Гайхамшигтай амьдрал
11 жил, 7 сар өмнө

Хавар боллоо хайртдаа очоорой, хаврын синдром гэх мэт эдгээр үгүүдийг сонсоогүй хүн ховор болов уу?  Энэ үгсийг сонссон ч тоодоггүй хүмүүс бас байдаг л даа? Үнэндээ би ч  мөн л хавар боллоо гээд нэг их догдлоод байдаггүй, бүр хавар хайртайгаа учирна гэж  яагаад ч юм бодож байсангүй. Гэхдээ л энэ үг бага ч гэсэн сэтгэлийг минь өдөөж аз жаргалын амтыг мэдрүүлдэг болохоор эдгээр үгсийн тухай бичиж байна. Ихэнх хүмүүсийн зүрх сэтгэлийг гижигдэж хайртайгаа учрах юм сан гэх хүслийг бадраадаг эдгээр үгс...  Дулаанаар илбэх зөөлөн салхи, нарны илч гээд урин хаврын өнгө үзэмж эдгээр үгсийн утга учрыг тодотгон харуулж хамтдаа алхах, цэцэрлэгт суух хосуудаараа дамжуулан хүч түрэн ганц бие хүмүүсийн зүрх сэтгэлийг гэгэлтүүлнэ... Энэ үг үнэн үү? Хавар хайртайгаа учирсан хосууд хэр их байдаг бол? Агуу хайрын эрэлд...

           Та жинхэнэ хайртайгаа учирч хайрандаа умбан аз жаргалаар бялхан инээмсэглэсээр алхаж байна уу? Аль эсвэл агуу хайртайгаа хараахан учраагүй л догдлонхон олны дундаас хайраа хайсаар, эсвэл хүлээсээр сууна уу?

Хэрвээ та жинхэнэ хайртайгаа учирсан бол аз жаргал, амар тайвнаар дүүрэн амьдралаа бүтээсэн бол танай гэр бүлд хамгийн ариун нандин сайн сайхан бүхнийг хүсье. Харин хараахан хайртайгаа учраагүй байгаа танд миний зүгээс бага ч болтугай тус хүргэе. Энэ орчлонд учрах ёстой хүмүүс л учирч, уулзах ч ёстой хүмүүс л уулздаг гэдэг. Жинхэнэ хайрыг хүсэгч би таны л адил хайртайгаа хэзээ нэг өдөр учирч аз жаргалтай гэр бүлээ бүтээж чадна гэсэн найдвар итгэлээр дүүрэн нэгэн. Тиймээс ч Агуу хайртайгаа анх яаж танилцсан бэ? Та жинхэнэ хайраа хэрхэн танисан  бэ? гэх асуултуудын хариултыг эрэлхийлэн 10-аас дээш жил ханилсан хосуудаасаа асуун ярилцаж “Хувь тавилан” нэвтрүүлгийг хийж байсан юм. 30 гаруй жаргалтай өрхүүдэд зочилон явж байхад надад болон манай багийн залуучуудын заримд нь хайрын тухай дахин нэг бодох, насны ханиа сонгохдоо анхаарах хэрэгтэй гэдэг ТОМ ухаарал ирсэн билээ. Тиймээс ч би та бүхэндээ арваас дээш жил ханилсан хосуудын анх танилцаж байсан сайхан түүхүүдээс эргэн санаж онцлон 3-ыг товчхон хүргэж байна.

Ахаараа дамжсан хувь тавилан:  Нэг залуу хаврын нэгэн өдөр ажлынхаа ахын гэрт очтол хөөрхөн охин сууж байжээ. Үзэсгэлэнтэй хөөрхөн охинг хараад л дурласан залуу ажлынхаа ахынд энэ өдрөөс хойш өдөр бүр  очих болжээ. Очих бүртээ бүсгүйд туслаж, кинонд урьж алхам алхмаар ойртсоор 2 жилийн дараа хувь тавилангаа холбон 3 сайхан охинтой болж аз жаргалтай амьдралаа бүтээжээ. Тэд 30 жилийг хамтдаа угтаж үдсэн бөгөөд одоо ч аз жаргалаар дүүрэн бялхаж буй...    

  Ажлын байр: Хувь тавилан нэвтрүүлгийн анхны хосууд Гаадамба, Жунц хоёр байсан юм. 50 гаруй жилийг хамтдаа угтаж үдсэн хосууд маань анх нэг үйлдвэрт хамтдаа ажилладаг байжээ. Гаадамба гуай: Би Жунцыг хараад л эхнэрээ болгоно гэж бодсон хэмээн хэлж байсан бөгөөд сэтгэлийг нь татахаар 3 жилийн турш  тууштай гүйсээр үнэхээр Жунц эгчийг эхнэрээ болгосон байна. Анх хоёул амьдралаа эхэлж байсан хосууд маань өнөөдөр үр хүүхэд ач зээтэйгээ нийлээд 40 шахуулаа болсон байсан. Өнөр бүлд зочилход сэтгэл сэргээд сайхан байсан шүү.

   Онгоцны буудал :  Зохиолч, яруу найрагч Данзангийн Нямаа гуай  эхнэртэйгээ 20 гаруй жил хамтдаа амьдарч зовлонг даван жаргалтай амьдралаа бүтээжээ. Харин тэрээр эхнэр Пичоскитойгоо анх онгоцны буудал дээр танилцсан байсан.  Тэрээр санаанд оромгүйгээр эхнэртэйгээ танилцан хувь тавилангаа холбосондоо маш их сэтгэл хангалуун байдаг хэмээн хэлж байсан юм...

Эдгээр хайрын түүхүүд танд нэгийг бодуулж, аль эсвэл нэгэн зүйлийг сануулсан болов уу? Бид заримдаа хайраас зугтан дөлж, заримдаа андууран алддаг. Харин эдгээр хосууд маань жинхэнэ хайр холдон одсон ч эргээд л ирдэг тиймээс жинхэнэ хуурамчийг ялгах сэтгэлээ сайн сонсож бай хэмээн захисан бөгөөд ХЭРВЭЭ би ханитайгаа учраагүй байсан бол би ийм сайхан амьдарлаа бүтээж чадахгүй байсан юм шүү гэдгийг хэлж байсан юм. Мөн хосууд байшин барихад байшингийн суурийг сайн тавьдагтай адил насан туршийн ханиа сонгохдоо л анхнаасаа сайтар анхаарах хэрэгтэйг захиж байсан. Үнэхээр л зүрхээ зүсэж, урахыг хүсэх хэн ч байхгүй тул сонголтоо зөв хийгээрэй, алдсан бол алдаагаа бүү давтаарай. Хүн бүр аз жаргалаар дүүрэн амьдрах учиртай. Ийм агуу үнэнч хайр харин хэзээ надад, танд ирэхийг хэн ч хэлж үл мэднэ. Жилийн дараа, сарын дараа, нөгөөдөр, маргааш, өнөөдөр...          Хэмжээлшгүй хайр юутай гайхамшигтай.