Боломж яг дэргэд чинь байна
Тэр үеийн тоос сорогч овор ихтэй, ашиглахад төвөгтэй хүнд байлаа. Левит чухам энд л хүчин зүтгэвэл зохих боломжтойгоо мэдрээд олз омогны хойноос мордсон байна. Бүрэн дүүрэн ялахаасаа бүр өмнө ахиц муутай болсон бизнест нөлөө бүхий талбар эзэмшиж чадсан байлаа.
Поль Хоффман, Гарольд С.Венс нар иймэрхүү зүйлийг “студебеккер” гэдэг авто тэргэнд хийсэн юм. Эднээс өмнө бол бусад бүх үйлдвэрлэгчид ганц нэг эд ангийг өөрчлөх, бүхээгний бүрээсийг солих зэрэг л ажлыг хийж байжээ. Хоффман, Венс хоёр өөр маягаар ажилласан байна. Тэд дизайнер Раймонд Лоувайг урьж залуу үеийнхэнд зориулсан авто тэрэгний загвар зохиох даалгавар өгчээ. Шинэ залуу гэр бүл, залуу худалдан авагчид орчин үеийн чамин хийцтэй машинтай болохыг хүсэж байлаа. Залуус улиг болсон хуучны овор ихтэй тэрэг худалдаж авахдаа дурамжхан байв.
Лео Герстанзанг гэдэг хүн Хоффман, Венс хоёроос ялгаатай нь гэвэл санхүүгийн орлого өгч мэдэх шинэ үйл хажиллагаа хайгаагүй байна. Тэрээр нялх охиноо гэргий нь хэрхэн угааж байгааг нэг удаа ажиглажээ. Гэргий нь хүүхдийнхээ нүд, хамар, чихийг цэвэрлэх гэж хөвөн имэрч ядаж байгааг харж байжээ. Тэрээр нялх хүүхэдтэй айл болгонд байдаг хэрэгцээг гэв гэнэтхэн тов тодорхой олж харжээ. Тэгээд л ашиглахад бэлэн, “К-типс” гэдэг имэрсэн хөвөн бүтээсэн байна.
Балтимор хотын Отто Дайфенбах оёдлын машины бяцхан дэлгүүрийн эзэн байжээ. Тэгээд нэг удаа янжуурын гялгар нийлэг уутыг ган утсанд ороож байснаа автал коктейль сорж уух гуурсархуу юм болчихсон ажээ. Нийлэг гуурс хийж болох юм байна гэсэн санаа бие сэтгэлийг нь эзэмдсэн гэнэ. Бага балчир хүүхдүүд сүүг гуурсаар сорж уух дуртай болохлоор эхчүүдийн сэтгэлд энэ санаа нийцнэ. Хүүхдүүд ч гэсэн өөрсдийгөө томчуудын хүлээн авалтанд оролцож байгаа мэтээр бодох тул сэтгэлд нь бас нийцнэ. Хийжүүлсэн ус зардаг тэргэнцэр ч цэвэр цэмцгэр харагдах болно. Урьд өмнө өөр хүн ийм гуурс хийх гэж байсан эсэхийг л шалгах хэрэгтэй байлаа. “Нийлэг уут үйлдвэрлэгчидээс асуух нь зөв” хэмээн Дайфенбах сэтгэжээ. Тэгээд л унаа авч Уилмингтон дахь Дюпоны компани уруу очлоо.
Үйлдвэрийнхэн “Ийм санаа төрсөн нь сайхан хэрэг” гэцгээхийн зэрэгцээ, нийлэг эдээр гуурс хийж чадсан хүн байхгүй л байгаа юм даа хэмээн анхааруулжээ. “Та ийм юм хийх эрмэлзэлтэй байгаа бол бид таньд дуртайяа тусална. Манай оронд тун олон янзын гуурс ашигладаг боловч нийлэг гуурс гэдэг чухал санаа ч байж мэднэ” гэцгээжээ. Отто Балтимортоо буцаж ирээд нийлэг гуурс хуйлах төхөөрөмж зохион бүтээх ажилд улайрч, хийж ч чадсан байна. “Глассипс” гэдэг нэртэй болсон сая сая гуурс өдөр тутмын амьдралд тус болж, баяр цэнгэл нэмсээр зах зээлийг эзэлж, Дайфенбах нэн унацтай бизнесээ бий болгоод бэлжсэн ажээ.
