ДӨРВӨН УЛИРАЛД ЭРҮҮЛ СУДАЛЫН ЗОХИЦОЛ
Өвчин эмгэг гэнэт бий болохоосоо алгуур, урьдал эмгэгшил биед эрт үүсч тэр нь анзаарагдахгүй урт, богино янз бүрийн хугацаанд даамжирч явсаар илрэх нь олонтой.
Судал шинжиж ийм "Эмгэгт эрүүл" байдлыг эрт илрүүлж өвчин болж үгдэрхээс нь өмнө анагаах боломжтой. Энэ нь судлаар өвчнийг оношлохоос хэд дахин хүнд хэцүү ч гэсэн эмч бүр зайлшгүй хүрч, хүртэж эзэмших ёстой. Ном хэвлэлд дурьдсаныг үзвэл:
"Хавар-намрын, зун-өвлийн, намар-зуны, өвөл-хаврын, завсрын 18 хоногт хаврын судал баригдвал хүнд өвчнөөр өвдөхийн эртний дохиолол" гэжээ. Үүнийг таньж мэдэхийн тулд: Дөрвөн улирал, дөрвөн завсрын үеийн эрүүл судлын харилцааг мэддэг, мэдэрдэг болох хэрэгтэй. Хавар элгэн судал, зун зүрхэн судал, намар уушгин судал, өвөл бөөрөн судал улирал бүрийн завсрын 18 хоног дэлүүн судал дэлгэрнэ гэдэг.
Судал дэлгэрэх гэж юу вэ? Эрхтэн бүрийн судал цаг улирал, халуун хүйтэн, хуурай чийглэг, нарны элч гэрлийн тусгал, сэр од гарагийн татал түлхлээс хамааран дотоод мөн чанар, мах бодилог шинжээ илэрхийлэн лугшихыг дэлгэрэх буюу билэг чанараар илрэх гэдэг.
Хавар нарны гэрлийн тусах өнцгөөс шалтгаалан аргын хүчин тэгширч модон мах бод дэлгэрхийн хамтаар газар шорооны мөс цас, цан бөглөөтэй нүх сүв нээгдэн, ургамлын үндэс хөөн тэнийж гадаад орчин руу онгойхын хирээр хүний биеийн гурван шингэн болоод хийн гүйдэлч нэвтэрч эхлэнэ. Биеийн дотоодод татагдсан хурмал элч гадагш тархах үес элгэн судал дэлгэрч богширгын дуу мэт нарийн эрчимтэй цоглог болно. Үүнийг дагаж бөөрөн судал өвлийнх шигээ өөрийн билэг чанараар нарийн зөөлөн алгуур, зүрхэн судал хэвийн хавраас зунд шилжих завсрын 18 хоногийн араас шууд дэлгэрч, дэлүүн судал энэ завсартаа тодорхой бүрэн дэлгэрч уушгин судал эс дэлгэрвээс бие эрүүл саруулын шинж ээ.
Зуны улирал руу ойртохын хэмээр аргын хүчин давамгайлан нарны элч газрын гүн рүү нэвтрэн газар уснаа өдрөөс өдөрт арга арвидан нэмэгдэж дотор билэг түрэгдэн хомсдохын аясаар хүчний биеийн хий гүйдэл бүрэн нээгдэнэ. Энэ үед зүрхний судал дэлгэрэн хөхөөн дуу мэт бүдүүн алгуур болно. Элгэн судал хаврын 72 хоногтоо хүрэн дэлгэрч цаашдаа доройтолгүй үлдэх. Дэлүүн судал завсрын хугацааг бүрэн эзлэн дэлгэрэх. Уушгин судал үл харих эрчимтэй цоглог ахар ширүүн байх, бөөрөн судал эс өрсөн дэлгэрэх аваас зундаа эрүүл явахын шинж болно. Намрын цаг руу ахиж дөхөхийн тоолонгоор Монгол нутаг, газар шороо, ургамал амьтан бүхий биетээс аргын хүчин аажим зугуухан түрэгдэн билгийн хүчин хором хоромоор нэмэгдээд нарны элч гэрэл харьж сүүдэр зузаарч, сэрүүхэн усан болоод цасан шүүдэр хяруу бууж, ургамал амьтан элч дулаанаа хямгадан, хавс, ус ноосоо зузаалж, газар шорооны нүх сүв дараалан хаагдахын учир хүний биеийн гурван шингэн, дотоод хийн гүйдэлч дотогшлон элч дулаанаа татан хаах, ус төмөр мах бодтой уушигны судал бөднө шувууны дуу адил ахар ширүүн лугшина. Өвлийн цаг улирал ирэхийн хирээр билгийн хүчин улам улмаар арвидсаар нарны элч гэрлийн тусгалын хэм тэртээд хазайж газар дэлхий