Жасрай гуайн шадар хамгаалагчийн дурсамж..
Жасрай гуайн шадар хамгаалагчийн дурсамж....
Миний бие Ховд аймгийн Жаргалант суманд Харагчин туулай жил буюу 1963 онд төрсөн, эцэг эхээсээ ах дүү 9 үүлээ мэндэлсэн. 1981-1982 онуудад Дорнод аймаг дахь ХЦ-ийн 0131 дугаар ангид хилчин, байлдагч. 1982-1987 онуудад Москва хотод ХЦКД төгсөөд, Ховд аймгийн Булган суман дахь ХЦ-н 0130-р ангид тагнуулын ажилтан, 1989-1990 онуудад Баян Өлгий аймаг дахь ХЦ-н 0165-р ангид тагнуулын ажилтан,1990-1992 оны 7-р сар хүртэл УАБХЕГ-т /Одоогийн ТЕГ/ хил хариуцсан ажилтнаар ажиллаж байлаа.1992 оны УИХ-ын сонгууль болоод удаагүй байлаа. Гэтэл нэг өдөр газрын дарга хошууч генерал Ж. Баатар дуудаж байна гэхлээр нь явж очоод ирснээ илтгэлээ. Генерал маань мэндийн зөрүүгүй / х/г Ж.Баатар харьцаа муутай хүн байлаа/ Чи өнөөдрөөс эхлэн ерөнхий сайд П.Жасрайн бие хамгаалагчаар ажиллана, би тушаал дээр гарын үсэг зурсан гэлээ. Би хариуд нь генералаа санал асууж болоогүй юм уу гэтэл Чи битгий олон юм яриад бай гээд утсаар ярьснаа Чи ороод ир гэж байна. Удсан ч үгүй хамгаалалтын албаны дарга хошууч Базарсад орж ирлээ. Генерал Базарсадад хандаж ч Чи энэ Энхсайханыг ерөнхий сайдад танилцуул гэлээ. /Энэ үед би хил хариуцсан ажилтан тул ХЦ-ийн форм өмсдөг ахлах дэслэгч цолтой байлаа/ Генералын өрөөнөөс гараад, өрөөнд ороод бичиг баримтаа цэгцлээд Базарсад даргатай төрийн ордон, орж ерөнхий сайд дээр орлоо. Базарсад дарга ерөнхий сайдад миний товч анкет танилцуулаад, өнөөдрөөс эхлэн таны комиссараар ажиллана гэлээ. Дарга хариуд нь, энэ хүн чинь тэгээд цэрэг хувцсаа тайлна биз дээ гээд инээгээд за тэгвэл зүтгээд байж дээ гэлээ. / ни нуугүй ярихад энэ үед би ганц костюмтэй зангиа зангидаж мэддэггүй байлаа/Энэ өдөр бол 1992 оны 07 сарын 26-ны өдрөөс 1998 оны 3 сарын 4-ныг хүртэл миний бие өвгөн даргын шадар хамгаалагчаар ажилласан юм. Дарга маань их энгийн яриатай, юм ярихдаа инээж ярьдаг хүн байлаа. Энэ үед лангуун дээр давс, гоймон л байлаа. Хамгаалалтын алба маань төвдөө 5 хүрэхгүй хүнтэй, ерөнхий сайд тогоочгүй байлаа. Засгийн газрын хуралдаан шөнийн 03 цаг хүртэл хуралдана, Дууяа эгч гадагшаа явсан үед Их тэнгэрт өглөө 04 цагт очоод хувцсаа солиод гал зууханд орж хоол хийнэ, зарим үед дарга маань би гурил зуурах уу гэж асуудагсан хөөрхий... Дарга маань гурилтай хоолонд дуртай хоол идэхдээ 1 ширхэг хальсалсан сармис барьж иддэгсэн. Даргад маань нэг цайвар өнгийн костюм байдаг байлаа олон жил өмсөөд өмдний дотор тал нь доогуураа цоорсон хумсны толин чинээ нөхөөстэй тэр костюмдаа их хайртай юм л бол нөгөөдөхөө өмсөнө, нэг удаа тэсэлгүй хэллээ даргаа та энэ костюмыг дандаа өмсөх юм ерөнхий сайд нөхөөстэй костюм өмссөн байна гэх вий гэсэн чинь инээгээд Ээ золигоо Би энэ костюмыг чехээс авсан юм биеэнд эвтэйхэн байдаг юм шкафанд байхаар өмсөөд байх юм чи далд хийчихээрэй гэж билээ. Хөдөө ажлаар явах үед Дууяа эгч Энхсайхан явж байгаа юм чинь даргадаа юу авч явахаа мэднээ гэдэг байлаа. Хөдөө ажлаар яваад ирэхэд доод тал нь 30 гаруй мөнгөн аяга цугладаг байлаа тэр аяганаас та алыг нь авах вэ гэхэд хэрэггүй чи наадахаа тоо ёсоор фондонд өг гэдэг байлаа. Их хурлын гишүүн болсны дараа төрийн ёслолын фондын ажилтантай ордон дотор таарлаа, тэгсэн тэгж байна танай даргыг гадаад явахад нь бэлэглэсэн заан, торго, даавуу байх юм. Чи түүнийг аваад даргадаа өг, одоо сүүлийн үеийн дарга нар хөдөө яваад ирэхдээ та нар шиг бэлгийн юмаа өгөхөө больсон гэж хэлэв. Ингээд хурлын завсарлагаанаар нөгөө юмнуудаа аваад өрөөнд нь тавчихаад даргад үзүүлэхэд, за за чи авсан бол Дууяад өгчих заан нь их хөөрхөн юм байна гэж байлаа. Дарга зааны цуглуулгатай байсан юм.1993 оны 2 сард Баянхонгор, Өвөрхангай аймгаар явлаа. Энэ үед ах Дандиа / Намсрайжав / нь өвчтэй байлаа. Биднийг Өвөрхангайд байхад өглөө 06 цагийн үед Дэлгэрмаа эгч утсаар ярьж Дандиа муудаад байна та ухаантай байгаа дээр нь ирэх хэрэгтэй гэлээ. Бид шадар сайд Пүрэвдорж гуайтай утсаар ярьж нисдэг тэрэг дуудах асуудал ярихад, дарга маань зөвшөөрөөгүй тул УАЗ-469 машинаар явсаар ирэхэд ах нь өөд болсон байлаа. Энэ үед нисдэг тэрэг дуудаад ирэх байсан ч, дарга маань даруу хүн учир зөвшөөрөөгүй юм даа. 1993 оны 6 сарын 14 –нд Бээжингээр дамжин АНУ-д 14 хоног ажлын айлчлал хийлээ. Бидний Монголд оруулж ирсэн зүйл маань Бойнг онгоц / Солонгосын түрээсийн 2 онгоц/ уул уурхайн хүнд машин механизм, моторола станц, кока кола ундаа зэрэг юм. Энэ үед ард түмний амьдрал хүнд байсан үе. Амралтын өдөр гэж амраад байх зав зай маш муу байлаа. Амралтын өдөр байсан ч, гэртээ ажлын өрөөндөө байнга сууж ажлаа хийдэг. Салхинд гарахдаа Их тэнгэрийн их байр хүртэл алхана. Энэ үед дарга маань надаас их зүйл асууна. Ялангуяа хилийн асуудал асууна. Би өөрөө хилийн сургууль төгсөж, хил хариуцаж байсан учир, би хилийн асуудлаар мэдээлэл сайтай байлаа. Энэ үед хилчид цалингаа авч чадахгүй, винтов, СГС буу зарж цалин тавьж байгаа асуудлыг даргад ярихад үнэхээр хүнд байгаа байхаа гэнэ. Нэг өдөр ордон дотор явж байтал хошууч генерал Базарсадтай тааралдав. /Сад генерал