БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА
10 жил, 12 сар өмнө

Бүтээлч хандлагын 5 үндсэн элемент

  1. Юмсыг мэдрэх мэдрэмж

  2. Юмс үзэгдлийг чөлөөтэй холбох

  3. Өөрчлөн сайжруулах

  4. Шинээр сэтгэн бодох

  5. Аливаа асуудлыг олон талаас нь судалж шийдэх.


Аргууд

  1. Төсөөллийг эвдэх

  2. Хөндлөн сэтгэх

  3. Оюун зураглал

  4. Тархины шуурга

  5. Далд ухамсараа ашиглах


1.Төсөөллийг эвдэх арга/ Дэлхий дээр анх удаа буусан харь гаригын хүн

Бид ямарваа нэг асуудалтай тулгарахаараа түүнийг өмнө нь туулж байсан ижил төстэй асуудалтайгаа яг ижилхэнээр хүлээн авдаг. Тэгэхэд болсон арга энэ удаад ч бас болно гэж эндүүрдэг. Гэхдээ нэг салбарт хэдий чинээ их туршлага хуримтлуулна, төдий чинээ бүтээлч шийдэл эрэх нь багасдаг муу талтай. Өөрийнхөө харах өнцгийг, ойлголтыг эвдэхийн тулд аливаа асуудлыг юу гэж бодож байгаагаа цаасан дээр жагсааж бичээд, ар талд нь тэднийгээ нэг нэгээр нь сөргүүлж бичээд уншаад үзээрэй. Энэ үед илүү дээр шийдлийг олох нь ч бий. “Бичих цаг боллоо” номын зохиогч, Америкийн уран илтгэгч Jurgen Wolff энэ аргыг “Чи өөрийгөө дэлхий дээр анх удаа газардаж байгаа харь гаригийн хүн хэмээн төсөөлөхтэй адил” гэж тодорхойлсон байдаг. Өмнөө байгаа даалгаврыг, ажлыг, асуудлыг өөртөө огт танил биш хэмээн бодож, түүнтэй анх удаа нүүр тулж байгаа хүний нүдээр хараад үзээрэй. “Шинэ нүд”-ээр бүхнийг харснаар чи урьд нь анзаардаггүй байсан зүйлстээ ч анхаарлаа хандуулж, сонирхож эхэлнэ.

-Чиний үнэн гэж итгэсээр ирсэн зүйл үнэн биш ч байж болно.

-Чиний хийх ёстой гэж боддог зүйлийг яг үнэндээ хийх ёсгүй ч байж магадгүй.

-Чиний өөрчилж чадахгүй гэж боддог зүйлд чи нөлөөлж чадах ч юм билүү?

-Чиний ингэж хийх ёстой гэж боддог зүйлийг, өөрөөр хийх ёстой ч байж болно.


2.Хөндлөн сэтгэх

"Нэг зүйлийг арай өөр өнцгөөс нь харахыг бүтээлч сэтгэлгээ гэнэ." – Эдвард Де Боно

Ингээд бодохоор муу зүйлээс ч сайныг олж хардаг хүмүүс бүтээлч сэтгэлгээтэй байх магадлал өндөр байгаа биз? Хэзээ ч өмнө нь харж байгаагүй өнцгөөс асуудалд хандах нь бүтээлч сэтгэлгээний үндэс юм. Босоогоор сэтгэж байгаад, гэнэт чиглэлээ өөрчилж хөндлөнгөөр сэтгэхтэй адил. Бидний тархинд аливаа зүйлийг хүлээж авах тодорхой “зам” аль хэдийн үүсчихсэн байдаг ба түүнийгээ л дагаж, замаа эвддэггүйгээс бүтээлчээр сэтгэж чаддаггүй. Зөвхөн ажилд ч биш, амьдралдаа таарсан бүх зүйлийг өөр өөрөөр харах гэж хичээснээр энэ чадвараа хөгжүүлж болно. Цонхны цан дээр үүсэн дүрсийг хэд хэдэн өөрөөр нэрлэх гээд үз. Өглөө болгон л хийдэг зүйлээ маргаашнаас арай өөрөөр хийгээд үз.