Мичиган мужийн Салино хотын хөрш хоёр эзэгтэй угаалгын нунтагны тухай байнга ярилцдаг байж гэнэ. Энэ ярианаасаа үндэслэн нэг эзэгтэй нь янз бүрийн нунтагийг хольж байгаад юу ч цэвэрлэх шинэ нунтаг гаргаж авчээ.
Тэр эмэгтэй байшингийнхаа хонгилд ихээхэн нунтаг бэлтгээд хоёр гэрээрээ хувааж найз нөхөддөө тараасан байна. Төдөлгүй шинэ нунтаг хийлгэх гэсэн захиалга өдий төдийгөөрөө ирэх болжээ. Бусад эзэгтэй нар ч шинэ нунтагын тухай дуулж, тэр нунтаг нь ч тэдний сэтгэлд нийцсэн байна.
Байшингийн хонгилд эхэлсэн үйлдвэрлэл цэцэглэн хөгжсөөр “Спик энд Спэн” гэдэг угаагч нунтагны үйлдвэр болжээ. Тэр нунтаг тун сайн борлож байсан болохоор “Проктер энд Гембл” гэдэг савангийн үндэсний томоохон компанийн анхаарлыг татлаа. Энэ компани 1945 онд тэр хоёр эзэгтэйгээс нунтагийг нь үйлдвэрлэх эрийг худалдан авч, энэ насандаа хүний гар харахааргүй болтол нь их мөнгө төлсөн байна. Хөрш хоёр эзэгтэй өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг бодож байхдаа бүх хүнд хэрэгэй тийм зүйлийг нээсэн ажээ. Тийм болохоор та ч гэсэн, гэр орондоо байж байхдаа ч сайжруулж боловсронгуй болгож болохоор зүйлийг эрж хайгаарай. Ажил дээрээ ч, сургуульдаа ч, пин амбаартаа ч, сүм хийдэд ч, өөрийн тань ашиг сонирхол бусдын хүсэл эрмэлзэлтэй уялдан нийлэх газар бүрд л эрж хайгаарай.
Таныг гэрийн эзэгтэй юм гэж бодъё. Ор дэвсгэр засах, хоол хүнс хийх, сав суулга угаах бишгүй олон ажил бий. Энэ бүх ажлын аль нь ч гэсэн боловсронгуй болгох өдий төдий боломжийг агуулж байдаг. Жишээлбэл, эргэдэг дамарт ороосон цаасан алчуурын зарчмыг ор засах, хураахад ч ашиглаж болно. Орны хөл толгойн аль нэгэнд гараар эргүүлэх дамар хийчихвэл орны даавууг дэлгэхийн тулд хэд хэдэн удаа эргүүлэх жишээтэй юм. Тэр дамрыг яаж бэхлэх, даавуугаа яаж бэхлэх зэрэг өдий төдий асуудал гарах л даа. Гэвч хамгийн гол нь шинэ санаа төрсөн явдал юм шүү. Тэр ч атугай орны даавуу, дэр, ширдэг, орны хөл толгойны хэлбэр хийцийг ч боловсронгуй болгож болно. Эд бүгдийн хийц үзэмжийг сайжруулж улам бүр тохилог болгож болохгүй гэж үү дээ.
Та, эсвэл нөхөр тань тодорхой авъяас чадвартай бол угаалгын саван дээр бэхэлчихэж болохуйц, сав суулга угаах аюул осолгүй цахилгаан төхөөрөмж ч сэдэж болно. Хоол хүнс бэлтгэж хийх ажилд ч гэсэн боловсронгуй болгохоор өдий төдий боломж бий. Гэр орноороо явж өдөр тутмын ажил үйлсыг санаарай, өөрчилж сайжруулмаар юм байхдаа л байгаа.
Нэрд гарсан хөгжмийн нэг зохиолчийн гэргий ашигласныхаа дараа шууд л жорлонгийн устай татчихаж болох цэвэрлэгээний өвөрмөц сойз саяхан сэдсэн байлаа. Тэр бүсгүй шинэ саналаа “Персонал продакст” компанид худалдсан агаад борлосон бүтээгдэхүүн бүрээс тодорхой хувийг хүртэх болжээ.