Байгууллагын сургалт хөгжлийн хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага
11 жил, 5 сар өмнө

Хүн төрөлхтний амьдрал, оюун санааны хөгжил цоо шинэ шатанд дэвшиж хүн бүр илүү оюунлаг, амар амгалан амьдралыг хүсэн мөрөөдөж, хүн өөрийн амьдралын утга учир, авъяас чадварыг танин мэдэх их эрэлд гараад байна. Хүний хөгжил, өөрийгөө танин мэдэх номнууд дэлхийн хамгийн их борлуулалттай номнууд болж байгаа нь үүнтэй холбоотой. Хүн бүрт тэгш мэдээлэлжих боломж бүрдсэнээр хүн илүү их хүсэл тэмүүлэлтэй болж, өнөө маргаашаа бодож амьдрах уйтгарт хэв маягаас улам бүр татгалзах хандлага бий болоод байна. Тэгвэл сэтгэлгээний хувьд хөгжиж буй, хөгжөөгүй ч гэсэн мэдээлэлжсэн ажилтануудыг тогтоон барьж удирдах асуудал нь бизнесийн байгууллагуудыг цоо шинэ философийг эрэлхийлэхэд хүргэлээ. Энэ цаг үед хүнийг “Ташуур Гамбир”-ын аргаар хамгийн сайн ажиллуулж, зөвхөн цалин урамшууллаар тогтоон бариж чадахгүй болоод байна. Ихэнхи бизнесийн байгууллагууд ашиг орлогоо нэгдүгээрт тавьж хүнийг больж, сольж болдог хэрэгсэл мэтээр хандаж байна.

Тэгвэл өнөөдөр “ХҮН ӨӨРӨӨ БАЯЛАГ” гэдгийг шинэ зууны бизнесийн байгууллагууд ухаарах цаг болжээ. Хүнээ жинхэнэ утгаар нь баялаг болгож чадсан компаниуд амжилтын оргилд хүрч байна.
Хүнээ төв болгоно гэдэг нь ажилтан бүрийн авъяас чадварыг нээн илрүүлж, ажилтан хөгжих таатай орчинг бүрдүүлж, ажилтанаа тогтмол сурган хөгжүүлж, хүсэл тэмүүллээр нь удирдахаас бүх зүйл эхлэж байна.
Та өнөөдөр мөнгө олохын төлөө амьдралаа зориулдаг мөнгөний боол амьтан болох биш, мөнгө бол өөрийнхөө хүсэл мөрөөдөлд, хамгийн сайн хийж чаддаг зүйлээ сэтгэл хангалуунаар хийх явцад таны хүсэл тэмүүллийн шагнал болж ирдэг зүйл гэдгийг ойлгуулахаас эхлэж байна.
Ажилтан бүрээ судалж, тэдгээрийн хүсэл сонирхол, сэтгэл зүй, хувь хүний дахин давтагдашгүй онцлогт тохирсон хөгжүүлэх, сэдэлжүүлэх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх нь шинэ зууны бизнесийн амжилт юм. Хүнийг судалж, тодорхойлж, идэвхижүүж сэдэлжүүлдэг арга технологиуд хүртэл нарийсч бие хүний сэтгэц, үзэл санаа, бие физилогийн нарийвчилсан судалгаанд суурилсан ул суурьтай сэдэлжүүлэх технологиуд нь үр дүнгээ өгсөөр байна.

Танай байгууллагын хөрөнгө, өндөр байшин, гоё компьютерээс илүү ажилтан тань илүү үнэ цэнэтэй баялаг гэдгийг ойлгож, баялагаа хөөж явуулж, үзэн ядаж, хавчиж шахах биш, харин ч судалж, сургаж хөгжүүлж, арчилж дордож, дотор нь байгаа авъяас чадварыг нь нээж, боломж олгож чадвал бүхнийг сайхан болгож чадах шидтэн хажууд чинь сууж байна даа.
Өчигдөр та ажилтнаа нухчин дарж, ажилтнаасаа мэдлэг, чадвараа харамлаж, ажилтнаа өөртэй чинь өрсөлдөхүйц мэдлэг чадвартай болохоос үхтлээ айдаг байсан бол харин өнөөдөр ажилтнаа илүү их хөгжүүлж, ажилтандаа боломж олгож, өөрөөсөө илүү чадвартай болохыг дэмжиж хамтдаа мөрөөдөлдөө хүрэх нь ухаалаг бизнес болоод байна.

Харин бид ажилтан нэг бүрийн сэтгэл зүйн болон бие хүний судалгаа, байгууллагын судалгаанд үндэслэсэн байгууллагын соёлыг төлөвшүүлэх урт хугацааны байгууллагын сургалт, цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийг байгууллагуудын хүсэлтийн дагуу хүний хөгжил, бизнесийн сэтгэлзүйн чиглэлд ажилладаг мэргэжилтнүүд болон мэргэшсэн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна.

Жамсранжавын Лувсандорж
Үндэстэн Баг ХХК