БИ РАДИКАЛ ЗҮҮНИЙ ҮЗЭЛТЭЙ ХҮН УЧРААС БАРУУНЫ ҮЗЭЛ, ОНОЛД НОЦТОЙ ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДДАГ /”Тэргүүн” сонины сурвалжлагч М.Мөнхчимэгтэй хийсэн ярилцлага/
13 жил, 1 сар өмнө

Та улс төрийн өнөөгийн бүхий л үйл явцад их бичгийн хүнийхээ хувьд ямар дүгнэлт өгч сууна даа?

-Эхнээсээ  шулуухан хэлэхэд, негатив үнэлгээтэй суугаа!.. Нийгмийн үйл явцад хөгжил, дэвшил гарсан эсэх нь эцсийн дүндээ хоёрхон үзүүлэлтээр л тодорхойлогдоно. Нэгдүгээрт гэвэл, шудрага хөдөлмөрийн үр ашигаар буй болсон бүтээн байгуулалт, нийгмийн баялагийн өсөлт; хоёрдугаарт, хүний жинхэнэ хөгжил! Яагаад энд “шудрага хөдөлмөрийн үр” гэж онцолж цохож хэлж байна? гэвэл 1990 оноос эхлээд Монголд явагдсан “Хувьчлал” нэртэй луйвар, хуйвалдаан, тонуулаар буй болсон “хувийн өмч” гэгдэх баар, ресторан, зочид буудал, элдэв өнгийн дэлгүүр, гражууд, “Sega”тоглоом, караоке наргианы газрууд, гадаадын хулхи барааны захууд, монгол үндэстнийг сөнөөгч архины үйлдвэрүүд зэрэг мянга түмээр тоологдох “нүгэлт” байшин барилгууд, цаашилбал, цэвэр мөлжлөгийн үр дүнгээр хөрөнгөжигч, эх орныхоо байгаль, хөрс шороог цөлмөгч уурхай, аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагааны эсрэг утгаар хэлж байна. Яагаад гэвэл, эднээс өнөөдөндөө гарч буй “тустай” үр дүн ирээдүйдээ ард түмэнд маань хор болж эргэнэ.

Хоёрдугаар асуудал! “Хүний жинхэнэ хөгжил” гэж би юуг ойлгож байгаа вэ? гэвэл , юуны түрүүнд, хүний мэдлэг боловсрол, оюун сэтгэхүйн өндөр хөгжил, гэгээрэл гэж ойлгож байна.Үүн дээр, хүний хүн чанарын гүнзгийрэл, сэтгэл санааны ариусалыг заавал нэмж ойлгох хэрэгтэй.Үүнийг, жинхэнэ хүнлэг ёс суртахуун ч гэж нэрлэж болно.Энэ бүгд нийлээд хүн бурханших /Бурхан болж хөгжих/ үйл явц Монголын нийгмийн үйл явцад дээрхи 2 ойлголтоор буюу жинхэнэ шинжлэх ухаанч хандлагаар дүгнэлт хийхээр негатив чиглэлтэй үр дүн л харагдаж байна.Энэ негатив чиглэлийн шалтгаанд улс төр-эдийн засгийн шинжлэлийн үүднээс ухвал, олон дүгнэлт тоочиж болно.Би, зүгээр, ганц хоёрхон л юм хэлье.

Нэгдүгээрт, Монголын улс төрийн сэтгэлгээнд үндэсний философи, бие даасан бүтээлч онол, аргачлал алга! Зөвхөн гадаадын л онол, туршлагын ажиглалтыг “импортолсон” сэтгэлгээгээр амь зууж, “хиймэл амьсгал”-аар цээж нь хөдөлж байна. Эдийн засаг, үндэсний үйлдвэрлэл, үндсэндээ тусгаар тогтнолоо бүрэн алдсан. Монголчуудын материаллаг ахуйн гол үндэс, судаснууд бүхэлдээ гадаад орчиноос хараат, импортын буюу тэхдээ, маш их үнийн хөөрөгдөлттэй наймаа, шулааны бараа товараар “амь тариа” хийж дөнгөн данган оршин тогтнож байна.

 

Улс төр бол “байлдаантай кино” гэдэгтэй та санал нийлдэг үү? Нийлдэг бол яагаад?

-Улс төр гэдэг сонгодог утгаараа “эдийн засгийн төвлөрсөн илэрхийлэл!” Энэ бол В.И.Лениний тодорхойлолт! үнэнхээр л, улс төр бол эдийн засгийн харилцааны далд мөн чанар, утга агуулгыг амьдралд хүчирхийлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ сөрөг хандлага, харилцаанаас хүчирхийлэн хамгаалагч “хүчирхийллийн машин” буюу хууль эрхзүйн тогтолцоо юм. өнөөгийн Монголын эдийн засгийн тогтолцоог “хувийн өмч”-ийн харилцаа бүрдүүлж байна. Ингэхлээр, Монголын улс төр бол хувийн өмч, хөлсний хөдөлмөрийн “чөлөөт” мөлжлөгийн харилцаа, хүн амын цөөнхөд нийгмийн баялгийн шудрага бус хуримтлал үүсэх, нөгөө талаас, олонхи нь ядууран хоосрох үйл явцыг гүнзгийрүүлэгч зах зээлийн ноёрхолыг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тогтолцоо юм. Үүнийг би зөвшөөрдөггүй үзэл бодолтой учраас эсэргүүцэж, “Иргэний үл эвлэрэл” ганцаараа зарласан.Зах зээлийн харилцааг хэрэгжүүлэгч монголын улс төрийн бодлогыг бодот үр дүн болж нийгэмд нүүрлээд буй эмгэнэл,-ард түмний олонхийн үгүйрэл, ядуурал, нийгмийн оюуны хоосрол, зэрлэгшил, анархизм, аймшигт гэмт хэрэгүүд, эх орноосоо дүрвэх сэтгэлзүй зэрэг сэтгэл эмзэглүүлсэн үзэгдлүүд бол Монголын улс төрийн шинж чанар, ил далд нүүр царайг хуулан илэрхийлж буй бодот үр дүн гарцаагүй мөн. Энэ үйл явцын гүнд өнөөгөөр урьдчилан харах боломжгүй нийгмийн гүн хямрал, хурц зөрчил, магадгүй, ухамсартай ухамсаргүй “дайн”-ы нөхцөл агуулагдаж байгааг хэлэхгүй байж болохгүй. Дайн байлдаан бол хүн төрлөгтний түүхийн хамгийн гамшигтай, эмгэнэлт үйл явдал! Буруу эдийн засгийн бодлогод үйлчлэгч улс төр нь улс орныг асар гамшигтай хямрал, хоосролд хүргэдэг үр дүнтэйгээрээ “байлдаантай кино”-той адилтгаж болохуйц шинж чанартай үйл ажиллагаагаар дүүрэн байдаг.

 

“Их зөвшилцлийн“ талаар ард түмнийг дөжиртөл л ярьцгаалаа.Энэ нь жинхэнэ утгаараа манай улсад хэрэгжиж чадаж байна уу?

            -“Зөвшилцөл”-ийн үр дүн хараахан харагдахгүй байна. Харин ч 2000-2004 онд бүрэлдсэн улс төрийн тогтвортой байдлаас нам, улс төрийн бүлэглэлүүдийн хямрал, тасралтгүй хэрүүлд шилжүүлж, төр засгийн зохион байгуулалтын зөвд хийгээд удирдах чадварт ард түмнийг эргэлзүүлэх, төрдөө найдах найдварыг нь ихэд хөсөрдүүлж эхэллээ. Төрийн институцүүд илт санал зөрөлдөөнтэй, үзэл бодлын зөрчилтэй, хувь хувийн явцуу эрх ашиг, далд хүсэл сонирхолын тэмцэлтэй нь илэрч “нүцгэрч” байна.

 

Мөн хамгийн ихээр яригдаж байгаа нөшөө нэг асуудал бол “авлига”! Энэ үнэнхээр газар аваад болохоо байх шатандаа ирчихсэн юм болов уу? Та юу гэж бодож байна?

            -Авилгыг ард түмэн бус, Төр л авч байгаа шүү дээ! Хэн өгч байгаа вэ? гэвэл,харин ард түмэн! Юунд, чухам, өгөөд байна? гэвэл, Төрийн үйлчилгээнд! Төр гэдэг хийсвэр юм биш, хүмүүс! Өөрөөр хэлбэл, төрийн “тэрэг” –нд хөллөгдөж буй албан хаагчид! Тоо нь ердөө 120 мянга! Тэднийг ихэнхи нь буюу 100 орчим мянга нь;-эмч, багш нар! Эмч, багш нар ямар нэг “хоргүй“ хэлбэрээр мөнгө авдаг нь үнэн! Энэ тун муухай! Гэхдээ тэдний энэ нүгэл буяныхаа тал хувьтай тэнцэнэ.Цаана нь үлдэж буй 20 мянган хүний нилээд нь хамаг гоохойн эзэд! Ялангуяа, “улс төрийн алба” гэдэг хуулийн категорит байдаг 3мянга орчим тооны “ноёд”, “төрийн жинхэнэ албан хаагчид” гэдэг категорит ордог “түшмэд”-үүд л төрөөр үйлчлүүлэгчидээ буюу элдэв гачигдал зовлонд хөөгдөж боогддог ард түмнээ авилгаар дарамталж, монголын дамын наймаачидтай хамсан хоосолж байна!гэж би бодож байна. Өнөөдөр авилгын талаар манай “шар” “хар” хэвлэл мэдээлэлээр урсаж буй хуулийн нотолгоогүй тоо баримт, шуугиан цуугианы “дажин”-ыг эргэцүүлж суухдаа, “хулгайчийг бариарай!гэж хулгайч нь өөрөө хамгийн түрүүнд хашгирдаг!” үг бийг ч дотроо санаж л суух юм.

 

Монгол орон “Ардчилал”-д шилжээд даруй 15 жилийг үджээ. Та анх энэ хувьсгал гарч байхад хэрхэн хандаж байсан бэ?

            -Нэлээд хэдэн өгүүлбэр хэлэх хэрэгтэй болох нь дээ…

 

 

 

За яах вэ, нэгэнт асуусных сонсъё!

            -Тухайн үйл явцыг би эхлээд сонирхож байсан шүү! Тэгэхэд би Чингэлтэй ханы өвөрт, Салхитын аманд, мэргэжлийн зохиолчийн ажилтай, хөгшин эхтэйгээ сууж байлаа. “Учрахуй, Хагацахуй” романаа бичиж байсан цаг юм… эдийн засгийн либеральчлал, зах зээлийн чиг баримжаа, улс төрийн “ил тод байдал”-ын үзэл санааны дулаарал, олон ургалч сэтгэлгээний нернг уур амьсгалын салхи Уралын нуруу даваад Монгол руу сэвшиж эхлээд байлаа. МАХН-ын Төв хэвлэл ”Үнэн”сонин, Б.Баабарын товхимолууд, О.Дашбалбар, Н.Энхбаяр, Ц.Балдорж, Ж.Бямбаа, Р.Зардыхан зэрэг эрин үеийн нэрт сэхээтэнүүдийн нийтлэлүүд, Сонголын зураачид, хөгжмийн зохиолчид, зохиолчидын их хурлууд, ялангуяа “Залуу уран бүтээлчидийн улсын II зөвлөгөөн”-ий дуулиант нөлөө монголчуудын оюун сэтгэлгээнд урьд байгаагүй хүчтэй “дэлбэрэлт” гаргах сэтгэхүйн ч, сэтгэлзүйн ч бэлтгэлийг хангачихаад байлаа. Иймд би нийгмийг ардчилах, сэтгэлгээний эрх чөлөөг хангах үйл явцыг дэмжиж, хэсэг хугацаанд өөрөө ч идэвхитэй оролцож, дуу хоолойгоо нэгэтгэж байсан юм.Монголын нийгмийн сэтгэлгээнд олон эшт үзэл нэвтрэх нь, дан ганц Марксист- Ленинист үзэл онолын тулгалтаас ангижирах нь оюуны бүтээлчид нийгэм, амьдралыг өөр өөрийнхөөрөө ойлгож бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж болох замд шилжих нь мэдээжийн том дэвшил байлаа.Эдийн засаг ч хаалттай тогтолцоогоо халж, нээлттэй гадаад худалдаа, олон улсын хүрээний идэвхитэй хамтын ажиллагаанд интеграцлагдах нь ашигтай, түргэн хурдацтай хөгжлийн замыг нээх нь эргэлзээгүй байсан. Иймд би эдийн засгийн зохистой шинэчлэл, чөлөөт сэтгэлгээний төлөөх тэмцлийн эхэн үеийн үйл явцыг дэмжсэн үзэл бодолтой явсан юм.Харин Д.Сүхбаатарын талбайд зарласан “өлсгөлөн”, суулт, эмх замбараагүй жагсаал, үймээний нь үе шатнаас эхлээд дэмжих бодол эрс хувирсан.Би ард олны үг худлаа байдаггүй гэж итгэдэг. Тэр үед ард олны дунд тарсан ярианд одоо ч итгэдэг. Ард олны яриагаар бол, тэр өдрүүдийн “өлсгөлөн”, “суулт” гэдэг, ер, жинхэнэ улс төрийн тэмцлийн цэвэр өлсгөлөн, суулт  байгаагүй гэлцдэг. Зүгээр л, тухайн цагийн монголын “хипи” маягийн хэдэн өрөвгөр юмнууд, хэн хэн ч байсан бэ дээ, энэ чинь, С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, М.Энхсайхан, Р.Гончигдорж, за тэгээд, гадаад “ромбо”-той, дамын наймааны “жийнс”-тэй хэсэг холчиргон, цолгио залуус нийлээд, үстэй дээл, эсгий гутал өмсөөд, шөнө майханд хоноцгоосон. Тэр “шоу” нь нидэртээ, огт өлсгөлөн байгаагүй, шөнө нь амьтны хөл татрахаар тарган үхрийн хавирга халуун цайнд хөшиглөөд л, мөрийтэй хөзөр тоглоод л, “нууц амраг”-уудаа сэм авчирч өвөртлөөд л…, их жанжины маань хөшөөг тойрч “давсагаа суллаад” л, тэнд “нуурласан” “рашаан”-ыг хотын үнээ мал өдөр нь ирж шоржигнотол сороод л байсан нь гэрчүүдийн мэдэх түүх юм. Бас, тэр үеийн кино бичлэгт “хувьсгал” нэрээр үлдэж, сүржин сурталчлагддаг жагсаал, гудамжны үймээн, учир зорилгоо ч товтой ухаараагүй бөөн бөөн сониуч хүмүүсийн багшран байна. Тэд “улс төрийн товчоо огцор” гэдэг “өөхөн толгой”-той байгууллага нь ард түмнээсээ яахаа асуудаг ч үгүй, улс төрийн тийм онцгой нөхцөлд заавал явуулах ёстой хууль ёсны арга хэмжээ, -референдум ч зарладаггүй, шинэ нөхцөлд шал хуучнаараа, өнөө л дур мэддэгээрээ дур мэдээд огцорчихсон. Өөрөөр хэлбэл, монголын төр, засгийн эрхийг хэнд ч өгч байгаагаа ч мэдэхгүй, олон талаар огт тооцсон юмгүй, монголын төрд “хүний тэмээнд” хандаж байгаа юм шиг хүнийрхүү хандан “бурантаг”-ийг нь эвхээд тавьчихсан!...Тэгээд, “Шинэ үндсэн хууль” гэдэг дууриамал, хуулмал, монгол хэлээр тааруухан найруулсан орчуулгын “бүтээл”-ийн “хаанчлал”! 1992 оны  “Шинэ үндсэн хууль” гэдэг бол өнөөгийн хүн төрлөгтний материаллаг ахуйг ирээдүйгүй болгон мухардалд оруулж буй, хүний дотоод чанар, шүншигийн эсрэг чиглэсэн үйлдвэрлэл худалдаа, илүүц хэрэглээний өрсөлдөөнөөрөө хүнийг Бурханы замаас улам бүр хордуулж харин гэсгээл шийтгэлд нь улам бүр ойртуулж буй капиталист мөлжлөгийн үйл явцыг даамжруулж буй, бас, дэлхийн байгалийг бүрэлгэгч, сүйтгэгч шинж чанартай үйл ажиллагаагаараа хүн төрлөгтний Оршихуйг утгагүйдүүлж буй бусармаг, буруу харилцаанд ионголчуудыг хонь мэт хашиж өгсөн “төмөр шилбүүр”-ийн чанартай баримт бичиг юм.Энэ “орчуулга”-баримт бичгээр бамбай хийсэн эдийн засгийн буруу реформууд хийгээд эхэлмэгц нь би албан ёсны эсэргүүцлээ зарласан.Яагаад гэвэл, ард түмний аж амьдралыг эрс доройтуулсан тэнэг тэнэг арга хэмжээнүүд шил шилээ даран цуварсан. Жишээ нь, үндэсний валютын ханшийг санаатайгаар унагаж, ард түмний хараал идсэн 20 дугаар тогтоол, алт дилерийн алдагдал, цэвэр луйвар хуйвалдааны хувьчлал, үндэсний үйлдвэрүүдийн устгалт, банк санхүүгийн тогтолцооны дампуурал гэх мэтээр эх орны эдийн засаг, үндэсний оршин тогтнох үндэс суурийг ганхуулсан аймшигт алдаанууд хавтгайрсан. Үр дүн нь,-монголын өнөөгийн амьдрал! Эдийн засаг маань өөрийгөө тэтгэх чадвараа бүрэн алдсан! Улс төрийн тогтолцоо гүнзгий хямрал, тэмцэлд идэгдсэн! Хүн амын 70 гаруй хувь нь үгүйрэл, ядууралд сөхөрсөн!...Энэ бол манай нийгмийн оршихуйг эдийн засгийн талаас нь, өөрөөр хэлбэл, материаллаг бааз суурь талаас нь дүгнэхэд гарч буй дүгнэлт. Одоо нийгмийнхээ амьдралыг хүний дотоод ертөнц буюу оюун сэтгэлгээ, сэтгэлзүйн талаас нь хандаж дүгнээд хэдэн үг хэлье:

