Буруу тооцоо буюу хармын сэтгэл
Юмны учир сайн мэддэг хүн “Соёолж”-д хооллохоор орж ирвэл “танай хоол маш хямдхан байна, ашиг олдог юмуу? Эрүүл болоход тусалж чадах уу? Зарим юмаа хямдаар юмаар орлуулдаг юм биш биз” гэж сэжиглэсэн байдлаар асуудаг.
Гэтэл зарим хүн үнэ өндөр байна гэдэг. Тийм хүн хэдэн удаа идээд больдог. “Гэртээ ч гэсэн эрүүл хооллох боломжгүй юм байнаа үнийг нь дийлэхгүй” гэх хүн ч байх.
Зохимжит хоол, түүний материал үнэтэй гээд эрүүлжих боломжоос татгалзаж байгаа хүн дараах зүйлд анхаарлаа хандуулж, эргэцүүлэн бодож үзэхэд илүүдэхгүй. Нөгөө л сонголтын асуудал.
а/идэж буй хүнсний үнэт чанар, өгөөж
Байгалийн гарлаараа байгаа учир эмчилгээ сувиллын чанартай, зохицуулах үйлчилгээтэй хүнсний зүйл харьцангуй өндөр үнэтэй байдгийг бүгд мэднэ. Тийм материалаар хийгдсэн идэх юм хямдхан байх боломжгүй. Жинхэнэ арвайн, овёсны гэх мэт гурил – буудайн гурил, буудайн дээд гурил – буудайн хар гурил, хошуу тарианы нэвс – цагаан будаа, монгол ногоо- хятад ногоо, оливын тос – есийн тос, монгол цөцгийн тос – маргарин, бурам – элсэн чихэр, жинхэнэ зөгийн бал – элсэн чихрийн сироп, хальстай самар – давсалсан нүцгэн самар гэх мэтээр харьцуулаад үзэхэд болно.
Ер нь үнэтэй, үнэгүй гэдэг нь тун харьцангуй ойлголт гэдэгтэй Та санал нийлнэ байх. 5000 төгрөгөөр зохимжит хоол идэхдээ гол нь цохих шахсан хүн хятад хоолны газар хоёул ороод 18000 төгрөгөөр хооллоод гарахдаа гонсойхгүй байж чаддаг. Таашаал нь ямар байсан бэ гэдэгт л учир нь байсан хэрэг.
Үнийн дүнгээр адилхан ч, чанараараа тэнгэр газар шиг хол зөрүүтэй хоол идсэний үр дагавар нь түүнээс ч хол зөрдгийг яахав?
б/хэмнэлт бүхэн хожоо биш
Хоол хүнсний зүйл худалдаж авахдаа мөнгөөрөө юу сольж авч байгаагаа эргэцүүлэн бодвол үнэ, үнэт зүйл хоёрын чанарын ялгаа харагдана. Жишээ нь, химийн бордоогоор ургуулсан хятад төмс, цианит натри, мөнгөн усаар хордсон монгол төмс мэт эрүүл мэндэд ашиггүй хүнсийг хямдыг нь харж авч идэх нь өнөөдөртөө хэмнэлт юм шиг боловч үнэн хэрэгтээ ойрын ирээдүйд заавал илрэх өвчин худалдаж авлаа гэсэн үг байдаг.
Эмчилгээ болон түүнтэй холбогдож гардаг зардлууд, алдсан цаг хугацаа, амь нас болон бусад хохирлуудыг зөвхөн мөнгөөр хэмжих аргагүй гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Биеийн зовиур, шаналгаа, айдас түгшүүрийг юугаар хэмжих вэ?
Зөвхөн мөнгөөр илэрхийлэгдэж болох зардлыг тооны машин дээр нэмээд үзвэл цочмоор дүн гарна. Таны эргэн тойронд өвчтэй хүн байдаг бол тэднээс асууж байгаад бодоод үзээрэй дээ. Гарцаагүй зарцуулах мөнгө гэж бодоод, эвлэрчихсэн байдаг учир хүмүүс тусгайлан тооцож үздэггүйгээс сардаа, жилдээ нийт ямар үнээр өвддөгөө тэр бүр мэддэггүй.
