Д.БАЯР: Цахилгааныг 8 дахин хэмнэх патентыг маань Солонгосчууд хурдны галт тэрэгний хөдөлгүүрт тавих гэрээ байгууллаа
9 жил, 1 сар өмнө

Уншигчдын хүсэлтээр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2014 оны шилдэг зохион бүтээгч, техникийн шинжлэх ухааны доктор Д.Баяртай дахин ярилцлаа. Тэрээр Японы “Hitachi” группийн эмнэлгийн электрон тоног төхөөрөмж зохион бүтээгч инженерээр 10 гаруй жил ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд Японуудтай хамтарч захиалгат судалгааны ажил хийж байгаа юм.

-Таны бүтээсэн “Эрчим хүчийг хуваарилах төхөөрөмж”-ийг нэг сард 200 мянган төгрөг цахилгаандаа төлдөг айлд тавихад 15-20 мянган төгрөг л төлдөг болсон гэсэн. 400 м.кв талбайтай номын худалдааны төвд суурилуулахад өртөг нь 750 мянган төгрөг болсон. Ингэснээр цахилгааны зардлаа тав дахин хэмнэдэг болсон гэж та хэлж байсан. Энэ төхөөрөмжийг зах зээлд гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хугацаа хэзээ вэ?

-Танайд ярилцлага өгнө гээд өчигдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын веб сайт руу өчигдөр орж харлаа. Миний бүтээлийн талаар 5864 хүн өөрийнхөө эрдэм шинжилгээний бүтээлд иш татаж тавьсан байна. Ер нь дэлхий эрчим хүчээр цангаж байгаа гэж би хардаг. Рио-20-ын уулзалтын индэр дээрээс Бан Ги Мун “Бид эрчим хүчний шинэ эх үүсвэр нээхээсээ илүү эрчим хүчийг хэмнэх хэрэгтэй юм байна” гэж хэлсэн. Японуудын бас нэг лоозон бий. “Та хэдийг олох нь хамаагүй. Хэмнэчих юм бол та баяжина” гэж. Тэгэхээр зэрэг дэлхий даяар хэмнэе л гээд байгаа. Сая Сөүлд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Гранд симпозиум болсон юм. Тэрэн дээр 2014 оныхоо ажлыг дүгнэхэд миний бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлэх, дэмжих хэрэгтэй юм байна гэж ярьж байна лээ.

Энэ хурлын дараа Солонгосын хоёр компанитай 10 жилийн хугацаатай гэрээ байгууллаа. Эзэмшигчийн патент Д.Баяр гэдэг хүний нэр дээр байгаа ч тухайн хоёр компанийн бүтээгдэхүүн болоод гарна.

Бүтээгдэхүүнээ гэрээнд зааснаар Монголоор нэрлэнэ. Харин Монголчууд миний төхөөрөмжийг дэлхийн зах зээлд гарсны дараа худалдаж авах л болчихлоо.

-Баларсан юм болжээ. Монголчууд монгол эрдэмтнийхээ бүтээлийг гадаадад алдчихлаа гэж ойлголоо. Одоо тэгээд Солонгос компанийн хэлсэн үнээр авах уу?

-Тэгнэ. Хүн чинь үндсэрхэг үзэлтэй байдаг юм болохоор Монголоосоо хөрөнгө татаж, энд юм аа үйлдвэрлэе гэж бодсон. Гэтэл хаалт тавьсаар байгаад бүтээх боломж олгосонгүй. Ямар ч эрдэмтэн, зохион бүтээгч инженерт өөрийнх нь бүтээл амьдарч байвал ашигтай. Технологи нь удаан явдаг улсуудын тоонд Монгол Улс албан ёсоор ордог. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хурал дээр “Танай Засгийн газар “lazy” /залхуу/ байна” гэж Филиппиний Оюуны өмчийн газрын дарга хэлж байна лээ. Тэр хүн “Хэрвээ ийм технологи байсан бол манай Засгийн газар дэмжээд явчихна. Харин танайх удаан байна” гэсэн. Солонгосууд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад нөлөөтэй. Тэнд гарсан шинэ технологиудаас шаардлагатай гэснийг нь солонгосууд Засгийн газраараа дэмжүүлдэг. Засгийн газраас нь дэмждэг GPA гэдэг байгууллага байдаг. Гэхдээ тэднийг ч оролцож амжаагүй байтал Солонгосын хоёр компани ирээд нэг нь хурдны галт тэрэгний хөдөлгүүрт тавих, нөгөө нь халаалтын системүүдэд тавих гэрээ хийчихлээ. Гэрээний үүргийн дагуу бүтээлээ өөр газарт хэрэглэх боломжгүй. Би өнгөрсөн тавдугаар сарын 29-30-нд тэдгээр компанитай гэрээгээ байгуулаад ирлээ. Гэрээний хугацаанд бүтээлээ улам сайжруулах үүрэг хүлээлээ. Нэг эсвэл хоёр жил дангаар ноёрхдог технологи гэж өнөөдөр байхгүй болсон.