            Монголчуудад хэрэглээний сэтгэлгээ л хүчтэй хөгжлөө.“Хийх”бус,“хэрэглэх” сэтгэлгээ! “Хийх”-ийг нь чадахгүй, мэдэхгүй хэвтэж “хэрэглэх”-ийг нь чаддаг, мэддэг болсон энэ сэтгэлгээ бол маш хортой дадал заншилыг төлөвшүүлдэгээрээ маш “чөтгөрлөг” үзэгдэл! Энэ сэтгэлгээний хор, ховсонд монголчууд “машин унасан толгойгүй хүмүүс” л болж гүйцлээ. Дээр нь, “өөрөө нүцгэн байж өвдөг цоорхойг шоолов” гэдэг сэтгэлзүйд бүрэн ховсдуулав. Ажил, бүтээлд болохоор толгой хоосон, гар “мухар” хэрнээ тансаглах, гангалах, зугаацах “эрдэм”-д болохоор цоорхой баахан алманцарууд, будагтай үс, “мэс засал”-тай хамар, зовхитой, энгэсэг оотой нүүр, илбэ жилбийн хувцастай “сармагчингууд”-аар монгол дүүрлээ. Ийм “ноёд”, “хатагтай” нарыг европчуудын хэлэнд “сибарит” гэж хочилдог юм гэсэн!

