Арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж
7 жил, 2 сар өмнө


Сэдэв.  “ Арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж”

Зорилго: Арьс шир /савхи/ боловсруулах үйлдвэрийн ерөнхий технологи машин тоног төхөөрөмжийн ангилал, бүтэц, зохион байгуулалт ажлын үндсэн эд ангийн тооцоо хийх.

Мэдлэг:  Үйлдвэрлэлийн технологи ба хийцийн ангиллын дагуу машин тоног төхөөрөмжийн ажиллагааг нарийвчлан судлах

Чадвар:  Ажлын үндсэн эд ангийн тооцооны аргачлалын эзэмших

Дадал:  Машинд засвар үйлчилгээ тохиргоо, кинематик схемүүд дээр ажиллаж тооцоо хийж чаддаг байх

Энэ хичээлээр: 

  • Арьс ширний үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмжийн онцлог;
  • Арьс,шир түүний бүтэц, байр зүй;
  • Арьс шир боловсруулахад бэлтгэх дамжлагууд,
  • Идээлэх, идээлсний дараах ажилбаруу;
  • Арьс ширийг  шингэнээр боловсруулах тоног төхөөрөмжүүд, засвар үйлчилгээ, тохиргоо хийх;
  •  Арьс ширийг механикаар боловсруулах тоног төхөөрөмж,  
  • Дулааны боловсруулат, хатаах тоног төхөөрөмж;
  •  Өнгө заслын тоног төхөөрөмжийн хийц, ажиллагаа, тохиргоо үйлчилгээ; 
  • Арлах, индүүдэх, хэмжих тоног төхөөрөмжийн үндсэн механизм;
  •  Шинэ тоног төхөөрөмжийн талаархи судалгаа;
  • Боловсорсон арьс, ширний шинж чанар зэргийг судлан үзнэ.

Арьс,  ширний үйлдвэрлэлийн тухай ерөнхий ойлголт

Монголчууд эрт дээр үеэс эхлэн мал, амьтны  гаралтай түүхий эд болох арьс, ширийг өөрсдөө гар аргаар боловсруулж, гутал, хувцас, малгай, дах, дэгтий  хийхээс гадна ахуйн зориулалтаар боловсруулж чөдөр, ногт, бугуйл зэрэг мал аж ахуйн тоног хэрэгсэл, ахуйн бусад эд зүйл хийж ирсэн маш баялаг туршлагатай ард түмэн билээ. Харин одоо шинжлэх ухаан, техник хөгжихийн хэрээр шинэ технологи, тоног төхөөрөмжөөр өндөр түвшинд боловсруулан дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

Арьс ширний vйлдвэрлэлийн зорилго  бол байнгын нөхөн сэргээгддэг тvvхий эдийг тvvний бvтэц, онцлогт тохирсон, шинжлэх ухааны ололтод тулгуурласан, байгаль, экологид халгvй, vр ашигтай технологиор иж бvрэн боловсруулж, чанартай бvтээгдэхvvн үйлдвэрлэж дотоодын болон олон улсын зах зээлд нийлvvлэх  явдал юм.

Арьс, ширний үйлвэрүүд амьтны арьсаар улны шир, шеврет, шевро, илэг, юфть, сур, үдээр, шахмал картон зэрэг хагас бэлэн бүтээгдэхүүнээс гадна үслэг эдлэл,гутал, хувцас, жижиг савхин эдлэл зэрэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. ]

Арьс,  шир нь янз бүрийн химийн найрлага бүхий хэд хэдэн давхаргаас бүрдсэн өвөрмөц бүтэц шинж чанартай түүхий эд учир боловсруулахын тулд бүтэц шинж чанарыг зайлшгүй судласан байх ёстой.

Арьс, ширний гистологийн бүтэц

Арьс,  шир нь бүх амьтны хувьд бие эрхтэнийг гадна орчноос тусгаарлах, бие организмыг халуун, хүйтэн, чийг, ус, гэрлээс хамгаалах, хорт бодисуудыг гадагшлуулах, гадна орчны гэмтлээс хамгаалах, гадаад орчинтой зохицож амьдрах тэнцвэрт байдлыг хангадаг.

Бүх төрлийн мал, амьтны арьс шир нь үсэн бүрхүүл, өнгөн давхрага буюу эпидермис(эпи-дээд тал, дерма (derma- apьc), жинхэнэ хөрс буюу дерма давхрага, шар махан давхрага гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Арьс, ширний топографи

Арьсны топографи  (байрлал зүй) гэж түүний талбайн хэсгүүдийг хэлнэ. Топографи  хэсгүүдэд арьсны ерөнхий шинж, нимгэн зузаан, ширхэгүүдийн тогтоц, физик механикийн шинжүүд нь өөр өөр байдаг.  Арьс, ширийг талбайгаар нь зоо, хүзүү, хээл гэж гурав ангилдаг. Жишээ нь: үхрийн ширийг шилбэ, год, суга, зах, хээл, зоо, өгзөг, сүүл гэсэн байр зүйн  хэсгүүдэд; адууны ширийг цээж ба хондлойн хэсэг болгон хуваана. 

1-р зураг. Арьсны топографи

        1- хүзүү хэсэг, 2- хээл хэсэг, 3.4- зоо хэсэг, 5- хуваасан хэсэг.           

Арьс, ширний химийн найрлага, шинж чанар

Арьсны химийн тогтоц, бүтэц бүрэлдэхүүн хэсгүүдийнх нь химийн шинж чанарыг судалсны үндсэн дээр  боловсруулах технологи ажиллагааг тогтоодог. Арьс ширийг боловсруулах явцад химийн тогтоц нь өөрчлөгдөж,  физик химийн чанарт нь нөлөөлдөг. Иймд боловсруулсан арьсны шинж чанар нь түүний химийн тогтцоос хамаарна. Амьтны арьс нь ус, уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс давсууд, витамин, фермент зэрэг химийн бодисоос тогтоно (2-р зураг).  

2-р зураг. Арьсны химийн тогтоц

Тухайн амьтны төрлөөс хамаарч эдгээр үзүүлэлт нь өөр өөр байна. Жишээ нь хонины арьс 30 хүртэл хувийн тослог бодис агуулдаг онцлогтой.

Арьс, ширэн түүхий эдийн үндсэн шинж чанар

Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн хийхэд зориулагдсан арьсны чанар зохих шаардлага хангаж  байгаа эсэхийг дараах шинж чанаруудаар тодорхойлно. Үүнд: арьсны талбайн хэмжээ, зузаан, хөхөнцөр ба торлог үеүдийн харьцаа, коллагены ширхгүүдийн сүлжээний хэлбэр, топографийн хэсгүүдийн хөгжилт, уургийн химийн тогтоц, шинж чанар, гэмтэл зэрэг орно.

Талбайн хэмжээ. Арьс, ширний нэг чухал үзүүлэлт юм. Арьс, ширний талбай малын төрөл, үүлдэр, нас, хүйс, арчилгаа маллагааны онцлогоос шалтгаалж харилцан адилгүй байдаг. Арьсны ашигтай талбайн хэмжээ нь эсгүүрийн талбайн хэмжээг тодорхойлно. Арьсны талбайн хэмжээ нь малын төрөл, үүлдэр, нас, хүйс, тэжээл,  арчилгаанаас ихээхэн хамаарна.

Арьсны зузаан. Арьсны нимгэн, зузаан нь түүний таваарын чанарыг тодорхойлдог чухал шинжийн нэг бөгөөд тухайн түүхий эдээр ямар нэр төрлийн бүтээгдэхүүн боловсруулж болох боломжтойг харуулна.  Арьсны нимгэн, зузаанаас түүний бөх батын чанар технологи ажиллагааг явуулах хугацаа хамаарна.

Хүндийн жин. Түүхий эдийг боловсруулалтад сонгож авахад түүний хүндийн жин нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Голдуу жингээрээ ойролцоо түүхий эдийг сонгож авна. Арьс ширний хүндийн жинд түүний талбайн хэмжээ, зузаан, нягт, үсэн бүрхүүлийн нягт, сийрэг болон бусад хүндрүүлэгч (эвэр, туурай, өөх, халим, мах гэх мэт) зүйлүүд нөлөөлнө.

Нягт. Арьс ширэн түүхий эдийн бөх бат, яс чанар, халуун хүйтнийг даах чадварт түүний нягт, сийргийн байдал нөлөөлөхөөс гадна боловсруулах хугацаа, химийн бодисуудын нэвчилтэд зохих нөлөөг үзүүлнэ. Түүхий эдийн партыг сонгож авахад нягтыг нь харгалзана. Арьс ширний нягт сийргээр арьсны сунах, урагдах, элэгдэх ба бөх батын чанарыг тодорхойлно.

Гэмтэл. Арьс ширэн түүхий  эдийн чанарт нөлөөлдөг гол шинжүүдийн нэг нь гэмтэл юм.  Гэмтэл хэдий чинээ их байна арьсны топографийн гол хэсгүүдийг   төдий хэмжээгээр гэмтээж чанарыг бууруулна.

Арьс, ширний ангилал

         Арьс, ширэн түүхий эдэд таван хошуу мал, амьтны арьс, шир хамаарна. Арьс, ширэн түүхий эдийг төрлөөр нь бод  малын ба зарим ангийн шир, бог малын ба зарим ан амьтны арьс, гахайн шир; жингээр нь хүнд ба хөнгөн; чанар хамгаалсан байдлаар нь нойтон, хөлдүү, энгийн хатаасан, давстай  нойтон, давсалж хатаасан гэж ангилна.

Арьс, шир боловсруулах технологи, тоног төхөөрөмж

Арьс,  ширэн түүхий эдийн бүтэц, шинж чанар, төрөл бүрд тохирсон технологийн горимоор машин тоног төхөөрөмж,  химийн бодис материал ашиглан боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Арьс, ширний үйлдвэрийн технологийн зорилго нь арьс ширэн түүхий эдийн хими, физик,  механик шинж чанарын үзүүлэлтийг хэрэглээ болон зориулалтын шаардлага хангах зохих тогтоц, шинж чанартай  болгоход оршино.

 Арьс ширийг боловсруулах бүх дамжлага ажиллагааг:

•       Химийн   ба физик-химийн   боловсруулалт;

•       Механик   боловсруулалт гэж ангилдаг.

Түүхий эдийг бөөнөөр  (парт) нь химийн уусмал бүхий  шингэнд хийж ган, баркас, барабан, шнек зэрэг тоног төхөөрөмжөөр боловсруулдаг.Үүнийг химийн боловсруулалт гэнэ.

3-р зураг. Арьс, ширийг химийн уусмалаар  шингэн орчинд боловсруулах тоног төхөөрөмжийн ерөнхий байдал 

Харин түүхий эдийг хатаах, чийглэх ажиллагаанууд нь физик-химийн боловсруулалтад хамаарагддаг.

Механик боловсруулалт  нь арьс ширийг ширхэгээр нь үс авах, хуваах, шар мах авах, усыг шахах, зузааныг тэгшилж хусах,  элдэх-зөөлрүүлэх, сунгах, өнгөлөх, зүлгэх, тэнийлгэх зэрэг ажилбарыг машинаар гүйцэтгэх ажиллагаанууд юм.

4-рзураг. Арьс хатаах машины ерөнхий байдал

Тэнийлгэх ажиллагаагаар  арьс ширийг тэгш, үрчлээс нугалаасгүй болгох зорилготой. Тэнийлгэх ажиллагааг  тэнийлгэх, индүүдэх машинаар гүйцэтгэнэ.

5-р зураг. Арьс тэнийлгэх машины ерөнхий байдал

Арьсны  өнгийг хучиж  будах ажиллагаа   өнгө нүүрийг гоёмсог, гялалзсан өнгөтэй болгох зорилгоор хийгдэнэ.

  Боловсруулсан арьс, ширний чанар

Гутал, хувцас хийх зориулалттай арьс шир нь хөлсийг шингээж, гадагш гаргах чадвартайгаас гадна хүний организмд элдэв хортой нөлөөгүй, түүнийг орчны нөлөөнөөс хамгаалж, гоо сайхны шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Арьс ширэн бүтээгдэхүүний чанарыг  нягт, эзлэхүүн, хүндийн жин, зузаан, талбайн хэмжээ, бүтэц, чийгийн хэмжээ болон бусад физик-хими, механикийн олон цогц үзүүлэлтээр тодорхойлно. Орчны янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр арьс, ширний хувирах ба үл хувирах чадвар нь түүний эдэлгээний даац, дулаан дамжуулалт, агаар нэвчүүлэх чадвар зэрэг шинжүүдээсээ хамаарна.