энэ үед Их хурлын гишүүн байлаа. / Завтай бол хоёулаа манай өрөөнд оръё гэж байна орлоо. Сад генерал ярьж байна, Энхсайхан цаад хилчид чинь цалингаа авч чадахгүй байна, би удахгүй Их хурлаар Хилчидийн нийгмийн асуудлын талаар асуудал оруулах гэж байна, Чи мэргэжлийн хүн амьдрал мэдэх учираас Ерөнхий сайдад ойлгуулах хэрэгтэй байна гэлээ. Ингээд би Сад генералын асуудлыг даргад ярихад, дарга хилчдээ харалгүй яахав гэж байсан. Одоо хилчдийн хоол хүнсний нэмэгдэл, хил дээр ажилласны нэмэгдлийг өвгөн даргын засгийн үед бүгдийг нь ийнхүү өөрчлөн шинэчлэсэн юм .1995 оны үеэр Дэлгэрмаа эгч өвдөөд Ихтэнгэрт байрладаг байлаа. Дээгий эгч Ариунаа, Болдоо гээд Аюуш ах хөдөө ажлаар явна. Нэг өдөр нэгэн тэмдэглэлт үйл явдал боллоо. Би ажилтай байлаа, Дээгий эгч намайг дуудлаа яваад орлоо.Дарга ,Аюуш ах, Жамсран, Жанцан гээд байж байна. Надад хундагатай архи өглөө, нөгөөдөхийг амслаа, тэгсэн Дээгий эгч аав танай энэ коммиссар чинь Ховдын өөлд Аюушийн хамаатан юм байлаа гээд тас тас хөхөрч надыг Аюуш ах болон гэр бүлийн хүмүүсдээ танилцуулж билээ. Ингээд 1995 оны хавар Дээгий эгчийн бие нь өвдөөд сайд нарын 2 эмнэлэгт хэвтэж байлаа. Дарга ОХУ-д айлчилж ерөнхий сайд Черномырдантай их өрийн асуудлаар орчуулагчгүй 1 цаг гаруй ярилцсан, энэ үеэр Дээгий эгчийн өвчтэй байгааг сонсоод Черномырдан дарга Москвад аваал ир, би эмчилгээний асуудлыг даая гэж байлаа. Москвагаас ирсний дараа даргатай энэ асуудлыг ярихад “ Харин ээ гэснээ Аюушийг худалдааны төлөөлөгчийн газар ажлуулахаар явуулахаас, тэгэхгүй бол ирэх жил сонгууль болно Жасрай төсвийн мөнгөөр охиноо эмчүүллээ гэх байх гэж байсан нь хичнээн зарчимч шудрага хүн болох нь надад танигдсан. Ингээд Аюуш ахынх Москва гэр бүлээрээ явж билээ. 1996 он гарлаа. Сонгуулийн жил ажил их байлаа. Хавар 4 сарын үед МАХН-ын байранд хурал болж, сонгуульд оролцох гишүүдээ гаргах гээд хурал шөнө 03 хүртэл хуралдлаа. Маргааш нь 10 цагт дахин хуралдахаар боллоо. Би өглөө ажил дээрээ очоод, байж байтал дотуур утас дуугарлаа. Утсаа автал, даргын туслах Хаадгар гуай ярьж байна. “Энхсайхаан даргыг битгий сэрээ, Москвагаас Аюуш сая ярилаа. Дэлгэрмаа өнгөрсөн гэнэ. Би Санжаа эмчийг сая дуудсан гэлээ, ингээд утсаа тавьтал гадуур утас дуугар ч холын дуудлага орж ирлээ. Утсаа автал Энхсайхан уу гэж байна тиймээ гэтэл Аюуш ах нь байнаа .