ЕРТӨНЦ, АМЬДРАЛ НАДАД МАШ ОЙЛГОМЖГҮЙ
/ ”Монголын мэдээ” сонины сурвалжлагч Х.Дуламсүрэнтэй хийсэн ярилцлага/
-Таны мөнхийн хүсэл юу вэ?
-Ард түмэндээ үнэмлэхүй их тус болох, чадамж гэмээ нь Бурханаас ч илүү аугаа ач тус болох үйлийг бүтээх! Энэ “мөнхийн” хүсэл хүн заяаны охорхон хугацааг мөнхийн хугацаа мэтэд бодох, магадгүй, үнэнхээр “мөнхийн юм” гэж үнэмших “хий” хүч, “хий” шивнээгээр миний биеийг гадна, дотор хоёр талаас нь үргэлж тэтгэж, дэмнэж байдаг.
-Өөрийгөө хамгийн энгийнээр тайлбарлахад Урианхай гэдэг хүн хэн бэ?
-Би, зүгээр л, сүсэгтэн хүн. Сүсэгтэн хүн гэж хэн бэ? гэвэл, үзэл бодол, үйл ажиллагаа нь дараах үндсэн шинж чанартай. Үүнд: Нэгд, хүний амьдрал, хувь заяанд хүчирхэгээр нөлөөлж оролцдог, далд хүч буюу Бурхан орчлонгийн хязгааргүйд бий гэж итгэдэг, хоёрт, хүний амьдрал үхлээр төгсгөл болохгүй, хойт нас, хойт төрөлдөө шилжиж үргэлжилджг гэж итгэдэг, гуравт, хүнд бие махбодоос гадна сүнс, намш гэж байдаг, хүнийг нас барсны дараа сүнс нь яг л амьд хүнтэй адил зовж, жаргаж явдаг, нүгэл үйлдсэн хүний сүнс тамд унаж тарчилах ба буян үйлдсэн хүнийх нь диваажинд дэвшиж, Бурхадын оронд жаргадаг гэж итгэдэг; дөрөвт, хойд насандаа сайн төрөл олох, сүнс тамын аюулаас аврахын тулд энэ насандаа үргэлж буяныг хичээж, амьтан олонд аль чадахаараа тусалж явахыг амьдралынхаа утга зорилгоо, хуулиа болгон мөрддөг; Сүсэгтнүүд энэ үзэл баримтлалаа “ёс суртахуун” гэж нэрлэдэг юм. Би улс төрийн үзэл бодлын хувьд бол их хэмжээгээр консерватив, бага хэмжээгээр реформит үзэлтэй, уран бүтээлчийн хувьд бол уламжлал шинэчлэлийг адил хэмжээгээр шүтдэг, зохиол бүтээлдээ нэгэтгэдэг хүн.
-Амьдралын гэрэл гэгээтэй зүйлийг нэрлэнэ үү.
-Ядартлаа ажил хийж буй ариун шудрага хөдөлмөрчин хүмүүс;
-Өглөө манддаг нар;
-Хавар ургадаг ногоо, цэцэг;
-Бодолд минь хаа нэг хором зуурхан хугацаагаар орж ирчихээд дорхноо алга болчихдог Бурхан.
-Өнгө, мөнгөний үнэ цэнийн тухай?
- Мэдэхгүй! Миний уншсан ном, зохиолд өнгө, мөнгийг огт үнэгүй, хэрэггүй зүйл л гэж ойлгуулж бичсэн байсан. Хэрэгтэйг нь, үнэ цэнтэйг нь ойлгуулж бичсэн ном судрыг нь би олж уншиж чадаагүй байх л даа.
-Өнөөгийн нийгэмд эмзэглэж явдаг зүйл?
-Өнөөгийн Монголчууд дотор минь ном уншдаг, ажилд улайрдаг залуус, хөгшид хуруу дарам цөөхөн, худлаа ярьдаг, хулгай хийдэг, наймаанд үхэлддэг нь гишгэх замгүй олонд уйлмаар муухай эмзэглэдэг. Би тэнэг болоод ч тэр юм уу, ер нь хар багаасаа л наймаанд их дургүй, нүд хорсдог хүмүүжилтэй хүн юм л даа.
-Өглөө сэрээд хамгийн түрүүнд боддог зүйл?
-Юу эхлэхээ, юу үргэлжлүүлэхээ, юу дуусгахаа!
-Таны дотоод сэрлийн ертөнцөд байдаг ухаарлын тухай?
-Нэгд, ертөнц, амьдрал надад маш ойлгомжгүй байгааг, хоёрт, миний ухаарсан юмны хэмжээ бараг тэг (0)-тэй тэнцэхээр байгаад маш их цухалдаж байгаагаа л сайн ухаарч байх шиг байдаг.Гэхдээ энэ үл үзэгдэх шахам “гэгээ”-г ухаарал гэж нэрлэхэд хэцүү, хүмүүс намайг шоолох биз дээ, хүүхээ.
-Гэгээн хайрын тухай юу хэлж чадах вэ?
-Хүнд буй бүтээлч чанарыг илрүүлж, хөгжүүлж, гоо сайхан бүтээлд дайчилж чадах увьдас шид гэж бодож явсаар өтөллөө.Жинхэнэ хайр угаасаа гэгээн чанартай шүү дээ. Харин гэгээ нь хүний мөн чанарын бүүр гүнд, цөмд нь, бодисын үл хуваагдах эгэл бичил хэсгүүдийн цэнэгийн эрчим мэт далд дам шургаатай байдаг болохоор түүнийг “задлах” “халуун цөмийн урвал” хэрэгтэй болно л доо.Тийм “халуун цөмийн урвал” явуулах реактор нь юу байх вэ? гэхээр, эх орон, ард түмэндээ аугаа, түүхэн тус бүтээх хамтач зорилго, хамтын хөдөлмөр л байна гэж бодогддог.
-Ганцаардал гэж чухам юу юм бэ?
-Хүмүүст хэрэггүй байгаагаа хурцаар мэдрэх, хурцаар сэрэх үед төрдөг аймшиг. Энэ аймшгийг давах сэтгэл, оюуны эсэргүүцлээс жинхэнэ бүтээл төрөх тохиол бий.
-Таныг хамгийн ихээр зовоож явдаг зүйл?
-Хүссэнээ төгс төгөлдөр бүтээх чадвар мөхөсдөхийн гачлан.
Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос