Д.Жаргалсайхан: Бид автобус, троллейбус, дуобус, монбус гээд олон машин хийсэн. Тэдгээрийн дүү болох цахилгаан машинаа хийгээд удаагүй байна
6 жил, 4 сар өмнө

“Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Гадаадаас хэдэн арван сая төгрөгөөр Монголын эрс тэс цаг агаарт тохирохгүй автомашин, автобус худалдаж авахын оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд дотоодын зах зээлээ хөгжүүлэх боломж бидэнд байна. Үндэсний аж үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайханаар ахлуулсан мэргэжилтнүүд цахилгаан автомашин бүтээжээ. Тэрбээр одоо автомашинаа туршин унаж хотын гудамжаар салхи татуулан явна.

-Та цахилгаан автомашинаа хэзээ бүтээсэн бэ?

-Би цахилгаан машины мэргэжилтэй хүн л дээ. Автобус, троллейбус, дуобус, монбус гээд олон машин хийсэн. Тэдгээрийн дүү болох цахилгаан машинаа хийгээд удаагүй байна. Дэлхий нийтэд цахилгаан машины хөгжлийн үе эхлэх хандлага оржээ. Үүнтэй монголчууд хөл нийлүүлэн алхаж байна. Энэ нь эдийн засгийн үр ашиг талаасаа боломжийн дүр зургийг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хямд өртгөөр цахилгаан машин хийх боломж харагдаж байна. Тухайлбал, ашиглалтын зардал энгийн унаанаас 5-8 дахин бага гэдэг утгаараа Улаанбаатар хотод ашигтай тээврийн хэрэгсэл гэж бодож байна. Дээр нь агаар бохирдуулахгүй, импортын шатахуун хэрэглэдэггүй, дотоодын эрчим хүчний салбараа дэмжиж худалдан авалт хийх зэрэг ашигтай тал олон. Моод Монголоор дуусдаггүй, Монголоос эхэлдэг технологийн шинэ цаг үеийг авчрахын тулд инженерүүд маань үлгэр дуурайлал болоод шинэ загваруудаа гаргаад явна.

-Автомашиныхаа загварыг гаргаад удаж байна уу?

-Дэлхий дээр машинууд үндсэн нэг загвартай байдгаас гадна 2-3 үндсэн зарчим баримталдаг. Аюулгүй ажиллагаагаа хэр хангадаг, салхины эсэргүүцлийн хүч, хүндийн төвийн шийдлүүд зэрэг техникийн тооцоололд үндэслэн автамашины загварыг гаргадаг. Цахилгаан машин дэлхий нийтэд өндөр хэрэглээнд орчихсон. Хэрэглээнээс харж байгаад хамгийн хямд, найдвартай, ашиглаж байгаа хөдөлгүүрийн хүчин чадал өндөр байх гэсэн үзүүлэлтээс үндэслэн ерөнхий дизайн зураглалаа гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл, автомашин нь явдаг байшин юм. Хүн байшин барихад яаж эхэлдэг, түүнтэй адилхан 5-6 компани хамтран машин бүтээдэг. Одоо бид цахилгаан машины анхны загвараа өвлийн улиралд туршихаар хүлээж байна. “Монголын цаг агаар, замын нөхцөлд тэсч гарсныг автомашин гэнэ” гэсэн онигоо дэлхий дээр байдаг. Хамгийн эрс тэс уур амьсгалтай, хамгийн хүйтэн хот бол Улаанбаатар. Тиймээс 400 вт-ын цахилгаан халаалтын системийг тавьчихсан байна. Одоо бидний тооцоолол амьдрал дээр биеллээ хэрхэн олохыг харах гэж байна. Үүний дараа зах зээлд нэвтрүүлж олон нийтийн хэрэглээнд гаргахаар төлөвлөсөн.

-Нэг цахилгаан машин хэдэн төгрөгт бүтэж байна вэ?

-Анхны юм болгон үнэтэй байдаг. Цахилгаан машиныг бид нэг газраас авчирч худалдаагүй. Үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа судалгаа шинжилгээний ажлууд хийдэг. Цахилгаан машиныг олноор нь үйлдвэрлэвэл нэг бүрийн үнэ буурна шүү дээ. Энэ бол зах зээлийн хууль. Төр, засгийн үйлчилгээний автомашиныг цахилгаан машинаар сольчихвол төсвийн зардал багасна. Жишээ нь, Улаанбаатар хотод 163 автомашин дарга нарын хэрэгцээнд үйлчилж байна. Үүнд 560 сая төгрөгийн бензин зарцуулдаг. Үүний оронд 160 цахилгаан машин оруулчихвал ашиглалтын зардал нь 10 дахин багасна.