Эм, тан авах, эхо-д харуулах, компьютер оношлогоо, шинжилгээ хийлгэх, элдэв зураг авахуулах, оношлогоонд уудаг, шахуулдаг бодисын үнэ, такс, ор хоног, бэлэг дурсгалд гээд дотооддоо зарцуулж мөнгө өрхийн төсөвт хичнээн хувийг эзэлж байгааг мэдвэл үнэхээр гол харламаар!
Тэр өвчнийг бас л өөрийнхөө мөнгөөр худалдаж авдаг нь бүр их харамсмаар!
Гадаадад оношлуулах, эмчлүүлэх гээд хүн дагуулаад, дагаад явах болвол овоо бэл хэрэгтэй! Овоо гэдэг нь хэдэн арав, хэдэн зуун сая төгрөг!
Ингэж зарсны хэрэг бүтэж, эв эрүүл болдог бол хамаа юу. Гэтэл…
Тийм болдоггүй шүү дээ!! Харамсалтай нь.
Тэр их мөнгийг хүний бие өөртөө их засвар хийх номын ёсны хугацаанд хуваагаад үзэх хэрэгтэй. Нэг өдөрт хэдэн төгрөг ногдох нь вэ гэж.
Өдөр бүр гэртээ, хоолны газарт зохимжтой хооллох зардлаас эмчилгээний зардал хавьгүй өндөр гардгийг манай клубын гишүүд бодож үзсэн байсан.
Алдагдсан эрүүл мэндээ эргүүлэн олж авах зорилгоор “Соёолж”-д өдөрт нэг удаа хооллоход 2200 – 5000 төгрөг хангалттай хүрэлцэнэ. Жич: энд бичигдсэн тооцоог 2008 оны 10 сарын үнээр бодсон.
Хүрэлцээтэй гэдэг нь эхлэн хооллогч зарим хүний хувьд цадах тухай ойлголттой тэр бүр дүйцэхгүй гэдгийг дашрамд онцлон хэлье. Энэ талаар дэлгэрүүлж бичсэнийг Та дараагийн хуудаснаас уншина.
Ходоод шархтай, хелико бактеритай, элэг цөс, бөөрний архаг үрэвсэлтэй, чихрийн шижинтэй, зүрх өвддөг, даралт өндөр, харшилтай, ханиад амархан хүрдэг одоо цагийн дундаж өвчтөн ням гаригаас бусад бүх өдрүүдэд “Соёолж”-д нэг удаа ихээр бодоход 5000 төгрөгөөр хоолловол жилд 5000*313=1 565 000 төгрөг өөртөө цувуулан зарцуулна.
Ийм тууштай хүний эрүүл мэндэд нэг жилийн дотор маш их өөрчлөлт гарах бөгөөд эм ууж, эмнэлгээр явахаа больсон байдаг.
Түүний ходоод, гэдэсний шарх эдгэж, хоолны шингэц сайжирч, өтгөн хатахаа больж, даралт тогтворжин, цусан дахь саахар хэлбэлзэхгүй, хавангүй, хэвийн жинтэй болж, арьсан дээрх нөсөө бутарч бүдгэрэн ихэнх нь алга болж, бие нь хөнгөн, ядарч сульдахгүй, сайхан амарч унтдаг, цовоо сэргэлэн хүн болсон байна.
Өөрийгөө тохируулж чаддаг шугаман бус биодинамик систем болох хүний бие ийнхүү засрах нь байх л ёстой хэвийн, ном ёсны үзэгдэл гэдгийг би олон хүн дээр харж байдаг.
Харин дээрх өвчтөн хооллолтдоо өөрчлөлт хийлгүйгээр жилд 2 удаа эмнэлэгт хэвтэж, 1 удаа сувилалд явж, өрхийн болон нарийн мэргэжлийн эмчид сард 1-2 удаа үзүүлж, аль нэг өвчиндөө сар бүр гэрээр курс эмчилгээ хийлгэхэд оношлогоо, эм, эмчилгээний шууд зардалд ???? төгрөг зайлшгүй зарцуулна.