Эгч нь өнгөрлөө, аавтай ярьж зөвлөлгөө авах ажил гараад байна гэлээ, би ч сандараад за гэж хэлээд дотуур, утсаар Хаадгар гуайтай ярив. Аюуш ах ярьж байна, би даргыг дуудлаа та эмч гээд утсаа таслав. Дээшээ гарч дуудахын өмнө тогооч Болдоо / улсын начин/ үйлчлэгч эмэгтэй 2-т дуулгалаа. Тогооч Болдоог чи энд утсан дээр байж бай, би даргыг дуудлаа гээд дээшээ гараад чимээ чагнасан дарга хурхираад унтаж байна. Өрөөний үүдэнд очоод хаалга зөөлөн нүдээд даргаа гэлээ... сэрсэнгүй дахиад нүдтэл сэрлээ яасан бэ Энхсайхан надаас асуув, Москвагаас Аюуш гэх гэлээ цаашаа ярих гэтэл хоолой зангирлаа. Тэгсэн дарга хувцсаа өмсөнгөө нөгөө Дээгий золиг муудаж байгаа юм байх даа гэж байна. Ингээд доошоо буугаад утсаар яриад уйллаа. Гараараа нулимсаа арчиж байна, энэ үед нөгөө өрөөнд миний костюмны кармаанаас нусны алчуур аваад ир гээд тогооч Болдоод хэллээ. Дарга ч утсаа тавилаа. Даргаа тайван байгаарай гэж хэллээ. Ингээд тогооч Болдоо бид хоёр даргыгаа түшээд дээшээ шат өөд өгсөөд амралтын өрөөнд орууллаа. Болдоо ч гараад хаалга хаалаа. Даргаа тайван байгаарай цай уухуу, гэтэл дарга маань нулимсаа арчингаа сервант руу зааж байна, хартал хугас шилтэй архи харагдаж байна, түүнээс стаканд ахиухан хийгээд татуулчихаад, гал зууханд орж цай авч ирж өглөө. Энэ асуудлыг хийхгүй байсан бол дарга маань харвах байсан байх гэж боддог. Ингээд даргын хажууд сууж байтал Санжаа эмч сувилагчтай орж ирж билээ.1996 оны сонгууль болж МАХН ялагдлаа. Дарга их хурлын гишүүн боллоо. Тунсаг, Батмөнх, Одхүү жолооч бид 4 дарга дээр үлдлээ. Ингээд бид хүүхдийн зуугийн урьд талын даргын байранд нүүж ирлээ. Дарга маань өглөө ажилдаа ирэхдээ алхана, буцахдаа ч бас алхана. Амралтын өдрүүдэд Хустайн нуруунд Ёндонжамц ахынд очиж амардаг байлаа. Манай жолооч Одхүү бид хоёр анд дуртай, даргын 60 насны ойгоор Хилийн цэргээс урт винтов, Цагдаагийн газраас чех калибр буу бэлэглэсэн юм. Чех калибр гаднаас харахад автомат шиг хэлбэртэй, энэ буугаар Одхүү бид хоёр Хустайн нуруунд Ёндонжамц ахынд очихдоо туулай, ятуу бууддаг байлаа. Хөдөө явахын урьд өдөр даргад буугаа авч явахыг хэлнэ. Тэр буугаар ан хийлгэхийг Дууяа эгч зөвшөөрдөггүй байлаа, дарга Дууяа эгчээс нууж надад өгдөг байлаа. Даргыг та өөрөө буугаараа бай буудахуу гэхэд буудахгүй, Дарга нэгэн түүх ярьдаг байлаа. Тэр нь дарга улс төрийн товчоонд байхдаа ажлаар баруун аймаг явсан юм гэлээ. Тэр үед хавар цаг байсан усны шувууд ирсэн байж. Хамт явсан нөхөд даргаар нэг шувуу буудуулсан оножээ. Тэгээд оройн хоолон дээр нөгөө шувууны махыг өндөгтэй хамт чанаад өгсөн гэнэ. Юун өндөг вэ гэтэл таны буудсан шувуу өндөгтэй байжээ гэсэн гэнэ түүнээс хойш буу шагайдаггүй гэж ярьдаг байлаа. 1997 оны зун нөхөн сонгуулийн ажлаар Завхан явлаа. МАХН-аас Н. Энхбаяр өрсөлдсөн. Бидэнтэй хамт Ж.Жанцан өөрийн фургон машинаар гал тогооны хэрэслэлтэй явсан юм. Бид Завханд ажиллаад буцахдаа Идэрийн гол дээр хонож загас барих төлөвлөгөөтэй байлаа. Завханаас гарах үед аймгийн МАХН-ын нөхөд гаргаж өгөөд хагас, шил виски өгөөд замдаа хэрэглэ гэлээ. Идэрийн гол дээр ирлээ. Хар морь унасан залуу үхрээ хураагаад явж байна. Би машинаас бууж уулзаад загас бариад хоночих газар байна уу гэлээ, тэгсэн нөгөө залуу надыг дагаад яв гэлээ. Ингээд голын хөвөөнд нэг сайхан зүлэгтэй газар ирлээ, бүгд машинаас буулаа дарга нөгөө залуутай зүлгэн дээр замилан сууж нутаг усны талаар юм ярьж сууна, тэгсэн дарга надыг дуудаад нөгөө виски байна уу гэж байна, би машинаас нөгөө вискиг аягатай авч ирж өглөө. Би чихэр гаргаад тавих, хооронд дарга нөгөө вискинээс ахиухан хийж нөгөө залууд өгсөнд нөгөө залуу бүгдийг уучихаад амаа арчингаа... Та чинь ямар кинонд тоглолоо гэж байна тэгэхлээр нь би хажуунаас нь наад хүн чинь ардын жүжигчин Жасрай гэдэг хүн дээ гэсэнд, нөгөө залуу архинд халсан нь илт дарга руу том харснаа Яанаа та чинь ерөнхий сайд байна шүү дээ гэж хэлээд мориндоо морьдоод гэрийн зүг давхиж дарга бид нар инээлдэж үлдсэн юм. Удсан ч үгүй нөгөө залуу гэрээсээ сүү, цагаан идээ авч ирж үлдсэн вискигээ ууж билээ. Ингээд миний бие ажлаа хийж байтал, 1998 оны цагаан сарын дараахан ТЕГ-ын хэлтсийн дарга хурандаа Г.Жаргалсайхан нэг өдөр утсаар ярьж Чи одоо эргэж ирж ажлаа хий, мэрэгжлийн хүн байхгүй байна гэлээ. Би балмагдлаа. Би эхлээд даргадаа дуулгая тэгээд хариу хэлье гэлээ. Даргадаа яаж хэлэх талаар бодлоо, ингээд нэг өдөр хамт хамгаалагчаар ажиллаж байгаа Зоригтыг чи маргааш ордон дээр өрөөндөө байж бай, би даргыг аваад ирнэ гэлээ. / Учир нь даргатай хоёулхнаа байхдаа нөгөө асуудлаа ярих гэж/. Ингээд даргаа өглөө гэрээс аваад хоёулаа алхлаа.Төв шуудангийн зүүн талаар гараад, Сүхбаатарын талбайд хөл тавих үедээ хэлнэ дээ гэж тооцоолов. Ингээд даргадаа хэллээ, надыг ТЕГ-аас хуучин дарга маань ир гээд байна, би яахав даргаа гэлээ, Тэгсэн дарга маань инээгээд за Энхсайхаан чи миний хажууд олон жил боллоо, Тагнуулын байгууллага мэрэгжлийн хүн байхгүй байгаа нь аргагүй, чи яв даа одоо 2000 он гараад миний хамгаалалт бууна. Чи залуу хүн мэрэгжлийн ажлаа хий, би тагнуулын дарга нарт хэлэх үү гэснээ, Чи надтай хамт 6 жил ажиллаа, ажиллах үед миний амьдралын баяр баясгалан зовлон жаргалын хүнд үеийгч хуваалцсан шүү гэж билээ. Ингээд миний тушаал 1998 