Жанживын Оюунгэрэл
1955- 2020
Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч, Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн ТУЗ-ийн дарга, Петроматад ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн гишүүн, Mongolian Mining Corporation-ий ТУЗ-ийн гишүүн.
Тэрээр үндэсний үнэт зүйл, үндэсний эрх ашигт нийцтэй, өргөн цар хүрээнд сэтгэсэн шинэ санал, санаачилга, төсөл, бизнесийг өргөн хүрээнд дэмжиж ажилладаг байсан бөгөөд шинэ залуу үеийн бизнес эрхлэгчдийг халамжлан хүмүүжүүлэг байсан билээ. Тэрээр зөвхөн бизнес эрхлэгч байсан төдийгүй ХӨГЖЛИЙН ЗҮТГЭЛТЭН, НИЙГМИЙГ ШИНЭЧЛЭГЧ байсан билээ.
Орчин цагийн Монгол Улсын зах зээлийн эдийн засгийг бүтээлцэхэд асар их хувь нэмэр оруулж, өөрийн гэсэн нөхөшгүй орон зайг үлдээсэн билээ. Олон мянган хүнийг ажлын байраар хангаж, Монгол орны өнцөг бүрт бүтээгдэхүүнээ түгээсэн үндэсний манлайлагч групп компанийг тэрээр хамтран зүтгэгчдийн хамт хорь гаруйхан жилийн дотор байгуулж чадсан шаргуу хөдөлмөрч, хүчирхэг, ухаалаг бизнес эрхлэгч.
Үргэлж шинийг эрэлхийлдэг байсан тэрээр газрын тосны бүтээгдэхүүний салбараас гадна технологи, боловсрол, санхүү, уул уурхай, шатдаг хийн түгээлт зэрэг маш олон салбарт олон төслүүдийг санаачилж, амжилттай удирдаж, залуу шинэлэг бизнесүүдэд хөрөнгө оруулж, шинэ залуу боловсон хүчнийг дэмжиж, цаг үеэ байнга урьдчилж харах чадвартай авъяаслаг бизнес хатагтай байсан. Түүний хөрөнгө оруулсан бизнесүүд нь салбартаа дандаа шинэ стандарт тогтоогч болж чадсан юм.
Монгол Улсын чөлөөт эдийн засаг, ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд тэрээр онцгой анхаарч Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч, Монголын CEO клубийн үүсгэн байгуулагч, “Хүрээ ротари” клубийн үүсгэн байгуулагч зэрэг олон байгууллагыг үүсгэн байгуулахад оролцон нэр төртэй удирдаж, үе үеийн бизнес эрхлэгч, залууст үлгэр дуурайл болсон билээ.
Түүний хөдөлмөрч, бүтээлч зан чанар, улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэсэн хичээл зүтгэл нь үлгэр дуурайлал болж бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
АЖЛЫН АРГА БАРИЛ: Би хэрхэн ажилладаг вэ