Гамшиг зовлон хүмүүсийг нэгтгэдэг
... Манай байшин шатаж байна. Хурдан гэртээ ирээрэй гэх утасны дуудлагыг тоссон өдөр бол гай гамшиг, аюул зовлон гэдгийг өөрийн бие дээр хамгийн ойр мэдэрсэн өдөр минь байж ч магадгүй юм. Гэр маань шатаж байгаа юм байна хэмээн сандран гэртээ иртэл байшингийн дээврээс нүүглэн баагих хар утаа угтлаа. Галын аюулыг зайлуулахаар ирсэн машин техникүүд, гадна талд бөөгнөрсөн машин дундуур явсаар орцныхоо харалдаа ирлээ.
Дотогш хүн нэвтрүүлэхгүй байгаа бололтой, гэртээ орж болох эсэхийг асуухад хариулах хүн олдсонгүй. Гал байшингийн дээвэрт гарчээ. Байшин руу ойртвол дээд талаас гал сөнөөгчдийн шүршиж буй ус дээврийн хар лактай хамт бороо мэт бууж байлаа. Сиймхийг нь харж байгаад гэртээ оров. Хэдийгээр манайх аюулаас нэлээд хол гэж хэлж болохоор нэгдүгээр давхарт амьдардаг ч дээр гарсан галыг унтраахаар шүршсэн ус шалаар нэг...
Шалавхан хөдөлж ус шавхаж, гоожиж буй газар сав тосон гүйж байтал нөхөр маань цэцэрлэгээс охиноо авч ирж, “Ийм юм болж байхад шалаа арчаад зогсож байдаг амгалан хүмүүс вэ? Дулаан хувцасаа өмсөөд гарцгаа” гэх тэр л агшинд гай гамшиг тохиолдсон үед бусад улс үндэстнүүд хамгийн түрүүнд юу хийдгийг санахыг оролдлоо. Саявтар уншиж байсан номонд газар хөдлөхөд хүүхдүүд ширээн дороо орох, боломжтой бол байшингийнхаа доод хонгилд орж байх ёстой тухай заах төдийгүй тийм сургуулилтийг цэцэрлэг, сургуульд нь байнга хийлгэдэг тухай уншаад дотроо инээвхийлж байсан маань зурсхийн орж ирж, дулаан гэсэн хувцасаа өмсөн, гадаа хөршийнхөө гарт хөтлүүлэн зогсоосон бяцхан охиндоо давхарлан өмсүүлэх хувцас аваад гарцгаалаа. Эгч маань бичиг баримтаа базааж, нөхөр маань элдэв юм болоход энэ газ /шатдаг хий/ дэлбэрвэл юун чиний арчаад байгаа шалтай манатай юм болно шүү дээ хэмээн цахилгаан зуухнаасаа газаа салган байшингаасаа гарлаа. Хажуу байшингийн нөмөрт зогсон дээврээс унах галтай мод, шатсан төмрөөс бултан гүйлдэх хүмүүсийг харан яахаа мэдэхгүй хэсэг зогслоо.
Хэвлэл мэдээллийнхэн сурвалжлага авахаар гүйлдэн, оршин суугчид яахаа мэдэхгүй хөлхөлдөж, гал сөнөөгчид, онцгой байдлын албаны ажилтнууд завгүй ажиллах тэр зураглал яг л телевизээрээ амтархан үздэг уран сайхны киног санагдуулж байлаа.
Хажуу талд зогсож байсан боловсролтой байрын сайхан бүсгүй “Ёо, яаж энэ байранд орчихоогүй юм, хойд талын байшинд байр худалдаж авсан нь онож шүү. Энэ хоёр айлын завсарт хөндий зай бий, тэр рүү гал орвол бүх давхрын айл руу шууд л хүрэх нь тэр дээ. Манайх энийг авдаг юм билүү гээд үзэж байсан болохоор би сайн мэдэж байна” хэмээн өөрийнхөө хийсэн үйлдлээр бахархаад ч байгаа юм шиг, бидний хийсэн үйлдлийг тавлаад ч байгаа юм шиг чимэггүй үгс хэлэх нь зүрхийг минь зүсэж билээ. Энэ бол би л хохироогүй бол боллоо гэсэн бидний үнэхээр аминч, өчүүхэн үзлийн илрэл билээ. Бид бүгдээрээ ийм өчүүхэн гэж үү? Үр хүүхдүүд маань ч ийм болох гэж үү? Монголчууд бид өөрсдийгөө тэнгэр язгуурт ард түмэн хэмээн том малгай өмссөөр нэг малгайн дор бүгд багтчихаар тийм жижигхэн болчихсон юм биш биз?
