Г.Баяр: Яруу найргийг би зүрх урсан хийлийн аялгуу гэж боддог
Яруу найрагч Ганболдын Баяртай ярилцлаа.
Тэрээр биеийн өвч нөө сэтгэлийн хатаар, ялангуяа яруу найргаар даван туулж буй юм.
-"Чөлөөт сэтгэлгээний дуулал" яруу найргийн наадамдтүрүүлсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Өөрийгөө түрүүлснийг ч мэдээгүй. Тэр өдөр утсаа унтраагаад унтчихсан юм. Орой утсаа асаасан чинь хүмүүсээс баяр хүргэсэн мессеж ирсэн байсан. Юу билээ гээд гайхаад байсан чинь "Чөлөөт сэтгэлгээний дуулал" яруу найргийн наадамд түрүүлсэн байсан юм билээ.
-Хамгийн сүүлд ямар шүлэг бичсэн бэ?
-Өчигдөр шөнө гурван мөр шүлэг бичлээ.
"Хэн нэгэн намайг асуувал
Шүлгийнхээ дэвтрийг жимсээр дүүргэх гээд
Уул руу явсан гэж хэлээрэй, Намуунзул аа" гэсэн мөртийг хэлхлээ.
-Залуус богино шүлэг их бичих болжээ. Учир юунд байна вэ?
-Янз бүрийн шалтгаан байдаг байх. Сүүлийн үед би шүлгээ богино бичээд байгаа. Хамгийн дээд тал нь 15 мөрт болж байсан. Эх орны тухай хоёр бүлэг 30 мөр шүлэг бичсэн нь хамгийн уртдаа орно.
-Шүлгийг урт, богино бичихийн хооронд ялгаа их байдаг уу?
-Асар ялгаатай. Миний бодлоор хэлж чадахгүй байгаа санаагаа уртаар зунгааруулж байхаар тас хийсэн гурван мөртөд багтаая гэж боддог. Түүгээрээ давуу талтай болчихож байгаа юм. Жишээ нь мод гэдэг үгийг өчнөөн олон мөрөнд багтааж гаргадаг. Түүний оронд гурав, дөрвөн мөртөд багтаагаад хэлчихэж болно.
-Хэзээнээс утга зохиолын харьяат болсон бэ?
-2004 оноос эхэлсэн гэж ойлгож болно. Анх дууны шүлэг бичиж түүгээрээ дамжин энэ их айлын хаяанд хашаагаа барьсан.
-Ямар дуу билээ?
-"Миний аавын цагаан овоо" гээд дуу бий. Гавьяат жүжигчин С.Жавхлан дуулж олны хүртээл болгосон.
-Одоо хичнээн дуутай болсон байна вэ?
-17, 18 дуутай болчихож. Хөгжмийн зохиолчид ирж дууны шүлэг авна. Би өөрөө таньдаг дуучдадаа мөн дууны шүлэг өгнө. Энэ мэтчилэн хамтарч уран бүтээл хийж байна.
-Яруу найрагчид хит дуутай болсон ч өөрт ашиг байдаггүй юм шиг санагддаг?
-Тэр үнэн шүү. Хүмүүс дууны үг голоод байхаар нь П.Бадарч гуай нэг хүлээн авалт дээр "Та нар тийм овоо юм бол наад дууныхаа үгийг авчихаад дан аяа гиншээд үз дээ" гэсэн байгаа юм. Дууны үг гэдэг их нөлөөтэй зүйл. Тэр шүлгийг харж байж аялгуу хийнэ. Гайхалтай сайхан шүлгэнд гайхалтай аялгуу л зохиогдоно. Хамгийн гол нь яруу найрагчаа мартчихдаг. Ядаж FM-ээр тэр дуучны тэр дуу л гэж зарладаг шүү дээ. Монголд зохиогчийн эрхийг хамгаалж байх ёстой гэж санадаг. Японд ганцхан дуу зохиосон хүн тэрбумтан болчихсон гэж дуулсан. Энд тэндхийн арга хэмжээнд дуулж байгаа л бол тэр хүнд мэдээлэл нь ирж, дансанд нь мөнгө нь орж байдаг гэсэн. Монголчууд урлагийг үнэлэхгүй байна. Хүмүүсийн хов жив, оймс, гуталхан гэх мэтээс эхлээд хэтэрхий жижиг зүйлээр оролдох юм. Нэг талаараа урлагийн мэдрэмжгүй болчихсон юм болов уу. Энэ бол шилжилтийн үе. Удахгүй урлаг үнэд орох болно. Хүн байгаа цагт урлаг байх нь гарцаагүй.
