Ганболдын Баярын шүлэгүүд
ЧАМД ӨГЬЕ
Адууны хялгасаар навч хуурдан дуугаргах сарыг чамд өгье
Асарлагч цагийн зүүдэнд согоо сормуусаар салхи самнах агшныг чамд өгье
Алимны улаан, чив, чив хийх өвдөлтийг чамд өгье
Ардын дуун дундуур уйлж нисэх шувуудын “Ай”-г чамд өгье
Нуурын хөвөөнд угаал үйлдэх бүсгүйн
бургасанд тохсон цамц шиг шүлгээ чамд өгье
Нам гүмийн тохойд хөхрөн бөхөлзөх моддын гэгээг чамд өгье
Нүдээ анихын зуурт эгшиглэн урагдах үүлсийн чимээг чамд өгье
Нүгэл буяны утсан дээр намилзан ганхах үүлэн цэцгийг чамд өгье
Хөдөө буйдын шаргалхан цув шиг өдрүүдийг чамд өгье
Хүүхдийн сэвлэг шиг сэтгэлийнхээ уй салхийг чамд өгье
Халуун алганаас чинь будаа түүх зүүн гандангийн тагтааг чамд өгье
Хайр нигүүслийн бутан дотроос ширтэх бурханы нүдийг чамд өгье
Өгснийхөө хариуд чамд өгье
Өгч болох л бүхнээ чамд өгье
Өндөгнийхөө хээг ч чамд өгье
Өөрийгөө онгойлгож ордог түлхүүрээ ч чамд ӨГЬЕ хайрт минь
[Бодол санаанд минь чи
ямар гээчийн
танихгүй цэцгийн үр суулгачихав даа
Алчуурынхаа хуниасанд чи
хаврыг нууж явсан гэдгээ
хэлэхгүй яасан юм бэ?]
1
Харцны чинь мөрөгцөгт нуугдсан
Тэр их гуниг шаналлыг бодохоор
Зүрхэн дотор минь
Нэгэн мод уйлж хонох юм
Нулимсных нь цуурайнд
Сэтгэлийн минь тэнгис дуугаа хураагаад
Ер бусын цагаан шувуудаараа надаас
Ер бусын асуулт асуух юм
2
Чи эд эс бүхэнд минь оршиж
Чи үсний минь ширхэг бүхнээр амьсгалнам
Чи зүүдэн тэнгэрт минь цав цагаан тагтаа болон нисэж
Чи зүрхний минь тооноор долоон сарын цас болон орном
Чи аз жаргалыг миний дээрээс цэцгийн шүүдэр шиг асгаж
Чи амьд явах учир шалтгаан минь болном
3
Уйлж битгий шанал, сэтгэл рүүгээ салхилахаа боль!
Утга учиргүй амьдралд, утга учиргүй амьдрах л сайхан
Угаасан цамц шиг цаг хугацаанаас
Ус дусалж байгааг сонсож байна уу?
Хүнд л гагцхүү зовлон оршдог гэж чи бодож байна уу?
Үгүй дээ үгүй догдлонгуй энхрийхэн амраг минь
Өвс, мод, шувуу, уул, байгалийн эд эс бүхэнд зовлон оршдог юм
Уй гунигаа нууж чаддаг болохоор л байгаль ийм гоо сайханлаг байдаг юм
Уйлж битгий шанал сэтгэл рүүгээ салхилахаа боль!
ЦОНХНЫ ЧИНЬ ШИЛИЙГ ДАГАН
Цонхны чинь шилийг даган урсаж байгаа бороон дуслууд
Цонхны чинь шилийг даган уйлж байгаа бороон дуслууд
Цонхны чинь шилийг даган инээж байгаа бороон дуслууд
Цонхны чинь шилийг даган мэгшиж байгаа бороон дуслууд
Миний чамд өгсөн сэтгэлийн уй гуниг
Мянган жилийн дараач чи ойлгохгүй
Ойлогоо гээд ч ер яах билээ
Өвсөнд бутарсан оддын туяа хэний амны цангааг тайлна гэж
/ДУРЛАЛ/-ыг ирэхээс өмнө энд
Бүх зүйл хэвийн, нам гүм байсан
Тэнгэрийн зүүн доод буланд өлгөгдсөн сарны гадаргуугаас
Есдүгээр сарын бороо цэцгийн манан болон зүрх рүү минь урсаад
Дусал болгон нь жижигхэн, жижигхэн тэнгэрс болоод
Шилний хагархай мэт зүрх рүү минь шигдээд
Гудамжаар л дүүрэн цагаан шүхэр барьсан охид
Гэвч би улаан шүхэртэй охиныг хүлээн
Тагтан дээрээ тамхи татаж суусан юм
Дурлал гэдэг бол одоо миний хувьд
Хоосон агаар, усруу чулуу шидхэд гарах чимээ
Шанлал гэдэг үгэнд торлогдсон
Азгүй нэгэн, сохор хотон шувуу
Чөлөөлж тавихыг дотоод дуу хоолой минь надаас цурихран гуйвч
Гар хуруу минь хөшсөн юм шиг үл хөдлөнө. . .
Цонхны чинь шилийг даган шүлэг бичиж байгаа бороон дуслууд
Цонхны чинь шилийг даган дахин төрөхгүйн тулд үхэж байгаа бороон дуслууд
Цонхны чинь шилийг даган чамд хайртай гэж хашгарч байгаа бороон дуслууд
Цонхны чинь шилийг даган чиний сэтгэл рүү залбирч байгаа бороон дуслууд