Г. ОТГОНБАЯР: БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БАРИЛГЫН БҮРЭН ЦУТГАМАЛ ТЕХНОЛОГИЙН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЬЕ
Монгол оронд их бүтээн байгуулалт, орчин үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой тохиож буй энэ үед констракшны гол хэрэгсэл болох хэв хашмалын үйлдэрлэлээрээ анхдагч ТАСО хэв хашмалын үйлдвэрийн захирал Т.Отгонбаяртай уулзаж үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын талаар яриа өрнүүлснээ танд хүргэж байна.
- Сайн байна уу. Монголд барилгын хэв хашмалын үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж байгаа танай хамт олонд Барилгачдын баярын мэнд хүргье. Барилгын хэв хашмалын үйлдвэрлэлийг яагаад сонгох болсон талаар яриагаа эхэлье.
- 2010 онд Нүхтэд баригдаж байсан 2 ижилхан хаусыг харж байсан юм л даа. Хэв хашмалаар (пум) барьж байсан хаус нь маш эмх цэгтэй шуурхай баригдаж дууссан байхад, панераар барьж байгаа нь дөнгөж эхлэх шатандаа л явж байсан атлаа ундуй сундуй харагдаж байсан. Тэр үеэс хэв хашмалын технологийг сонирхож эхлэсэн. Тэр ондоо Солонгосоос хэв хашмал импортоор оруулж ирж үзсэн. Тухайн үедээ тооцоо хийж үзээд хэв хашмалыг үйлдвэрлэж чадвал Монголын бүтээн байгуулалтанд том хувь нэмэр болох юм байна гэж шийдээд тоног төхөөрөмж, үйлдвэр зэргийг эрчимтэй судалж, солонгос инженерүүдийг авчирж технологийг нутагшуулж эхлэсэн дээ.
- Хэв хашмалын үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж нь Солонгос улсынх уу?
- Энэ технологи дэлхий нийтэд маш өргөн ашиглагдаж байгаа технологи бөгөөд Солонгост сүүлийн гуч гаруй жил эрчимтэй хөгжиж шалгарсан технологи юм. Зүүн өмнөд азийн улсууд, Веатнам, Тайланд, Бирм, Орос зэрэг улсын хэв хашмалын хэрэгцээг Солонгос хангаж байна.
Манай үйлдвэр бол одоогоор төв азид байгаа ганцхан хэв хашмалын үйлдвэр. Энэ үйлдвэр Хятадад байхгүй. Яагаад гэвэл Хятадууд бол олон хүнийг ажилтай байлгах зорилготой технологийг ашигладаг. Мод тарьдаг, мод бэлтгэдэг, модоо зордог, зорголоор нь панер хийдэг, панераар байшин барьдаг гэх мэтээр дамжлага бүр дээр хэдэн сая хүн ажилтай байдаг. Зардал хэмнэсэн бүтээмж өндөртэй хэв хашмалын технологи Хятадад нэвтэрвэл олон хүн ажилгүй болох учир энэ технологийг нэвтрүүлэхгүй байна. Бид бүх төхөөрөмжийг Солонгосоос оруулж ирсэн. Энэ технологи маань цөөхөн хүн өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой технологи учир манай улсад илүүтэй тохирох технологи юм.
- Үйлдвэрийн баг хамт олноо хэрхэн бүрдүүлж, сургаж хөгжүүлж байна?
- Солонгосын инженерүүдийг авчирж тоног төхөрөөмжөө суурилуулж, хүмүүсээ сургаж авсан. Анх 4-р цахилгаан станцийн хажууд халаалтгүй хүйтэн грашд гурвуулахнаа ажлаа эхэлж байлаа. Одоо 20 гаруй сайхан залуус ажиллаж байна. Яруу сэтгэгч нэгдэл байгууллагаас баг хамт олноо хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ аваад сургалт хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж өндөр үр дүнд хүрч байна. Манай үйлдвэр, ажлын орчинг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх 3САЙХАН зарчмыг үйлдвэртээ нэвтрүүлж тодорхой үр дүнд хүрч байна. “Хэв хашмалын технологио бүрэн эзэмшсэн монгол залуучуудыг бэлдэж авъя” гэсэн бодлого барьж технологийн инженерээр Солонгос инженер ажиллуулж байна. Цаашид ажилчидаа Солонгосын үйлдвэрүүдэд дадлага хийлгэж илүү мэргэшүүлэхээр төлөвлөж байна.