-Цахилгаан машины анхны загвар хоёр хүний суудалтай юм байна. Зорчигчийн суудлын тоог цаашид нэмэх боломжтой юу?

-Цахилгаан такси хийе гэж бодож байна. Ер нь янз бүрийн зориулалтаар хэдэн ч хүний суудалтай хийх бүрэн боломжтой. Хамгийн гол нь захиалагч юунд хэрэглэх гэж байгаагаас шалтгаална. Тиймээс бид цахилгаан машин авсан эхний 100 хүнд хоёр жилийн баталгаат засвар хийх хугацаа болон таван жилийн хугацаанд засварыг нь хариуцахаар төлөвлөөд байна. Эхний цахилгаан 100 автомашин инженерийн хайр халамжид байна гэсэн үг юм. Хамгийн гол нь цахилгаан автомашиныг одоогоор зөвхөн хот дотор ашиглах боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. “Тоёота”-гийн хөгжлийн загвар шиг цахилгаан машиныг дагаж олон үйлдвэр хөгжинө, тэр хэрээр олон хүн ажил, орлоготой байна гэсэн үг. Бид япон, солонгосууд шиг хөгжихийг хүсч байгаа бол тэдний аж үйлдвэржилтийн хууль эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй. Ийм боломжийг бүрдүүлээгүй учраас өнөөдөр бид халбага сэрээгээ ч өөрсдөө хийж чадахгүй байна. Үүний тулд тухайлбал, цахилгаан машин бүтээхэд орж байгаа техник хэрэгслийн татварыг тодорхой хугацаагаар тэглээд ижил төстэй бараа бүтээгдэхүүнийх нь гааль, НӨАТ-ыг багахан өндөр тавиад дотоодын үйлдвэрлэлээ хамгаалаад өгвөл энэ технологийг олон монгол залуу эзэмшинэ. “Хьюндай” компанид 100-гаад мянган хүн ажиллаж байна. Ер нь улсад томоохон технологийн хэдэн үйлдвэрлэл байх ёстой. Энэ асуудлыг гаргаж тавихын тулд сүүлийн 10 гаруй жил алдагдалд ороод хүндхэн зам туулаад явна. Тодорхой үр дүн гарах болов уу гэж найдаж байна.

-Цахилгаан машиныг цэнэглэх цэгийг хэрхэн байгуулах талаар төлөвлөгөө гаргасан уу?

-Яаж цэнэглэх вэ гээд сандрах зүйл байхгүй. Гар утас цэнэглэдэг шиг ажиллагаатай гэж ойлгох хэрэгтэй. 220 вольтод энгийн нэг залгуураар л цэнэглэнэ шүү дээ. Нэг аккумляторыг гурван жилийн хугацаанд цэнэглээд ашиглах боломжтой. Ерөөсөө л ашиглалтын зардал шатахуун хамгийн бага иддэг автомашинаас 5-8 дахин бага гээд л ойлгочиход болно. Үүнийг батлахын тулд би цахилгаан машинаа өнгөрсөн зунжингаа уналаа. Энэ хугацаанд 2500 км явсан байна.

-Одоо танаас өөр хүн цахилгаан машиныг унаж байгаа юу?

-Хүмүүс хэрэгцээндээ тохируулж загвараа гаргаад манай компанид хандаж эхэлж байна. Хамгийн гол нь эхлээд цахилгаан машины зургийг гаргах ёстой. Сайн бодож зураг гаргахад чадварлаг инженерүүд хэрэгтэй байдаг. Гэтэл Монголд ийм инженер цөөхөн байна. Ийм ажил хийдэг хүн дэлхийн хаана ч очсон 2500 ам.долларын цалин авна. Одоогоор бидэнд ажилчдадаа тийм хэмжээний цалин өгөх боломжгүй байна. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байна.

-Ховор гээд байгаа энэ ажлын байрын хэрэгцээг хангах боловсон хүчнийг манай их, дээд сургуулиуд бэлтгэдэг үү?

-Их, дээд сургуулиудад техник, зохион бүтээлтийн программын хичээл заагаад эхэлчихсэн. Бид Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны шугамаар энэ чиглэлийн олимпиадыг гурван жил дараалан зохион байгуулахаас гадна сайн мэргэжилтэн бэлтгэх олон ажил зохион байгуулж байгаа. Монголчуудын давуу тал нь ямар ажлыг маш амархан сурдаг. Бид энэ чадвараа хэрэгтэй зах зээлд ашиглах хэрэгтэй.

