В.Ундраа: Тэвчээр шаардахгүй ажил гэж үгүй
“Шинэ үе урлаг” нийгэмлэгийн зураач В.Ундраа саяхан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан билээ. Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс тусгай байрын шагнал хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөсөн энэхүү залуу бүсгүйтэй уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм.
-Үзэсгэлэнгийн тухай эхэлж ярих уу?
-”Шинэ үе урлаг” бол залуу уран бүтээлчдийг дэмждэг нийгэмлэг. Бид хамтран зун бүр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд уран бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Зун жуулчид ихээр ирдэг үе тэдэнд Монголын уран зургийг танилцуулах боломж бүрддэг. Нөгөө талаас уран бүтээлчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих зорилготойгоор жил бүр нэг уран бүтээлчийн бүтээлийг гаргадаг уламжлалтай.
-Ямар сэдвээр зурсан бүтээлүүд байна вэ?
-Ямар нэг сэдэвт баригдаагүй ээ. Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчдийн өөрсдийн ертөнцийг л дэлгэж гаргадаг.
-Сүүлий үед залуус уран зураг ихээр сонирхож, зурах болсон. Үүнд манай ахмад зураачид болон “Шинэ үе урлаг” нийгэмлэг илүү үүрэг гүйцэтгэсэн болов уу?
-Тийм ээ. Энэ их сайн хэрэг. Залуу уран бүтээлчид олон болж, урлаг сонирхдог хүмүүс нэмэгдэх тусам нийгмийн оюун санаанд дэвшил гарна. Энэ бол бидний хувь нэмэр гэхээсээ илүүтэй нийгмийн хөгжилтэй холбоотой. Ходоодны хэрэгцээгээ шийдэсний дараа оюун санааны хэрэгцээ урган гарна шүү дээ. Тэр үе нь одоо эхэлж байгаа болов уу.
-Та хэзээнээс уран зураг сонирхох болсон бэ. Зураг зурахад мэдээж маш их тэвчээр шаарддагддаг байлгүй?
-Аав минь урлагийн авьяастай хүн байсан. Уран зураг, сийлбэр, төөнүүр зэрэг урлагийн олон төрлөөр туурвидаг байсан. Би хүүхэд байхаасаа л аавтайгаа хамт олон зүйл хийдэг байлаа. Ер нь ямар ч салбарт ажилласан бай авьяас, хөдөлмөр, тэвчээр аль аль нь хэрэгтэйг хэлдэг. Амар хялбар, тэвчээр шаардахгүй ажил гэж үгүй. Гэхдээ хүн өөрийнхөө хамгийн сайн хийж чадах, өөрийгөө зориулж чадах тэр л зүйлээ олж хийснээр хөдөлмөрлөж байна гэсэн сэтгэхгүйгээр биш бүтээн туурвиж байна гэсэн аз жаргалаар амьдардаг.
-Таны урын сан хэр арвин бэ?
-Том жижиг нийлсэн 300 гаруй бүтээл бий.
-Таныг уран зургаараа олон улсын шагнал авсныг дуулсан. Ямар бүтээлээрээ хүртсэн юм бэ?
-Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн хоёр жил тутам болдог бөгөөд энэ жил Вьетнамд болсон үзэсгэлэнд нийт 23 орны 213 уран бүтээлч оролцсноос манайхаас 10 уран бүтээлч уран бүтээлээрээ өрсөлдсөн. Уг хөтөлбөрийн хүрээнд Вьетнамын Минн Лонг шаазангийн үйлдвэрээс зохион байгуулсан шаазан эдлэл дээр зураг зурах уралдаанд Б.Насанцэцэг дөрөвдүгээр, Э.Билэгт бид хоёр тусгай байр эзэлсэн. Манай зураачдын зургийг маш их сонирхож байсан. Уг үзэсгэлэнг миний бүтээлээр эхэлсэн нь азтай явдал болсон. Дашрамд хэлэхэд олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 2014 онд Монголд зохион байгуулагдана. Соёл урлаг, бизнесийн байгууллагууддаа “Хамтраад сайхан зохион байгуулцгаая” гэж уриалмаар байна.
-Энэхүү тэмцээн хэзээнээс зохион байгуулагдаж эхэлсэн юм бэ?
-1993 онд анх Бээжинд болж байсан юм. Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбооноос зохион байгуулдаг. 2014 онд манай улсад болох гэж байгаа нь маш олзуурхууштай явдал болж байгаа. Дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийг нэгтгэж, уулзуулж, туршлага солилцуулах зорилготой бөгөөд тэмцээний үеэр ивээн тэтгэгч компаниуд уралдаан зохиодог юм билээ.
-Таны цаашдын зорилгоос хуваалцаж болох уу?
-Хүн бүр хүүхэд байхдаа хурц тод мэдрэмжтэй байдаг ч энэ нь амьдралын явцад тоосонд дарагдаж хөггүй болдог. Би өөрийнхөө бүтээлээр хүмүүсийн хүүхэд мэт цэвэр мэдрэмжийг дахин хөглөхийг хичээдэг. Энэ зорилгоо л хэрэгжүүлнэ. Хөггүй гитар шиг чахарсан, байгаа хүүхэд үеийн сэтгэлийг л хөглөх нь миний бүтээлийн амин сүнс болдог.
-Зураг зурахын сайхан нь юундаа байдаг вэ?
-Өөрийгөө үргэлж сонсч, өөртэйгээ л хамт бүтээн туурвидагтаа л байдаг. Нэг төрлийн бясалгал юм даа.
-Хамгийн их тэвчээр, хөдөлмөр шаардсан бүтээлээ онцлохгүй юу?
-”Хатад” гэж бүтээл бий. Сэтгэлдээ хүргэхийн тулд хоёр давхарлаж зурсан. Бараг хоёр он дамнаж зурсан. Уран бүтээлч бүр бүх бүтээлдээ л хайртай байдаг. Жижиг гээд чигчий хуруундаа дургүй хүн байдаггүйтэй адил.
-Та ямар сургууль төгссөн бэ?
-1998 онд Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн монгол зургийн анги, 2005 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг тус тус дүүргэсэн. Өөрийн уран бүтээлээрээ дамжуулж хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ, аз жаргал, эрч хүч, энерги бэлэглэхийг хүсдэг эгэл нэгэн зураач бүсгүй. Хүмүүсийн сэтгэлийн гүнд тоосонд дарагдан мартагдсан байдаг байгалийн зөн мэдрэмжийг сэрээж, өдөр бүр шинэ сэргэгээр амьдруулахыг хүсдэг.
-Зурахаас өөр сонирхдог зүйл байгаа юу?
-Амьтанд маш их хайртай. Ирээдүйд амьтны хүрээлэнтэй болно. Монгол хүүхэд бүрийн мөрөөдөл болсон баатартай комик ном бүтээнэ.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин