Глобалчлал ба Улсын брэнд имиж
11 жил, 7 сар өмнө

Өнөөдөр дэлхийн улс үндэстнүүд шинжлэх ухаан, мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн ачаар нэгэн том глобал ертөнцөд мөр цэрэгцэн орших болжээ. Өнгөрсөн цаг үед зөвхөн пүүс компани, дэлгүүр хоршоод л өөрийн дүр төрх, брэнд маркетинг зэрэгтээ анхааран ажиллладаг байсан бол даяарчлагдаж буй өнөө үед орон нутаг, хот, улсын түвшинд брэнд имижийн асуудал хөндөгдөх болжээ. Энэ асуудал нь 1990 ээд оны сүүлээс идэвхитэй судлагдсан бөгөөд “nation brand” гэсэн нэр томъёо нь анх Английн судлаач, брэндийн зөвлөх Саймон Анхолт нэгэн судалгаандаа хэрэглэснээр олны хүртээл болсон байдаг. Улсын брэнд буюу “nation brand” ийг цөөн үгээр илэрхийлвэл аливаа улс үндэстний талаархи ерөнхий онцгой сэтгэгдэл, итгэл үнэмшил гэж хэлж болох бөгөөд үүнд байгаль цаг уур, түүх, соёл, уламжлал, иргэншил, төр нийгмийн харилцаа, эдийн засгийн байдал болон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг өргөн хүрээний бодит ба бодит бус хүчин зүйлс нөлөөлдөг. Аливаа улсын брэнд имиж нь хэрэглэгч үйлчлүүлэгчдийн бараа, үйлчилгээ сонголтонд чухал байр суурь эзлэх ба энэ нь олон улсын тавцан дахь нэр хүнд, эдийн засгийн өсөлт, хөгжилд хүрэх нэгэн зам болж өгдөг байна.
Мэдээж өөрийн газар нутгийн онцлог шинжийг гаргаж брэндинг хийхийн тулд өөр бусад хот улстай, тодруулбал, ижил төсөөтэй хөгжлийн түүх, соёл, шашин шүтлэг бүхий улс орнуудтай харьцуулан авж үзэх нь чухал юм. Энд, имижийн визуал илэрхийллийн тал дээр эмзэглэж явдаг нэгэн зүйлийн тухай жишээлэн дурдваас, бидний монгол охид бүсгүйчүүдийн эрдэм номд шамдан суралцаж, дээд боловсролын диплом өвөртлөхдөө заавал гоёдог, орчин үежүүлсэн гэх монгол дээл нь үнэндээ монгол төрх гэхээсээ хятаджуу харагддагийг хэн бүхэн анзаардаггүй юу, аль эсвэл үр анзаарахыг хүсдэг үү... өнөөдрийг хүртэл энэ Chinа dress-ээр гоёсоор л байна. Бүр сүүлдээ баяр наадам, цагаан сараараа өнөөх урд хөршөөсөө монгол гэх дээл, хантаазаа оруулж ирэн худалдаалж байх юм. Тэд бидний үндэстний имижийг тодорхойлох гэж үү... Үнэндээ бид өөрсдөө хувцас хунар, дээл хувцас хийх торго дурдангаа хийж чаддаггүйн улмаас Хятад зэрэг орноос авдаг, гэхдээ гол нь энд Монгол хэлбэр хуваалт, энгэр нударга, тэргүүтэнтэй ч гоё улаан торгон дээр шар алтан эмжээр хажлага, шүр сувсыг хослуулбаас хаанаас нь, хэн ч харсан хятад маягийн дүр зураг буудаг гэвэл та санал нийлэх үү? Энэ нь аливаа зүйлийн гадаад мөн чанарын мэдээлэлд өнгө, түүний хослол ихээхэн чухал байр суурь эзэлдэгтэй холбоотой юм. Яагаад улаан өнгөн дээр алтан гоёл, бүр дээр нь лууны дүрс нэмчихвэл “Хятад” болдог юм болоо, тэгвэл биднийг ийм амархан илэрхийлэх өнгө, хэлбэр, дүрс бий болов уу? Үүнийг дээр хэлсэнчлэн уламжлал, түүх, соёлоо мөрдөн судлах, бусадтай харьцуулан задлан шинжилгээ хийх улмаар улс төр, урлаг, соёл, аялал жуулчлал гээд өргөн хүрээнд зөв нэгдмэл стратеги хэрэгжүүлснээр олж авах ёстой мэт. Өөрөөр хэлбэл өнөөгийн даяарчлалын үед аливаа улс үндэстэн өөрсдийн мэдээллийг хэрхэн зөв өөрийн өвөрмөц онцлогтой түгээж чадна, төдий чинээгээр улсын имиж нь бэхжиж, мөн ерөнхий сэтгэгдэл, нэр хүнд өсөж улмаар бараа бүтээгдэхүүний борлуулалт, аялал жуулчлал зэрэг олон салбарт үр дүнгээ үзүүлдэг учраас монголчууд бид өөрсдийнхөө өвөрмөц онцлог шинж чанарыг олж, улсын имиж болгон дархлах асуудал нь өнөөдөр нэлээн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна...

 

УЛСЫН БРЭНД ИМИЖИЙН АМЖИЛТТАЙ БОДЛОГУУД

Хөгжөнгүй улс үндэстнүүд өөрсдийн өнгөрсөн үеийн болоод одоогийн имиждээ бүхий л талаар судалгаа хийн ирээдүйд аль онцлог давуу талаа тодотгон дэлхийн 200 гаран улс түмний дунд хэрхэн брэндинг хийхээ нэгдсэн системтэйгээр төлөвлөн ажилладаг бөгөөд зарим улсууд Улсын Брэндийн Зөвлөл гэж байгуулан энэ асуудалд илүү анхаарлаа хандуулснаар амжилтанд хүрсэн жишээ ч олон байдаг. Улсын брэнд имижийн амжилттай хэрэгжсэн, хэрэгжиж буй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанаас жишээ дурдая. Энд эхлээд Nation brand-ын талаар цухас дэлгэрүүлж авч үзвэл анх энэ нэр томъёг гаргасан Саймон Анхолт Nation Brand Index (NBI) гэсэн үзүүлэлтийг гарган улс орнуудыг дэлхийн бусад ард түмний дунд тухайн улс хэр зэрэг хүлээн зөвшөрөгдсөн, хүндлэл, итгэл хүлээсэн улс болохыг жагсаасан байдаг. Энэ судалгааны үр дүн нь олон нийтийн хүлээж байсантай зарим талаараа төдийлөн таараагүй байдаг. Жишээ нь: Солонгос улсын хувьд 2008 оны NBI ын үзүүлэлт нь 50-н орны жагсаалт гаргаснаас 33-рт бичигдсэн байсан нь Солонгос улсын мэргэжилтнүүдэд тун гайхширал төрүүлсэн байдаг. Гэхдээ энэ нь үнэн хэрэг дээрээ Солонгос улс эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд гээд бүх талаараа 33-рт байгаа хэрэг биш юм, 2008 онд Солонгос хөгжилтэй орны тоонд зүй ёсоор орж байв. Гэвч нэгэнт хэн нэгэн тус улсыг зорин аялаж зорчоогүй эсвэл уншиж, сонсоогүй бол үнэн бодит байдлын зөв ойлголтыг бий болгох боломжгүй юм. Амьдрал дээр хүмүүс аливаа нэг хот, улс орны талаар анхааралтай судлаж мэдэх нь ховор байдаг бөгөөд иймээс тухайн улс нь өөрсдийн зөв, сайн талаа дэлхий нийтэд зөв мэдээлэл өгч авах харилцаанд орсноор имиж нь дээшлэх боломжтой юм.
Солонгосчууд өөрсдийн энэ дэлхий нийтэд ийм хангалтгүй имижтэй байгаадаа дүгнэлт хийж, манай улс хөгжилтэй орон болохын тулд улсын үнэлэмж, имиждээ онцгой анхаарах нь зүйтэй гэж үзээд 2008 онд ерөнхийлөгч И Мён Пак ерөнхийлөгчийн шууд харьяанд Улсын Брэндын Зөвлөл байгуулахаа зарласан байдаг. Энэ санаачлагын үндсэн дээр тус зөвлөл үйл ажиллагаагаа нэгдсэн бодлого төлөвлөлттэйгээр улсын имижийн индексээ 2013 он хүртэл 15-рт орох зорилт тавин эхлүүлсэн нь тун амжилттай хэрэгжиж байгаа билээ. Тэргүүн ээлжинд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс дурьдвал, олон улсын оюутан болон эрдэмтэн судлаач солилцооны хөтөлбөрийн хүрээг өргөтгөх, гадаадын орнуудад буяны үйлс зохион байгуулах, Солонгост сурч амьдарч буй гадаадын иргэдийг төрөл бүрийн соёл уламжлалаа таниулах арга хэмжээнд идэвхитэй оролцуулах, интернэт орчин ашиглаж “нэгэн Хан улс” компанит ажил өрнүүлэх, Солонгос хэлний интернет орчны сурах бичиг гаргах, үндэсний бие хамгаалах урлаг таеквондогийн төв байгуулах, Солонгос үндэстний соёл хоолыг таниулах, гадаадын солонгос хоолны ресторануудыг дэмжих, шилдэг үндэсний үйлдвэрлэгчийн брэндийг дэмжин хөгжүүлэн дэлхийд гаргах зэргийг онцолж болох юм.

Үргэлжлэл бий.

 

Ш.МАНДАЛМАА

Дизайн-Өнгө Судлалын Холбооны тэргүүн
Өнгө судлаач, имижмакер

Байгууллага, хувь хүний имиж бүрдүүлэлтээр мэргэшсэн зөвлөх.

http://facebook.com/mandalma
http://facebook.com/MongolColor
https://twitter.com/MongolColor