Гэр бүл гэж ямар газар вэ?
Гэр бүл хөгжиж гэмээнэ нийгэм эрүүлжиж улс орон хөгжинө. Яагаад вэ? гэвэл гэр бүл нь хүнийг бүтээдэг онцгой гайхалтай үйлдвэр юм. Чадварлаг эмч, инженер мэргэжилтэн болохын төлөө хичээллэх нь сайн эхнэр, нөхөр болохын төлөө хичээллэхээс үнэхээр амархан.
Гэр бүлийн амьдралыг хэрхэн сайн байлгах аргыг анги танхим юмуу үйлдвэр ажлын газраас сурдаггүй, харин өөрийн болон өрөөлийн гэр бүлээс, амьдрал дундаас харж, мэдэрч, хамгийн сайнаар суралцаж байдаг.
Бага байхдаа гэр бүлээсээ сурсан зуршил нь, хожим нь хань ижилтэйгээ харилцах харилцаанд тэр чигээрээ илэрч буудаг. Сайн зуршил нь ихэвчлэн ханиа жаргаадаг бол муу сөрөг зуршил нь ханиа болон үр хүүхдээ зовоож байдаг. Тийм учраас ээж аав хоёр нь эвтэй найрсаг гэр бүлд төрж өссөн хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, хүн чанар сайтай, хүмүүстэй чөлөөтэй харилцаж, амжилттай ажиллаж чаддаг.
Гэвч дийлэнх гэр бүлүүд бүрэн ойлголцохгүй, зөрчилддөг, санал зөрдөг асуудлаар дүүрэн байдаг шүү дээ. Ийм гэр бүлээс хүмүүжиж гарсан хүүхдүүд сургуульд сурсан ч, нийгмийн амьдралд орсон ч гэр бүлээсээ авсан сөрөг нөлөөллөө хамт олон нөхөддөө түгээдэг. Өөрөөр хэлбэл асуудалтай гэр бүлийн харилцаанаас дахин асуудалтай гэр бүл нийгэмд бий болж байдаг.
Жишээлбэл: Хүчирхийлэлд өртөж байсан хүүхэд насанд хүрэхээрээ яах вэ? Архи уудаг хүн үр хүүхэддээ үзүүлэх муу нөлөө хир байх вэ? Эцэг эхийнхээ хэн нэгэнтэй, “бүрэн бус” гэр бүлд өсч байгаа хүүхдүүд дараа нь яаж сайн эцэг эх болох вэ? Эцэг эхээсээ хөндий эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд эцэг эхээ хэрхэн хайрлах вэ? Энэ мэт гэр бүлийн асуудал үр удамд нь асуудлыг үлдээж даамжруулсаар байдаг. Нөгөө талаар бага цалинтай мөртлөө хажуу хөршдөө туслаж амьдардаг хүн байдаг. Тэр ч бүү хэл бүр хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө өөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг хүн ч байдаг.
Гэр бүл гэдэг бол бие биеэ ойлгож, итгэсэн сэтгэлийн үндсэн дээр хайрыг хүссэнээрээ амсдаг газар юм.
Хүн бүр амар тайван, эрх чөлөөгөө мэдэрч болох цорын ганц хайрын өргөө бол орон гэр юм. Хүнээр хүн хийх дадлагын бааз, зан суртахууны төлөвшлийн сургууль, хариуцлагаа ухамсарлах, хүмүүжлийн яам юм.
Гэр бүлд улс тэр чигээрээ багтана. Тиймээс зөвхөн гэр бүл төлөвшиж, хөгжиж байж улс орон хөгжих болж байнаа даа.
Гэр бүлийн гол багана нь эхнэр, нөхөр хоёр ба тэд хайраар бялхаж, амар тайван аз жаргалтай байвал үр хүүхэд аз жаргалтай хүн болж хүмүүжинэ. Эхнэр нөхөр хоёр нэг цул болж нэгдэхэд гэр бүлийн бүх гишүүд нэгдэж чаддаг.