-Урлаг гэж таны бодлоор юу вэ?
-Хүмүүс олон янзаар л нэрлэдэг байх. Урлаг бол хүмүүний дотоод гоо сайхан. Хүний мөн чанартай салшгүй холбоотой.
-Утга зохиолд хөл тавиад хичнээн ном өлгийдөж авсан бэ?
-Одоо хоёр ном л хэвлүүлчихээд байна. Хоёр дахь номоо ноднин "Азиза" нэртэйгээр уншигчдын гарт хүргэсэн. Хоёр, гурван жилийн дараа ахин нэг ном хэвлүүлэх санаатай.
-Таны шүлгээс мэдрэмж, ухаарал мэдрэгддэг. Ёстой л унаган байгалийн авьяастай гэдэг шиг...
-Нутаг, устай минь холбоотой. Би багаасаа л хөдөө өссөн. Борооны дараа үүлс бөхөлзөж байгааг хараад өөрийн эрхгүй шүлэг тэрлэдэг. Тийм гэгээн мэдрэмж давамгайлчихаад байхад зүгээр сууна гэдэг аймшигтай. Би төмөрлөг зүйлд дургүй. Мөн төмөрлөг шүлгэнд дургүй.
-Хүссэн хүсээгүй төмөрлөг цаг үе ирчихлээ шүү дээ?
-Нийгэм төмөрлөг болох тусам хүн байгаллаг болох ёстой байхгүй юу. Хүн байгальтайгаа ойр байж амьдарна. Тэгэхгүй бол төмөр нийгэмд хүн төмөр л болно. Бүргэд гээд манай найз "Хүн эхлээд хүн байсан юм. Дараа нь хүнэнцэр болсон. Түүний дараа мал болсон. Эцэст нь маланцар болчихоод байна" гэж билээ.
-Айхтар хэлжээ?
-Харин тийм. Тэр үгэн дээр нь би нэмээд "Хүн үнэг байсан юм. Одоо үнэгэнцэр болжээ" гэж үргэлжлүүлсэн. Угтаа энэ нь хүнийг бус төмөрлөг нийгмийг хэлээд байгаа юм. Хүний оюун санаанд хүртэл төмөр нөлөөлөөд эхэлчихсэн.
-Байгаль өөрөө яруу найраг гэдэг үгтэй санал нийлэх үү?
-Угаасаа байгаль тэр чигээрээ яруу найраг. Би нутгийнхаа Суман голд очих дуртай. Голын урсгалыг чагнан юу ч бодохгүй хэвтэх сайхан. Тэгж л өөрийгөө хөглөж байгаа юм.
-Ямар үед шүлгээ бичдэг вэ. Тэнгэрийн ааш хувьсахаас эхлээд олон хүчин зүйлийн нөлөөлөл байдаг боловуу?
-Уран бүтээл төрөх агшин бүр өөр. Тэнгэр яаж хуйсганаж байгаагаас шалтгаалаад л янз бүрийн шүлэг төрдөг. Инээж байхдаа бичсэн шүлэг марзганал болчихоод байдаг. Шүлэг гэдэг өөрөө эмзэг нарийн зүйлийг шаарддаг юм шиг санагддаг. Хүмүүсийн боддог шиг бүдүүн хадуун зүйл яавч биш.
-Хутганы ир мэт торгон мэдрэмж хэрэгтэй юм шиг санагддаг шүү?
-Хүн бүрийн үзэл бодол өөр. Хүн өөрөө өөртөө гүн ухаанч шүү дээ. Тийм болохоор өөрийн ухаанаар боддог байлгүй. Би хутганы ир шиг гэж хэлэхгүй. Би шүлгийг хөгжимтэй зүйрлэх дуртай. Ялангуяа хийл хөгжим. Гэхдээ хийл хөгжим хэцүү. Цаанаасаа зүрх ураад байдаг. Заримдаа би өөрөө айдаг. Шүлэг бол яг тэр гэж бодогддог.
-Хийлээс зүрх зүсэм аялгуу гардаг гэж үү. Голын ус долгиолон урсах мэт харин ч намуухан биш үү?
-Хийл хөгжим хүнийг дотоод мөн чанартай нь уулзуулдаг. Шууд хүнд нөлөөлж чаддаг. Жишээ нь тостой хоол идсний дараа тос нь шууд зүрхэнд хүрдэг. Хийл бол яг л тийм. Хүнийг хуйсгануур болгочихдог.
-Үеийнхээ уран бүтээлчдийн тухай ярихгүй юу?
-Манай үеийнхэн энэ цаг үед яалт ч үгүй гараад ирсэн. Хэрэв дардаг бол хүссэн хүсээгүй биднийг гаргаж ирнэ. Даравч далдайна. Булавч бултайна гэдэг байх аа. Үеийнхэн маань ер нь жигдхэн сайн бичиж байгаа. Монголын яруу найрагт нэгэн хүчтэй давалгааг оруулж ирж байна. Гэхдээ бид болоогүй. Цаашид хийх зүйл их бий. Сүүлийн үед манайхан "Би ийм шүлэг бичсэн. Ёстой алаад хаясан. Над шиг ийм шүлэг бичсэн хүн байхгүй" гэдэг. Дараа нь нэг хөгжмийн зохиолч дээр очоод уулзахад "Би алаад хаячихсан. Над шиг ийм аялгуу зохиосон хүн байхгүй" гээд онгирдог. Энэ бол жинхэнэ тэнэг асуудал. Хүн хэзээ ч өөрийгөө тодорхойлох эрх байхгүй. Уран бүтээл нь хүмүүст хүрсний дараа цаг хугацаа бүгдийг тодорхойлж өгөх болно. Түүнээс "Би алчихлаа" гээд байх утгагүй. Сүүлийн үед энэ үгэнд ёстой дургүй болчихоод байна. Пикассо нэг зураг зурчихаад тэгж хэлж байгаагүй л байхгүй юу. Битгий эрт цээжээ дэлдээрэй гэж хэлмээр санагддаг. Эрт цээжээ дэлдвэл сарьсан багваахай л болно. Гэхдээ манай үеийнхэн авьяастай, чадвартай.
-Танай үеийнхнийг их нийтэч гэж утга зохиолын хүрээнийхэн ярих юм билээ?
-Гэхдээ манай үеийнхэн дотор зарим хүмүүсийн шүлэг хоорондоо их адилхан болоод байгаа. Яагаад гэвэл байнга уулздаг. Өөрсдийнхөө шүлгийг хоорондоо уншдаг. Тэр нь эргээд сөргөөр нөлөөлчихөж байгаа юм. Нөгөө талаараа өөрийнхөө дотоод ертөнцийг чагнахгүй байна. Тэгэхгүй хүний гаргасан замаар замнаад байгаа хэрэг. Адилхан хүн гэж байдаггүй болохоор хүн бүрээс өөр шүлэг л сонсогдох ёстой. Хатуухан хэлэхэд хэлбэрдээд байгаа л даа. Америкийн яруу найраг америкаараа л байг л дээ. Монголын яруу найрагч монголоороо л байх хэрэгтэй. Хамгийн гол нь Монголын яруу найргийг яаж хөгжүүлэх вэ гэж бодох нь чухал. Орчин үеийн хэрнээ тэндээс нь монгол үнэртдэг яруу найраг байх хэрэгтэй гэж бодогддог. Өөрсдийнөө замаар яваад Америкийнхны хүрч чадаагүй оргилд бид хүрчих ч юм билүү.
-Эрс шинэчлэл, уламжлал гээд хоёр хуваагдаад байгаа юм биш үү?
-Эрс шинэчлэл хийж болно. Гэхдээ шинэ юм гэж угаасаа байхгүй. Яаж ч ухсан хуучин зүйл л байдаг. Баабарын хэлсэн "Яруу найраг мөлжөөд хаясан яс юм" гэж үг бий. Нэг талаараа энэ үг миний аазгайг хөдөлгөдөг. Мөлжөөд хаясан яснаас би мөлжүүр олчихвол яах вэ. Нэг талаараа мөлжөөд хаячихсан гэдэг нь үнэн. Ядаж л бичиж үзээгүй сэдэв алга. Жишээ нь аяга гээд сэдэв байхад үүнийг өөр өнцгөөс харж бичиж болно.
-Мэдээж хүндэлдэг яруу найрагчид байдаг байлгүй?