- Хэв хашмалын ач холбогдол, давуу тал юу вэ?
- 1-рт САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТ. Манай хэв хашмал олон дахин ашиглагддаг бөгөөд 40 удаагийн цутгалт хийх боломжтой учир зардалд хэмнэлттэй. Цаашилвал улсын эдийн засагт маш их хэмнэлттэй. Жишээ нь хэв хашмалын 1 тэрбумын борлуулалт, 4- 5 тэрбумын хятад хар панерын импортыг хааж эдийн засагт тэр хэмжээний мөнгийг үлдээдэг. Тэр хэмжээгээр Хятадруу мөнгө урсахыг багасгана.
2-рт ӨНДӨР БҮТЭЭМЖ. БҮРЭН ЦУТГАМАЛ технологи нь 8 баллд тэсвэртэй, өнгө үзэмж сайтай, хог хаягдал багатай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр бүтээмжтэй технологи юм. Хэв хашмалыг УГСРАХАД ХЯЛБАР, ямар ч хүнийг сургаж болохуйц хялбар бөгөөд нарийн мэргэшсэн мужаан шаарддаггүй энгийн технологи. Мөн цөөхөн хүн өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой. Сайн төлөвлөж чадвал 3- 5 хоногт л 1 давхарыг цутгадаг. Бүрэн цутгамал хийцийн гадаргуу өө сэвгүй тэгш сайхан гардаг тул заслын ажлыг ихээхэн хөнгөвчилж, өртөг зардлыг бууруулдаг юм.
3-рт ЦАГ ХУГАЦААНЫ ХЭМНЭЛТ. Хар панераар 2 жил барьдаг байшинг жилийн дотор барих бүрэн боломжтой. Жишээ нь Буянт ухаа хорооллыг манай хэв хашмалаар жилийн дотор босголоо. Монгол улс дулааны богино улиралтай тул хэв хашмал ашиглаж бүтээн байгуулалтынхаа хугацааг түргэтгэх нь Монгол улсын эрх ашигт бүрэн нийцэх юм. Сүүлийн үеийн энэ их бүтээн байгуулалтыг хэв хашмалаар л босгож байна. Цөөхөн хүнээр том бүтээн байгуулалт хийхийн тулд дэвшилттэй технологийг ашиглах хэрэгтэй байна.
4-рт БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ. Хятадуудын хар панераар барьдаг барилга бол панер, прус мод их хэмжээгээр ашигладаг байгальд хор нөлөө ихтэй технологи юм. Хятад хар панер 2- 3 удаа ашиглагдаад хог болж шатаахаас өөр аргагүй болно. Панерт ашигладаг цавуу нь шатахдаа агаарт хорт утаа ихээр дэгдээдэг. Пруст ашиглахын тулд хууль бусаад мод бэлтгэх нь ихэсч Монгол орны ойг сүйтгэж байна. Уг нь Монголчууд бид байгальд хортой барилгын Хятад технологиос татгалцаж олон удаа ашиглагддаг бүрэн цутгамал хийцийн хэв хашмалын технологийг бүрэн нэвтрүүлж, стандарт болгож мөрдүүлвэл Монгол улсад их л хэрэгтэй байгаа юм.
- Импортын хэв хашмалаас ялгарах онцлог бий юу?
