Дулаан сэтгэл
11 жил, 8 сар өмнө

Хэзээний анд найзууд уулзах болгондоо нэг нэгэндээ амьдарлаа ярьцгааж, баяр жаргалд нь баясаж, зовлонд нь хамт харуусдаг. Бусдын жаргалд баясах хийгээд түүнтэй холбоотой зүрх сэтгэлээрээ дулаан дотно байх нь хайрын гол утга билээ. Энд өгүүлж байгаа халуун зүрх сэтгэлийн хайр энэрэнгүй сэтгэлийн суурь болдог, яагаад гэвэл, хайрладаг хүмүүсийн сэтгэл зовлонтой байгааг мэдвэл тэднийг зовлонгүй болгох гэсэн энэрэнгүй хүсэл төрдөг. Асрал хайр буюу хайр ба энэрэнгүй сэтгэлийн хослолыг хамгийн дээд, сэтгэлийн гүйцэд боловсрол гэж үздэг. Асрал хайр нь хамаг жаргалын эх булаг бөгөөд энэ ертөнцийн хамгийн үнэт зүйл юм.

Асрал хайр нь амьдралыг тэтгэгч рашаан билээ. Эх хүн хөхөөрөө үрийнхээ биеийг өсгөдөг шиг зүрхнийхээ асрал хайрын илчээр ухааныг нь тэжээн торниулдаг. Хайр энхрийлэл үзээгүй хүүхэд сэтгэл санааны хямралтай, тэр байтугай сэтгэц мэдрэлийн тогтолцоо нь доголдолтой болдогийг анагаах ухаан зөвшөөрч байна. Зөвхөн нялх хүүхдүүд биш. Бид бүгдээрээ амьдралынхаа турш аз жаргалтай, бие сэтгэлийн амгаланд оршихын тулд бусдын асрал хайрд шүтэж байдаг. Яагаад ийнхүү шүтэлцээтэй байна вэ гэвэл, хэдийгээр эхийн хөхнөөс гарсан боловч элэг зүрхнээс нь холдоогүй байдагтай холбоотой. Тиймээс ч эхийн хайр эхнэр нөхөр, найз нөхдийн асрал хайрын хэлбэрээр хэрэгтэй болж, бүр заримдаа эрж шаарддаг. Тийм байх албагүй юм. Жинхэнэ том болсон хүн бол амьдарлын дээд аз жаргал нь бусдад хүртээх хайраас үүдэлтэйг ойлгон, түүнийг ч биелүүлж байгаа, эхийн хайр дутагдахаас чөлөөлөгдсөн хүнийг хэлнэ. Бусдыг төгс хайрлах хэмжүүр нь эхнэр нөхөр, найз нөхдийгөө хайр шаардах хорт зуршлаас нь тэвчээртэйгээр хөтлөн гаргах юм. Тэд ч мөн адил хариу нэхэлгүйгээр бусдыг аз жаргалтай болгох эрх чөлөөт сэтгэлийн цэнгэлийг нээж болно шүү дээ.

Гүн талаас нь үзвэл, асрал хайр нь энэ дэлхийн хамаг жаргалын эх сурвалж юм, учир нь, жаргалтай болоход шаардлагатай дотоод нөхцлүүдийг бий болгодог. Жаргал эдлэхийн тулд тухайн сайхан зүйл байхаас гадна зөв сэтгэлийн болон буянт үйлийн чадамж хоёрын дотоод нөхцлүүд хэрэгтэй. Энэ чадамж бол урьд үйлдсэн хорлолгүй үйлийн үр дагавар бөгөөд хорлолгүй зан төлөвтэй болохын тулд сайхан сэтгэлтэй хөтлөгчийн үлгэр дуурайл хэрэгтэй болдог, үүнд Христ хийгээд Бурхан багш нар юм. Эдгээр хөтлөгч нар өөрсдийн асрал хайраар бусдыг сайн сайхан зан төлөвт удирдан чиглүүлдэг. Тэдэнд өөр бусад зорилго үгүй.

Далаад оны дундуур Бурханы шашинтан болохоос өмнө Төвдийн анагаах ухаан сонирхдог сонирхолдоо хөтлөгдөн би Энэтхэгийн хойд нутагт очиход Дарамсалад суудаг Дулмаа гэдэг уламжлалт анагаах ухааны төвд эмчтэй танилцсан юм. Гималай уулын бэлд Дээрхийн гэгээн Далай лам багштан болон Төвд цагаачид суудаг тэр газар Төвдийн Анагаах ухааны төв нь сургалт, эмчилгээний үйл ажиллагааг нэгэн зэрэг сайн явуулж байсан юм. Дулмаа эмч намайг дагуулж, ажлаа ажиглуулахыг зөвшөөрсөн ба өвчтөнүүдээ үзэж байхад Дулмаа эмчийн ажлын өрөөг өөрийн саяхан ажиллаж байгаад ирсэн Австралийн хүнгүй шахам тасгуудтай харьцуулахгүй байж чадахгүй байлаа. Харьцуулах ямар ч боломжгүй байсан юм. Судас барих болон шээсний хөөсөөр оношлох аргууд нь нэг хэрэг, өвчтөнтэйгээ харьцах байдлаарааүлэмж их ялгаатай байлаа. Тэр өвчтөнүүдээ энэрч, өвчтөнүүд түүнийг хайрлаж байсан юм. Эмнэлэг тэр аяараа асрал хайрын илчээр дүүрэн байсан нь өвчтөнүүдийг хүн гэхээс илүү “өвчин” гэж үздэг миний ажиллаад ирсэн хүний төлөө мэдрэмжгүй эмнэлгийн уур амьсгалаас тэс өөр байлаа. Тэрээр оношилгоо, эмийн ургамлаар гайхамшигтай эмчлэх арга барилтайн дээр сайн эмч гэж нэртэй болсон нь Дулмаа эмчийн асрал хайрын хүчтэй холбоотой гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байлаа.

Барууны анагаах ухааны эмч гэж би биеэ тоосон бардам зантай байсан ч гэсэн Дулмаа эмч надад Төвдийн анагаах ухаанаас зааж өгөхийг зөвшөөрлөө. Надад судас барих, шээсний шинжилгээг тайлбарлаж заасан боловч асрал хайрын тухай ганц үг цухуйлгаагүй билээ. Ердөө л өөрөө харуулсан юм. Хожим нь би Төвдийн анагаах ухааныг гүнзгийрүүлэн судалж байхдаа сурах бичгийн ёс суртахууны тухай бүлэг нь зөвхөн асрал хайрлалын тухай өгүүлсэнийг мэдэж авч билээ. Манай Анагаах ухааны сургуулийн ёс суртахууны лекцүүд нь эмчилгээний асуудлаар шүүхэд дуудагдахаас хэрхэн зайлсхийх тухай байсан даа. Асрал хайрлалын тухай юу ч байгаагүй.

                                                                                                                                                       Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв