Б.ГЭРЭЛМАА: Нялх биетэй эхэд ямааны эрээн булчингийн шөл уулгаж, давсгүй шингэн хар цай өгч тэнхэрүүлдэг язгуур монгол ухаан бий
12 жил, 11 сар өмнө

Онц сонирхолтойгоор суралцах явцад минь тохиолдсон бас нэг үйл явдал бол эрүүл хоёр зээ, нэг ачтай болсон минь юм.

Охин, бэр хоёр минь жирэмсэн байхдаа болон төрсний дараа хэрхэн хооллосон нь өвөг дээдсийн эрдмийн захаас дуулж мэдсэнээ хэрэгжүүлсэн хичээл байсан.

Одоо цагийн эрүүл биш эмэгтэйчүүд жам ёсны хэвийн тээлт, төрөлт, эрүүл хүүхэд гэдгийг мэдэхгүй учир бие давхар болсноо мэдсэн цагаас эхлэн айдас түгшүүрт автан, тэртэй тэргүй тааруухан эрүүл мэндээ улам дордуулж, арай гэж хоёр яс салаад, өвчтэй хүүхэд өсгөхийн зовлонд унадаг тул “дахиж л хүүхэд гаргахгүй” гэсэн тангараг тавих дөхдөг.

Цаг нь ийм болчихсон юм, яах ч аргагүй гэж бодох хэрэггүй юм байна.

Том охин минь 2005 онд анхны хүүхдээ огт ядралгүй төрүүлж, амархан тэнхэрсэн. 2007 онд охин минь ажлаа ядрахгүй хийсээр яваад нэг ч өдөр амарч амжилгүй хоёрдахь охиноо төрүүлж, мөн л өмнөх шигээ маш хурдан тэнхрээд 41 хоноод ажилдаа орсон. 2008 онд бэр минь ч гэсэн бас ажлаа хийсээр байгаад л амаржсан, мөн л хурдан тэнхэрсэн.

Эрүүл төрсөн манай 2 зээ охид, ач хүү маань ямар ч түвэггүйгээр өсөн торниж байгааг, эхчүүдийн нь бие галбир, зүс царай өөрчлөгдөхгүй, сүү сайтай, хөнгөхөн байхыг харж байгаа учир арваад хүүхэд төрүүлж өсгөхдөө түүртэж зовсон шинжгүй жавхаатай сайхнаараа байдаг байсан бидний эмээ нарын нууц нь тэд эрүүл байсанд нь, эрүүл байсан нь амьдралын зөв дадалд нь байжээ гэдгийг бодитойгоор ойлгож, хүлээн зөвшөөрөх жишээтэй.

Тарган хонины махаар хар шөл уухгүйгээр тэнхрэх боломжгүй байсан бол охин, бэр хоёр минь тэнхрэхгүй л байх байсан. Ямааны эрээн булчинг 3 удаа угааж чанаад эхний шөлийг асгаж, дахин буцалгасан шөл 4-5 өдөр л уулгадаг байсан гэж ярих наяас дээш насны буурлууд одоо ч Монголд бий. Баруун аймгийнхан бол адууны эрээн булчингийн шөл гэж ярина шүү. Сургалтаар орон нутагт ажиллахдаа настан буурлуудтай уулзаж, судалгаа хийдэг бөгөөд маш сонирхолтой материал цугларч байгаа.

Эдний үг үнэн гэдгийг амьдрал дээр харлаа.

Ер нь сайн бодож үзвэл бид хэн болоод өвөг дээдсийнхээ үнэлж баршгүй өв соёл, эрдэм ухааныг шүүмжилж, үгүйсгэх эрхтэй юм бэ гэсэн асуулт аяндаа гарч ирж байна. Тэднийг юм мэдэхгүй харанхуй бүдүүлэг гэх мэтээр хэлэх ямар үндэслэлийг хаанаасаа гаргаж ирдэг хэрэг вэ?

Олон зуун жилийн турш өдөр тутам зөв амьдарсан дадал зуршил, ийм амьдралын ном ёсны үр дүн болох сайн эрүүл мэнд, энэ хоёрын холбоог олж харж байсан гярхай ажиглалт, ертөнцийн жамыг таньсан гүн ухаан, үр ачдаа өртөөлөн дамжуулсан үнэт зүйлийг уландаа гишгэж, зөвөөс татгалзаж, бурууг зөв хэмээх болсон төөрөгдөлдөө өөрөө үнэнч байхаас гадна тийм байхыг бусдад тулган шаарддаг эмгэнэлт байдлаасаа салахад илүүдэхгүй юм байна.