Ардчилагчидын хийсэн бүтээсэн бүхэнд Та ийм л дүн тавьж байгаа юм уу?

Жинхэнэ ардчилалыг манай “ардчилагчид” огт ойлгоогүй шүү дээ! Тэд ардчилалыг яаж ойлгож байна? гэвэл, “баригдаагүй л бол хулгайч биш” гэдэг логикоор ойлгож байна. Өөрөөр хэлбэл, монголын “ардчилагчид” бол ардчилалын багтай “эрүүгийн этгээдүүд”! Эдний “бүтээсэн юм” гэвэл, хувьдаа л хөрөнгөжсөн! Монголын ард түмний олон арван жилийн бүтээн байгуулалтыг дур мэдэн сүйтгэж, нийгмийн баялгийг нь хуваан идэж ард түмнийг минь “элгээр нь мөлхүүлсэн”! Бидний монголчууд гадаа гудамжинд цуглаж хашгиралдах “эрх чөлөө”-нд л хий баясан хөөрцөглөсөн, гадаад чөлөөтэй нэвтэрч хүний хөлсний зарц болох хохь “эрх”-ээ л ардчилал гэж ойлгон алга ташсан хөөрхий боолууд байна шүү дээ!Энэ бол жинхэнэ чанартаа ардчилал ч биш, эрх чөлөө ч биш, хүний амьдралд голлох “үнэт зүйлч” ч биш юм. Ÿмар их хуурамч, өнгөц юманд ямар гүндүүгүй хууртаж байна даа, хөөрхий ард түмэн минь!..Хүний амьдрал, оршихуйн жинхэнэ үнэт зүйлс, гүн гүнзгий утга зорилгыг олон нийт ойлгохгүй, тэс буруу үйл ажиллагаанд амьдралынхаа үнэт хугацааг зарцуулж XXI зууны монголын түүхийн хамгийн том эмгэнэл, гуниг байх болно.Би барууны үзлийг эсэргүүцдэг.Монголын өнөөгийн “ардчилагчид” нэртэй жижиг хөрөнгөтнүүд цөм хэт барууны үзэлтнүүд! Тэд ардчилал гэдэг ханштай үгээр, хүний амьдралын энэ үнэт хэрэгцээгээр далд мөлжлөгийн тогтолцоогоо халхалдаг, ардчилал, хувь хүний эрх чөлөөний төлөө тэмцэж буй мэт үйл ажиллагааныхаа хэлбэрт “мөнгөний тоталитаризм”-аа нууцалдаг. Ний нуугүй хэлэхэд монголд тогтоод буй ардчилал бол зөвхөн “Мөнгөний ардчилал”! Мөнгөнд захирагдаж буй ахуй орчинд хэрэгжиж буй үйл явцыг ардчилал гэж нэрлэж буй хүмүүс бол хүний биетэй хэрнээ шувууны тархитай “гибридүүд” д юм! “Ардчилсан хувьсгал” гэсэн шороон будган “реклам”-тайгаар монголд өнгөрч буй сүүлийн 15 жилийн нийгмийн амьдралын уналт, ухралтаас гарах гарц ойрын 15-20 жилд байхгүй! Миний энэ дүгнэлт таавар биш, практик амьдралд батлагдах шинжлэх ухаанч үнэн!

 

Зарим төрийн түшээд маань ч, “Монгол Улс өнөөдөр нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд амьдарч байна!” гэж мэдэгдэх боллоо. Та энэ бүх сонгуулиудын талаарх өөрийнхөө үзэл бодлоос хуваалцахгүй юу?

-Ихэнхи нэр дэвшигчид буруу зөрүү үйлд гаршсан аминцар үзэл бодолтой, төр түших мэдлэг боловсролгүй хэрнээ л сонгогдчих юм.Ганц л аргаар буюу ердөө л мөнгөөр молигодоод сонгогдчих юм. “Эр хүн шартаж хаширдаггүй, эм хүн төрж хаширдаггүй!” гэгчээр ард түмэн минь ч хууртагдаж хашрахгүй улс юм, хөөрхий! Амьдрал нь ядуу, үргэлж мөнгөний гачигдал, эрхшээл, боолчлолд муугаа үзэж бор хоногоо өнгөрөөдөг болохоор “хулхи” амлалт, хуурамчхан бэлэг сэлт…товчдоо, мөнгөнд л хууртагдчих юм л даа! Тэгээд л, аахар шаахар наймаачин-бизнесмэнүүд, пүүс, компанийн эзэд, амьдралдаа таван ном ч гүйцэд уншаагүй оюуны хомсдолтонгууд төрийн толгойд гарч хууль “боловсруулаад” л, төрийн эрх дархаар хөрөнгө хэтэвчээ зузаалаад л, эсрэг туйлд нь болохоор ард олон улам ядуураад… улам хоосроод…өлсгөлөнгийн “комбинат” руу бөөн бөөнөөрөө туугдаад дуусч байна. Энэ байдал монголын эдийн засаг биеэ даасан, өөрөө өөрийгөө “бүтээгч” тогтвортой, дотоод чадавхитай тогтолцоо болж хөгжих хүртэл үргэлжилнэ.Юун нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хоорондох хугацаагаар бүү хэл, нэг үеийн амьдралаас нөгөө үеийн амьдралын хоорондох хугацаагаар ч үргэлжлэх магадлалтай харагдаж байна. Монголын төрийн алба хүмүүст эрх мэдэл өгч, өмч хөрөнгөө нэмэх боломж болж хувирсан учраас түүний төлөө улангасан өрсөлдөх, үг хэлээр уралцах, гүтгэлэг, цуурхал, хэлмэгдүүлэлтээс өгсүүлээд хараал, жатга гүйлгэх, амь насыг нь хөнөөх муу арга замын тэмцэл хийх нь ч цагаандаа гарчээ.Энэ муухай, буруу гажууд өрсөлдөөний сэтгэлгээ, сэтгэлзүйгээс болоод зарим улс төрийн нам хүчин, зарим нэртэй зүстэй хувь зүтгэлтнүүд нь ч сонгуулийн мөн чанар, утга учрыг тун буруугаар ойлгохдоо хүрсэн юм шиг байна.Тухайлбал, би Ардчилсан Намыг хэлж байгаа юм. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхсайханы урианд “Сонгуульд ард түмэн ялаасай!” гэсэн хачирхалтай, инээдтэй өгүүлбэр харагдаж байна.Сонгууль дайн биш шүү дээ! Ард түмэн хэнтэй ч, юутай ч дайтаагүй! Сонгууль гэдэг улс төрийн үйл явдалд ямар ч ялагч, ялагдагч байхгүй. Энд сонгуулийн утга агуулгын логикийг буруу ойлгосон, бас, монгол хэлний Ялагч, Ялагдагч гэдэг үгсийн гарваль утгыг хальт ухсан сэтгэлгээний логикийн алдаа, сэтгэлийн хөөрөл, яаралд дарамтлуулсан “стресс” ил! Сонгууль бол ямар нэгэн Ялагч, Ялагдагчийг үлдээж буй дайн дажин биш, тиймэрхүү сүйдтэй өрсөлдөөн, тэмцэл ч биш, харин сонгуульд оролцож байгаа хүмүүсээс хэнийг нь илүү хүн гэж шилснийгээ сонгогчид өөр өөрсдийн улс төрийн ойлгоц, ухамсарын хэмжээгээр илэрхийлж буй шилэлт, сонголтын л үйл явц! Энэ бол, зөвхөн шалгалт! Нэг талаас, нэр дэвшигч сонгогч олондоо өгч буй, нөгөө талаас, сонгогч нь сонгосон хүнийхээ үйл ажиллагааны үр дүнгээр сонгуулийн хугацааны эцэст өөртөө өгөх шалгалт юм!