Нөгөө талаас бид зовлон гэж чухамдаа юу байдгийг үзээгүй ард түмэн. Тийм зүйлийг монголын ард түмний өвөг дээдэс үзэж туулсан байлаа ч зовсноос ухаарсан нинжин сэтгэлийн сайхан удамшил байгалийн хууль ёсоор сүүлийн 4-5 үед мөхөж буй бололтой. Ард түмэн улс үндэстнүүд зовлон туулсныхаа хирээр нэгдэн нягтарч, хүмүүнлэг энэрэнгүй болдгийг хүн төрөлхтөний түүх бидэнд гэрчилж байна.
1995 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Японы Кобэ хотод болсон 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт 6000 гаруй хүний алтан амийг, хот сууринтай нь хамт авч одсон тэр цагаас японы сайн дурынхны хөдөлгөөн үүссэн түүхтэй. Өнөөдөр энэ хотод арван жилийн өмнө тийм аюул болсон шүү гэдгийг гэрчлэх ганцхан музей л үлдсэн нь тэр явдал энэ хотод амьдардаг 1.5 сая хүнийг нэгтгээд зогсохгүй япон улсыг, бусад сайн санаат улс үндэстнүүдтэй нэгтгэж чадсаных бизээ. Бүрэн сүйрсэн хотоо аравхан жилийн дотор шинэ хот мэт бүтээн босгож, шинээр барьсан барилгууд нь гамшиг ослын үед найдвартай байдлаараа дэлхийд яригдаж байгаа билээ.
Аймшигт газар хөдлөлтийн түүхийг єгүүлсэн дєрвєн давхар музейн нэгэн хүндэтгэлтэй хэсэгт гай гамшгийн үед гар сунган тусалсан улс үндэстнүүдэд талархсан булан байдаг ба энэ жагсаалтын эхэн хавиар яваа өөрийн улсын нэрийг харан бахархах сэтгэл төрж байсан юм. Тэр музейг хамт үзэж байсан дэлхийн 74 орны залуучуудаас над шиг бахархах сайхан сэтгэл төрсөн хүн тийм ч олон байгаагүй ээ. Бид тийм л түүхтэй ард түмэн.
Гэр рүүгээ орж болно гэсэн зөвшөөрөл өгсний дараа дээврээс гоожих усанд дээд талын айлууд ямар байдалтай байгаа нь нүдэнд харагдаж байгаа мэт тодхон байсан болохоор дээд давхрын айлууддаа туслах нь зүйтэй гэж ярилцаад хоёр давхрынхаа айл руу утасдахад манайд туслалцаа хэрэггүй шахуу хариу хэлэхээр нь тэгвэл гурван давхрын айл руу хамтдаа орж туслая хэмээн уриаллаа. Гуравдугаар давхрын айлдаа ороод та нарт тусалъя, доод давхруудын чинь айлууд байна гэхэд ихэд гайхацгаан хэсэг алмайрч байснаа ус тосох түмпэн сав байвал сайн байна гэсэн үг сая нэг амнаасаа унагалаа. Гэр гэррүүгээ гүйцгээж хоолны, хогны сав, түмпэн юу л байгаагаа авчран хувингаар цутгах бороо мэт гоожих усыг тосон шагай шүргэм усыг шавхацгааж гарлаа. Гуравдугаар давхрын айлын усыг багасгаад дөрөвдүгээр давхрын айлдаа туслахаар орцгоож шөнө болтол шавхацгааж байж багасгасан юм.
Сүүлийн жилүүдэд барилгын салбар хөгжиж монголчууд бидний “Энэ хорооллыг орос ах нар, тэрийг чех ах нар барьж өгсөн юм” гэдэг үг хэллэг “Энэ хорооллыг тэр компани, тэр хорооллыг энэ компани барьсан юм” гэдэг үгсээр солигдсон ч өөрийн гараар хийсэн зүйлээс илүү аль нэг гар сунгасан ах нартаа найдаж байх нь илүү мэт санагдах үе ч бас байхыг үгүйсгэхээргүй л байна.