Гэвч биеийн байдал нь эмчилгээний дараа овоо дээрдэвч төдхөн бахь байдагтаа эргэн ордог нь бодит үнэн.
Тэгэхээр дээрх мөнгө зарцуулсны үр ашиг тэгтэй тэнцүү гэсэн үг.
Харин “Соёолж”-д өгсөн мөнгө нь хоол хэлбэрээр эзэндээ шингэж, хүүтэй хадгаламжид орсонтой адилхан байна.
Өөрийн нөөц чадварыг ашиглах боломжийг биедээ олгохгүй элдэв шалтаг бодож олсоор, өвчнөө хүндрүүлээд, нэг дор бөөн бөөнөөр их мөнгө үрээд “шатаж” байснаас энэ хоолонд өдөр өдөрт зарцуулах нь мөнгөн дүнгээрээ асар хямд бөгөөд ерөнхий утгаараа харьцуулшгүй үр дүнтэйг үзсэн хүн олширч байна.
Тэгэхээр одоо шалихгүй мөнгө хэмнээд тийм гарцаагүй их гарзыг зайлшгүй үүсгэх үү, эсвэл тэр мөнгийг хайрлахгүй зарцуулаад тэдгээр аймшигт зардлуудыг хэмнэх үү гэдэг нь хувь хүний сонголт.
Цаана нь амьдралын чанар, бас үхлийн чанар гэдэг маш чухал ойлголт байдгийг бодолцмоор.
Идсэн зүйл нь биеийнх нь бүх хэсэг рүү зөв урван хувирч, өөрийг нь сэргээн бүтээлцэж байна уу, аль эсвэл эвдэн сүйтгэж, биеийнх нь тохиргоог алдагдуулан түмэн янзын илүү ажил үүсгэж байна уу гэдгийг ялгах мэдлэгтэй хүн хүнсний бүтээгдэхүүний үнийн шошгон дээрх тоог амьдралынхаа чанартай уялдуулан үнэлдэг.
Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт гэсэн ойлголт байдаг. Та зөвхөн харж, үнэртэж баясах, идэж зажлах, ходоодоо юм хадгалах сав суулга мэтээр дүүргэх тухайд санаа тавьж, өөрт тань таашаагддаг идэх юмаар дамжуулан өвчин худалдаж авах уу, Байгал Эхийн бэлдээд өгсөн хишгийг унаган төрхөөр нь хүртсэнээр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх үү? Энэ бол зөвхөн Таны асуудал.
“Та хоолыг эм шиг идэхгүй бол эмийг хоол шиг иднэ” гэж япончууд ярьдаг нь их учиртай.
Улаанбаатарт амьдардаг, дундаж орлоготой хүн “Соёолж” мэтийн хоолны газарт байнга хооллож, дэлгүүрээс зохимжтой хүнсээ байнга авч чадна. Зохимжгүй хоолноос илүү зардал гарахгүй. Хэрэгцээнээсээ хэт их иддэг зуршлаасаа болж л мөнгөө үргүй зарж байгаагаа мэдэхэд амархан. Зохимжтой хооллоод үзэхэд л тодорхой болдог. Өөрөөр үнэмших боломжгүй. Хэрэгцээний тухай дараагийн хэсэгт бичсэн.
Орчин цагийн монголчууд сав л хийвэл “байхгүй”-г дуудан эвэр хошуулж, бэлгэгүй юм ярих нь их болжээ.
Хүмүүс мөнгөтэй!
Харин өөрийн дуртай шал дэмий юманд хайр гамгүй зарцуулдаг атлаа хэрэгтэй юманд зарж чаддаггүй хүн олон. Энгийн жишээ авахад, нөсөө, үрчлээсээ нуух санаатай энгэсэг будаг авахдаа нарийлахгүй. Нөсөө, үрчлээсийг нь үүсгэсэн хоолоо цадатлаа идэхдээ мөнгө гамнахгүй. Эдгэж л байвал мөнгө юу юм бэ гээд эмчийн бичсэн болгоныг худалдаж авахдаа гар татахгүй сүжигтэй.
Тэтгэвэр, цалин, ашиг орлого нь нэмэгдэхгүй байгаа бол зардлаа хэмнэвэл орлого нэмэгдсэнээс ялгаагүй шүү дээ! Хамгийн их хэмнэлт бол шууд утгаараа эмчилгээнд мөнгө үрэхгүй, өвдөж цалингаа алдахгүй явдал. Шууд бус утгаараа – цаг хугацаа, амжилт, нэр хүнд, биеийн зовиур, гоо сайхан, ойр дотнын хүмүүсийн түгшүүр гээд олон зүйл хэмнэгдэнэ.
Үнэхээр маш бага орлоготой хүн зохимжтой хоолны газарт байнга хооллож, Меркурий захаас хар тутарга авч идэж чадахгүй. Гэхдээ чанартай борог хүнсээ өртөг багатайгаар олж авах боломж Монголд их байдаг. Хашаанд амьдардаг хот, суурингийн хүн газар дээрээ, орон сууцанд суугч бол тагт, цонхны тавцан, тасалгаанд, хөдөө амьдардаг нь туслах аж ахуй хөгжүүлээд олон төрлийн ногоо, жимс, тэр ч байтугай тариа тарьж, зэрлэг ургамлыг ч тарималжуулж чадсан зарим жишээг өмнө дурдсан.
Аз болоход хамгийн чанарлаг хүнс Монголд олдоцтой, хямд байдаг. Жишээ нь: хоёрдугаар гурил, хүнсний хивэг, хөц будаа, шар будаа, малын толгой цувдай гэх мэт. Тэр ч байтугай үнэгүй олдох юм ч их. Халгай, багваахай цэцэг, мангир, гогод, таана, хөмүүлийг түүж л чаддаг бол хаа сайгүй л байна. Овсгоотой хүн бол идэхээсээ илүү гаргаад худалдан борлуулсан ч боломжтой.
Тэр ч болохгүй, энэ ч бүтэхгүй, тийм ч юм байхгүй, энийг ч мэдэхгүй гээд гомдоллоод л суугаад байвал юу ч бүтэхгүй.
Чи эмзэг бүлгийн хүн байна, цалин, тэтгэвэр чинь бага юм байна гээд өвчин, үхэл өрөвдөхгүй, эмнэлэг, эмийн сан тэр бүр үнэгүй үйлчлэхгүй тул харин ч баян хүнээс илүү шамдаж, олдог хэдийгээ зохимжтой хоолны тухай мэдлэгт, үйл хэрэгт зарцуулж чадсан хүн арвилан хэмнэлт хийх бөгөөд эрүүл байгаагийн хүчинд л эмзэг бүлгийн данснаас эгнэгт хасагдана. Энэ нь илүү ашигтай.
Ер нь тэгээд “Гарч байж ордог” гэдэг үг байдаг шүү.
Эрүүлжих, эсвэл эрүүл биш болохоос урьдчилан сэргийлэх гэсэн маш тодорхой зорилгоор идэж байгаа хоолондоо зарцуулдаг мөнгөний тухай ярьсных ингэж хооллогч бүх хүн мөнгөө зөвхөн өөртөө зориулж байгаа биш, бас бусдын тусад нэмэрлэж байгаа утгыг хөндөх нь зүйтэй.
Олсон ашгаараа бизнестээ хөрөнгө оруулалт хийж өргөжин хөгжих нь эргээд хэрэглэгчиддээ тустай үйл болдог нь эрхэмлэх суртахуунтай бизнесийн нэг онцлог тул ийм бизнест орлого оруулна гэдэг нь сайн үйлсийг дэмжиж, буян бүтээж байна гэсэн үг юм. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг.
“Ард түмэн харанхуй байхдаа ашигтай байдаг юм шүү дээ” гэж манайдаа нэртэй нэгэн эрхэм гишүүн надад тэр жил аминчлан хэлснийг би мартдаггүй юм.
Монголын төр баригчдын энэ үе солигдож, эсвэл тэд маань гэнэт гэгээрч, үр дагавар муу байхад баярладаг атлаа түүнийг арилгаж өгөх буянт баатрууд болж жүжиглэхээ больж, шалтгааныг засах аянд мордож, эрүүл мэндээ хариуцах чадвартай болоход нь иргэддээ тусалж, оношлогооны төв, эмийн үйлдвэр барихын хажуугаар хүн амд, ялангуяа өсвөр үеийнхэндээ сэтгэлийн боловсрол олгоход хүч, хөрөнгө хаядаг болтол бид амь амиа бодож, байгаа боломжоо ашиглан, өөртөө болон бусаддаа тус хүргэхээс өөр сонголт одоохондоо алга.
Тэр сайн цагийг хүлээж болох ч энэ биеийн нас, элэгдэл хорогдол нэмэгдэх нигууртай.
Манайх шиг газруудад түрээсийн, эсвэл цахилгааны төлбөрөө төлөөрэй гээд төсвөөс мөнгө хуваарилдаг ч юмуу, татварыг хөнгөлдөгсөн бол хоолны үнэ хямдарна шүү дээ.
Ийм бизнесийг зөвхөн хувьдаа олз ашиг олох гэж хийдэггүй. Амьдралгүй өндөр үнэ зохиочихоод хээв нэг сууж байх нь ийм ажил эрхлэх эрхэм зорилгод нийцдэггүй юмаа.
Эрүүл болохыг биеэр үзэж, тэр тухай сургалтыг сэтгэлийнхээ дуудлагаар явуулж, сургалтынхаа хавсралт, үзүүлэн болгож энэ ажлыг хийж байгаа учраас тэр.
Тус тусын бизнестээ шамдаад завгүй, өвчтэй хүн олон байвал өөрсдөд нь ашигтай байдаг эрх мэдэлтнүүд ирж гоочлон, бидэнд саад хийхгүй л байвал тус нь тэр гэж бодох энэ цагт “Соёолж” хоолны газар гэхэд л манайд орлого оруулдаг хүмүүсийнхээ хүчинд л “бор зүрхээрээ” оршин тогтнож, сайн цагийг наашлуулан ойртуулж байгаагаа гавъяад тооцдоггүй юм. Учраа мэддэг үйлчлүүлэгч нь ч өөртөө болон хоолыг эм шиг идэхийг хүссэн өрөөлд дэм болж яваадаа үнэрхдэггүй бөгөөд харин үүгээрээ бахархадгийг би сайн мэднэ.
-Та нар энэ ажлыг санаснаараа хийе гэхэд мөнгө, туршлага, дэмжлэг дутагдахын бэрхшээлийг хангалттай туулж байгаа нь харагдаж, мэдрэгддэг. Гэхдээ “санаа зөв бол заяа зөв” , “сайн санааны үзүүрт шар тос” гэдэг дээ. Та нарын сайн үйлс сайхан бүтнээ, санаагаа бүү зов. Энэ бол монголчууд бидний буян юм шүү дээ гэж манай курсэд суусан нэг үйлчлүүлэгч хэлж билээ. Хэлээгүй ч гэсэн ийм бодолтой хүн олон байдагт би эргэлздэггүй.
Бурмаар тэжээхээр урмаар тэжээ гэж үүнийг хэлнэ.
Өөртөө хариуцлагатай ийм үйлчлүүлэгчдээ, энэ ажилд чин сэтгэлээ зориулдаг хамт олноо бид “манайхан” гэдэг юм. Бид нэг зорилготой.
“Би хийхгүй бол хэн хийх юм бэ? Одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ?” гэж туркийн нэрт яруу найрагч хэлсэнчлэн хүн бүхэн чадах чадахаараа хичээх юмсан!
Эх сурвалж: "Идэхийн тулд амьдардаг уу? Амьдрахын тулд иддэг үү?" номоос ...