Д.Баяраа /МУГЭмч, клиникийн проф/: "Индиго" хүүхэд айл бүрт байдаг /Өвчингүй эрүүл хүүхэд өсгөх зөвлөгөө/
10 жил, 11 сар өмнө

Хаврын улиралд бага насны хүүхдийн өвчлөл ихэсдэг. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх эмч Д.Баяраатай ярилцлаа. 

 

-Сүүлийн үед хүүхдүүд ямар өвчнөөр их өвдөж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэлд 0-10 настай нийт хүүхдүүд дээр улирлын чанартай ханиад их байна. Энэ ханиадны ерөнхий шинж тэмдэг нь амьсгалын замыг дагууд нь үрэвсүүлээд, хоолой боох хандлагатай гарч байгаа. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдүүдээ чийрэгжүүлэх хэрэгтэй. Ойрын үед гадаа цаг агаар хуйсагнуур байна. Өглөө дулаахан байснаа өдөр цасаар шуурах болсон. Тийм болохоор аль болох хүүхдийг дулаалж гарч байх. Мөн хаврын сэргийлэлт болгож витаминжуулалтанд сайн хамрагдах нь чухал. Ингэснээр дархлаа сайжирна. Түүнээс гадна хүүхдэд амралт, зөв хооллолтын дэглэмүүдийг сайн хэлж өгч байх нь үр дүнтэй байдаг. Харин бага насны болон нярай хүүхдийг хаалга үүд онголзуулаад өрөөнөөс өрөөний хооронд мөлхүүлээд байх хэрэггүй. Эцэг эхчүүдэд зөвлөдөг зүйл бол хүн бүхэн зөв үзэл бодолтой байхгүй бол хүүхдийг маш их хямраадаг. Яагаад гэвэл хүүхдийн бие организмын 80 орчим хувь нь уснаас бүрддэг.

Ус өөрөө маш их мэдээлэл шингээдэг учраас хэдий их хүмүүсийн сэтгэл санаа үймээнтэй байна төдий чинээ хүүхэд түүнд нь өртөх магадлал өндөртэй. Тийм учраас үр хүүхдээ бодоод эцэг эхчүүд маань төлөв төвшин байхыг цаг ямагт хичээ. Мөн гадаа агаарын бохирдол дэндүү их байна. Цаг агаар дулаарсан ч тоосжилт ихтэй, хүмүүсийн гудамжинд хаясан ахуйн болон бусад хог хаягдлаас болж агаар их бохирдож байна. Өнөөдөр Монголд хүүхэдгүй айл гэж байхгүй. Гудамжны хог хаягдлаас агаараар дамжаад хүүхэд төдийгүй том хүн ч өвддөг.

 

-Үзүүлэхээр ирж байгаа хүүхдүүд ханиаднаас гадна ямар өвчтэй байна?

-Гэдэсний өвчин маш их байна. Хүүхдүүд хоолноосоо их хорддог. Тийм болохоор ууж, идэж байгаа хүнсний бүтээгдэхүүндээ хяналт тавьж байх хэрэгтэй. Хийсэн хоол хоёр цаг болоод л шим тэжээлээ алдан нян тээгч болдог. Гэтэл манайхан бүр хоносон хоол хүртэл өгч байна шүү дээ. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй. Мөн зурагтаар сөрөг мэдээлэл агуулсан зүйл үзүүлээд байж болохгүй.

 

-Нэгэнт өвдсөн хүүхдүүдэд ямар эмчилгээ сувилгаа хийх хэрэгтэй вэ. Манайхан эмчийн зөвшөөрөлгүй эм хэрэглэх тохиолдол их байдаг?