-Монголын шилдэг инженеүүд гадаадад амжилттай ажиллаж байгаа сураг дуулддаг. Та тэдний нэгийг Монголд авчраад хамтран ажиллаж байгаа юм биш биз?

-Гуравдугаар курсээс нь эхлээд сургасан шавь нартайгаа ажиллаж байна. Гадаадад ажиллаж байгаа хүнийг урьж болно. Гэтэл тэд бидний жил авах цалинг сард авна гэж ярьдаг.

-Одоогийн хүчин чадлаар цахилгаан машиныг ямар хугацаанд үйлдвэрлэх боломжтой вэ?

-Захиалгаасаа хамаарна. Одоо байгаа ажиллах хүчний төвшинд нэг цахилгаан машиныг 14 хоногийн хугацаанд гаргана. Мэдээж 1000 машин захиалбал бид яаж ажиллахаа бодож эхэлнэ шүү дээ.

-Цахилгааныг машиныг бүтээхэд хэчнээн хүн ажиллаж байна вэ?

-Манай компани 88 ажилтантай байсан. Захиалга байхгүй учраас хүмүүсээ цомхотгосон. Яг өнөөдрийн байдлаар 10 гаруйхан хүнтэй л ажиллаж байна. Худалдан авагчгүй бизнесийн орчин бүрдээгүй, хууль эрхзүйн орчин байхгүй байна. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр Хятадаас хямд үнэтэй адилхан бараа оруулж ирээд биднийг бут цохидог. Тиймээс л дотоодын үйлдвэрүүдээ бие даагаад явах хүртэл нь дэмжээд өгөөч гэж хүсээд байгаа юм. 10 мянган хүний ажлын байр бий болгох боломжтой салбар бол энэ. Энгийн хийцтэй тоног төхөөрөмжөөс эхлээд машин механизмыг бид өөрсдөө хийх бүрэн боломжтой. Бас бид заавал бэлэн бүтээгдэхүүн экспортлох шаардлагагүй. Өөр олон боломж бий.

-Энэ тал дээр хамтарч ажиллахаар ирсэн хүн бий юү?

-Төр, засгийн төвшинд бидний хийж байгаа ажлыг ойлгож эхэлсэн болохоор нааштай хандаж байгаа хүн бий. 20 экоавтобусаа өгчихлөө, өчнөөн олон монбус, троллейбусаа борлуулчихлаа. Энэ бидний ажилд дэмжлэг болсон. Дээр нь төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг Улсын Их Хурлаас өнгөрсөн дөрвөн жилд гаргасан. Аж үйлдвэрийн яам ч байгуулсан. Энэ бол асар том давуу тал болж байгаа юм. Удаан л болохоос бидний ажил урагшилж байгаа шүү. Энэ ажлыг цааш нь Монгол Ардын Нам авч яваад хөгжүүлнэ гэж итгэж байна. Ардын намын мөрийн хөтөлбөрт 400 автобусыг дотоодын үйлдвэрээс авна гэж бичсэнийг би аваад хадгалчихсан байгаа. Энэ нь бидэнд итгэл найдвар төрүүлсэн. Дээр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг сая баталлаа. Мөрийн хөтөлбөрийн үндсэн үйлдвэрлэл гэдэг дотор металлурги, металл хийц, тоног төхөөрөмж, угсралтын үйлдвэрийг дэмжинэ гээд оруулаад ирлээ. Энэ бүх сайхан мэдээ бидэнд итгэл найдвар өгч байна.

Бид яриагаа өндөрлүүлж “Экобус” компанийн зогсоол дээр очиход тэдний үйлдвэрлэсэн дунд оврын автобусуудыг байрлуулсан байв. Цэвэрхэн, тохилог, үзэмжтэй харагдах тэдгээр автобусыг аялал, жуулчлалын салбарт ашиглавал тохиромжтой бас хэмнэлттэй юм шиг санагдаж байсныг нуух юун. Д.Жаргалсайхан инженер хотын нийтийн тээврийн хөгжлийн талаар яриагүй ч хийхээр зорьж байгаа зүйл нь нүдний өмнө ил байлаа. Тэрбээр Улаанбаатарыг трамвайтай болгохоор зураг төслөө гаргажээ. Энэ мэт монгол инженерүүдийнхээ эхлүүлсэн ажлыг дэмжээд өгвөл Улаанбаатар утаагүй, эко хот болоход ойрхон байна.

Эх сурвалж: Unen.mn