-Данзангийн Нямсүрэн, Дамдинсүрэнгийн Урианхай, Дарамын Батбаяраас эхлээд байна. 1990-ээд оны уран бүтээлч ах нартаа бүгдэд нь хайртай. Арлааны Эрдэнэ-Очир, Цогдоржийн Бавуудоржоос эхлээд сайхан уран бүтээлчид их. Энэ хоёр яруу найрагчийг 1990-ээд оныхны оргил гэж боддог. Хэрэв титэм зүүж өг гэвэл энэ хоёр яруу найрагчид хамгийн түрүүнд өгнө. Бидний үеийнхнийг хойч үе тодорхойлно.
-Яруу найргийг цөөн үгээр тодорхойлбол?
-Яруу найраг бол хөглөж болдоггүй хөгжим. Бид хөглөх гээд ядаад байдаг. Үнэндээ хөглөгдөх хэцүү.
-Танд эвгүй сэтгэгдэл төрүүлж магадгүй. Таныг биеийн байдлаасаа шалтгаалаад уран бүтээлдээ цаг зав ихгаргадаг. Тийм ч болохоороо сайн уран бүтээл төрүүлдэг гэх юм билээ?
-Эвгүй нь юу байхав. Миний хувьд өвчин том асуудал биш. Нэг л өдөр энэ биеийг би тайлна. Хүн хувцсаа тайлдаг шиг л тайлна. Би оюун санаагаараа босоо явдаг. Миний оюун бодол эрүүл шүү дээ. Бие өвчтэй дээр нь оюун санаа өвчилчихсөн бол өөр хэрэг. Үхэл, бухимдал бодоод явах байсан байлгүй. Гаднаа л ийм байгаа болохоос сүнслэг бие маань эрүүл. Үүнд ямар ч асуудал байхгүй.
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Хамгийн сүүлд "Бодь мөрийн зэрэг"-ийг уншлаа. Бас л их сонин юм билээ. Равжаа хутагтын шүлэг, "Бодь мөрийн зэрэг" сургаалын шинжтэй. Мөн "Алтангэрэл судар"-ыг уншсан. Бид тангад үсгээр бичигдсэн болохоор шүтээн гээд байгаа болохоос дотор нь юу байдгийг мэддэггүй.
-Тэгээд юу байх юм?
-Бурхан багшийн сургаал. Хоосны тухай номлол юм билээ. Монголчууд шашныг сохроор шүтдэг байж. Бид түүнийг судлах хэрэгтэй.
-Та чөлөөт, нөлөөт зохиолчдын хорооны алинд нь харьяалагддаг вэ?
-Уг нь чөлөөт зохиолчдын хороонд байсан. Одоо Их Д.Нацагдоржоо бараадаж байна. Чөлөөт зохиолчдын хорооноос зохион байгуулсан "Мөнгөн цом" яруу найргийн баярт найз нараа дагуулаад шүлэг уншихаар очсон боловч хэнийх нь ч шүлгийг уншуулаагүй. Тэгээд л миний урам хугарсан.
"Чөлөөт сэтгэлгээний дуулал" яруу найргийн наадмын тэргүүн шагнал хүртсэн шүлгийг хүргэж байна.
ЛООЛЬХОН
Би нэгэн төрөлдөө хуур хөгжим болоод
Чиний хурууны аясаар хөг орохыг хүснэм
Би бас нэгэн хонин нүдэн цэцэг болоод
Чиний хөхөвчин дээр ургахыг хүснэм
Намайг хараад
Чиний зүрх өвддөг үү?
Хаврын ногоо ургах гэж байгаа юм шиг
Уулын цас нурж байгаа ч юм шиг
Өндөр газрын шувуу
Өндөр шаргал зэгсэнд дурлах шиг ч юм уу
Өнчин ботгоны нулимсан дотор хөвж яваа
Үүлсийн шуугиан шиг ч юм уу
Аль эсвэл
Цамцны чинь хормой дээрх улаан толбо шиг үү
Үснээс чинь нэг ширхэг үс сугарч
Өвсөн дээгүүр хийсэх шиг үү
Хэлээч улаан лоольхон минь
Ингээд л
Элс эмрээд л
Суугаад байх уу
Уруул нээх хэцүү байгаа юм бол ядаж
Ус руу ганц чулуу унагаач
Би чамайг харах болгондоо
Хүүхэд шиг хөөрч
Цас шиг хөнгөрөөд
Сэтгэл минь хүртэл далавчлаад
Шувуу ч хүрэмгүй өндөр
Нисмээр бүр нисмээр санагдавч
Газраас тасарч
Тэнгэрт хэрхэн сэлэх аргаа олохгүй юм.
Э.ЭНХБОЛД
Эх сурвалж: http://www.dnn.mn/