Бүх юм учиртай
13 жил өмнө

Та бид хоёрын энэ учрал санамсаргүй тохиолдол биш ээ. Та их буян хураасан хүн учир олон түвшинт энэ Сансар Орчлонгийн ийм мэт сайн мэдээллүүд оршдог түвшинд дээшлэн хүрсэн болохоор аз жаргалын түлхүүрүүд дараа дараагаар Танд олддогийн бас нэгийг атгах учрал чөлөө бүрдсэн юм байна.

Эрхэм хүмүүн Та миний сайхан шавь нарын нэг, эсвэл манай “Соёолж” зохимжит хоолны газарт үйлчлүүлэгч, эсвэл миний “Идэхийн тулд амьдрах уу? Амьдрахын тулд идэх үү?” ном уншсан хүн, эсвэл гурвууланг хамтруулсан нэгэн, эсвэл анх удаа уулзаж байгаа шинэ танил байгаа.

Хэрэв Та миний курсэд сууж байсан бол бие болон сэтгэл эрүүл болохын баярыг үзэж яваа, үйлс ажил нь өөдрөг, амьдралын утга учрыг гайгүй сайн ухаарч, өнгөрсөн болон ирээдүй цагт биш яг одоо цагтаа аз жаргалтай амьдарч яваа гэдэгт бат итгэлтэй байна.

Биедээ зохимжтой хооллогч танил минь бол энэ номыг уншаад өөртөө улам итгэлтэй болох төдийгүй ойр дотнынхон чинь энэ чухал асуудлын  ач холбогдлыг яагаад бүгд сайн ойлгохгүй байгаагийн шалтгааныг олж харах тул тэдэнд туслахад чинь дөхөм болно.

Харин танилцаж амжаагүй эрхэм Та зохимжтой хооллогч биш  бөгөөд энэ асуудлыг сонирхдог бол тухайн сэдвийг арай өөр өнцгөөс харж, буруу дадал зуршлаасаа бүрмөсөн салахад чухам юу дутаад байсныг ойлгох буйзаа. Тантай “Соёолж” хоолны газарт эсвэл манай курсэд биеэр уулзан танилцахын ерөөл тавья.

Б.Гэрэлмаа "Хоол ба сэтгэл" номоос