Дээд эрүүл мэнд 5: Тэжээхүй ухаан
- Их таван ухааны дараалал ч гарын таван хуруу шиг өөр өөрийн байртай санагдана. Учир шалтгааны буюу гүн ухаан нь анхдагч тэргүүлэх зэрэгтэй боловч тэр нь дотоод ухаанлуугаа барилдсан шигээ түүнээс урган төлжсөн мэт. Энэ хоёулаа тэжээхүй ухаанд түшиглэн боловсордог. Эргэн нөлөөлж салж, сарнишгүй уялдаатайг дарааллаас нь ажаарай. Дуун ухаан урлахуй ухаан нь мөн л Тэжээхүй ухаанд түшиглэсэн мэт ч өөр өөр бие даасан орчлон ертөнцийг бүтээлцсэн аугаа чанарыг агуулжээ. Би энэ тухай бус харин Монгол хийгээд дорнын их таван ухаанд багтсан төдийгүй тэдгээрийг салангад бутархай хоосон цэцэрхэл бус амьд шүтэлцээн барилдлагатай цэгц нэмгдмэл болгож байдаг “Тэжээхүй” ухааны талаархи санал бодлоо та бүхнээр шүүлгэхээр илэрхийлж байна.
Тэжээхүй ухаан гэж юу вэ? Одоогийн ярьж бичиж байгаа уламжлалт анагаах ухаантай адил нэг ойлголт уу ? гэсэн асуулт гарч байна. Юуны өмнө өрнийн Анагаах ухаан, монголын тэжээхүй ухаан хоёрын хооронд ялгаа их бий. “Анагаах ухаан” гэдэг нэгэнт өвчилсөн хойно нь анагаан эдгээх гэсэн ойлголт ил байна. Тэжээхүй ухаанд “Нэгэнт өвчилсөн хойно нь” гэсэн утга санаа нь далд дам, үүнээс наана. Эрүүл саруул аж төрхүйд хэрэгтэй бүхнээр тэжээн тэтгэх ухаан гэдэг нь харагдана. Юу юугаар тэжээн тэтгэх вэ?
- Агаараар
- Усаар
- Хоол хүнсээр
- Нарны элч, өнгө, туяагаар
- Сарны гэрэл татал түлхлээр
- Оддын гравитац таталцлаар
- Ухаан, оюун ухамсраар
- Сэтгэл сэтгэхүй, сэрэмсэрээр
- Нарийн хийн эргэлтээр
- Бурхан бурханлаг дээд хүчнээр дуу авиа элчис эрчисээр
Наад зах нь ийм арван хүчнээр тэжээн тэтгэж эрүүл саруул аж төрөхүй ухаан юм. Үүнийг хураангуйлбал: нэл оршихуйн гурван хүчний барилдлагаар тэжээхүй болой. Энэ гурван хүчин нэгд : нутаг ус, газар дэлхий, Хоёрт: тэнгэр , нар сар, од гариг
Гурав бурханлаг дээд хүчний дуу авиа элчис эрчис, долгис гурав болой. Зөвхөн хүний бус аливаа амьд оршнол тэрч байтугай амьгүй оршихуйн төрхүй, үүсэхүй, оршихуйн тухай машид гүн агуулгатай ухаан болох нь ойлгомжтой байгаа бизээ. Тиймдээ ч их таван ухааныг холбогч цөм нь болж багтсан юм. Мэдээжээр өвчилбөл анагаах, тэжээхүй ухааны уламжлалт арга барил, онол номлол бий. Тэр нь бидний одоогийн хэрэглэж буй эм тан өгөх төдий явцуу бус юм. Өнөөх оршихуйн гурван хүчний арван язгуурыг бүгдийг эс гэлээ ч туйлын шаардлагатай нэг хэсэг бүлгийг цогцоор нь хэрэглэх ёстой. Тэгж гэмээжин уламжлал тэжээхүй ухааны анагаахуй арга болж чадна. Хэдэн эм тан боож өгснөөс сэтгэл ханах нь их таван ухааны нэг тэжээхүй ухааныг огт ойлгоогүйн шинж юм. Орчин үеийн эмч нарын нэг хэсэг нь орон орны үйлдвэрийн янз бүрийн эм бичиж, нөгөө хэсэг нь хэдэн тан эм боож өгчихөөд би шинжлэх ухааны эмч, би уламжлалт анагаах ухааны эмч гэж бие биенийхээ харыг гайхан ярих нь инээдтэйгээсээ илүү эмгэнэлтэй харагддаг. Тэжээхүй ухааны анагаах арга зүйн дутуу дулимаг гаж ойлголт богино настай байх болтугай гэж залбиръя.