-Хамгийн сайн арга нь иллэг массаж. Мөн гаднаас орж ирсэн хүүхэд гэлтгүй том хүн ч гэсэн хоолойгоо сойж занших нь сайн. Хүүхдээ цэвэр агаарт гаргаж болж өгвөл усанд өдөр бүр оруул. Ерөөсөө хотын хүүхдүүд хөдлөхгүй зурагт үзээд л суугаад байдаг болохоор хөдөлгөөний дутагдалд их орж байна. Дээрх хэлсэн зөвлөгөөнүүдийг сайтар дагаж чадвал энэ таны хүүхдийг чийрэгжүүлж өвчнийг хурдан эдгээхэд чухал үүрэгтэй байдаг. Мөн манай эцэг эхчүүд дур мэдэн антибиотик болон бусад эмнүүдийг хүүхэддээ уулгадаг. Хүүхэд ямар ч шалтгаанаар өвдсөн байж болно. Гэтэл зөвхөн антибиотик уулгаад байна гэдэг маш буруу үйлдэл. Түүний оронд зүгээр л хэсгийнхээ эмчид хүүхдээ үзүүлээд боломжгүй бол шинж тэмдгийг нь хэлээд зөвлөгөө авчихаж бай. Орчин үед тэртээ тэргүй индиго хүүхдүүд төрж байгаа болохоор аливаа зөв эмчилгээ сувилгааг маш түргэн хүлээж авна.

 

-"Индиго" гэдгээ тодруулахгүй юу?

-Индиго буюу Монголоор "гасан" хүүхдүүд гэж хэлдэг. 20-р зууны төгсгөлөөр дэлхий дахинд ийм хүүхдүүд төрж эхэлсэн. Ерөнхийдөө 21-р зуун гэхэд айл бүр индиго хүүхэдтэй болсон. Энэ бол маш ухаантай хүүхдүүд. Гэрийн энергийг цэвэршүүлдэг бөгөөд гэрлэн бие нь жирийн хүүхдүүдээс ондоо. Өвчин тусчихвал өөрөө өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ эдгээж чаддаг. Харин ийм ухаантай хүүхдүүдээ яаж хөгжүүлэх вэ гэдгээ хүн бүхэн бодож байх хэрэгтэй. Энэ тал дээр багш, эмч, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаж ажиллахаа бодох хэрэгтэй. Тухайлбал би өнөөдөр энэ сууж байгаа үзлэгийнхээ өрөөнд хүүхдийн тоглоом, хүүхэлдэйн киноны баатруудын зурагт хуудас гэх мэт зүйлийг байрлуулсан байна. Энэ бага насны хүүхдийн оюун ухааныг сайжруулдаг. Хүүхдийн тархи гурван нас хүртлээ компьютерийн сүлжээ шиг ажилладаг. Энэ компьютерийн сүлжээг сайн болгохын тулд хүүхэдтэйгээ үргэлж ярьж, сонсож, зааж хөгжүүлж байх нь сайн.

 

-Индиго хүүхэд гэдгийг нь яаж мэдэж болох вэ?

-Тухайлбал миний үзэж байгаа энэ хоёр хүүхэд харцнаасаа ухаантай гэдэг нь харагдаж байна. Индиго гэхээр бүр бусад хүүхдүүдээс гоц, ухаантай гэж ойлгож болохгүй. Зүгээр л сандал дээр суух, юм сонирхож байгаагаас нь л мэдчихдэг.

 

-Хоёулаа нярай хүүхдийн талаар ярилцъя. Нярай хүүхдийг асрахад юун дээр анхаарах хэрэгтэй юм бол оо?

-Хүүхэд эхийн хэвлийд байхад эхсийн цусаар дамжуулаад ээжээс нь бүх хооллолт явагдаж байдаг. Гэтэл хүйс таслагдсан тэр цагаас хүүхэд уйлж уушиг тэлэгдэнэ. Мөн ургийн усанд байх хугацаанд усаа сэлгээд хооллоод байдаг байсан бол хүйс нь таслагдсан хойно ээжээс нь тусдаа бие даасан цусны эргэлт явагддаг. Хэдийгээр энергийн сувгуудаар жижиг жижиг хялгасан судсууд гүйн хүүхэд өөрөө бие даасан хүн болж байгаа боловч эдгээр хүүхдүүд ээж аав хоёроосоо 13 нас хүртлээ өөрийн энергиэ авч байдаг. Хоёрдугаарт хүй огтлогдсон тэр цагаас эхлээд хүүхдийн арьсанд шарлалт үүсдэг. Энэ шарлалт хэвийн үедээ 7-10 хоногийн дараа зүгээр болох ёстой. Гэтэл үүнээс илүү удаан үргэлжилж хэт хурц тод өнгөтэй болбол шууд эмчид ханд. Энэ бол шарлалт. Шарлалт гэдэг их олон янз байдаг. Сүүлийн үед ихэвчлэн цөсний ханын гажгаар шарлаж байна. Танай хүүхдийн баас шар өнгөтэй байвал хэвийн харин цагаан бол яаралтай эмчид хандах шаардлагатай гэсэн үг.