Жонадон ба Симс гэх жирийн америк залуус ойролцоо хугацаанд гэрлэцгээжээ. Жонадоны гэр бүл жирийн нэгэн гэр бүл байсан хирнээ эхнэр нөхөр хоёр эв найртай, өвөг дээдсээ хүндэтгэн хайрладаг, хүнд тусархуу байж л дээ. Харин Симсийн гэр бүлээс архи, мөрийтэй тоглоом салдаггүй байж гэнэ. Эхнэр нөхөр хоёрын харилцаа хүйтэн хөндий, бие биендээ итгэлгүй байсан байна. Ярьсан болгон нь маргаан болж тайван амьдарч чадаагүй гэнэ. Ийм байдалтай байсан учраас хүүхдүүдээ сайн өсгөж чадаагүй нь мэдээж хэрэг.
200 жил өнгөрсөн хойно энэ хоёр гэр бүлийг Америкчууд судалжээ. Судалгааны үр дүн үнэхээр гайхалтай байлаа. Симсийн гэр бүлээс өнөөг хүртэл 109 хүн цаазаар авах ялаар шийтгүүлсэн, үр удмын гуравны нэг нь сэтгэцийн өвчтэй, мөн ихэнх нь хар тамхи архинд донтогч ба гэмт хэрэгтний замаар явсан байна. Харин Жонадоны гэр бүлээс ерөнхийлөгч 1, дээд сургуулийн захирал 3, өмгөөлөгч 149, шүүгч 48, сүмийн пастор 116, сайд 82, бизнесмен 75, зохион бүтээгч 25, эмч 68, багш 66 төрөн гарсан байна.
Тэгвэл яагаад нэг удмынхан ийм муу амьдарч, нөгөөх нь тун сайн болсон юм бол оо? Жонадоны үр удам нь жирийн хүмүүсээс илүү толгой сайтай төрсөн учраас уу? Мэргэжилтнүүд энэ асуултанд үгүй гэж хариулж байна. Судалгаанаас харвал эсрэгээрээ Симсийн гэр бүлийнхэн бүх талын чадвар өндөртэй байсан гэнэ. Тэгвэл энэ хоёр гэр бүлийг ялгаатай болгож байгаа зүйл нь юу вэ? тэр нь тэд нарын өвлөн авсан хөрөнгөнд байсан. Гэр бүлд дамжсан сэтгэл зүйн болон сүнслэг дотоод ухамсрын эд хөрөнгө тэднийг ялгаж өгсөн.
Жонадоны үр удам нь өвөг дээдсээсээ том “таваг” хөрөнгө болгон авсан. Тэр “таваг” нь өөрөө бий болдог зүйл бишээ. Эцэг эхээс л өвлөн авах боломжтой энэ “таваг” онцгойлон эцэг эхийн эвтэй найртай байдлыг дагаад том жижиг нь тогтоогддог гэнэ. Эхнэр нөхөр хоёрын хайр их байх тусам үр хүүхдийн сэтгэлийн доторх “таваг” томорч их хэмжээний хөрөнгө хийж болно гэсэн үг. Том тавагтай хүн нь хүмүүстэй харилцах харилцаан дээрээс олон зүйлийг сурч авч дотоод сэтгэл нь хүч чадвар ба мэргэн ухаан, эрүүл мэнд зэргийг гаргадаг. Эсрэгээр нь эхнэр нөхөр хоёр хэрэлдэж муудалцдаг гэр бүл нь үр хүүхэддээ жижигхэн таваг юмуу хагарч эмтэрсэн тавгийг эд хөрөнгө болгон өвлүүлдэг.
Энэ хоёр гэр бүлийг судалсан судалгааны үр дүнд олж нээсэн зүйл нь эхнэр нөхөр хоёр “итгэл, найдвар, хайр” гэсэн хүрээн дотор бие биеэ хир зэрэг хүндэлж амьдарч байгаагаас хүүхдүүдийн ирээдүйн амьдрал шалтгаалдаг гэдэг нь тогтоогджээ.
Мэргэжилтнүүд энэ хоёр гэр бүлийг судлах судалгаагаа дуусаад ийнхүү хэлсэн байдаг.
“Эцэг эхчүүд ээ, үр хүүхдүүдээ сайн сайхан болоосой гэж хүсэж байна уу? Тэгвэл эхнэр нөхөр болсон та хоёр эв нэгдэлтэй байгаарай. Эхнэр нөхөр хоёр бие биеэ хайрлан хүндэтгэвэл, үр хүүхэд чинь сайн хүн болон өсөх болно” шүү.
“Хүний хань” гэдэг таны өөрийн сонгосон насан туршийн сонголт байдаг тул сонголтоо буцаана гэдэг нь тэвчээргүй, амьдралд шантарч, няцагч, ялан дийлэгдэгч хүн байна гэсэн үг.
За бас нэг гэр бүлийн жишээ хэлье. Энэ нь зан байдлын төлөвшилд нөлөөлөх байх гэж найдъя.
“Заавал хүргэх захиа”
Ээж: -Хэн энэ захиаг өгсөн юм бэ? Хурдан хэлээтэх.
Охин -Ийн, ийн, ийн ээжээ миний буруу
Ээж: -Ээж нь чамайг шийтгэх гэж асууж байгаа юм биш. Хэн ийм захиа өгснийг л мэдэх гэсэн юм.
Охин: -Шуудан зөөгч ах. Самдан ах.....
Охин тэр хүний нэрийг хүртэл санаж байлаа. Хоёр сарын турш тэр хүн аавынх нь захиаг авчирч өгсөн гэнэ. Би бүр цочирдож балмагдаад, түүнийгээ арай хийн барьж ийнхүү хэллээ.
-Аав чинь нэг жилийн өмнө нас барсан шүү дээ. Тэгэхээр яахаараа тэнгэрийн улсаас захидал ирдэг байна? Тэнгэрийн улс чинь захиа илгээж, авч болдоггүй газар шүү дээ.
Есөн настай охин минь дахиад л уйлж гарлаа. Миний сэтгэл санаа хэцүү л байлаа. Тэр шуудан зөөгчийг бодохоор уур хүрч байв.
Энэ түүх хэзээ эхэлсэн гэхээр охиныхоо хөнжлийг угаах гэж хувцасны шүүгээг нээтэл нэг юм газар унаж орхив. Алаг цоохор цаастай хэсэг захиа байлаа. Эрэгтэй найзтай болсон юм боловуу гэж бодоод сониуч зан хөдөлж, задалж үзлээ. Сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл эрэгтэй найзтай байдаг болсон гэсэн.
Тэгтэл явуулсан хүний нэрний хэсэгт нөхрийн минь нэр бичээстэй байлаа. Нэг жилийн өмнө гал түймрийн аюулаас болоод нас барсан нөхрөөс минь охиндоо илгээсэн захидал байлаа. Юу болох нь энэ вэ? Гайхан балмагдаж хүнд цохилтонд орсон би охиноосоо юу болж байгааг асуусан минь энэ.
Охин минь ийнхүү ярьлаа. Охин маань сургуульд ороод захидал бичиж сурчээ. Ангийн багш нь хол газар байгаа хэн нэгэнтэйгээ сураг чимээ дамжуулж болдог гэхийг сонсоод охин маань нас барсан аавдаа тэнгэрийн улс руу илгээж болох юм байна гэж бодоод бичиж үзжээ. Ертөнцийн нөгөө тал руу хүртэл захидал илгээж болдог юм чинь тэнгэрт байгаа аавдаа захидал илгээж болно гэж боджээ.
Тэгээд аавдаа захидал бичсэн охин минь нэг өдөр сургуульд захидал хүргэж ирдэг шуудан зөөгчийг араас дагаж очоод асуужээ.
Охин: -Ахаа тэнгэрийн улс руу захиа бичиж болно биз дээ?
Шуудан зөөгч: -Яасан? Тэнгэрийн улсад чиний хэн байгаа юм?
Охин: -Манай аав.
Шуудан зөөгч: -Юу ч мэдэхгүй хүүхдийн үгийг сонсоод нөгөө хүн толгойгоо дохижээ.
Охин: -Тэгвэл ахаа томоор хаягийг нь бичээд аавдаа явуулъя.
Шуудан зөөгч: -Япон, Африк руу хүртэл явж байхад тэнгэрийн улс руу явалгүй яахав. Маргааш өөрийнхөө хаягийг бичээд захиагаа аваад ирээрэй.
Шуудан зөөгч маргааш сургууль дээр ирлээ. Нөгөө охин аавдаа бичсэн захидлаа өгч түүнээс хойш хоёр долоо хоногийн дараа ааваас нь хариу захидал ирлээ гээд аавынх нь нэртэй захидлыг авчирч өгчээ.
Түүнээс хойш охин нь харагдахгүй аавдаа захидал бичсээр л байлаа.
Хоёр сар шахуу үргэлжилсэн захидал нь шуудан зөөгч өөрчлөгдсөнөөс болоод тасрав. Самдан ахын дараа залуухан ахын авчирч өгсөн захидалд “одоо аав нь дахиж захиа явуулж чадахгүй юм шиг байна. Энэ захиа аавынх нь сүүлчийн захиа” гэсэн байлаа.
Кинон дээрх шиг ийм явдал охинд минь тохиолдоно гэж зүүдлээ ч үгүй байлаа.
Би охиныхоо яриаг сонсонгуутаа шууд шуудан орлоо. Эцэггүй хүүхдийг өрөвдсөн байх, тэгээд урам өгье гэж бодсон л байх, тэрэнд баярлаж байгаа боловч нэг талаар охинд минь хий хоосон найдвар өгсөн тэр хүнд дургүй хүрч байлаа. Тэгээд яагаад тэгснийг нь асууя гэж бодлоо.
Яаран гүйн очиж, Самдан шуудан зөөгчийг асуутал тэр аль хэдийн өөр газарт шилжсэн байлаа. Тэндхийн ажилтан надаас юу болов гэж асуухад би бүгдийг нь хэлж орхилоо. Тэгтэл:
-Аа түүний талаар сайн мэдэх хүн байгаа түүнийг дуудаад өгье гэв. Тэгтэл тэр хүн нь манай охинд хамгийн сүүлчийн захидлыг хүргэж ирсэн залуухан шуудан зөөгч байлаа. Би түүнээс Самдан шуудан зөөгчийн талаар сонслоо.
“Тэтгэвэрт гарах гэж байсан тэр хүн даргад намайг ганц хоёр сар ажиллуулаад өгөөч гэж гуйж байсан. Би шинээр ирээд удаагүй байсан болохоор тэр хүнийг мөнгө хэрэгтэй болоод ингэж байгаа юм байна даа гэж бодсон. Тэр үед таны охинтой уулзсан юм байна лээ. Яг юу гэдгийг нь сайн мэдэхгүй боловч, заавал хүргэж өгөх ёстой захидал байгаа гэсэн. Дарга яг хоёр сар ажиллахыг зөвшөөрч түүний дараагаар сүүлчийн захиаг надаар хүргүүлсэн, үнэхээр сайн хүн. Өөрөө багадаа аавыгаа алдаж үзсэн болохоор аавгүй хүний уйтгар, гунигийг хүн хүнээс илүү сайн мэднэ, тэр захиаг би заавал хүргэх ёстой байсан” гэжээ.
Амьдрал өөрөө их сургууль учраас энэ хоёр түүхийг уншаад зөв бурууг ялгаж салгах, хүний сэтгэлийг ойлгох, тайвшрал өгөхөөр хичээж байгааг мэдэж, бид зөвхөн бусад хүнд туслахын тулд төрсөн гэдгээ ухаарах болно.