цас мөсөөр хучигдан дотоод өнгөн нарийн сув суваг цан хүрээ мөсөн голоор бөглөгдөн ургамал, амьтан, хүний элчийн гадагшлах сүв живч мөн хаагдана. Ингэж биеийн элч, хий дотроо татагдан эргэлдэхүй бөөрний судал дэлгэрэн алгуур зөөлөн уртлаг цүүчлийн дуу мэт удаан болно. Энэ үед уушигны судал ахар ширүүн байсаар завсарт хүргэсэн, элгэн судал цовоо цолигон байж, зүрхэн судал бүдүүн уртлаг байж. Дэлүүн судал зөвхөн завсрын 18 хоногоор дэлгэрвээс өвлийн цагт эрүүл саруул байхын шинж болой. Таван цул эрхтэн улирал бүрт эх, хүү, нөхрийн харьцаагаар тойрон тэтгэхийн барилдлагатай. Нэг цул эрхтэн нь ганцаардангуй үлддэг. Тэр эрхтэнээ тухай тухайн улиралд нь анхаарч байх, хавар уушгиа, зун бөөрөө, намар зүрхээ, өвөл дэлүүгээ, ажил амралтын дэглэм, хувцас хунар, хоол хүнс, явдал мөрөөр тордон хамгаалж байгууштай. Уур уцаар, баяр гуниг, залхуу хойрго, ухааны гэрэл, сэтгэлийн тэвчээрээр жолоодож сур.
Эрхтэнүүдийн судалын билэг чанараар лугшихыг шувууны дуутай зүйрлэсэн байдаг. Сайтар бодож үзвэл гайхалтай оносон, андуурч эндүүрэхийн эрхгүй адилтгал мөний хамт эмч тэр дууг дүрс хөдөлгөөнд шилжүүлэн хувиргаж дүрс хөдөлгөөнөө, хуруугаараа мэдрэх нарийн төвөгтэй үйл явцыг ч шаардаж байна. Хөхөө, цуучил, бөг шувуу нь байгалийн мөнхийн дуу авиа болохоор эмч хэзээ ч хэдэн ч удаа чимээгүй асуун бодол сэтгэлээрээ дахин дахин лавлан ярилцах шавхагдашгүй боломж байдгийг ч харгалзсан бололтой. Нэгэн улиралд таван цул 6 сав эрхтэний судалын эрүүл 35 харьцаат хувилбарыг сайн мэдэж сураад алдалгүй таньж барих болвоос боломжийг бүрдүүлэх нь тэрээ. Улирлаа эзлэн дэлгэрэгч цул сав эрхтэний судлыг таван мах бодийн хуулийн ёсоор /эх, хүү, нөхөр, дайсан/ харьцуулан үз. Ингэхэд наад зах нь эрүүл судалын долоон харилцаа, эмгэг, өвчтэй ч илааршихуй хялбар зөнт долоон харилцаат судал, эмгэг өвчин илааршихуй бэрх, ерт долоон судал нийт 21 судалын харилцааг мэдэж, мэдэрч, зөв үнэлж, дүгнэн цэгнэж суралтай. Ингэхийн тулд:
1. Тухайн улирлаа эзлэн дэлгэрэх эрхтэний судал урьдахь завсрын 18 хоногийн дараа тасалдалгүй алгуурлалгүй залган дэлгэрч буй эсэхийг мэд. Дараах завсрын 18 хоногоо хүртэл хугацаагаа бүрэн эзлэн дэлгэрч байх. Эдгээрийг ажиж, мэдэрч сур.
2. Эх мах бодитой эрхтэний судал. Төгс цовоолог дэлгэрсээр дараах завсрын 18 хоногтоо залгуулах
3. Хүү мах бодитой эрхтэний судал. Үл харих, дагаж дэлгэрэх өөрийн чанараар тогтовортой төсөөл
4. Нөхөр мах бодитой эрхтэний судал. Үл доройтох
5. Дайсан мах бодитой эрхтэний судал. Үл эрчимжих, үл дайрах
6. Урьдах завсрын 18 хоногт дэлүүн судал мэдэгдэхүйц дэлгэрч харих, үл эрчимжих, тогтворжих, аль нэг эрхтэний судал өрсөлдөн дэлгэрэхгүй байх
7. Ар дахь 18 хоногтоо дэлүүн судал өөрийн билэг чанараар дэлгэрэх. Дэлүүн судлын дэлгэрэх харилтыг мэдэж сурах нь судал түших аргын нилээн хүнд хэцүү гэдэг. Бас дэлүүн судалын дэлгэрэл оройтох, доройтох, үл эрчимжих нь ямар нэг цул эрхтэний дайрч, дэлгэрч буйн шинж мөнийн учир цааш лавшруулан, судалуудыг харьцуулан шинжих шаардлага гарна.