 

-Нярай хүүхдийн талаар ийм байдаг юм байж. Харин эхийн хэвлийд байхад хүүхдийг хэрхэн асрах ёстой вэ?

-Ээжийг жирэмсний хугацаанд маш тайван байлгаж хоол хүнсэнд нь анхаарах хэрэгтэй. Гасан хүүхдүүд эхийн хэвлийд бүрэлдэж нэг cap болоод л гадаад ертөнцийг ээжээрээ дамжуулан мэдэрч эхэлдэг. Тийм болохоор хүүхдээ хэвлийд байхаас нь сонгодог хөгжим сонсгож, биднийг сонгож ирсэнд баярлалаа гэдгийг мэдрүүл. Сүүлийн үед эмч нарын санааг нэг зүйл маш ихээр зовоож байна. Хүүхдийг эхийн хэвлийд байхад гэдсэн дээр нь хүнд зүйл тавих эсвэл 2-6 насны хүүхдүүдийг өвөртөлж унтсанаас болж хөл гар нь хугарч байна. Тиймээс жирэмсэн эхийг бага насны хүүхэд өвөртлүүлж унтуулах хэрэггүй. Тэр тусмаа индигохүүхдүүд маш хөдөлгөөнтэй байдаг.

 

-Индиго хүүхдүүд ямар учраас хэт хөдөлгөөнтэй байдаг юм бол оо?

-Гасан буюу индиго хүүхдүүдэд сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйл бол хэт идэвхжлийн шинж тэмдэг. Хүүхдийн бие организмд нэгэн төрлийн бодис заавал багтаж байдаг. Харин жирийн хүүхдүүдэд байдаг энэ бодис хэт их ухаантай индиго хүүхдүүдэд тохирохгүй байгаа болохоор эд нар хөдөлгөөнтэй байгаа. Энэ байдал дэлхийн эмч нарын санааг их зовоож байгаа.

 

-Үүнийг эмчлэх ямар нэгэн арга байдаг уу?

-Янз бүрийн эмчилгээ хийж байсан. Тухайлбал Америкт гэхэд энэ төрлийн хүүхдүүдэд тайвшруулдаг эм өгөөд эхэлсэн чинь гоц ухаантай байдал нь алдагдаад эхэлсэн. Дэлхийн эмч нарын хийж туршиж үзсэн олон эмчилгээнүүдээс хамгийн шалгарсан арга нь сойздох эмчилгээ.

 

-Сойздох эмчилгээ гэж яг юу болохыг тодруулахгүй юу. Монголд энэ төрлийн эмчилгээг хийж байна уу?

-Би саяхан гадаад яваад ирсэн. Тэр сойз нь маш үнэтэй юм билээ. Сойзны хувьд зүгээр бид нарын юм сойздож угаадаг шиг мөртлөө маш зөөлхөн үстэй байдаг юм байна. Сойздох эмчилгээг яаж хийдэг вэ гэхээр хүүхдийн гар, хөл, нуруу, нүүрийг дээрээс нь доош 10 удаа сойздоно. Харин хэвлий толгойг нар зөв мөн 10 удаа сойздох хэрэгтэй. Хамгийн гол нь цээжийг сойздож болохгүй шүү. Энэ эмчилгээг 4-5 cap хийсний дараа хүүхдийн хэт идэвхжлийн шинж тэмдэг арилна.

 

-Бага насны хүүхдүүдэд өөр ямар төрлийн өвчин тусах магадлал өндөртэй байдаг вэ?

-Хүүхдийн өөрийнх нь онцлогоос болж гурван төрлийн эмзэгшил байдаг. Харин үүнийг анагаах ухаанд өвчин гэж үздэггүй. Өвчин биш гэхээр эцэг эхчүүдийн санааг ямагт зовоож байдаг. Энэ бол өвчин ч биш, эрүүл ч биш хоёрын зааг дээрх эмзэгшил. Үүний эхнийх нь хүүхдийн салтаа улайх. Хэрвээ салтаа улайгаад байна гэвэл энэ хүүхдийн цусанд нь их хэмжээний хүчиллэг байна гэсэн үг. Хүчиллэг их байхаар шээс нь хүчиллэгтэй гараад салтааг нь улайлгаад байдаг. Үүнийг нь эцэг эхчүүд бэлэг эрхтэн нь улайдаг гээд эндүүрэн тоохгүй орхисноос цаашдаа бөөр, давсаг, цөс гэмтэх магадлалыг бий болгоно. Мөн хүүхэд хөдөлгөөнтэй тогтворгүй тайван биш болдог. Тийм болохоор дээрх байдалд эмчилгээ хийлгэнэ. Энэ бол "түрийн"-ий солилцооны алдагдал л даа. Бид нарын биед янз бүрийн бодисын солилцоо явагдаж байдаг шүү дээ. Түрийн гэдэг зүйл чинь маханд их хэмжээтэй байдаг. Энэ бодисын солилцооны сүүлчийн үр дүн нь хүний цусанд шээсний хүчлийг их хэмжээгээр бий болгож байна. Гэр бүлийн нэг гишүүний л салтаа улайж байгаа бол энэ өвчин тэр гэр бүлийн бүх гишүүдэд байна гэсэн үг. Манай Монголчуудад энэ эмзэгшил маш их байдаг. Учир нь мах их иддэг. Өнөөдөр Монголчуудын жирийн л нэг хүнийг харахад үе мөчний өвчтэй байдаг. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр насан туршдаа хүчиллэг цус явсаар байгаад эцэстээ үе мөчийг гэмтээн хөлний жийргэвчийг солиулахад хүргэж байна. Энэ чинь эцсийн эцэст бага наснаас нь хүчиллэг цус явсаар байгаад үе мөчний өвчин бий болгож байна гэсэн үг.

 

-Нэгэнт маханд их хэмжээгээр агуулагддаг бодис болохоор Монголчууд мах идэхээ л багасгах хэрэгтэй гэж ойлгож болох уу?

-Махан дундаа малын гаралтай болон гахайны маханд энэ төрлийн бодис их байдаг. Тийм болохоор загас тахианы махыг түлхүү хэрэглэж байх нь чухал. Бид нар мах чаначихаад нитгэлэгийг нь авалгүйгээр гурил будаа шөлөн дээр нь чанаад иддэг. Гэтэл нитгэлэг дотор тэр хүчиллэг зүйл чинь маш их агуулагддаг. Харин хүнсний ногооны хувьд хурган чихний хүчил агуулсан ногоо бага хэрэглэ. Хурган чихний хүчил гэдэг нь жууцай, сонгино гишүү... гэх мэт ногоонууд.

 

-Дээрх эмзэгшилтэй хүүхдүүдийг эмээр эдгээж болдог уу?

-Эмний хувьд В6, АЕ витамин уух шаардлагатай. Ер нь хүүхэд гэлтгүй том хүний амнаас ч гэсэн эвгүй үнэр үнэртээд байдаг шүү дээ. Энэ бол түрийний солилцоо алдагдсан гэсэн үг. Витамин В6-г хүүхэд өдөрт 2/1 -ээр хоёр удаа, том хүн өдөрт гурван удаагийн давтамжтайгаар хоёр долоо хоног уух хэрэгтэй. Харин витамин АЕ-г жилдээ нэг удаа уучих хэрэгтэй. Үүнийг том хүн бүтнээр нэг удаа, 14 хоног, хүүхэд долоо хоногт хоёр ширхгийг ууж болно.

 

-Залуу эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах тал дээр хэр байна вэ?

-Ер нь залуучууд боловсрол сайтай, ухамсартай байдаг болсон. Эрүүл мэндийн мэдлэг нь ч сайжирч байна. Эцэг эхтэйгээ, олуулаа амьдардаг хүүхдүүдийн оюун ухаан их хөгждөг нь ажиглагдсан. Залуу эцэг эхчүүдэд хандаад хэлэхэд хүүхдэд чихрийг маш бага идүүлэх хэрэгтэй. Багаасаа чихэр их идэж өссөн хүүхэд том болоод уур уцаартай, өвчин тусамтгай болдог. Мөн эрүү нь их жижигхэн байдаг.

 

Б.Энхжаргал