, таниулах, хоорондоо мэдлэг, мэдээллээ хуваалцахыг зорьж байгаа юм.
Бид “Хуучин хүү” шиг сэтгэдэг цаг өнгөрсөн. Оюутнууд, залуучуудад шоудхаас өөр ажил, цагаа өнгөрөөх зүйл алга гэж яримааргүй байна. Бидэнд асар их боломж байгаа шүү дээ.
Яагаад энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ гэж асууж байна. Монголд энэ олон нийтийн сүлжээ гэдэг зүйл дөнгөж хөгжиж эхэлж байна. Энэ үед л бид интернэт сүлжээнүүдийг ямар ач холбогдолтой вэ гэдгийг залуучууддаа ойлгуулах хэрэгтэй юм.
Үүнийг шоу цэнгээн гэж харалгүйгээр тухайн арга хэмжээнд оролцоод танилын хүрээгээ өргөтгөөд цаашдаа хамтран ажиллах, мэдлэгээ хуваалцах зэрэг олон ач холбогдолтой.
Бид энэхүү арга хэмжээндээ бас үлгэр жишээ блоггеруудыг цуглуулахаар ярьсан байгаа. Энэ хүмүүс тодорхой хэмжээнд бусадтайгаа мэдлэгээ хуваалцсанаар нийгэмд тус болж байна.
Мөн бид маргаашийн арга хэмжээний таксны төлбөрийг цуглуулаад хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгөхөөр төлөвлөсөн. Маргааш буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр юм билээ. Ингэхдээ мэдээлэл, технологийн чиглэлийн мэдлэгтэй, энэ салбарын оролдлоготой хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шалгаруулаад шаардлагатай тоног, төхөөрөмж авч өгөх зорилготой.
-Та бүхэн энэ арга хэмжээгээ явуулахын өмнө судалгаануудыг мэдээж явуулж байгаа байх. Олон нийтийн онлайн сүлжээг ашиглаж байгаа дотоодын хэрэглэгчдийн судалгаанаас танилцуулахгүй юу?
-Монгол агуулгатай 74 мянга орчим блог байна гэсэн судалгаа байдаг. Олон нийтийн сүлжээний тухайд бид байршлаар нь хандалтын тоог нь гаргаж байгаа. Гэхдээ гадаадад байгаа Монгол Twitter, Facebook ашиглагчид олон. Ерөнхийдөө дотооддоо байгаа мэдээллийг гаргасан гэж ойлгож болно. Тухайлбал, Facebook-т Монголоос 58 мянган хүн бүртгүүлж, гишүүн нь болсон байна. Мөн Монголын Biznetwork сүлжээнд 54 мянган хүн нэгдсэн жишээ байна.
Энэ олон мянган хүнийг бид нэгтгэж нийгэмд тустай ажил өрнүүлэх эрмэлзлэл байгаа. Бид нарын төсөөлж байгаагаар Jirgee.com сайтад бүх блогчид нэгдээд, түүн дээрээ баннераа тавиад олсон ашгаа хүмүүнлэгийн үйлст зориулдаг байвал зүгээр байна.
-“Монгол блогчид 2010”-ын хүрээнд номинаци гаргаж ирээд блогчдоос шилдгийг шалгаруулах юм билээ. Шалгаруулалтын зарчмын талаар танилцуулахгүй юу?
-Дуучид дуу дуулаад хүмүүст таашаал өгснөөрөө, хоорондоо шилдгүүдээ шалгаруулах янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Гэтэл олон нийтэд мэдлэгээ хуваалцаад, боловсрол олгож, нийгэмд бодитой үр дүн өгч байгаа хүмүүсийг бид шалгаруулж, шагнах нь сайн зүйл юм байна гэж бодож байгаа. Үүний дараа блог бичигчид урамшиж улам нэмэгдэх байх гэж бид бодож байна.
Шилдэг блогуудыг шалгаруулах журам маш нарийн явуулж байгаа. Уншигчид, зохион байгуулагчид, экспертууд гэсэн гурван талын оролцоотой шалгаруулалт арваннэгдүгээр сарын 14-нээс арванхоёрдугаар сарын 2-ныг дуустал гурван үе шаттай явагдаж байна.
Эхний шат нь мэдээж, бидний нээсэн Монгол блоггер сайтад тухайн хүн өөрийн блогоо дөрвөн номинациас сонгон нэрээ дэвшүүлээд нийтийн санал асуулгад оролцуулсан байгаа. Үүнээс номинаци тус бүрд бид найм найман шилдгийг шалгаруулаад, “The new media marketing agency” индексээр дараагийн шатны шалгаруулалтыг явуулна. Үүнд нэгдүгээрт блогийн дизайны шийдэл, хоёрдугаарт маркетингдаа анхаарсан байдал буюу бусад олон нийтийн сүлжээнүүдтэй хэрхэн яаж холбосон байна вэ, RSS холбоос хийсэн байдал, контентийн баяжуулалт, тогтмол шинэчлэгддэг эсэх, зохиогчийн эрхийг хэрхэн дээдэлж ажилладаг зэрэг олон үзүүлэлт маркетинг хэсэгт харна. Гуравдугаарт, тухайн блогийн программ хөгжүүлэлтийг үзнэ. Үүнийг бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайтаар тухайн блог, сайт зэргийн программ хөгжүүлэлтийг ямар хэмжээнд байгааг гаргаад ирдэг. Эдгээр шалгаруулалтыг явуулсны дараа номинаци тус бүрээс дөрөв, дөрвөн блог шалгараад гараад ирнэ.
Үүний дараа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүд үлдсэн блогуудаас номинаци тус бүрт хамгийн шилдгийг шалгаруулна. Экспертүүдэд, нийтлэлч Баабар, МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь, бадарчин Амай зэрэг зохион байгуулалтад оролцохгүй хөндлөнгийн шүүгчид ажиллахаар байгаа.
-Энэ арга хэмжээний үеэр шагнал гардуулахаас гадна өөр юу болох вэ?
-Бид блоггерууд, жиргээчид зэрэг булангууд үүсгээд хөгжөөнт тоглоом тоглуулах, ирсэн зочдоо хооронд нь танилцуулах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байгаа.
-Маргааш болох арга хэмжээнд чинь урьдчилсан байдлаар хэчнээн хүн оролцохоор харж байгаа вэ?
-Урилгаар 100 гаруй хүн ирнэ. “I loft funcion” –ийн багтаамж нь 750 орчим хүн юм билээ. Тэгэхээр бид боломжийнхоо хэрээр хүмүүсээ оролцуулахыг бодно доо.
-Таксны үнэ хэд билээ?
-5000 төгрөг байгаа.
-Үйл ажиллагаанд чинь амжилт хүсье.
Ярилцсан Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/79971