-Хурдны галт тэрэгний хөдөлгүүр, халаалтын системд төхөөрөмжийг чинь ашиглах юм байна. Монголд халаалтын шийдлээ туршиж үзсэн үү?

-Халаалтыг дагаж хэрэглээний халуун ус цуг явах ёстой юм байна гэж тэд үзсэн. Ингээд хэрэглээний халуун усанд нэвтрүүлэхээр туршлаа. Монгол төгрөгөөр бол дундаж хэрэглээтэй айл нэг сард 5000, их хэрэглээтэй айл 7000 төгрөг хэрэглээний халуун усандаа төлөх судалгаа гарлаа. Төвийн шугамд холбогдоогүй байгууллага, аж ахуйн нэгж, айлууд, зуслангийн байшинд хэрэглэхэд гайгүй технологи болчихлоо гэж бодож байна.Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн жилийн төсөв хоёр тэрбум төгрөг юм билээ. Би захиралтай нь уулзсан. Тэд жилдээ 760 сая төгрөг халаалтандаа төлдөг. 22 сая төгрөг усандаа, цахилгаандаа 25 сая төгрөг зарлагаддаг. Хоёр тэрбум төгрөгийнх нь тал нь иймэрхүү зардалд явчихдаг. Энэ сургуульд манай төхөөрөмжийг тавих юм бол жилдээ 180 сая төгрөг л халаалтандаа төлнө. Аймгийн төвийн нэг сургуулийн халаалтын зардлаас 540 сая төгрөг хэмнэж байна шүү дээ. Гэтэл ийм хэмжээнд зардал гаргадаг сургууль, цэцэрлэг олон бий.

Аймгийн төвийнхөөс 500, сумынхаас 100 саяыг хэмнэнэ гэж тооцвол улсын төсвөөс жилд 180-200 тэрбум төгрөг хэмнэх боломж харагдаад байгаа юм.

Ийм тооцоог бид гаргачихаад цааш үргэлжлүүлээд судалъя гэж бодоод байгаа.

-Хоёр компанитай 10 жилээр гэрээ байгууллаа. Гэтэл таны эрчим хүчний давтамжийг ихэсгэдэг бүтээлийг энерги хадгалагдах хуулийг зөрчсөн байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энерги хадгалагдах хууль гэж мундаг хууль бий, үүнийг би хүндэтгэдэг. Цөмийн технологи бол тэр аяараа энерги хадгалагдах хуулийг зөрчсөн. Атомын, цөмийн станцууд бага түлшнээс их энерги гаргаж авснаараа энерги хадгалагдах хуулийг зөрчсөн биз дээ. Энэ хууль 1999 оноос эхлээд зөрчигдөөд яваад байгаа. Гэтэл энерги хадгалагдах хууль өнөөдөр байх ёстой юм уу, үгүй юу гэдгийг эрдэмтэд ярьж байна. Миний бүтээл дээр бол энэ хууль зөрчигдөөгүй. Дэлхий дээр эрчим хүчийг хадгалдаг хоёрхон төхөөрөмж бий. Нэг нь аккумлятор, нөгөө нь конденсатор. Би аккумлятор биш конденсаторыг зарчим дээр суурилж бүтээлээ хийсэн.

-Шинэ төсөл, судалгааны ажил дээр сууж байгаа юу?

-Би электроник хүн болохоор эрчим хүчний чиглэлийн хоёр бүтээл дээр update хийж байна. Энийгээ яримааргүй байна аа. /инээв/. Гэрээний дагуу ярьж болохгүй л дээ. Сонирхуулж хэлэхэд, бид ус цэвэрлүүлэх төхөөрөмж хийж байгаа. Энэ төхөөрөмжийн үнэ цэн шүүлтүүрэндээ байдаг. Дэлхийд байхгүй ховор элс бол Элсэн тасархайгийнх. Элсэн цаганд ашигладаг маш нарийн ширхэгтэй элс. Тэр элсийг боловсруулаад өндөр даралтаар шахахаар дээд зэргийн шүүлтүүр гарч ирнэ. Энэ шүүлтүүрээр хэрэглээний усыг шүүж болно. Саарал усыг дахин ашиглахад шүүж болж байна. Нанотехнологийн мембран шүүлтүүр гэж юм бий.Маш хатуу металлыг 0.3 микрон нүхтэй цоолдог. Энэ технологи үнэтэй учраас Элсэн тасархайн элсийг ашиглах юм. Түүхий эд нь Монголд байгаа учраас төр хамгаалалтад аваад үйлдвэрээ байгуулж, ус цэвэршүүлэх төхөөрөмж, шүүлтүүрээ дэлхийд экспортлох хэрэгтэй.