- Ханш өссөн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд импортоор оруулж ирж байгаа пумнаас манайх доод тал нь 5- 10 мянган төгрөгөөр хямд. Мөн импортын хэв хашмалаас чанартай гэж итгэл дүүрэн хэлнэ. Солонгос үйлдвэрүүд хэв хашмалаа хоёр гурван мянган вон хямдруулж өгөхдөө өөрийнхөө зардлыг хэмнээд хятадын хамгийн хямдхан паниарыг ашиглаж хэв хашмалаа хийх нь элбэг байдаг юм билээ. Гэтэл бид хэрэглэгчийнхээ яг дэргэд байгаа, буух эзэнтэй буцах хаягтай үйлдвэрлэл явуулж байгаа учраас солонгосын ТЕГО брэндийн сайн чанарын панерийг ашиглаж байна. Одоогоор Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, Дельта констракшн, БҮТИ ХХК, Очир ундраа групп, SAMSUNG, Эрин интернайшнл, Жигүүр гранд, Билэгт Зам ХХК зэрэг барилга бүтээн байгуулалтын тэргүүлэгч 50 гаруй компаниудтай тогтмол хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Буянт Ухаа- 1, 2 хороолол, MCS товер, Эрин хороолол, Гашуун сухайтын бүтээн байгуулалт, шинэ нисэх буудал, төмөр замын далан, зам гүүр гээд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг ТАСО хэв хашмал, ханчаар хийж байна.
Зам гүүр, далангийн ажилд голчлон ашиглагддаг тусгай Ханч панелийг 100% импортоор авдаг байсныг өөрчилж Монголдоо бүх төрлийн хэмжээсээр үйлдвэрлэж байна.
- Хамтран ажиллаж байгаа компаниуддаа юу амлаж чадах вэ?
- Бид наймаачин сэтгэлгээгээр хандахгүй. Хэв хашмалын эрэлт хэрэгцээ их үед ч монополдож 1 төгрөг ч нэмж үзээгүй. Өрсөлдөгчгүй гээд бид үнээр дарамталж авбал ав больвол гэсэн сэтгэлгээгээр хандахгүй. Зах зээлийн ямар ч үед харилцагчиддаа үнэ тулгаж, хааж боох сэтгэхүй байхгүй. Сайн чанарыг амлаж чадна. Импортын үнээс хавьгүй хямд үнийг амлаж чадна. Эдгээр байр сууриа хэзээ ч гээхгүй. Эцэст нь, түншлэгч компаниудынхаа ажлыг нэг өдөр ч саатуулахгүйн тулд хамаг сэтгэл зүрхээ зориулж ажиллана.
- Монголдоо үйлдвэрлэл хөгжүүлэхэд та бүхэнд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
- Технологи нутагшуулах гэдэг тун бэрхшээлтэй юм билээ. Тэрэнд маш их ухаан, цаг хугацаа, хөрөнгө зарж, өөрөө хоосон хоносон ч хамаагүй тийм их сэтгэл гаргах хэрэгтэй юм байна лээ. Үйлдвэрийн газар, үйлдвэрийн байрны асуудал маш хүнд байна. Үйлдвэрийн газар маш үнэтэй. Уг нь үйлдвэрийн бүсчилсэн газар байгаад тэнд нь хөнгөлөлтэй хэлбэрээр газар өгдөг бол дөнгөж босох гэж байгаа үйлдвэрүүдэд маш их хэрэгтэй байна.
Монголдоо үйлдвэрлэсэн барилгын материал, технологийг илүүтэй дэмжих талаар Барилга, хот байгуулалтын яам бодлого баримталвал хэдэн үйлдвэрүүд босоод ирэхээр байгаа юм.
Түүнчлэн засгийн бүтцэд экспортод түлхүү анхаарсан яам биш юмаа гэхэд тусгайлсан агентлаг байвал зүгээр. Яамууд дээр экспорт хариуцсан алба байгаа ч тэдгээр нь хоорондын уялдаа холбоогүй жижиг бүтцүүд байгаа болохоор дорвитой бодлого хэрэгжүүлж чадахгүй байна л даа.
- Монгол улсынхаа бүтээн байгуулалтын салбарт чухал хэрэгцээтэй технологи үйлдвэрлэж байгаа танай бүтээлч хамт олонд өндөр амжилт хүсье.
Б. Цэцэгбаяр