Жаахан дэлхий
Өчигдөр орой дүү хөдөө гэрээс ирлээ. Охиноо төрүүлээд аав ээж дээр очсон дүү маань 7 сар болоод ирж байгаа нь энэ. Улсын томоохон эмнэлэгт сувилагч хийдэг болохоор ажилдаа орох хугацаа нь ч болж байгаа л даа. Охиноо аав ээж дээр үлдээсэн байлаа. Энд харах хүнгүй болохоор, бас хөдөөний цэвэр агаар нь дээр болохоор, бас аав ээж хамаагүй дээр өсгөнө... гээд л охиноо үлдээх шалтгаанд нь муу зүйл нэгээхэн ч байхгүй ээ.
Гэхдээ, би уйлчихлаа. Дүү нараа харсаар байтал нулимсаа бөмбөртөл гаргаад л. Яагаад уйлснаа би сайн мэдэж байгаа болохоор бүр ч их уйлаад байсан. Одоо хүртэл үүнийг бичиж байхдаа нүдээр дүүрэн нулимс.
2004 оны нэгдүгээр сард би ээж болсон. Харин найман сард нь хотод ирсэн. Хүүгээ аав ээж дээр үлдээгээд ирж байсан юм. Хөхний сүү татраагүй л оюутан болохоор ирж байлаа. Шаналах шалтгаан надад байгаагүй ээ. Хүү минь маш сайн өсч, ухаантай хөөрхөн хүү болсон. Одоо хоёрдугаар ангид орох гэж байна.
Өөрөө ийм зүйл сайн мэдэх хэрнээ яагаад уйлаад байгаа юм бэ, гэж өөрөөсөө асуулаа? Хүүгийнхээ оронд, дүүгийнхээ охины оронд өөрийгөө тавиад бодчихсон юм аа. Зүрх их зүйл мэдэрдэг болчихсон юм шиг ээ. Ийш тийшээ харж ээжийгээ хайж байгаа даа, уйлахдаа хүртэл мөөмөө санаж байгаа даа, үе үехэн эхэр татаж байгаа даа, тэр жаахан зүрх хэрэндээ л их зүйл мэдэрч байгаа даа...гэж бодохоор. Бас хүйгээрээ холбоотой байдаг эх үрийн нандин сэтгэлийг мэдэх болохоор л ингэж их уйлаад байгаа юм.
Хэцүү гэдэгтээ биш, хайр байгаадаа л зүрх уйлж байна. Хатуудаа биш, зөөллөх гээд л нулимс гарч байна. Хайхрахгүйдээ биш, ойлгож байгаадаа л бодоод байна. Хол гэдэгтээ биш, залбирч байгаадаа л тэнхээтэй байна.
Жаахан гэхгүй энэ бяцхан дэлхий зүрх уйлуулдаг болохоор хайр хэзээ ч холдохгүй ээ. Удахгүй миний хүү шиг, дүүгийн минь охин ээж дээрээ хүрээд ирнэ. Хүний хүүгийн хүрэн бөөр гаргаад эмээ өвөөгөө санагалзалтай үлдээгээд ирнэ ээ. Энэ амьдралд мэндэлж байгаа хүүхэд бүхэн ээжийнхээ энгэрт дандаа тэврүүлж байгаасай.