Хүмүүний билэгийн бүтэц тогтоцын асуудал
Хүн арга билэг хоёроос бүтжээ. Монголын уламжлалт гүн ухааны үзлээр хоёр юм гэж байхгүй. Тэр хоёр юмны шүтэн барилдлага гуравдагчаар илэрч хүртэгдэж байгаа дүрс нь арга ч биш билиг ч биш. Ялгаж салгахын аргагүй цул нэгдмэл амьд шүтэлцээ юм. Хүний язгуур бүтцийн мөн чанарыг олохын тулд ялгаж, салгаж, бутаргаж, жижиглэж, хувааж үзэх нь бүтцийн судалгаанд маш тохиромжтой арга нь үнэн. Гэхдээ бичил харуурын толин дээр байгаа будагдсан эс, биен дэх амьд ажиллаж байгаа эс хоёрын хооронд аргалахын аргагүй ялгаа зөрөө бий. Анатомын хичээлийн үзүүлэн уусмалд байгаа хүүр, амьд хүн хоёр шиг ялгаатай юм. Ингэж хэлж байгаа нь судлагаа шинжилгээг эсэргүүцэж байгаа биш, харинч хөхүүлэн дэмжих гэснийх. Анатомын үзүүлэн судлагаа шинжилгээнд авсан эс амьд хүний биеийн эс хоёрын хооронд адил төстэйгээсээ илүү ялгаа зөрөө нь шинжээчид төдийгүй, шинжлэх ухаанд ач тустай. Тэр ч байтугай хүн орчлон ертөнцийн нийлэн нэгдэх, адилсал салан, бие даан хүртэгдэх зааг завсарыг ухаарахад ч хэрэгтэй. Ерөөсөө түгээмэл оршихуйн тухай, байгаа үгүй нь үл мэдрэгдэх бурхан хийгээд сүнсний тухай ойлгох боломжийг ч олгох болно. Үхсэн ба амьд эсийн анатомын үзүүлэнд бэлдсэн хүүр амьд хүний хэлбэрийн адил төсөөр сэтгэл ханах нь шинжлэх ухаандаа салахын тамхи барьсан хэрэг байлаа. Амьд үхсэний ялгаа зөрөө хүний билэг чанарыг нарийвчлан судлах хэрэгцээ энд байгаа юм. Арга судалгаагаар орчин үеийн анагаах ухаан бараг төгс төгөлдөр өндөрлөгт хүрсэн гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэгэхээр бид хүмүүний билиг чанарын тухай арай дэлгэрэнгүй өгүүлэхийг хичээе.
Билиг чанарыг: Түгээмэл билиг чанар, дүрсэд дулдуйдсан билиг чанар, шүтэн барилдсан билиг чанар гэсэн гурван том ангид хуваана.
Түгээмэл билиг чанар нь: хоёр махбод, гурван махбод, таван махбод, хосломол чанар гэсэн доод тал нь дөрвөн зэргэмжтэй юм. Махбодь бүр нөгөөгөөс ялгарах онцгой шинж чанартай. Түгээмэл билэг чанар
Загварчлал зураг №1
Дүрсэд дулдуйдсан билэг чанарын анги нь:
Гал билиг чанар, хийн билиг чанар, орны билиг чанар гэсэн гурван бүлэгтэй. Гал билиг чанарын бүлэг нь: өнгө,гэрэл, авиа, цэнэг, биосоронзон орон, цахилгаан соронзон орон, эрчис,элчис, долигос гэсэн 9 ялгамжит чанартай. Гал билиг чанарын 9 ялгамжаас аль нэгийг нь үгүйсгэх татгалзахын аргагүй бодитой биетэй болохыг тарни бясалгалын ухаан ч орчин үеийн физикийн шив шинэхэн салбар ухаанууд тайлсаар үзүүлж харуулж баталж нотолж байгаа шүү дээ. Хүмүүний энэ чанарт гүн гүнзгий нэвтэрч ухаарсан мэргэд олноо танил болсон “ТҮММО” бясалгалыг үүсгэн хөгжөөснийг уншигч авгай та бэлхнээ мэднэ.
Биеийн, эрхтний,эдийн,эсийн, эвцэлийн,цөмийн, бөөмсийн, завсарын (долгио бөөмийн, бөөмөн долгисын, хосломол чанарын) гуравтайгаа нийлээд 10 ялгамжит чанартай юм.
Хийн билэг чанарын бүлэг нь : босоо гурван судал, түүнийг ороон бүтсэн есөн хүрдэн, эх судлын хоёр тал нуруу нугасны дагуу байрласан салбар (хос 27 буюу) 54 хажуу хүрдэн, 5 цул 6 сав эрхтний 5 дотоод хүрдэн 5 мэдрэхүйн эрхтний 4 хүрд мөч тус бүрт байрласан 9 бүгд 36 зах хүрдэнгээс бүтсэн 108 ялгамжит чанартай юм. Дүрст дулдуйдсан билиг чанар нь нийтзээ 127 ялгамжит чанартай байгаа биз.
Адил төс, ялгамжит байдал хоёулаа хийн билэг чанарын бүлэгт илүү тод томруун ажиглагдана. Хүнд хийн долоон хүрдэн байдаг тухай тарни бясалгалын захын ном сударт бичсэн бий. Харин тэрхүү хийн хүрдэн гэгч нь юу болох тухай магадтай үнэн зөв хариулт олддоггүй гэж ярилцах нь үе үе сонсогддог. Миний бодлоор бараг тодорхойлолт болгон зөв зүйтэй мэт санагдана. Хүрдний тухай тодорхойлолтыг ямар зорилгоор, юуг товойлгон илэрхийлэхээр хандсанаасаа болоод олон янз, тэр ч байтугай бие биенээ үгүйсгэсэн аястай ч дайралдах нь бий.
Биднийхээр: судал, суваг, хэрдэс, хүрдэний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, байршил гадагш дотогш харилцаа нь хүмүүний билиг судлалын нэг тулгуур юм гэж үздэг. Дүрсжиж бүтцийг илэрхийлэхээсээ илүүтэй дүрсгүйжин хоосонжиж, оронжиж орчлонт ертөнцийн түгээмээл мөн чанарт уусан нэгдэх, түүнийг хүмүүн биед буулган өргөжүүлэх үйл нь давуутай юм.
Ухаан-ухамсар Сэтгэл-сэрэмсэрийн түвшин өөрөө орчлонгийн хоосон чанар, хэт чанар, эх чанартай нэгэн элчист, нэгэн эрчист нэгэн авиат болж бурханлаг нэлэнхүй оршихуйд шилждэг. Хийн билиг чанарын ийм энгийн, ийм дээдийн, ийм туйлын чанарыг мэдэж, таньсан эртний мэргэд түүнд хүрэх нэгдэх нийлэх арга зам мөргөл, залибарал бясалгалыг бүтээн тууриваж хүн төрөлхтөнд үлдээн өвлүүлжээ. Энэ тухай дахин дэлгэрэнгүй өгүүлнэ.
Загварчлал зураг №2
Шүтэн барилдсан билиг чанар
Гадагш шүтэн барилсан билэг чанар, дотогш шүтэн барилдсан билэг чанар, цагт шүтэн барилдсан билэг чанар хоосон оронд шүтэн барилдсан билэг чанар гэсэн дөрвөн бүлэгтэй.
Гадагш шүтэн барилдсан билэг чанар нь төөрөг тавилан, хувь тавилан, хувь заяа, баян заяа гэсэн дөрвөн ялгамжит чанартай байдаг. Үүнийг одон зурхай, сарны зурхай, амин зурхайн ухаанууд судалдаг. Монголын алдар суут эмч нар зурхайчид байсан нь тохиолдлын хэрэг бус.
Дотогш шүтэн барилдсан билэг чанарын бүлэг нь: Мэдрэхүй, мэдрэмж, ухаан, ухамсар, сэрэхүй, сэтгэхүй, сэрэмж, сэрэмсэр гэсэн 8 ялгамжит чанартай. Хүний билэг талыг сэтгэл судлал, нейрофизик геонейрофизик,психофизик, квантфизик, энилогия зэрэг маш олон шинжлэх ухаанууд судлах боллоо.
Цагт шүтэн барилдсан билиг чанарын бүлэг нь: сахиус, сүлд, хийморь, нүгэл хилэнц гэсэн 5 ялгамжит чанар агуулжээ. Хоосон оронд шүтэн барилдсан билиг чанарын бүлэг нь:хоосон чанарт шүтэн барилдсан элчис, эрчис, хэт чанарт шүтэн барилдсан, эх чанарт шүтэн барилдсан, үйл үрийн оронд шүтэн барилдсан, үйлийн оронд шүтэн барилдсан билэг чанар гэсэн 8 ялгамжит чанартай байна. Шүтэн барилдсан билэг чанарын анги нь 4 бүлэг 5 ялгамжит чанараар илэрнэ.
Загварчлал зураг №3
Билэг чанарыг нэг хавтгайд оруулъя.
|
Анги |
Бүлэг |
Ялгамжит чанар |
Бүгд |
Билэг чанар |
Түгээмэл билэг чанар |
Таван махбодь |
5 |
10 |
Гурван махбодь |
3 |
|||
Хоёр махбодь |
2 |
|||
Дүрст дулдуйдсан билэг чанар |
Гал билэг чанар |
9 |
127 |
|
Хийн билэг чанар |
108 |
|||
Орны билэг чанар |
10 |
|||
Шүтэн барилдсан билэг чанар |
Гадагш шүтэн барилдсан |
4 |
55 |
|
Дотогш шүтэн барилдсан |
41 |
|||
Цагт шүтэн барилдсан |
5 |
|||
Хоосонд шүтэн барилдсан |
5 |
|||
|
|
|
|
192 |
Хүмүүний билэг чанарыг ангилж бүлэглэн тооцоолж гаргах анхны оролдлого хийсэн нь, тайлан шиг яв цав тохирно гэсэн бишээ зүгээр л бие дэх ийм олон билэг чанаруудыг яагаад эрүүл саруул аж төрөх, төгс эрүүлжих эрүүлжүүлэх үйл ажиллагаанд хэрэглэхгүй, судлахгүй байгаа юм бэ? Гэсэн асуултыг ямар нэг хэмжээгээр баримтжуулж харуулах гэснийх шүү. Энэхүү ялгамжит чанарууд нэг хоёроор бүү хэл арав хориор ч өөр байж болно. Тийм байлаа ч гэсэн билэг оршихуй байгаад эргэлзэхүйц өөрчлөлт гаргахгүй ээ. Орчин үеийн физикийн шинжлэх ухаан эгэл бөөмс <<ДУАЛИСТ>> хосломол шинж чанартайг илрүүлчихжээ.
Энэ бол билэг дүрсжих явцын эцсийн шат, арга билэгжихүй анхны үе мөн. Эгэл бөөмсийн дуализм дүрсийн бүх шатанд (цөм,эвцэл, эс эд, эрхтэн бие ) байдгийн баталгаа шүү дээ. Ялгаа нь цаг хугацаанд л байгаа юм. Энэ сэдэвтээ би хүмүүний билгийн талыг хөндөн ярилцаж уншигч таны оюун ухааны хөшөө оршоог гаргаж хөдөлгөөнд оруулахыг зорьсон билээ. Бие дүрс завсрын ба хоосон орон, ухаан ухамсар, сэтгэл сэрэмсэрийн ялгаа, адил төс, тэдгээрийн салан багцлагдах, нэгдэн нийлэх зааг завсар хаяа хөвөөний тухай та бодож үзсэн үү?
