ДЭЛҮҮ
13 жил, 1 сар өмнө

Шороон махбодьтой дөрвөн завсрын зүгийг эзэлсэн арга-билэг чанар харьцангуй тэгш эрхтэн юм. Дэлүү цус төлжүүлж эргэлдэх цуснаас өтөлсөн, мөхсөн эсийг шүүн авч тунгалагжуулна. Дэлүү нь таван цул дотроо командлах үүрэгтэй эрхтэн юм.

Аль нэг эрхтэний дэлгэрэл харьж сулрангуут дэлүүн судал дэлгэрч удаах эрхтэний билэг чанарын дэлгэрэл эхлэнгүүт дэлүүн дэлгэрэл харьдаг. Энэ мэт дэлүүн судал өнгөрч буй улирлын сүүл сарын сүүлчийн ес хоногоос дэлгэрч эхэлж буй улирлын эхний сарын ес хоногт буюу 18 хоног буюу дөрвөн завсарын 72 хоног дэлгэрнэ. Дэлүү цул эрхтэний судлын дэлгэрлийг хаах нээх үйлдэлтэй эрхтэн юм.

Дэлүү - уушиг               

Уушиг бол хоёр дахь бөөр юм. Бие дэх шингэнийг ууршуулан гаргахдаа бие дэх бохир хийг гаргана. Энэ үйл ажиллагаа нь дэлүүний шингэн зохицуулах арга талын үйлийг тэтгэдэг учир уушиг нь дэлүүнд хүү мэт тустай.

Уушиг төмөр махбодьтой. Төмөр нь дэлүүний шороо махбодийн дотор агуулагдаж түүний бүрэлдэхүүн болж байдаг. Энэ байдлаараа эх хүүгийн билэг шинжтэй юм.

Дэлүү - бөөр

Бөөр цуснаас илүүдэл усыг шүүн ялгаруулдаг. Дэлүүний шингэн зохицуулах ажиллагаанд туслагч болдог. Бас цусыг цэвэршүүлэн дэлүүн цусархаг чанарыг ариусгахад тустай. Эдгээр шинжүүд дэлүүнд нөхрийн харьцааг үүсгэнэ. Дэлүү усыг өөртөө татан шингээх чанартай болохоор усан махбодьтой бөөрөнд дайсан болдог.

Дэлүү -элэг

Элэг модон махбодьтой учир шороон махбодийн шим тэжээлийг сөрөн өөрөө оршдог. Энэ нь цаад билэг чанараараа дэлүүнд хорших харьцааг үүсгэдэг. Элэг нь цусыг шүүж цэвэрлэдэг эрхтэн боловч үхсэн ба өтөл эсийг тунгаадаггүй учир энэ арга чанар нь мөн л дэлүүнд дайсагнах харилцааг үүсгэнэ.

Дэлүү - зүрх

Зүрхний   гал   махбодь   шороог төрүүлдэг.   Ийм   билэг  чанараараа   зүрх   нь дэлүүний эх болдог. Зүрх дэлүүнд элч-хий, шим тэжээл тэгш цус өгч тэтгэдэг нь мөн л дэлүүнд эхийн харилцааг үүсгэнэ.

Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос