Гарц, оюуны бүтээлийн эрхзүйн орчин, зорилт
Даяарчлалын зах зээлд тогтвортой орон зай эзлэх, үндэстнийхээ генийн бүтээлийг дэлхийн соёл-иргэншилийн түүхэнд оруулах, үр өгөөжөөр нь өрсөлдөх, монгол оюуны “эндомик”, давтагдашгүй онцлогийг хүн төрлөгтний орших он жилүүдийн үргэлжлэлд хадгалан үлдээх нэг “суваг” буюу гарц бол, үнэнхээр, үндэсний оюун санааны потенциалыг бүрэн дайчлах, үнэлэх, үр дүнг нь хуулиар хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх явдал мөн.
Монголд оюуны өмчийн багц хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойших өнгөрсөн хугацаанд оюуны бүтээлд хандах нийгмийн сэтгүүлзүй бодтой өөрчлөгдлөө.Өнгөрсөн хугацаа, үндсэндээ, оюуны бүтээлийг Бүтээгчийн өмчөөр хуульчлах, үнэ цэнийг нь хэрэглэгчдэд ойлгуулах, бусад хэлбэрийн өмчтэй адилтган үнэлэх сэтгэхүйг хэвшүүлэх, зохиогчийн эрхийн зөрчлийг үл үүсгэх бодлогыг эрчимтэй сурталчилахын зэрэгцээ амьдралд хэрэгжүүлэх, тодорхой тодорхой үйл ажиллагааны хугацаа байлаа.Оюуны өмч-бүтээлийн талаар нийгмийн сэтгэхүйд гарсан эрс өөрчлөлтийн үндэс нь дээрхи үйл ажиллагааны л үр дүн юм. Энд, зөвхөн, “Зохиогчийн эрхийн тухай хууль”-ийг цохлоод дурьдахад, 1993 онд батлагдсанаасаа хойш 1996,1999 онуудад хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, эх орны “оюуны үйлдвэрлэл”-ийн амьдралаас өдөр тутам урган гарч буй шинэ шинэ асуудлуудад хариу өгөх, харилцааг нь зохицуулах заалтуудаар баяжив.Одоо шинэ шатны үйл ажиллагаа руу шилжих бэлтгэл хийгдэж, Зохиогчийн эрхийн хуулийн хамрах хүрээг өргөтгөх, оюуны шинэ шинэ хэлбэрийн бүтээлийн бүртгэл, баталгаажуулалтыг нарийвчилсан заалтууд боловсрогдож байна. Тухайлбал, уран бүтээлчдийн хамтын удирдлагын үйл ажиллагаа, менежмент, уран бүтээлийн хамаарах эрх, интернет сүлжээ, компьютерийн программ хангамж, дуу-авиа-дүрс бичлэгийн нэн шинэхэн арга технологийн бүтээлийн бүх хэлбэр төрлийг багтаасан нарийвчлалуудаар уг хуулийг дэлгэрүүлэн баяжуулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд тусгагдсан утга санаа, логик, үйл ажиллагааны заалтуудтай зохицсон нийтлэг механизмуудыг дотоодын нөхцөл, шаардлаганд нийцүүлэн боловсруулахын хамт олон улсын эрхзүйн практикийн ололтыг өргөнөөр нэвтрүүлэх чиглэлээр асуудалд хандаж байна.Энэ нь өдрөөс өдөрт улам эрчтэй даяарлагдаж буй хүн төрлөгтний оюуны амьдралаар тавигдаж буй шаардлагад зохицох зорилгыг хэрэгжүүлэх үе шатны үйл ажиллагаа юм.
Сүүлийн жилүүдэд оюуны “бүтээгдэхүүн”-ий зах зээл, хүрээ мэдэгдэхүйц өргөжиж, хэрэглэгчидээс төлөх төлбөрийн хэмжээ өсөх хандлага ажиглагдаж, оюуны бүтээл нийгмийн хөгжлийн идэвхитэй “хурдасгуур”-ын ойлголттойгоор эргэлтэнд орж байгаа нь эдийн засгийн шинэ харилцаанд шилжээд төдий л удаагүй байгаа орны хувьд “чамлахаар чанга атгах” ололт, дэвшил бөгөөд эндээс, Монгол улсад оюуны бүтээл, туурвилын бүртгэл, хамгаалалт, үнэлгээний орчин үеийн тогтолцоо,мөн оюуны бүтээлийг ашиглахтай холбогдон үүсэх харьцааг бүрэн зохицуулж чадах эрх зүйн орчин бүрдсэн!гэсэн дүгнэлтийг хийж болно. Гэвч нийгмийн хөгжлийн алив үйл явц амьдралд хичнээн гүн нэвтэрч, хичнээн урт радиустай тойргоор үйлчлэх тусмаа төчнөөн олон талт шинэ асуудал, зөрчил үүсгэж, төчнөөн их эсэргүүцэлтэй тулгарч өөрөө тэр тойрог, хүрээнийхээ “хүндийн төв” болох, бусад үйл явцыг өөр рүүгээ татах, өөртөө нэгэтгэх, өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжилд бусдаас илүү үүрэг, ачаатай зүтгэх хандлага руу тэмүүлдэг.Энэ нь эргээд нийгмийг хөгжлийн дээд шатны тулгамдсан асуудал, хурц зөрчилтэй орооцолдуулах, шинэлэг шийдлүүдийг нийгмээс нэхэх, заримдаа бүүр сэтгэлгээний мухардалд оруулах, зүйрлэж хэлбэл, “хүсээгүй жирэмслэлт” чанарын бэрхшээлүүдийг ч учруулдаг талтай. Харин хүсүүштэй, чухалчлууштай эерэг тал нь,- улс үндэстнийхээ цааш цаашдын хөгжлийн хэрэгцээг даахуйцаар үндэсний оюун санааг хөвчлөх, сэтгэлгээний шинэ эрэмбэ түвшиний эрэл хийлгэх, шинэ гарц нээлгэх өндөр үр ашиг өгөгч ач холбогдолтой байдаг. Нийгмийн сэтгэлзүйн зайлшгүй эсэргүүцлийг аль болох шахуу хугацаанд сөрөн давж, эцсийн үр дүнгийнхээ өгөөжөөр цагаатгагддаг диалектик зөрчилт үйл явцын нэг нь, маргаангүй, оюун сэтгэлгээний “үйлдвэрлэл”-ийн хөгжил тул оюун санааны хэтдээ өгөх “унац”-ыг урьдчилан тооцох, “тосон харах” стратегийг зөвхөн үг яриагаар төдий бус үйл ажиллагаагаар бодтой хэрэгжүүлэхийг үндэсний эрх ашиг хатуу шаардаж эхэллээ.
Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос