Жудаг төгөлдөр сайхан эр хүн
Жудаг төгөлдөр сайхан эр хүн нь зүс царай өнгөлөг, бие бялдар сайхан, ухаалаг эрдэмтэй, билиг авъяастай, төлөв даруу, дээдэст бялдуучилдаггүй, доодост дээрэлхдэггүй, бусдад тусархуу байдаг. “Жудаг” гэсэн таван үсэгтэй энэ үг хүний ноён нуруу, мөс чанар, зан төлөвшил, цэвэр ариун ёс суртахуун зэрэг эр хүнд байвал зохих чанарыг багтаасан ойлголт юм. “тэдний хүү жудагтай шүү” гэх зэргээр ярьдаг.
Ард түмэн жудаг төгөлдөр сайхан эр хүнийг үлгэр, домог, дуу шүлэг, туульс, аман болон уран зохиолд магтан дүрсэлсэн нь элбэг билээ.
Жудаг төгөлдөр сайхан эр хүн нь:
- Хорхой шавьжнаас эхлээд аливаа амьтны амь хөнөөхийг хатуу цээрлэн, авран өршөөх арга замыг барин дагадаг.
- Юм өгөөгүй харамласан хүнд гомддоггүй, харин өөрөө өгч авахыг боддоггүй байдаг.
- Буруу харилцахыг тэвчин, зүй зохисыг эрхэмлэдэг
- Хов жив зөөх, хутган үймүүлэхийг жигшин, хүлээцтэй, тайван амирлангуйг эрхэмлэдэг
- Худлаа хэлдэггүй, болсон явдлыг үнэн шударгаар өгүүлдэг
- Ширүүн үг, хэрцгий яриаг цээрлэн нийлэмжтэй зөөлнөөр харьцдаг.
- Ашиг хонжоо, хичээсэн далд залхай үг, бусадтай арцалдах элдэв хорт сэтгэл агуулахыг тэвчиж, чин сэтгэлийн үгийг ил тод хэлдэг.
- Хомхой, шунаг сэтгэлийг цээрлэж, бусдыг хайрлах, өрөвдөх, туслах сэтгэлийг баримталдаг
- Аливаа хүний эсрэг элдэв буруу үзэл бүхнийг тэвчээд эвсэг зөөлөн хүнлэг сэтгэлийг баримталдаг.
Монгол эр хүний эрхэм дээдийн шижээ болсон эрчүүд нь гэр орон, үр хүүхдээ авч яваа цаашилбал улс орноо төвхнүүлж яваа олон эрчүүдээс төгс төгөлдөр, шилдгийг шилдэг үлгэр дууриал, бахархал бологч сорууд, манлай нь жудаг төгөлдөр сайхан эр хүмүүс билээ.
Эр хүний гүндүүгүй сайхан чанарыг шингээсэн бидний өвөг дээдсүүд, ухаант хүмүүсээсээ үлгэр дууриал авч тэрхүү эр хүнд байх ёстой эрхэм нандин шинжүүдийг одоогийн Монгол залуус маань өвлөн шингээвэл юуны буруу байх вэ дээ.
Доктор, проффессор Т.Намжил
2011 он