оны 3 сарын 4-нд гарлаа. Тагнуулын ерөнхий газар ажиллаж байхдаа даргатай очиж уулзахад ном бичиж, оюутануудад лекц уншиж байгаагаа ярина. Мөн нано технлогийн талаар ярьж манай мал аж ахуйд нэвтрүүлвэл их зүгээр юм гэж ярьдаг байлаа. Ингээд миний бие 2003-2004 онуудад Москвад тагнуулын академийн дээд курст /ФСБ/ сурлаа. Энэ үеэр Аюуш ахтай холбоотой байлаа. Энэ үед дарга маань их өрийн асуудлаар Н.Энхбаярын хамт ирээд өрийн асуудлыг шийдэж билээ. Энэ үед би даргатай Элчин сайдын байранд уулзахад, дарга инээгээд за Энхсайхан сурлага өндөр үү гээд нөгөө 1995 онд Черномырдантай ярьсан асуудлаа, одоо л нэг дуусгалаа даа гэж байлаа. / Энэ дашрамд өгүүлэхэд даргыг маань өөд болсны дараа, энэ өрийн асуудлыг МАХН-ын хэсэг нөхөд өөрсдөө хийсэн болгож, ард түмний тархийг яаж угааваа, хамт явж байсан, одоо энэ намд том алга хашиж байгаа нөхөр улайм цайм худлаа ярихыг сонсоод “ Хятадын агуу удирдагч Ден-ся-пины “ Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно “ гэсэн үг санаанд орж билээ/. Тагнуулын академи төгсөөд миний бие 2004-2010 оны хооронд Баян-Өлгий аймгийн тагнуулын даргаар ажиллаа. Энэ үед би даргатай утсаар ярина, Жанцан та хоёр ажлаа зохицуулаад 7, 8 сарын үеэр нэг ирээч бүгдээрээ Алтай 5 Богдод очоод нэг сайхан амраад яваач гэдэг байлаа. Дарга маань хариуд нь зав гаргаад очиноо гэдэг байлаа зайлуул. Эцэст хэлэхэд: Миний бие Жасрай гэж энэ агуу хүний хажууд 6 жил ажиллахад минь их урам хайрласан хүн дээ. Дарга маань их энгийн яриатай, хүнтэй юм ярихдаа инээж ярина, Монгол орны маань хөгжил цэцэглэлтийн тал дээр бүхэл бүтэн амьдралаа зориулсан хүн дээ. Минйи бие даргатайгаа хамт ажиллах хугацаандаа энэ айлын гэр бүлийн нэг гишүүн нь болж үр хүүхэд, найз нөхөд, хамаатан садангийн хүмүүстэй нь ах дүү шиг сайхан цаг үеээ өнгөрөөдөг байлаа. 2013 оны 11 сарын 26 даргын маань 80 насны ойн арга хэмжээнд оролцлоо. Хүлээн авалтан дээр хамтран ажиллаж байсан сайд дарга нар болон үр хүүхэд, ач, зээ, хамаатан садангийн хүмүүстэй ярьж хөөрч нилээд суулаа. Энэ үед энэхүү дурсамж бичих зөвлөмж Батаа ахаас авч билээ. Ингээд эцэст нь энэхүү дурсамжаар дамжуулан даргатай хамт ажиллаж байсан нөхөд болон гэр бүл, үр хүүхэд, ач, зээ хамаатан садангийн хүмүүст эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хувиасаа болон гэр бүлийнхээ өмнөөс хүсэж байна. Та бүхнийг маань Мөнх хөх тэнгэр ивээх болтугай.
Дурсамж бичсэн: 1992-1998 онд шадар хамгаалалтаар ажилласан
Өөлдийн Ноён Цорос овогт дэд хурандааХайдав овогтой Энхсайхан.