 

Эрт нэгэн цагт Монгол төрийн хар хайрцагны бодлого гэж айхтар шилэгдмэл арга байж! Одоо үед түүнийг хэрэглэвэл тохирох болов уу?

-Техник технологийн хөгжлийн үрээр бие биеэсээ нуугдах мэхгүй болсон өнөө үед гараг дэлхий маань, XIY Далай багшийн хэлснээр, өчүүхэн жижиг орон зай болжээ. Энэ хомсхон орон зайд оршин тогтнох эрх, нөхцөл боломжийг олохын тулд алив үндэстний улс төр-эдийн засаг “нээлттэй” харилцаанд “дагаар орох”-оос биш, эсэргүүцэх болоцоогүй болжээ. Зүйрлэж хэлбэл, “цоожгүй хайрцаг”-тай л адил байхаас аргагүйд тулж! Харин энэ “цоожгүй хайрцаг” дотор, ёроолд нь ч юм уу, аль нэг өнцагт нь ч юм уу, хаанаасаа ч харагдахгүй, эзнээсээ бусад хүнд юугаар ч онгойхгүй жижигхэн, далд “очир алмаасан” хайрцаг заавал байх ёстой нь тэр үндэстний оршин тогтнох, цаашдаа хөгжих гол эх сурвалж байсаар үлдэнэ гэж боддог.Тэр “очир алмаасан” хайрцаг дотор юу юу нуугдаж хадгалагдах ёстой вэ? гэвэл, тухайн ард түмний байгальтайгаа зохис нэгдсэн сэтгэлгээний онцлог чанар, генийн нууц, сэтгэлзүй, хэл, соёл, ёс заншил, үл хуучрах уламжлал, -товчдоо, амьдрах арга ухааны бие даасан тогтолцооны тусгаар тогтнол, улс орны одоо, хэтийн эрх ашгийн “дархлаа”-ны бодлого хадгалагдах байх даа, хүүхээ!

Монгол Данжуур дахь “Билгийн гол мод нэрт төрийн шашдир оршвой” гэдэг төр ёсны сударт, “өөрийн нууцыг өөрийн хайрт хөвүүн мэт сахиваас “газар оронд тэгш болоод хүмүүст эрхэм сайн” гэсэн байна лээ.

 

Эцэст нь, Таны санааг хамгийн ихээр “хөндүүрлүүлж” байгаа ямар асуудал байна вэ?

            -Монгол маань ном уншдаггүй ард түмний эх орон болчихлоо.Энэ бол аймшиг! Иддэгээрээ хэнээс ч дутахгүй, хэнтэй ч зэрэгцэх “чадвар”-тай хэрнээ ном уншдаггүй “эрх чөлөө”-гөөрөө бусдын дээр байх, үүнээсээ болоод сэтгэх чадвараараа, ажил бүтээлд өрсөлдөх чадамжаараа хүний хошногонд байх нь юутай шившиг! Сэтгэл оюуны энэ “шог” байдал, аймшигт хоосрол юунаас үүдэж байна гэвэл, бид ном-эрдэнэдээ сүсэглэдэггүй, цаг заваа шавхан шамддаггүй, дотоод ертөнцөө гэгээрүүлдэггүй, зөвхөн биеэ гоёх, ходоодоо баярлуулах өмч хөрөнгийн дажинд амьдралаа сүйдэлж байгаатай холбоотой! Идэх, унтах, хүсэх нь хүнтэй адил, сэтгэх хийх нь хүнтэй адилгүй хүмүүсийг дэлхийн соёл –иргэншлийн ойлголтоор “амьд үхдэлүүд” гэж ойлгодог хандлагатай нь аймаар хандлага шүү дээ. Мэдлэг, мэдээлэл, оюуны амьдралын эрин гэгдэж байгаа энэ зуунд дэлхийн улс үндэстнүүд монголчууд бидэнд энэ ойлголтоороо хандах болно гэж бодохоос сэтгэл туйлаас хөндүүрлэж байна даа!

 

“Тэргүүн” сонины 2005 оны 05 сарын ¹05/33-т хэвлэгджээ.