Бид оюун ухааны EQ, CQ, DQ үзүүлэлтүүдийг илүүд үздэг
10 жил, 11 сар өмнө

Хүмүүс бидний ихэнх маань оюун ухааныг IQ гэдэг нэг хэмжүүрээр хэмжиж ирсэн. Түүнчлэн хүүхэддээ багаас нь гадаад хэлийг эзэмшүүлэхийг оролдоцгоодог... Эх хэлээ төгс эзэмшиж, эх хэлээрээ сэтгэж сураагүй байхад нь харийн хэл зааж, хялбархан сурч байна хэмээн үзэгдэлд хууртаж, мөн чанарыг орхигдуулсаар ирсэн. Үүнийг би сонголтгүй сонголт гэж ойлгодог.

Тэгвэл өнөө цагт Multiple Intelligence буюу Олон талт оюун ухааны онолын асуудал ихээр яригдаж байна. Учир нь хүний оюун ухаан гэдэг бие биеэсээ харилцан хамааралтай олон оюунаас бүрддэг бөгөөд тэдгээр оюуны чадвар тус бүрдээ хүмүүс бидний сайн сайхан амьдралд өөр өөрийн онцлогтойгоор үйлчилж, нөлөөлж байдаг.

Бид бүгд амьдрал дээр ухаантай мөртлөө дорой буурай амьдардаг, мэргэжилдээ чадварлаг боловч гэр бүлдээ асуудалтай, олон талаар гүн сэтгэдэг боловч ганцаардсан аз жаргалгүй гэх мэт янз бүрийн нөхцөл байдалд буй олон хүмүүсийг мэддэг. Тэдний алдаа юу вэ?

Хүн бүхэн төгс байх шаардлагагүй... Хүн бүхний үнэт зүйл, үзэл бодол, сэтгэл ханамж өөр өөр байдаг. Гэвч хүн бүхэн сонголтгүй сонголтоор бус, олон талын мэдлэг, олон талын ойлголтыг авч, олон сонголтоос хүссэнээ сонгож амьдрах учиртай. Хүүхэд бүхэн амьдралын зорилготой төрдөг гэж би итгэдэг. Тиймээс хүүхэд бүхнийг амьдралын зорилгодоо хүрч, үнэ цэнэтэй сайн сайхан аз жаргалтай амьдралыг бүтээлгэхийн тулд оюун ухааны дараах чадваруудыг онцлон хөгжүүлэхийг зорьж байна. Үүнд:

Emotional Quotient– Сэтгэл хөдлөлийн ухаан

 

- EQ - өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, үүн дээр үндэслэн тохирох үйлдэл хийх чадвар
- EQ бол орчныхоо хэрэгцээ, дарамттай зөв харьцах танин мэдэхүйн бус чадваруудын нэгдэл

EQ нь 5 хүрээтэй, дотроо 15 чадварыг багтаана.

1. Өөрийгөө мэдэж, жолоодох чадвар
2. Хүмүүсийн арга эвийг олох чадвар
3. Уян хатан, бодитой үүссэн янз бүрийн асуудлыг шийдэх чадвар
4. Тэвчээртэй хандаж, түргэн зангаа хянаж, хорхойгоо дарах чадвар
5. Сэтгэлийн ерөнхий байдлын хүрээ

CQ – Creative Quotient – Бүтээлч сэтгэлгээ, бүтээлч ухаан

- Аливаа мэдлэгийг биет болон оюуны баялаг болгох чадвар
- Ер бусын байдлаар сэтгэж өвөрмөц байх чадвар

CQ – ийн үндсэн чадварууд

- Давтагдашгүй шинэ санааг олох
- Юмс үзэгдлийг чөлөөтэй холбох
- Бүх мэдрэмжээ ашиглах
- Бүтээлч шинэ санааг хурдтай төрүүлэх
- Шинэ санааг хөгжүүлэх
- Аливаа зүйлийг олон талаас нь судалж шийдэх
- Хөдөлгөөнт чанар буюу хуучин төсөөллөө өөрчлөх

AQ - Adversity Quotient

Adversity – Бэрхшээл, золгүй явдал, гай зовлон

AQ нь бэрхшээл, азгүй тохиолдлыг ялан гарах чадварыг хэмжинэ.

AQ-ийн үндсэн чадварууд

- Хянах – нөхцөл байдалд эергээр нөлөөлж чадахаа мэдрэх, үйл явдалд үзүүлэх хариу үйлдлээ хянах чадвар
- Гол ачааг үүрэх – тухайн бэрхшээл ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн даван туулахын тулд үүрэг хариуцлагыг өөрөө хүлээх чадвар
- Хүлээц – таны ажил, амъдралд нөлөөлөх ямар нэг таагүй нөхцөлд хүлээцтэй хандах чадвар
- Тэсвэр – таагүй нөхцөлд хэр удаан үргэлжлэх талаарх мэдрэмж.

BQ – Bonding Quotient

Bonding – Хэлхээ холбоо, хамаарал

BQ – Эцэг эх, үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт.
Эдүгээ эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавих нь бага болсон. Хүүхэд эцэг эхийн анхаарал халамж улам их шаардлагатай болсон.

BQ-г яаж дээшлүүлэх вэ?

- Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг мэдэх хэрэгтэй
- Хүүхдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж болохгүй
- Хүүхдийнхээ материаллаг төдийгүй оюуны хэрэгцээг нь хангах нь чухал
- Хүүхэдтэйгээ утсаар ярих, хамт ном унших, тэмцээнд хамт оролцох, аялалд хамт явах нь хамгийн үр дүнтэй, энгийн аргууд
- Эцэг эхийн зүгээс тэвчээр гаргах нь хамгийн чухал

DQ – Development Quotient

Development – Хөгжил дэвшил

Өөрийн бие бялдрын байдал, онцлогийг тодорхой мэдэж, аажмаар хөгжүүлэн, зорилгодоо хүрч амжилт гаргах чадвар

DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, тэвчээртэй, системтэй хичээллэх чадвартай болдог. DQ өндөртэй хүн биеийн тамир, спорт, урлагийн төрөлд гялалзсан амжилт гаргаж чадна.

DQ-гээ яаж дээшлүүлэх вэ?

- Хамгийн түрүүнд айдсаа даван туул
- Тогтмол хичээллэ
- Булчингаа хөгжүүл
- Уян хатан чанараа хөгжүүл
- Тэнцвэрээ хөгжүүл
- Аливааг урьдаас мэдрэх чадвараа хөгжүүл
- Самбаа болон баримжаагаа хөгжүүл
- Аэробикээр хичээллэ
- Амьдралынхаа хэмнэлийг өөрчилж бай
- Эрүүл хүнс хэрэглэж бай
- Тэвчээртэй бол
- Биеэ сул тавих, стресс тайлах дасгалуудыг сур.

SQ – Spiritual Quotient

Spiritual – оюун санаа, дотоод ертөнц

- Утга агуулга, үнэлэмжийн асуудлыг ойлгож шийдэх чадвар
- Үйл ажиллагаа, амьдралын замаа өргөн, баялаг, ач холбогдолтой хүрээнд аваачих чадвар
- Үйл ажиллагаа, амьдралын аль нэг замыг бусдаасаа арай илүү болохыг үнэлэх чадвар
- Хүний тархи, сэтгэц дэх дотоод төрөлхийн чадварууд
- Оюуны бусад чадваруудаа ухаалаг ашиглах хамгийн оргил чадвар
- Хүрээлэн байгаа орчин, байгальтай холбоо тогтоох чадвар
- Бусдад тусалж, өөрийгөө бусдын төлөө золиослох чадвар

Бидний SQ бол сэтгэл дотор маань байдаг луужин юм.

SQ – гээ яаж хөгжүүлэх вэ?

- Амьдралд байгаа бүхий л сайхан зүйлийг олж харж, баярлаж сур
- Өөрийнхөө үнэт чанарыг таньж мэд
- Өрөвч зөөлөн сэтгэл гаргаж бай
- Сэтгэлийн амар тайван байдлыг тань алдагдуулдаг зүйлээс өөрийгөө холдуул
- Илүү ачаанаасаа сал
- Өөрийхөө хүсэл зорилгын талаарх оюуны зураглал хий.

MQ – Moral Quotient

Moral – Ёс суртахуун

Ёс суртахуун – хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлдлийнхээ агуулга, хэм хэмжээг тогтоох чадвар

MQ сайтай хүн сайн мууг ялгах чадвартай, бас чин сэтгэлээсээ бусдыг хайрлаж чадна. IQ, EQ хичнээн сайн байлаа ч MQ доогуур бол тэр хүн нийгэмд хор хөнөөл учруулна.

Ёс суртахууны чадварууд

- Хүний нэр хүндийг хүндэтгэх
- Бусдын сайн сайхны талаар санаа тавих
- Хүвь хүний сонирхол ба нийгмийн үүрэг хариуцлагыг хослуулах
- Зарчимч байдлыг эрхэмлэх
- Ёс суртахууны сонголтуудыг тусган авах
- Зөрчлийг тайвнаар, эв зүйгээр шийдвэрлэх арга замыг хийх

ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв нь хүүхэд багачуудынхаа оюун ухаан, сэтгэлгээг олон талаар хөгжүүлснээр хүн бүхэн өөр өөрсдийн онцлогийг мэдэж, хүн бүхэн өөр өөр авьяас чадвартай, өөр өөр хүсэл зорилготой, өөр өөр ертөнцүүд байдгийг ойлгон, өөрийгөө зөв үнэлэн, өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой байж, эх орныхоо жинхэнэ эзэн нь болж өсгөх бодлоготой хичээнгүйлэн ажиллаж байна.

Эх орныхоо ирээдүйн төлөө санаа тавьдаг, үнэт зөвлөгөө, зөвлөмжөө өгөхийг хүссэн, хамтарч ажиллах саналтай байгууллага, хувь хүн хэн бүхэнтэй хамтарч ажиллахад хэзээд бэлхэн.

 

Жамсранжавын ХОРЛОО
Хүүхдийн хөгжил судлаач 

http://creativemongolia.com/horloo