Амаржсан эхэд давстай, хийцтэй өтгөн цай уулгадаггүй байсан гэж цайны жинхэнэ мастерууд болох баруун аймгийн настайчуул хэлдэг. Зүүн аймгийнхан ч ялгаагүй, шингэхэн хар цай уулгадаг байсан гэдэг. Сүүтэй цайнд дуртай монголчууд эрт цагт яагаад дөнгөж төрөөд байгаа эхэд шингэн хар цайг давсгүй уулгадаг байсан юм бол? Хэрэв тэртээ дээр үед амьдарч байсан монголчуудаас одоо босгож ирээд ингэж асуувал шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хэлж чадахгүй л болов уу. Харин “тийм ёстой юмаа хүү минь” л гэх биз.

“Шал тэнэг юм” гэлгүйгээр зүгээр л нялх биетэй эхэд угааж угаачихсан эрээн булчингийн шөл хэдхэн өдөр уулгаж, давсгүй, шингэн хар цай өгөөд, үстэй гүзээгээр шар будаатай шөл чанаж идүүлээд, эрхбиш орчин үе юм байна хөх тарианы хар талх, овёсны нэвс Геркулес, хөц будаа, шинэхэн ээдэм, хоормог, хушга мэтийн самар, навч ногоо, жимсээр тэжээгээд үзэх л хэрэгтэй юмсанж.

“Тэр эрдэмтэн энээ тэрээ нь дуртай юм бол хулгана зурам дээр, чаддаг юм бол өөрийнхөө охин дээрээ л туршдаг юм байгаа биз, манайх яалаа гэж охиноо /бэрээ/ тэгж зовоохов , социализмын үеэс хонь төхөөрч, хар шөл ууж, шар будаа хийцэлсэн цайгаа ууж л арай гэж тэнхэрдэг байсан, хүн төрүүлнэ гэдэг амар ажил юмуу” гэх хүн одоо цагт захаас аван тааралдана даа.

Эрүүл ач, зээ нарыг төрүүлж өгсөн бэр, охиноо хооллуулсан тухай өөрийн мэдэж байгаа баримтыг бодит жишээ, нотолгоо болгон миний бичсэний санааг Та ойлгосон байлгүй.

Эхний гол санаа нь – хүлээн зөвшөөрч чадаж байгаа, чадахгүй байгаа сонголтын олон хувилбаруудыг тал бүрээс нь тунгаан бодоод, ганцхан хүний нэгхэн удаагийн туршилтаас бусдыг нь үр дүн гартал ном ёсоор нь даган дуурайсны дараа л дүгнэлт хийж, буруу зөвөө мэдэх нь ашигтай юмаа гэж.

Хоёрдахь чухал санаа нь – амьдралаар нэгэнт нотлогдсон үнэнийг үгүйсгэж болох боловч түүнтэй тэрсэлдсэний горыг тойрч бултах юмуу, бусдад ацаглах боломж даанч байдаггүйг бидний өнөөдрийн бодит амьдралын дэндүү бодитой байдал хэлээд байгааг хүлээн зөвшөөрвөл дээргүй юу гэж.

Санаанд багтахгүй гэж бид их ярьдаг. Яаж тийм байхав дээ ч гэх шиг. Хэмжээтэй юмны зах хязгаарт хүрчихсэн хүн мэтээр л өөрийгөө төсөөлдөг юмуу даа. Санаа гэдэг саваа юу ч багтах зайгүй болгочихдог юм биш үү? Болчихдог гээгүй, болгочихдог. Энэ их учиртай! Хамаг учир энд л байдгийг мөн ч олон хүн янз бүрээр бусдадаа хэлсээр ирснийг үе үедээ тун ч цөөхөн хүн ухаардаг бололтой.

Жирэмсний хордлого, хаван, даралт, хүндрэлтэй төрөлт, тархины даралттай, диатезтэй, түнхний мултралттай хүүхэд, угж, нойргүй шөнүүд, гадаад, дотоодын эмнэлэгт хүүхдийнхээ сахиур, ...

Иймэрхүү зовлонгүйгээр бүл нэмж, олон хүүхэдтэй аз жаргалтай айл байх боломжтой юм байна гэдгийг болж өнгөрсөн үйл явдлаас ухаарч байгаа түүхээсээ сонирхуулахад нэг иймэрхүү.

Бидний өвөг дээдсийн соёл зөвхөн жирэмсэн, хөхүүл эхийн хооллолт биш гэдэг нь ойлгомжтой. Жилийн дөрвөн улиралдаа зохицож, бага иддэг, дангаар хооллодог /олон юм нэг дор иддэггүй/, насны онцлогийг харгалздаг гэх мэт дадал зуршил нь асар их соёлын үзүүлэлт байсан учир монголчуудын үндэсний хоол гээд бусдад гайхуулах хольц найрлага бодож олоогүй юм байна. Хооллох ажлыг үзэх, үнэрлэх, амтлах урлаг болголгүйгээр олон зуун жил ном ёсоор нь хийж явна гэдэг шуналт хүсэлд автахгүй ямар өндөр дархлаатай, сэтгэлийн ямар гүнзгий боловсролтой байсныг гэрчилнэ.

Б.Гэрэлмаа
Зохимжит хоололт судлаач
"Хоол ба сэтгэл", "Идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү" номын зохиогч