Гэр бүлийн итгэл үнэмшил
13 жил, 2 сар өмнө

Гэр бүлийн асуудлыг маш өргөн хүрээтэй судлаж үзэх хэрэгтэй байдаг. Ихэнх гэр бүлийн бичигдээгүй хэрнээ, бидэнд ойр байдаг сурах бичиг бол бурхан шашны сургаалууд юм. Биднийг хүүхэд болон төрөхөд, гэрлэхэд, хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд лам залж ном уншуулах нь бий. Энэ нь бидний гэр бүлд бурханы шашин хэрэгтэй байдаг болохоор тэр гэж ойлгож болно. Харин хүн гэдэг амьтан ямар нэг мэдэхгүй чадахгүй зүйлтэй тулгарсан, аргаа барсан үедээ л “Бурханаа” хүлээн зөвшөөрдөг. Зүй нь бусад жирийн үед ч байнга бурхнаа бодолдоо санаж, түүний бидэнд зориулсан сургаал, зарчмыг дагаж явах хэрэгтэй. Ялангуяа гэр бүл болж, өндөр хариуцлага авсан хүн өөрийн “дотоод” боловсролыг дээшлүүлэх нь, түүнд аз жаргалыг авчирч, амжилтын эх сурвалж болдог байна.

            Эцэг эхээс өөрсдийн хүүхдэд хайраа илэрхийлэх таван арга бий гэж Будда багш сургасан:

-       Тэднийг муу үйлээс хамгаалах

-       Тэднийг сайхан сэтгэлтэй болгох

-       Тэдэнд дотоод зүрх сэтгэлийн боловсрол олгох

-       Тэдэнд таарч тохирох хань олж өгөх

-       Тэдэнд цаг тухайд нь өв хөрөнгө дамжуулж өгөх

эдгээр болно. Бид эцэг эхээс төрж, тэдний ёс суртахууны үнэт зүйлсийг өвлөн авч хүмүүждэг. Ийм учраас эцэг эхчүүд маш сайн үлгэр дууриал үзүүлж байх хэрэгтэй.  Хосууд бие биедээ хайр, баясал, хоол унд, бэлэг байнга өгдөг байх хэрэгтэй. Хүн ямар нэг бэлэг өгч байгаа хүн энэ үйлдлээсээ өөрөө ханамж авч аз жаргалтай болж байдаг. Гэр бүлийн дэг журам нь шийтгэлээс айх дээр биш, харин итгэлцэл харилцан хүндэтгэл дээр тогтдог байх нь зүйтэй. Муу үйл нь тухайн хүний өөрийнх нь амьдралыг эвдэж, хар толбо үлдээж байдаг.

            Үр хүүхэд нь эцэг эхдээ хайр хүндэтгэлээ илэрхийлэх 5 арга байдаг. Үүнд:

-өөрсдийн эцэг эхийг дэмжих

-тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх

-гэр бүлийн хэв маяг, уламжлалыг дэмжих, хадгалах

- өв залгамжлалын тулд өөрийнгөө нэр хүндтэй авч явах

-бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эцэг эхээ нас барсан ч тэдэнд шашны ном уншуулж зул өргөж байх эдгээр болно.

            Эцэг эхийн хүүхдүүддээ өгсөн амьдрал, хайр энхрийлэлтэй тэнцэх хариуг хүүхдүүд хэзээ ч буцаан төлж чадахгүй.

            Гэрлэлтийг түр зуурын шохоорхолын нөлөөн дор шийдэж болохгүй. Гэр бүл бологсод зөвхөн хоёр биений аз жаргалын төлөө биш нийгмийн эрх ашгийн төлөө аз жаргалтай байх үүргээ ухамсарласан байх нь зүйтэй. Гэр бүлийн амьдрал дээр бид тэвчээртэй болж, анхаарлаа төвлөрүүлдэг болж, ухаалаг туршлагатай болж, өөрсдийн оюун ухааныг хөгжүүлж болдог. Бидний хувьд ханилсан хань маань /боловсрох энэ замд/ бидний багш, найз маань байх учиртай. Гэр бүл бологсод эр эмийн ажилд хэт шунаж, түүнийг шалиг завхай, үзэн ядалт, өс хонзон болгон гуйвуулж болохгүй. Хэрвээ тэгвэл бид өөртөө болон өрөөлд гуниг, зовлон авчирна. Хүн өөрийн бэлгийн хүслийн боол болж, зовж амьдрах биш, харин жинхэнэ хайртай ханьтайгаа гэр бүлийн хүрээнд хуял тачаал, гэм буруугийн мэдрэмжээс чөлөөтэй орчинд аз жаргалыг мэдэрч чадна.

            Гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа нь жинхэнэ хайр дурлал дээр биш, зөвхөн тухайн үедээ ханамж авах гэсэн ашиг, завшаан хайх хувийн хүсэл дээр үндэслэдэг учир тэр нь эргээд зовлон гутрал болно. Өөрийгөө үнэт зүйлд тооцдог болсон хэн боловч ийм замаар хэзээ ч явдаггүй. Бусад хүмүүсийг өөрийн дур хүслийн хэрэглүүр болгон ашигласнаар бид хэзээ ч энэ хүнээ жинхэнээр нь таньж чаддаггүй. Энэ нь тэдний хооронд хөндийн хоосон байдал үүсгэж улмаар ганцаардалд оруулдаг. Энэ үед ганцаардахгүйн тулд өөр түнш эр олохыг оролдог нь асуудлыг улам хүндрүүлдэг. Манайхан “Хормойн дон тусах” ч гэж ярьдаг. Бурханы шашны хувьд бэлгийн ажлын эрх чөлөө нь, бэлгийн дур хүслийг эрх мэдлээс чөлөөтэй, хамааралгүй байхыг хэлдэг.

            Гэрлэсэн үеэс эхлэн эрэгтэй хүн өөрийн эхнэрээс бусад бүх эмэгтэйг насаар нь харгалзаж, “ээж, эгч, охин дүү, охин” шиг хандах хэрэгтэй. Эмэгтэй хүн өөрийн нөхрөөс бусад бүх эрчүүдийг “аав, ах, эрэгтэй дүү, хүү” шиг бодож харилцвал дээр. Өөр хүний эхнэртэй нөгцөж амьдардаг ухаан дутуу хүнд дөрвөн зүйл тохиолдоно. Тэр өөрийгөө доройтуулна, түүний баяр цэнгэл тогтвортой биш болно, хүмүүс түүнийг буруутгадаг, тэр тамд унана. Тиймээ. Оюун санааны доройтол, тайван биш ханамж, хууль зөрчих аюул, тамд очих зам. Энэ бүгдийг анхаарч бусдын эхнэр, нөхрийн хойноос хөөцөлддөггүй байх хэрэгтэй.

            Бид бурханыг өөрөөсөө гадуур биш, харин өөрийнхөө дотоод санаа бодлоос хайх хэрэгтэй. Ертөнцийн юм бүхэн харилцан уялдаатай гэдэгчлэн цаашдаа “жаргаж, зовох нь” бидний өнөөгийн үйлдэж буй үйлээс хамаарна. Гэр бүл бологсод ивээл жилтэй байх хэрэгтэй. Хэрэв харш жилтэй хүнтэй суухаар болвол жил бүр засал хийлгэж байх ёстой. Гэр бүл болж хуримласан хүмүүс нь /бүх хүний санаж явбал зохих 10 цагаан буяныг хурааж, 10 хар нүглийг тэвчиж явбал/ гэр бүлийнх нь амьдрал тогтуун, тайван аү жаргалаар бялхана.

 

Арван хар нүгэлд:

  • Хэлээр үйлдэх 4 хар нүгэл

/дэмий ярих, хэрүүл өдөх, худал хэлэх, атаархах/

  • Сэтгэлээр үйлдэх 3 хар нүгэл

/шунал, хорлох сэтгэл, буруу үзэл/

  • Биеэр үйлдэх 3 хар нүгэл

/завхайрах, уурлах, мунхаглах буюу ном сурахгүй байх/ зэрэг багтдаг.

Эдгээрийг эс үйлдвэл 10 цагаан буяныг хурааж байгаа нь тэр болдог. Гэр бүлийг аз жаргалд хүргэдэг зам маш нарийхан тул эхнэр нөхөр хоёр ганц хүн шиг болохоос нааш түүнд хүрч чаддаггүй.