Физикийн шинжлэх ухаан материйг салгаж бутаргаж жижгэрүүлсээр сонирхолтой зааг дүрсийн хослол чанарт хүргээд зогслоо. Урагшлах нь лавтай. Юу ч гэсэн эндээс цааш баригдах дүрс үгүй боллоо гэдгийг эрдэмтэд ухаарч (дүрсгүйг ) билиг оршихуй буюу материйг нөхцөлдүүлэгч нөгөө талыг нь судлах эрэлд тулчихжээ гэдэгт санал нэгдлээ. 21-р зууныг тодорхойлох “билиг оршихуй” судлал хүн төрөлхтөнд бурханлаг дээдийн ариун бүхнийг авч ирнэ.
Анагаах ухаан хүнийг жижиглэн судалсаар эс хүрээд барьц алдаж судлагдахуунаасаа салчих гэж байгаа юм шиг санааширч байна. Эсээс цааш хөл тавих газаргүй юм шиг гайхширч байгаа хэрэг. Эс молекулаас бүтдэгийг бүгд мэднэ. Молекулууд эс дотроо ямар үүрэгтэй , хоорондоо ямар ямар харилцаатайг мэдэхгүй. Молекул доторх цөмүүдийн тухай бидний мэдлэг харанхуй юм. Бөөмс эгэл бөөмсийн дуализм, гурав таван махбодийн талаар бидний мэдлэг тэгтэй тэнцүү. Хоосон чанарын, хэт чанарын, эх чанарын орнууд, ухаан ухамсрын орон, сэтгэхүй сэрэмсрийн орнуудын уялдаа холбоо, адил төс аль нь альныгаа төрүүлж, агуулж, арвидуулж, хомсдуулж, хэрхэн эмгэгшүүлж байдаг вэ? гэх мэт сонирхолтой төдийгүй амин хэрэгцээтэй асуудлууд тайлалаа хүлээж байна.
Эс эвцэлээс цааших, дүрс, зааг оршихуй билэг чанарын адил төсөө ялгааг ойлгох нь анагаах ухааны хөгжилд өнгөрсөн бүх үеийнх нь ололт нээлтээс ч их өгөөж авч ирнэ. Бидний бүтэц язгуурын маш өчүүхэн хэсэг нь ухаан ухамсарт захирагддаг. Төрөхөөс өмнөх, эх дотор бүрэлдэхээс ч урьдах бүх өсөлт хагжилтөнд бидний тархины гэх ухаан-ухамсар огт оролцдоггүйг та мэднэ шүү дээ. Төрснөөс хойш ч ялгаагүй хүүхдийн бие, ухаан, сэтгэлийн хөгжил дэвшил нь гурав дөрвөн нас хүртэл бурханлаг ариун дээд зөн совингоороо байгалийн төрмөл чанараараа л явагддаг. Энд эцэг, эх, ах дүү, садан нийгмийн оролцоо нь тус дэмийн төдий л үүрэг гүйцэтгэдэг.
Бүх ургамлын үр үндэс бүхий амьд оршнолын үр төл ийм л байдаг. Хүүхдийг бохирлосоор 6-7 нас хүрэхэд нь үндсэндээ эвдэж дуусдаг. Бидний бие махбодь бол хүний бүтэц язгуурын дүрсжсэн өчүүхэн хэсэг л юм. Хоол боловсруулах тогтолцоо гэхэд л залгиураас дээших тэрхэн хэсэг л ухамсарт захирагддаг. Хоол залгигдлаа л бол бидний удирдлагаас гарчихдаг.
Орсон хоолыг улаан хоолой яаж дамжуулах ходоод, хос нарийн, бүдүүн гэдэс хэрхэн хүлээж авдаг яаж боловсруулдаг, түүнд нь булчирхайлаг эрхтэн аль үед яаж оролдцог зэрэг мянга мянган үйл бидний тархины ухамсраас ангид явагддаг мэдрэл, зүрх судас, бөөр, элэг, дэлүү ер нь ямар эрхтнийхээ үйл ажиллагааг ухаан ухамсраараа жолоодож чадах вэ? Чадахгүй. Таны зөв. Энэ бүхэн таван мэдрэхүйд тулгуурладаг ухаан ухамсраас гарч, билэг сэтгэл сэрэмсрийн харъяалалд явагддаг. Үүнийг эртний Монгол тэжээхүй ухаанд танин мэдээд оношлогоо эмчилгээ урьдчилан сэргийлэхдээ ашигласаар бидэнд хүргэжээ.
Шинжлэх ухаан арай бодилог илэрхий “гал билэг” чанарыг илүүтэй сонирхон судалж энерги, өнгө гэрэл, цэнэг, цахилгаан соронзон орон, биосоронзон орны тухай олон арван шинэ зүйлийг нээж анагаах ухаан эмч нарт их тус дэм өгчээ.
Хачирхалтай нь эмч нар түүнийг юман чинээ тоохгүй, эсвэл юу ч мэдэхгүй, дүлий дүмбэ явдаг.
Өөрийн гал билэг чанарын нэгээхэн хэсэг элчисийн урсгалаар эмчилж үр дүнд хүрч байгаа цөөн бүр хүмүүс бий. Гэтэл тэднийгээ ад шоо болгоод өөрсдөө хав харанхуйд тэмтчигсэд дэндүү олон. Хүмүүний билэг чанарыг эмнэлзүйд ашиглаж үр дүнд хүрнэ гэдгийг ойлгох чадвараа алдчихсан дүрс судлалын шоронд хориотой эмч эрдэмтэд багш сурган хүмүүжүүлэгчидээр Монголын анагаах ухаан пиг дүүрэн байна гэдгийг эмгэнэлтэйгээр тэмдэглэж үлдээе. Шинжлэх ухааны зарим салбарууд лаборатори гэдэг оюун ухаан сэтгэл сэтгэхүйг хорих газрынхаа хана туурга тааз шалтай нь аль хэдийн дэлбэ татаад гарчихсаныг тэд дуулаагүй байдаг.
Орчин үеийн анагаах ухааны өрнийн их боловсролтой эмч нарт дотогш шүтэн барилдсан найман билиг чанарыг урьдчилан сэргийлэх оношлох, төгс эдгэрүүлэх нэгэн чухал тулгуур болгох билэг зүйн уламжлал манайд хангалттай бий. Түүн дээр орчин үеийн олон шинжлэх ухааны дээд ололт нээлтүүдийг нэмэн нэгтгэж үр дүнг төгөлдөржүүлэхэд боломж өдрөөс өдөрт арвидсаар байна. Ертөнцийн тоо томшгүй олон амьтай амьгүй дүрс: эрхтэн эд, эс, эвцэл, цөм, бөөмс, долгисоос бүтдэг. Энэ бол дүрст бие түгээмээл оршихуйд нийлэн алдарч байгаа нь тэр. Үүний дараах үе шат болох зааг оршихуй, хоосон чанар, хэт чанар, эх чанарын дөрвөн оронг бид билэг чанар гэж ойлгодог.
Хүний хувьд ухаан ухамсар, сэтгэл сэрэмсэр дээрхтэй адилтган үзэж болохоор барахгүй, шууд харгалзсан, харилцан шилждэг, нийлэн нэгддэг, нэг нь нөгөөгөө жолоодон залах билэгжих дүрсжих зогсолт тасралтгүй мөнх хөдлөл юм. Эгэл бөөмс дүрслэг-оронлог хосломол чанартайг та дахиад нэг саначих. Тэгээд бодож тунгаа. Үүний цаана оронлог дүрслэг хосломол чанар байгааг давхар илэрхийлжээ. Хүний ухаан ухамсрын язгуурууд бодол санаа, төлөгчлөл, үзэн ядахуй, өшөө хорсол, хар хор, гуниг гутрал, баяр бахархал, итгэл зэрэг маш олон өнгө аяс нь оронлог-дүрслэг хосломол чанартай гэдэг нь одоо эргэлзээгүй үнэн болох нь батлагджээ. Та эргэлзэж магадгүй. Хэрэв тэгвэл өөр дээрээ туршаарай. Үнэнийг олноо.