3.Оюун санааны газрын зураг

Энэ бол Леонардо Да Винчигийн тэмдэглэл хөтөлдөг байсан аргаас үүдэлтэй арга юм. Ерөнхийдөө хүний тархины үйл ажиллагааг дуурайж хийсэн загвар юм. Энэ аргыг:

- Хувийн зорилгоо тодорхойлоход

- Асуудлыг шийдэхэд

- Бизнес төлөвлөгөө гаргахад

- Шинэ санаанууд дэвшүүлэхэд

- Шалгалтанд бэлдэхэд

- Шинээр хэл сурахад ашиглаж болно.

Эхлээд том цаасны дунд өөрийнхөө гол асуудлыг бич. Тэр асуудалтайгаа холбоотой түлхүүр үгсийг өөр газар жагсаа. Шинээр урган гарч буй шийдэл бүрийг цаасны голд бичсэнээсээ мөчирлүүлэн зурж бичнэ. Дараа нь тэгж зурсан мөчирнүүдээ дахин салбарлуулах замаар санаа болгоныг дэлгэрэнгүй задална. Үүнийг зурж байхдаа өнгө будаг ашиглах нь чухал. Энэ нь ой санамж болон төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх сайн талтай.


4.Тархины шуурга /Brainstorming/

Хувь хувьдаа биш, олноороо нийлж нэг асуудал дээр өөрт төрсөн бүх санаагаа хуваалцаж, самбар юм уу цаасан дээр жагсаах аргыг Брейнсторминг гэдэг. Энэ аргыг ашиглахын тулд дараах хэдэн зүйлсийг санах хэрэгтэй.

• Шүүх, шүүмжлэхээ хойш тавь. Брейнстормингийн эхний шатанд аль ч санааг үнэлж дүгнэх ёсгүй.

• Галзуу, солиотой санааг ч дэвшүүлж болно. Ер нь л толгойдоо орж байгаа бүхнийг хэлж тэмдэглэж, санаагаа уралдуул.

• Чанарын биш, тооны хойноос хөөцөлд.

• Бусдын дэвшүүлсэн санааг бүгдийг нь тэмдэглэж ав. Аль ч санааг шүүмжлэх хэрэггүй.

• Дараа нь бүх гарсан санааг нэгтгэх замаар шинэ шийдлүүд олох. Нэг санаа дангаараа үр дүнгүй байсан ч “1+1=3”-ыг санавал хоёр жижиг санааг нэгтгэж, илүү чухал үр дүнд хүрч болох юм.


5.Далд ухамсраараа асуудлыг шийдэх

Богино хугацааны болон урт хугацааны ой санамжинд хадгалагдсан санаануудыг боловсруулахыг далд ухамсартаа даатгаж орхихыг ингэж нэрлэнэ. Бидний толгойд өдөр бүр 60 мянган бодол эргэлддэг гэдэг дээ. Тэр дунд хичнээн олон шинэ санааг бид анхаарч үзэлгүй урсгачихдаг бол? Далд ухамсраа ашиглаж асуудлыг шийдэхийн тулд, оюун ухаанд чинь орж гарч байгаа зүйлсийг сайн тогтоож авч, сонсох ёстой юм. Суут сэтгэгчид ихэвчлэн суут “амрагчид” байдаг. Аливаа асуудал дээр сайн төвлөрч, оюун ухаанаа шахах нь нэг талаар зөв боловч, хааяа үүний яг эсрэг арга болох тайван амарч, тэр асуудалд огт анхаарлаа хандуулахгүй байх нь үнэ цэнэтэй санаа олох хэрэгсэл болж болдог. Тэр асуудлын тухай хэсэгхэн хугацаанд сайтар бодож байгаад, пауз авч толгойгоо цэвэрлээд зүгээр л унтчих. Нөгөөхөө дэвтэр дээр бичээд орныхоо хажууд тавихаа мартуузай. Маргааш өглөө нь босонгуутаа төрсөн санаануудаа доор нь бичиж тэмдэглэ. Болж өгвөл их юм бичихийг бодоорой. Зүүдээ ч сана. Эсвэл унтахдаа чангаар “Би өнөө шөнө ... /шийдэхийг хүсч байгаа зүйлээ орлуул/ талаар зүүдлэх болно” гэж өөртөө хэлээд үзээрэй. Хамгийн гол нь хүчлэх хэрэггүй.