Босго
13 жил, 3 сар өмнө

Хаймран дугуйтай гурван хөл бүхий тэргэнцэрээр явдаг байхдаа анх хөлд орсоноо санаж байна. Энэхүү шуудагтай тэргэнцэрээр миний үеийн олон хүүхэд тэр үед “автоматаар” хөлд ордог байлаа. Хүний өөрөө хийх ёстой анхны алхамыг хүртэл би хөлд оруулдаг тэргэний тусламжтайгаар хялбархан хийж сурсан нь энэ. Тэр үед өрөөнүүдийн үүдэнд хадсан босго тун өндөр санагддагсан. Босго давж гарах гэсэн оролдлого бүхэн бүтэлгүйтнэ. Тэргэнцэрээ хичнээн ч өргөсөн дугуй нь хаа нэгтээ тээгэлдэж, би заавал харуулдаж унана. Яг нэг тийм өдөр санаанаас гардаггүй юм. Тэр мөчид л өөрийгөө ухаан орсон гэж бодсоор явдаг. Гал тогооны өрөөнд шиг санагдаж байна. Учир нь эмээ миний дуртай зөөлхөн чихэрлэг шарвинг гарт атгуулсан юм. Тэр агшинд цэнхэр хананд тулгасан хаалганы шилэнд дув дугариг нүдтэй, туулайных шиг онгорхой хамартай, толгой дээрээ хэдэн туг сөөсгөр үстэй, нэг тийм хачин амьтан өөдөөс дүрлийтэл ширтэж байхыг гэнэт харж билээ. Цочиж сандарсан ч гэж жигтэйхэн. Гэтэл тэр сонин амьтан нь би өөрөө юмсанж. өөрийнхөө дүрстэй танилцсан анхны минь нээлт энэ байв. Тэгээд л тэр өдөр санаанд тодхон үлдсэн байх л даа. Давах болгонд зүдэргээ үүсгэдэг байсан хаалганы босгонууд тэр өдөр харин яагаад ч юм нэг л дуулгавартай болчихсон байлаа. Учир нь би ямар ч зовлонгүйгээр өрөөнөөс өрөө дамжин баясгалантайяа сэлгүүцэж байснаа одоо тодхон санаж байна. Мэдээж түүнээс хойш босго давах ямар хэцүү байсныг ор тас мартаж орхисон. Гал дээр нь гарсан ганц зээ нь өрөөнөөс өрөө дамжин шулганахдаа аль тааралдсан босгонд тээгэлдэж унаад бөөн уйлаан майлаан болох бүрт өвөө ихэд шимширдэг байж. Тэгсээр тэвчээр нь барагдаж бүх өрөөнийхөө босгыг хөрөөдөөд хаячихаж. Түүний ачаар л би гэдэг хүн босго давахын зовлонг дахин амссангүй. Бүр хожим том болсон хойноо энэ тухай сонсоод ихэд харамсаж билээ. Амьдралынхаа анхны бартаа болсон тэр жижигхэн босгонуудыг хөрөөдүүлчихсэн миний амьдрал ийнхүү ямар ч тэмцэлгүй эхэлжээ. Аливаа хүнд бэрх бүхний өмнө сөрөхч бэрхшээх бүртээ “Тэгэхэд өвөө тэдгээр босгонуудыг яах гэж хөрөөдөв дөө” хэмээн харуусна. Ер нь хорвоотой танилцсан миний түүх дандаа засвартай байсан юм. Амтат алим, улаан лоолийг надад дандаа хэрчиж нухаж өгдөгсөн. Өөрөө шатаар явахыг маш их хүсдэг ч хэн нэг нь эмээ, өвөөгийн зарлигаар заавал тэвэрч буулгана. Бас хөтлөхөд л өөрөө явдаг хүүхэлдэйг надад авч өгсөн гээд бага насны бэлэн зэлэн юм бүхнийг тоочиж баршгүй. Гэвч би өвөөгөө хэдийнэ уучилсан. Тэр хайртай охиныхоо анхны тэмцэлийг хөрөөдчихсөн буруугаа огт ойлгоогүй ч хожим энэ алдаагаа зассан юм. Учир нь одоо өвөө минь бидний дунд байхгүй болжээ. Бүхнийг бэлдэж өгч байсан өвөөг минь орлох амьдралын асар өндөр босгонууд одоо миний өмнө ярайж байна.