-Таниас ахуйн хэдэн зөвлөгөө авъя. Байшинтай айлууд паарандаа тосол хийдэг. Ингэвэл сайн халдаг, хөлддөггүй гэх юм. Энэ үнэн юм уу?

-Тосол гэдэг чинь халаалтыг эсэргүүцэх хөргөлтийн шингэн. Халаалтын эсрэг шингэнийг халаалтын төхөөрөмж дотор хийхээр олигтой халахгүй. Машиныг халахаас сэргийлж тосолыг хийнэ. Харин радиотар дотор глицерин л хийнэ. Тосол бол халахаараа тэлдэг, тэгээд бууддаг, ууршдаг гэсэн сул талуудтай. Харин глицерин бол ток тасарвал гурван цаг халуунаа барина, тэлэхгүй, ууршихгүй. Глицеринийг манайхан мэдэхгүй болохоор паарандаа хийдэггүй шиг байгаа юм. Тэгээд “тогоо буудлаа. Яах вэ” гэж нэгнээсээ асуудаг. Асуудал тосолондоо л байгаа юм. Машин бол тосол тэлэхэд уурыг нь гаргах калапантай байдаг. Манайхан болохоор хөлддөггүй гээд битүү радиатартаа тосол хийгээд байгаа юм.

-Байшингийн халаалтад аль нь оновчтой шийдэл вэ?

-Дулааны төвийн шугамд холбогдоогүй бол ерөөсөө цахилгаан халаагуур хэрэглэ. Паар сонгох уу, шалны халаалт уу гэдэг тухайн хүний л сонголт.

-Шалны халаалт хуурайшилт үүсгэдэг, шатдаг гэж хүмүүс хэлэх юм?

-100 градусаас дээш халсан тохиолдолд агаар шатдаг. Агаар шатахад л хуурайшилт үүсдэг. Ил утастай плитка гэхэд 300-400 градус халахдаа тэр хэсгийнхээ агаар шатдаг. Гэтэл шалны халаалт бол тийм хэмжээнд халж агаар шатаахгүй. Радиатор бол 60 градус, шалны халаалт бол 40 градус байдаг. Энэ дээр хамгийн тулгардаг асуудал нь эрчим хүчний зарцуулалт. Шалны халаалтан дээр Солонгосын пелонк тавьдаг. Солонгос пелонк шатдаг нь учиртай. Монгол 50 герц, Солонгос 60 герцийн давтамж хэрэглэдэг. Гэтэл нэг метр квадрат нь 200 ваттай гээд Солонгосууд үйлдвэрээсээ гаргасан байдаг. 200 ваттай эд чинь Монголд ирээд залгахаар 350 ватт болчихдог. Өөрийнх нь зааж өгснөөс 150 ваттаар илүү болж залгагддаг учраас шатаад байгаа юм. Тиймээс манайхан Солонгос руу захиалахдаа 50 герцид зориулж тохируулж өгөөч гэх хэрэгтэй. Тэгэхгүй бол давтамжийн зөрүүнээс шалтгаалж 700 мянган төгрөгийн цахилгааны төлбөр төлнө гэж тооцсон хүн энд авчраад ашиглахад нэг сая төгрөг төлөөд байгаа юм.

-Зуслангийн байшинд паркетны дор шалны халаалт тавьдаг нь зөв үү. Ийм айл өчнөөн байдаг юм билээ?

-Болохгүй ээ. Хулдаасны дор тавьдаг. 80 градусаас доош системийг нам халаалтын систем гэдэг. Нам температурын халаалтын систем паркет зэрэг эсэргүүцэлтэй тулгарахаараа халаах чадвараа алддаг. Хоёрдугаарт, энэ бол инфра туяагаар халдаг. Ийм учраас дээшээ халж чадахгүй бол доошоогоо халдаг. Тийм учраас энерги их зараад байгаа боловч олигтой халдаггүй. Гэтэл бид халахгүй байна гээд температурын заалтыг нэмдэг. Үүнээс болж хоёр зүйлийн голд маш их хэмжээний халалт үүсч шал шатдаг.

-Тэгвэл яах ёстой вэ?

-Байшингаа халааж чадахгүй мөртлөө шалны халаалтынхаа дээр зузаан паркет тавиад эрчим хүчээ улам их хэрэглэж байна. Үүнээс болж цахилгааны зардал өндөр гарсан мөртлөө байшин халахгүй, гэрт гал гарах гээд байгаа юм. Тийм учраас шалны халаалтын дээр өөрт нь зориулагдсан нимгэн хулдаас захиалаад авчрах хэрэгтэй. Паркет хулдаас хоёрын завсар байхад болно. Шалны халаалтын дутагдалтай тал гэвэл дээр нь юм тавьж, зузаан зүйл дэвсч болдоггүй. Миний бодлоор хамгийн оновчтой шийдэл бол шалны халаалт. Гэхдээ Монгол хүмүүст доороосоо халах, гэртээ хивс дэвсэхгүй байх ямар санагдаж юм. Хоёрдугаар шатанд радиаторууд ордог.

-Манайд ямар технологи илүү хөгжих боломжтой гэж хардаг вэ?

-Манайх өндөр технологиор дэлхийг гүйцэхгүй. Сансар, лазер, цэрэг дайны технологийг үйлдвэрлэхэд их мөнгө, их хугацаа, их чадвар шаардана. Ийм учраас өндөр технологийг үнэнээ хэлээд хаях хэрэгтэй. Нам технологи бидэнд хэрэггүй. Үйлдвэрлээд бид хөгжихгүй. Тийм учраас амьдралд хамгийн хэрэгтэй дунд төвшний дэвшилтэт технологи үйлдвэрлэх хэрэгтэй.

-Хэрэглээний тал руугаа юу?

-Зах зээлд хурдан борлогдох, бага зардлаар бүтдэг хэрэглээний тал руу хөгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь, усны хомсдолтой Африкт шүүлтүүртэй гуурс бүтээгээд баяжсан хүн байна. Гуурсны үйлдвэр нь хямд, бүтээгдэхүүн нь хямд учраас хүмүүсийн эрэлтээр босчихсон. Ямар ч уснаас тэр гуурсаараа сороход цэвэр ус ам руу нь орж байгаа юм. Монголын эдийн засаг хүчтэй биш учраас иймэрхүү хэрэглээний үйлдвэрийг олноор байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, дэлхийн эдийн засагчдын үзэн яддаг хоёр алуур Монголд байна. Нэг нь түрээс, нөгөө нь дам наймаа. Эдийн засагт ач холбогдолгүй, капитал бүтээдэггүй энэ хоёр зүйлийг устгах хэрэгтэй. Нэг байшин босгосныг баялаг бүтээлээ гэж ойлгох хэрэггүй. Байшингаа баялаг бүтээгчдийг оруулж, орлогынх нь 50 хувийг түрээсэндээ авч байна шүү дээ.

-Та ихэвчлэн Японы эрдэмтэдтэй тэндээ захиалгат судалгаа хийж байгаа. Монголд бүтээл гаргахад, бүтээлээ бүтээгдэхүүн болгоход юу саад болдог гэж мэргэжил нэгтнүүд чинь ярьдаг бол?

-Монголд нэг зүйл хийе гэхээр маш олон тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Тусгай зөвшөөрлийг нь авъя гэхээр стандартаар батлуул гэнэ. Дэлхийн стандартаар баталсан зүйлийг Монголын стандартаар баталдаггүй л байх хэрэгтэй. Монголын стандартаар орохын тулд зургаан сар хүлээлгэнэ. Хугацааг нь болгоод очихоор үйлдвэрлэлийн стандартаар батлуул гэнэ. Үйлдвэрлэлийн стандартаа хүлээж зургаан сар болоход нэг жилийн дараа нөгөө технологи маань хоцрогдчихдог.

Ийм учраас дэлхийн стандартын итгэмжлэл авсан бүтээлд Монголынх 24 цагийн дотор баталгаагаа гаргаад өгчихдөг болох хэрэгтэй. Яагаад гэвэл, Монголын лаборатори шинжилж чаддаггүй л байхгүй юу. Жишээ нь, ходоодны дурангийн линзийн хугарах, ойлгох чадвар ямар вэ гэдгийг Монголын лаборатори шинжилж чадахгүй. Тэгсэн мөртлөө стандарт гарга гээд байдаг байхгүй юу. Би сая нэг юман дээр стандарт хөөцөлдөөд хаясан. Миний нас хүрэхгүй юм билээ.

Монголчууд яагаад гепатиттай юм. Чанадаг шприцээр бүгдийг нь тариад нэг үеийг тэр чигээр нь гепатиттэй болгосон. Одоо яг ийм зүйл давтагдаж байна. Эмэгтэйчүүдийн мэс заслын лип гэдэг хутга байдаг. Тэрийг нэг хүнд хэрэглээд спиртэнд дүрж байгаад дараагийн хүндээ хэрэглэдэг. Заавраараа бол нэг удаад хэрэглэх ёстой ч Монголын бүх эмнэлэг дамжуулж хэрэглээд байна. Халдварын эрсдэлийг мартсан. Яагаад гэвэл, хутганы үнэ нь өндөр. Харвардын эрдэмтэд спирт бол хавдрын халдварын эрсдэлийг бууруулж чадахгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс би нэг цагт 120 мянган ширхэг хутга үйлдвэрлэдэг Японы төхөөрөмжийг оруулж ирье гэж байсан юм. Гэтэл “Нэг цагт 120 мянгыг үйлдвэрлэх юм бол бусдыг нь яах юм” гэсэн асуудал тавьсан. Миний бодол бол Монголд зах зээл бага учраас энд үйлдвэрлэж эмнэлгүүдээ хангаад үлдсэнийг нь бусад улсад экспортолъё гэсэн. Гэтэл дэмжээгүй. Иймэрхүү эсэргүүцэл, хүнд суртлыг үгүй болгох хэрэгтэй байна.

-Шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгө нь бас бага юм биш үү?

-Судалгаа хийхэд маш их зардал гардаг. Судалгаа амжилттай болвол гаргасан зардлаа бүтээгдэхүүний орлогоосоо хэд дахин нөхнө. Манайханд ийм дутагдал байдаг. Хэрвээ би ШУТИС дээр очоод “Ийм судалгаа хийе, 500 сая төгрөг хэрэгтэй байна” гэвэл “Танай судалгаа чинь бүтэхгүй бол яах юм” гэнэ. Болохгүй байна гэдэг чинь судалгааны үр дүн шүү дээ. Би Японы 400 мянган ам.доллараар тоглоод л хаяж байсан. Нэг төслийн судалгааг хоёр жил хийгээд үр дүн гараагүй учраас болохгүй юм байна гээд хаасан. Тэгээд гутраад сууж байтал миний багш профессор Ошинара Хинада гаднаас баяр баясал болсон орж ирээд, “За төсөл дууссанд баяр хүргэе” гэхгүй юу. Монгол хүнд бол “Энэ одоо тавлаад байгаа юм уу, шоглоод байгаа юм уу” гэж бодогдоно биз дээ. Тэгтэл багш, “Баяр аа, чи болохгүй гэдгийг нь баталсан байна. Хэрвээ чи батлаагүй байсан бол маш олон японууд мөнгө зарж, энэ судалгааг хийх байлаа. Одоо нэг ч япон энд мөнгө зарахгүй. Энэ л чиний ажлын үр дүн. Үр дүн болгон “болно” гэж гарах албагүй. Чи “болохгүй” гэдгийг нь баталсан учраас олон компанийн мөнгийг аварсан” гэсэн. Гэтэл Монголд судалгаанд зарцуулах мөнгө байхгүй, дээр нь судалгаанаас эерэг дүн л хүлээдэг. “Энэ судалгаа заавал болохг ёстой. Болохгүй бол хариуцлагыг нь чи хүлээнэ шүү. Ажлаас чинь хална шүү” гэдэг. Адгийн наад зах нь улсынхаа ДНБ-ийн нэг хүрэхгүй хувийг л ШУА-даа хуваарилж байна шүү дээ. Нэмж хэлэхэд, металл саван дотор ус орж тэлэхээрээ дефармац хэр байдаг вэ гэдгийг судлах лаборатори манайд байдаггүй. Судлахын тулд хамгийн ойрхон Сөүл, Бээжинд очиж судалгаа хийнэ. Тэгээд тэнд судалгаа хийж байхад солонгосууд, хятадууд нүдээ аниад сууж байна гэж байхгүй. Намайг судалгаагаа хийж дуусаад Монголд ирээд танилцуулж байхад Солонгост аль хэдийнэ миний санаагаар бүтээгдэхүүн хийчихсэн байдаг. Ийм учраас гадаадын лабораторид ажиллаж байна гэдэг чинь гадаадуудад юмаа алдаж байна л гэсэн үг. Ийм учраас эрдэмтдийнхээ хариуцлагыг нь нэмээд тэднийгээ юм бүтээх нөхцөл бололцоогоор хангаж дэмжих хэрэгтэй.