Таван мэдрэхүй таван мэдрэмжийн тусгалыг тархи тунгаан боловсруулсан үр дүн ухамсар, таван сэрэхүй, таван сэрэмжийг сүнс зүрх хүртэл таньсны дохиолол сэрэмсрийг оюун ухаан сэтгэхүйн төдий хосломол чанарыг нээсэн нь бидний мунхаг ойлголтыг цэглэсэн байна.
Ухамсар сэрэмсэрийн хийсвэр үйл бүр нь хоосонжих, дүрсжих, хосломол чанартай юм байна. Үүн дээр нэг зүйлийг эргэн саная. Мэдээлэл орон зайд хадгалагддаг, бас зөөгддөг. Ваакум хоосон орон элчис мэдээллийн цогц чанартай гэж нотолж байгаа. Хэт чанарын “торсион” орон мэдээлэл зөөх үүрэгтэй. Мэдээлэлжээгүй элчисийг тээдэггүй гэж үзэж байна.
Мэдээлэл эх үүсгүүрээсээ: Цацагдах, дамжих,арвидах, бодижих, хоосонжих, гэсэн таван шинж чанартай юм. Орчлонт ертөнцийн үүсэл хөгжил, оршнол харил бууралт, арилах үгүйсэх бүхий л үйл явц мэдээллийн таван чанарын үр дүн, бидний мэдэрхүйд баригдан алдагдаж байгаа нь юм. Өвчин үүсэх, хөгжих, эдгэрэх, хүндрэх ч ялгаагүй энэ л жамаар энэ л замаар явагдана.
Хүний уураг тархины долгис “мэдээлэл” мөн. Товчдоо энэ нь бөөмсийн дуалист чанарыг агуулж байх ёстой. Дүрсжихээс бас хоосонжихоос хэдэн зэргэмжийн, наана цаана байгааг физикчид бидэнд нээгээд өгчих цаг ойртжээ. Ухамсар сэтгэхүйн эерэг сөрөг элчисийн урсгал гадагш цацагдахдаа зөвхөн өөрийн адил давтамжит долигост нийлэн багц багцаар арвидан хүчирхэгжиж зорилгоо улам улмаар ойртуулна. Хүн өөрийн ухамсар сэрэмсэрээс эерэг сөрөг ямар элчист, эрчист, өнгөт долгис цацруулсан орчлонт ертөнцийн мөн тийм элчис эрчис өнгөт хүрээллийг үүсгэж түүнийхээ нөлөөлөлд автаж, мэдрэхгүй мэдрэмж ухаан ухамсар, сэрэхүй сэрэмж сэтгэл биеийн эрүүл мэнд тэр тал руугаа хэлбийнэ. Эгэл бөөмсийн дуализм зөвхөн энэ түвшинд биш түүнээс нааших бүх зэргэмж ийм хосломол чанартай юм. Бид одоохондоо ухаан ухамсарт илүү тод төвөггүй хүртэгдэж байгаа дүрст нь хууртаад байгаа юм. Бие амин орон хоёр “дуализм” мөн. Хорьдугаар зуун амин оронг судалж эхэлсэн бөгөөд судалгааны багаж төхөөрөмжинд өртөх байдлаар нь эфир, ментал, астрал, каузал буддхи бие гэх мэт олон янз маяг байгааг илрүүлэн нэрлэжээ.
Амин орон хэд хичнээн ямар бүрэлдэхүүнтэй, үндэс язгуур нь юу юу болох тухай мэдээллэх дөхөж байгаад итгэдэг. Амин орон бол биетийн хосломол чанарын билэг тал гэдэгт эргэлзээ алга. Үе шат бүхэндээ дүрслэг-оронлог хосолмол чанараа агуулна. Энэ бүхний тухай эргэн буцан дахин давтан өгүүлсний учир нь орон – мэдээлэл хоёр нь хүмүүний бүтэц бүрэлдэхүүний нэг хэсэг нь юм шүү гэдгийг тодруулах гэсэн юмаа. Хүмүүний язгуур бүтцийн билэгийн талыг ангаах ухаан, эмч нар урьдчилан сэргийлэх, төгс эдгэрүүлэх, үйл ажиллагаандаа хэрэглэх гайхам үр дүнд хүрэх гол гогцоо асуудал энд байгаа болохоор тэр.