Бид сүүлийн жилүүдэд улс орноо хєгжүүлэх ажлаа хэрхэн зохион байгуулсан билээ? Зах зээлийн нийгэмд дээд сургууль байгуулж ажиллах нь ашигтай, нөгөө талаасаа улс орны хөгжил цэцэглэлтэд хэрэгтэй гэж шуурцгаан 200 шахам дээд сургуультай, хоёр сая гаруйхан хүн амтай улс болж хувираад байна шүү дээ бид. Гэтэл дээд боловсролтой болон төгсч гарсан хүмүүс маань улс эх орны бүтээн байгуулалтын альхан талд нь яваад байна вэ?
Социализмийн хэмээн муучилж дууддаг үед бид боловсролын байгууллагаа ч ирээдүйгээ харан зохицуулж төлөвлөдөг байсан. Хэдийгээр үгэнд ордоггүй, хичээл таслаад байдаг нөхдүүдийг наймдугаар анги төгсөнгүүт барилгын ТМС рүү зайлуулдаг байсан ч мэргэжилтэй тэр л хүмүүсийн улс орны хєгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.
Өнөөдөр мэргэжилтэй барилгачдын дундаж нас 49 гэсэн судалгааны дүн гарчээ. Хүний ид ажиллаж хөдөлмөрлөх нас хэд билээ? Үүнээс үзэхэд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажил хүний амьдралын нэг үеэр тоологдох, магадгүй түүнээс ч урт хугацаагаар тасраад байна. Бид үүнийг хэзээ нөхөх бол? Бас хэрхэн?
Аль ч барилгын бригадад очиход мэргэжилтэй барилгачин нэг хоёроос хэтрэхгүй. Бусад нь бүгд тэр хүний хэлснийг дагаж, хийснийг харж сурцгаасан хүмүүс. Тэгж сурсан хүмүүс тэрхүү барилгыг технологийн дагуу барих тал дээр ямар л байгаа бол. “Ленинградад газар хүчтэй хөдөлбөл юу үлдэх вэ?” гэсэн асуултанд “Санкт Петербург үлдэнэ” хэнээн хариулсан зүйр үг бас байдаг. Энэ нь зүгээр нэг хэлсэн үг бус тухайн үеийн барилгын чанарын тухай өгүүлсэн үг билээ. Тэрхүү ордны барилгын шаврын зуурмагт өндөг хүртэл хольж нарийн технологиор барьснаас өнөөг хүртэл хэдэн зууныг дамжин нэгээхэн ч газрын шавар нь ховхроогүй байгаа билээ. Харин бид аливаа зүйлд технологио бариагүйгээс юун дээр алдаж байгаа билээ? Гал гарсан дээрх тохиолдол ч үүний амьд жишээ болов уу даа.
Нэгэн байшингийн дээвэр шатсан энэ явдал тэр байшинд амьдардаг 32 айлын 200 гаруй хүнд л хамаатай юм шиг харагдаж болох ч энэ нэгэн гал биднийг өнөөдөр хаана яваад байгааг, юу хийгээд байгааг, бас монгол хүн хүн чанарынхаа хувьд ямар болчихоод байгааг кино үзэж байгаа мэт л харууллаа.
Монголчууд бид аливаад алдах үедээ хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй гэдэг үгээр өөрийгөө өмөөрч байгаа ч юм шиг, зөвтгөж байгаа ч юм шиг, өмнө нь хэлчихсэн байсан бол ингэхгүй л байсан юм гэсэн шиг үг хэлдэг зантай. Харин 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарсан энэ гал сайн сайн олон хүнд нэг юмыг хэлээд байгаа юм биш үү дээ?
Гарсан галыг унтраахад нийслэл хотод байдаг гал унтраах арван анги хамтарч байж сая нэг дуусгасан шиг бид аливаад хамтын хүчээр хандах цаг нэгэнт болжээ. Өнөөдөр нэг байранд, нэг орцонд амьдарч байгаа хирнээ дэлхийн хоёрдугаар дайны үед германы хорих лагеруудад үйлчилдэг байсан ”Каждый за себя” уриан дор амьдрахаа болих цаг болжээ.
Хүн төрөлхтөний хөгжлийн ямархуу цаг үед амьдарч байгаагаа ухаарч аливааг нүд хуурах бус уг үндэс сууринаас нь зөв хийх, технологийг нь баримтлах, алсаас төлөвлөгөөтэй хандах цаг нэгэнт болжээ. Энэ бүхний суурь нь боловсролын байгууллагын чанар, шинэчлэл ч байж болох юм.
Монголчууд хамтдаа байхдаа хүчтэй гэдэг сайхан үгийг зєвхєн сонгуулийн сурталчилгаа болгоод зогсмооргүй байна.
Гал гарсан байшингийн
оршин суугч Д.Сүрэнчимэг