-Монголын шинжлэх ухааны хамгийн том байгууллага нь ШУА. Энэ байгууллагыг гаднаас, дотроос нь та яаж үнэлдэг вэ?

-Академид цус сэлбэлт хэрэгтэй. Бөхчүүд залуучуудаа дийлэхгүй юм байна, бяр дууслаа гээд зодог тайлдаг. Машин ч гэсэн шинэ загварынх гарч ирэхээр эзэндээ гологдож хаягддаг. Яг үүн шиг би юу судалж чадаж байна, чадахгүй байна гэдэг хязгаараа мэдэх хэрэгтэй.

Тэрийг хаана мэддэг вэ гэхээр мэдээлэл сайтай газарт. Германы нэг эрдэмтэн нано ус хийлээ. Тэр усыг 100 градуст халааж -40 градусын орчинд байлгахад 72 цагийн дараа л температур нь буурч эхэлдэг. Энэ бол дэлхийд шуугиулсан бүтээл. Бүтээсэн эрдэмтнийг нь илтгэлээ тавиад тайзнаас буухад хөрөнгө оруулагчид араас нь хуйлраад ирж байгаа юм. Тэр хүн “Надад мөнгө өгөөч” гэж гуйгаагүй. Харин мөнгө өгөх гэж байгаа хүнээ сонгож байна шүү дээ. Гэтэл манай ШУА-ийнхан “Бид ийм судалгаа хийх гэсэн чинь мөнгө олдохгүй байна” гэж яриад байгаа. Би бол “Дэлхийг гижигдэх бүтээл хийж чадаагүй байна” л гэж хэлнэ. Өөрөөс нь 10-20 дахин илүү чадалтай, мэдлэгтэй болсон залуучуудыг хуруу шил гаргаад л дараад байдаг. Толгой дотроо том санаа тээсэн залуучуудаа удирдах хүсэлтэй байгаа бол ядаж эрдэм шинжилгээний ажилд нь оролцолгүй, дэмжээд өгөх хэрэгтэй.

-Янз бүрийн шалтгаанаас болоод мундаг залуучуудаа гадаадад алдаад байх юм. “Зөгийн үүр” гэдэг том төсөл явсан. Үр дүн нь яаж гарсныг мэдэхгүй юм. Гэхдээ залуучууд Монгол руу биш гадаадын том компаниудад ажиллая гэдэг болчихжээ?

-Монголдоо харимаар байдаг юм. Гэвч тэднийг ажиллуулах ажлын байр Монголд олдохгүй байна гэж ихэнх нь ярьдаг. Биднийг 20 гаруй жилийн өмнө Японоос оюутан байхад дэлхийн хэмжээнд судалгаа хийдэг монгол залуучууд цөөхөн л байсан.

Одоо харж байхад монголчууд дэлхийн бүх том газарт ажиллаж байна. Харвардад, Оксфордод, Пенсилваны их сургууль, Токио, Нагояад байна. Тэд бүгд том том судалгаа хийгээд сууж байна. Жишээ нь, Германд төгссөн Мядагмаа гэдэг эмэгтэй нанотехнологийн давуу хийлээ. Солонгост төгссөн Амаржаргал гэдэг эмэгтэй эмнэлэгт зориулсан өнгө нь хувирдаггүй нанотехнологийн бүтээгдэхүүн хийж байна. Америкийн Цахиурын хөндийд программ, техник хангамжийн чиглэлээр ажиллаж байгаа монгол залуус өчнөөн байдаг. Программ хангамжийн чиглэлээр манайхан сүрхий болсон.

Японы “Ulitra sound unit” гээд эмнэлгийн эхогийн компани байдаг. Тэд дэлхийн бүх эхо аппаратаас нэгийг худалдаж авсан. Тэгээд эртдэмтдийн багуудад худалдаж авсан аппаратуудаа хуваарилж өгөөд судлуулдаг. Хамгийн сул тал, сайн талыг нь судла гээд. Зургаан сарын дараа эрдэмтдийн багаа хуралдуулж судалсан аппаратнуудынхаа сайн талуудыг нь бичээд, “Энэ сайн талуудыг багтаасан эхо аппаратыг манайх үйлдвэрлэнэ. Харин энэ санаануудыг нэмчихээрэй” гэж байгаа юм. Япон эхо ингэж л гарч ирдэг. Тийм учраас Японы оношилгооны төхөөрөмжүүд дэлхийд нэг номер шүү дээ.

