Г.БАЯР: Би утга зохиолгүй бол амьдарч чадахгүй шиг хайрлаж дурлахгүйгээр амьдарч чаддаггүй. Тийм болохоор эдгээр бүхэн нэг цогц байж гэмээнэ Г.Баяр гэдэг хүн амьд явна
-Идэр есийн хүйтэн эхэллээ. Энэ цаг үед танд ямар мэдрэмж хайрладаг вэ. Онгод орох уу. Эсвэл жаахан дургүй талдаа юу?
Би өвөлд дургүй яагаад ч юм бүх юм айдас хүмээр дүнсгэр хүйтэн санагдаад байдаг юм. би энэ улиралд ерөнхийдөө бичихээсээ илүүтэйгээр бодож бясалгаж өөрийгөө их чагнадаг.
-Ингэхэд танаас шууд л онгод гээд асуучихлаа. Онгод гэж байдаг эсэх талаар хүмүүс өөр өөр бодолтой байдаг. Та юу гэж боддог вэ?
Онгод уу? Онгодын талаар хүн, хүн өөр өөрөө л хариулах байх миний хувьд онгод байдаг гэдэгт итгэдэг онгод бол бүтээл туурвилыг бүтээхийн нэг тийм эрчим хүч тархи оюун руу урсан орж ирэх үйл явцыг хэлж байгаа юм. Бас нэг талаараа урам зориг гэж хэлж болно л доо
-ТАНИХГҮЙ ЦЭЦГИЙН ҮР ХЭМЭЭХ Шүлгийн түүвэр чинь “Алтан-Өд” шагнал авчирлаа. Шүлэг гэдэг Хэдхэн мөр байдаг атлаа хүнд сэтгэхүйн таашаал өгдөг энэ зүйл таны амьдралд ямар орон зайг эзэлдэг вэ. Яриагаа энэ асуултаар өрнүүлье?
Яруу найраг миний бүх зүйл. Би шүлэг бичихгүй бол амьд явж чадахгүй. Яг л загас усгүй бол хатаж үхдэг шиг .
-Анхны шүлэг анхны ном бүхэн дурсамжтай. Шүлэгтэй холбогдсон тэр үеэ дурсвал. Сайхан дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?
Би дууны шүлгээр дамжиж яруу найраг руу олж ирсэн хүн л дээ .Анхынхаа дууг арван найман настайдаа зохиож байлаа. Хүн болгонд сонсгох гээд л их догдолдог байж дээ. Анхны номоо хэвлэлтэнд өгчихөөд долоо хоног хүлээх гэж их юм болж байлаа.Номоо гарсан хойно нь бараг сар шахам дэрэн дороо хийж унтсан даа.
-Шинэ он гарах гэж байна. Ямар шүлэг, уран бүтээлээр угтаж байна вэ. Хамгийн сүүлд бичсэн мөртийн тухайд. Шүлгээ бичээд дуусах үеийн мэдрэмжийг юутай зүйрлэх вэ?
Шинэ номоо боосноос хойш шүлэг бичсэнгүй хавраас л бичиж эхлэнэ дээ . Сайхан шүлэг бичиж дуусгаад тамхи татаж суух
Дурлалт бүсгүйнхээ гэзгэнд уруул дүрж суух шиг нэг л аятайхан шүү
-Таны утга зохиолын ертөнцөд өөрийгөө тунхагласан уран бүтээл гэвэл юу байна. Уншигч бүхэнд өөр өөр санагдах болов уу. Тухайлбал ямар шүлгээ илүү тоодог вэ?
Нэг их тунхаглаад байгаа зүйл үгүй л дээ. Тунхаг гэдэг маань өөрөө уриа лоозон яруу найраг бол уриа лоозон биш л дээ. Би зүгээр бичхийн тулд л бичдэг энгийн нэгэн хөдөөгийн цулхи шүлэгч дээ .
-Сүүлийн үед богинохон шүлэг бичдэг болчихжээ. Энэ ойлголтын тухайд. Та шүлгээ богинохон бичиж байна уу?
Сүүлийн үед богинохон бичээд байгаа юм биш л дээ. ГҮЛАРАНС,ИНЖАННАШИ гээд бичгийн их өвгөд маань богинохон бичдэг байсан юм
Жинхэнэ яруу найрагч цөөхөн хэдхэн мөрөөр гаргах гэсэн бүх утга санаагаа гаргадаг .
Би ч гэсэн богинохон бичихийг хичээдэг.
-Саяхан шинэ номоо өлгийдлөө. Уран бүтээлч бүхэн сайн сайханд зорьж тэмүүлж байдаг. Таны туйлын хүсэл зорилго юу вэ?
Миний мөрөөдөл бол өөрийнхөө шүлэг хийгээд анд нөхдийнхөө шүлгүүдийг дэлхийн яруу найрагтай эгнүүлж үзэхсэн гэж мөрөөддөг.
-Хүмүүс шүлгийн олон төрөл жанрын тухай ярьж байна. Та ямар төрлөөр уран бүтээл хийж байна. Ямар нэгэн төрлөөр дагнан өөрийгөө хайрцагладаг уу?
Нууцгүй хэлэхэд би ямар төрлөөр бичээд байгааг өөрөө ч мэддэгүй мэдэх ч дургүй.
Дүрэм журам бол шорон шүү дээ.Би өөрийгөө сайн дураараа шоронд хорих дургүй .
- Энэ салбарт бичихээс гадна унших чухал гэж ярьдаг. Хэний уран бүтээлийг уншиж байна. Хамгийн сүүлд уншсан номынхоо тухай сонин сайхнаас ярьвал?
Одоо би Дарма Батбаяр гуайг уншиж байна.Батбаяр гуайг унших болгонд оюун санаа гэгээн болдог юм. Ийм агуу зохиолч бид нарын дунд амьдарч байгаад нь үнэхээр их баярладаг. МөнГ.Аюурзана, Л Өлзийтөгс хэмээх эрхэм хүмүүст их баярлаж явдаг. Яагаад гэвэл бид нарт дэлхий рүү харах цонх гаргаж өгсөн юм
-Таны дотоод ертөнцийг сонирхмоор санагдлаа. Юунд гомдож, юунд амархан баярладаг вэ?. Хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй вэ?
Нэг их сэтгэлийн хөлгөөн үгүй. Миний дотоод ертөнц
мөнхийн манантай. Хаа нэг марал урамдахаас өөр сонирхох зүйл байхгүй дээ.
-Ямар зүйл таны хамгийн их догдлуулдаг вэ. Амьдралын сайн сайхан, хайр дурлал, утга зохиол. Энэ гурвын аль нь?
Нутаг руугаа явахын өмнөх шөнө би их догдолдог. Бараг л унтаж чадаггүй юм .
Би утга зохиолгүй бол амьдарч чадахгүй шиг хайрлаж дурлахгүйгээр амьдарч чаддаггүй. Тийм болохоор эдгээр бүхэн нэг цогц байж гэмээнэ Г.Баяр гэдэг хүн амьд явна
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Т. Батсайхан