-Инженерүүд бэлтгэж байгаа байдал ямар байна вэ, Монголд?

-Дээхнэ телевиз үзэж байхад “Монголын бүх урлагийн одууд миний шавь” гэж нэг Пионерын ордонын багш бахархаж байна лээ. Тэрэн шиг Монголын гайгүй инженерүүд Залуу техникчдийн ордоны дугуйланд явж байсан юм. УИХ-ын дарга З.Энхболд, Монелийн инженерүүд, Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн Лодойравсал нараас асуугаарай. Австрид цөмийн физикийн судалгаа хийж Олон улсын атомын багт ажилладаг Жамъяан Залуу техникчдийн ордонд явж байсан. Гэтэл Монголд одоо энэ ордон алга. Сайн инженер дөрөвдүгээр ангиасаа л бараг бий болдог. Тэр наснаасаа сонирхож яваад их сургуульд орвол сайн инженер болж төгсдөг. Дунд сургуульдаа мэргэжлээ сонгоогүй явж байгаад төгсөөд орчуулагч болох уу, эмч болох уу гэж эргэлзэж байгаад инженер болсон бол хэзээ ч сайн инженер болохгүй. Тийм учраас их сургуульд ороод инженер болно гэвэл жинхэнээсээ sorry. Ийм учраас сайн инженерүүдийг одооноос дунд сургуульд нь бэлдэх ёстой. Хар бор ажил хийж дадлагажсан сайн инженерийн нуруун дээр улс орон явдаг болохоос эрдэмтдийн нуруун дээр явахгүй л дээ.Манай төрд ямар нэгэн бодлого байгаа л байх. Италийн нэг парламентийн гишүүнтэй би уулзаж л байсан. Тэгсэн чинь бараг л “Явдаг ТҮЦ” гэдэг шиг л юм явж байна. “Манай тойргийнхон ийм үзэг хийдэг, ийм чарга хийдэг. Хямдхан, чанартай. Манай тойргийнхон намайг олон улсын хуралд явахад эдгээрийг экспортлох даалгавар өгсөн. Энийг авчих” гэсэншүү юм яриад явж байна.

Бас Японд нэг хурал болоход Мьянмарын нэг улстөрч, “Манай улсын эрдэмтдэд санаа нь байна. Мөнгө хэрэгтэй байна. Бид шинэ технологи гаргамаар байна. Дэлхийн зах зээлд гарахад туслаач” гээд гуйж байна. Филиппиний бас нэг улстөрч, “Манайх ялан-ялан ургамлаас залуужуулдаг бодис гаргасан. Түүгээрээ залуужуулдаг тос хийнэ гээд үйлдвэрээ байгуулсан. Энэ тосыг дэлхийн зах зээлд гаргахад туслаач” гэж гуйж байна. Дэлхийн долоон тэрбум хүний тал нь залуужих, үрчлээгүй байх хүсэлтэй байгаа. Хэрвээ тэр тосыг дэлхий авдаг болвол Филиппиний эдийн засаг яаж хөгжих билээ. Манай улстөрчид ч гэсэн гадаадад хувийн, хувьсгалын ажлаар явахдаа ийм л юм гуйх хэрэгтэй. Бид 1984 онд Выставкын урд ШБОС гэдэг үзэсгэлэн үзэж байсан. Тэгэхэд Монголд машины дугуй, компьютер үйлдвэрлэж байсан, бууз чимхдэг машин хийсэн байсан. Би ноднин Улаанбаатарт, “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн үзээд гутарсан. Ердөө л гар урлал. Намайг Энэтхэгт дээр үед явж байхад Төвдүүд зам дээр суучихсан эсгий таавчиг, түлхүүрний оосор хийгээд зарж байсан. Яг тэрэн шиг санагдсан. 1984-2014 оны хооронд Монголын хөгжил ухарсан юм биш үү.Дараагаар нь би Шанхай, Токиогийн үзэсгэлэн үзсэн. Тэд бол тасарсан байна. “Мишээл экспо” дээр хараарай Монголд үйлдвэрлэв гэсэн үзэсгэлэн дээр үслэг эдлэл, савхин дээл, эсгий углааш, модон хүүхэлдэй, эсвэл Хятадаас авчирсан барилгын материал байгаа. Бусад улсын үйлдвэрлэлийн үзэсгэлэнг үзвэл манайхан өөрсдөдөө гутарна шүү. Би эх орноо үйлдвэрлэгч улс болно гэж итгэдэг.

-Манайх эрчим хүчний шинэ эх үүсвэрээ барина гээд газар, ТЭЗҮ-гээ яриад удлаа. Эх үүсвэр барихаас хэмнэх нь цөөн хүн амд илүү байж болох уу?

-Эрчим хүчээр цангадаг улсуудын тоонд Монгол ордог. 170-180 мегаваттын эрчим хүчийг оргил ачааллынхаа үед гадаадаас бид авдаг. Тэгсэн мөртлөө эрчим хүч их хэмжээгээр хэрэглэдэг улсуудын тоонд бас Монгол ордог. Бид дэндүү тансаг хэрэглээтэй юм байна аа. Захын нэг хүнээс “та өдөрт хэдэн килобатт хэрэглэдэг вэ” гэж асуухад манайхан хариулж чаддаггүй. Эрчим хүчний сарын хэрэглээгээ ч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө сарын цалингаа бүгд мэддэг. Учир нь, эрчим хүч Монгол хүний амьдралын хэрэглээг зохицуулах хэмжээнд очоогүй байна. Хэрвээ хүн эрчим хүчээс хамааралтай хэмжээнд амьдарч эхэлбэл хэдэн киловаттыг хэрэглэдгээ мэддэг болно. Монголчуудын эрчим хүчний хэрэглээг гар утасны төлбөртэй зүйрлэвэл нэг сард хэд гарах нь хамаагүй гээд шаардлагатай, шаардлагагүй ямар ч үед утсаараа байнга ярьж байгаатай адил. Утасны мөнгө хэд гарах хамаагүй гэж байгаа бол утасны төлбөрөө хянахгүй гэсэн үг. Гадаадууд бол нэг сард эрчим хүчиндээ тэдийг зарна, газандаа тэдийг төлнө, би тэдэн төгрөг цуглуулна гэдэг төлөвлөгөөгөө жилээр нь гаргадаг. Тийм учраас манайхан эрчим хүчээ шаардлагагүй үед хэрэглэдгээ болих хэрэгтэй. Гэртээ хэмнэлттэй төхөөрөмжүүд тавьж, их даарахгүй, их халахгүй суухад л болно. Ингэж чадвал Монгол Улс хүмүүсийн жийп хурааж, алба хаагчдаа цомхотгох шаардлагагүй.

-Улаанбаатарт агаарын бохирдолтой тэмцэхийн тулд гэр хорооллоо барилгажуулах хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр шийдэл. Гэхдээ цаг хугацаа хөрөнгө мөнгө их орох учраас боловсруулсан түлш, зуух тарааж аргацааж байна. Энэ байдлыг та юу гэж хардаг вэ?

-Хятад таван жилийн өмнө утаагүй зуух төслийг хэрэгжүүлж 65 тэрбум ам.доллар зарцуулсан. Ингээд төслөө хаасан. Утаагүй зуух, утаагүй түлшээ нэвтрүүлсэн ч Бээжин утаатай болсон. Иймээс төслөө хаагаад үлдсэн зуухаа манайх руу шахсан. Уг нь Бээжин хотын захирагч руу хотын дарга Э.Бат-Үүл бичиг өгчих байсан юм. Танайх энэ аргыг хэрэглээд үр дүнд хүрсэн үү гэж асуух байсан. “Хүрээгүй” гэж бичиг ирэхэд энэ төслийг зогсоох хэрэгтэй байсан юм. Зуух, түлш нь хямд байж болох ч юм шатаагаад утаагүй болно гэж хэзээ ч байхгүй. Улаанбаатар байх ёстой хэмжээнээсээ 300 дахин утаатай байна. Утаагүй зуух, түлш нэвтрүүлээд 40 хувиар багасгана гэдэг хүссэн үр дүн биш. Ямар ч байсан эрчим хүчийг 5-8 дахин хэмнэдэг бүтээл гаргалаа. Нэг байгууллага сард 5000-7000 төгрөг хэрэглээний усандаа төлдөг байх боломж олголоо. Жижигхэн ч гэсэн эдийн засагт хэрэгтэй бүтээл. Ийм бүтээлийг олноор нь дэмжээсэй. Монголчуудыг гурван саяын биш долоон тэрбумын зах зээл хүлээж байна.

Ганбаатар УЛСБОЛД
Эх сурвалж: http://www.itoim.mn/index.php/site/news/922