Амьтад ба бид
...Гадаадын олон оронд хүмүүс нь нохой тэжээж, өглөө болгон нойрмог хэрнээ нохойгоо салхилуулж явахдаа гартаа гялгар уут барьж, "хүндэрсэн" үед нь хүндэтгэлтэй гэгч нь тосон авч, тусгай саванд хийж байхыг харахдаа нэлээд "гайхна".
Манай Монгол ноход угаадсаар хооллож, яс мэрж, уяандаа "хүмүүжиж" байхдаа ч үүргээ сайн биелүүлж байдагтай харьцуулахад гадаад нохойнууд даанч "ямбатай". Эзэд нь тэднийг яг л хүүхэд мэт хайрлан энхрийлж, асран хүмүүжүүлж байхыг харахад бидний "Монгол сэтгэхүй"-д даанч "төвөгтэй" мэт санагдах.
Гэрт нь захиалгат ажил гүйцэтгэж байсан нэгэн айлын муур нь "таалал төгссөн" тухай гэрийн эзэгтэй эмгэн туйлаас гашуудан хуучилж, бидэнд муурныхаа зургийг үзүүлэн эмгэнэж билээ. Тэр ч бүү хэл тэр эмгэн муурандаа шүлэг зохиож, жаазтай зургийнх нь өмнө хүндэтгэлтэй тавьсан байсан сан. Ижил дасал болсон муурнаасаа салсан эмгэн дахиад "талийгаач муур"-тайгаа яг адилхан муур олж авахаар "хөөцөлдөж" буй гэнэ.
Гэртээ загас тэжээж байгаа хүмүүс загасандаа ихээхэн анхаарал тавьдаг аж. Усны дулааныг тохируулахаас эхлээд, усыг байнга цэвэрлэж байх, бас хооллох гээд зөндөө л ажил удна. Зүгээр л усанд ямар нэгэн загас авчраад мартаж болохгүй болохоор амьтан тэжээнэ гэдэг их том урлаг, бас хайрлаж энэрэхүйн, сэтгэл баясахуйн сайн сургууль мэт.
Өндөр хөгжилтэй орнуудын хот болгон өөрсдийн амьтдын хүрээлэнтэй. Тэнд нь эцэг эхчүүд амралтын өдрүүдээрээ хүүхдүүдээ дагуулан очиж, өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлнэ. Зоопаркийн амьтдыг зүгээр л торон дотор бус, яг л байгалийн нөхцөлд нь тааруулан байлгадаг болохоор багагүй хөрөнгө мөнгө зарцуулдаг бололтой. Хамгийн гол нь хүмүүст болон хүүхдүүдэд амьтдыг "амьдаар нь" харж нүдлэх, тэдний тухай их мэдээлэл авах болон зан араншинг нь мэдрэх бас хайрлан хамгаалахад сургадаг аж.
Бид нэг удаа амьтдын хүрээлэнд тарвага олж харахдаа их л сониучирхан танимхайрсан сэтгэлтэй зэрэгцээд, "боодог хийж идвэл мөн ч сайхан байгаа даа" гэсэн бодол төрдөг юм даа. Жаахан инээд хүрсэн хэдий ч, Монголчууд бид ямар нэгэн амьтдын тухай ярилцахдаа хэрхэн "алах" тухай л эхэлж боддогоо анзаарсан юм. Дараа нь энэ тухай найзуудтайгаа ярилцаж суухдаа зөндөө л инээлдэж билээ.
Бага насны "АНЧИН" сэтгэлгээ
...Биднийг бага байхад, хичээлийн жил дуусаж зуны амралт эхлэх үед "зуны даалгавар" гэж өгдөг байв даа. Намар хичээлдээ ирэхдээ заавал биелүүлсэн байх учиртай хатуу чанд заалтуудын дунд "эрвээхийн хатаамал хийх", "цэцгийн цуглуулга хийх", "зурамны болон тарваганы арьс авч ирэх" мэтийн харгис даалгаврууд байх.
Зуны даалгавраа биелүүлэхийн тулд цэцэгт талд үзэсгэлэнт сайхнаараа гайхуулан цэнгэж нисэж асан эрвээхийг барьж аваад номны завсраа хавчуулаад л хөөрхий түүний "амь насыг бүрэлгэж" орхино. Номын завсар амь насаа "хавчуулсан" хөөрхий эрвээхийг харан харан баясана гэдэг бас л сонин үзэгдэл. Яг үүн лугаа хичнээн сайхан үзэсгэлэнт цэцэг навчис энэ л гунигт тавиланг амсав даа. Жамаараа бус хүүхдийн гарт "халих" үзэсгэлэнт эрвээхий, цэцэг навчсын гунигт хувь заяа, хүүхэд бидэнд баяр хөөрийг өгч байсан гэвэл арай л худлаа байх.
За тэгээд үйлтэй зурамнууд бол түүнээс ч хэцүүг амсана. Эрх чөлөөтэй гүйлдэж, тоглож асан тэднийг урхидаж, ус цутгаж байгаад л "тэнгэрт халиана". Нүх рүү нь зогсоо зайгүй цутгасан усанд шалба норж, аргаа барахдаа "гараа өргөн бууж өгөх" мэт нүхнээсээ гарч ирэх хөөрхий тэднийг хичнээн баяр бахдалтайгаар "алж" арьсыг нь өвчиж авдаг байв даа. Харгис энэ даалгаврыг охид болон хөвгүүд гэж ч ялгахгүй өгнө. Чаддаг нь өөрсдөө, чаддаггүй нь хэн нэгнийг гуйж байгаад даалгавраа заавал биелүүлнэ.
Хамгийн гайхалтай нь хүүхдүүдээр бэлтгүүлсэн энэ л үзмэрүүдийг хүүхдүүдэд байгаль орчин болон амьтан ургамлаа хайрлан хамгаалж сургахад ашигладаг байсан юм шүү дээ. Өөрсдийн гараар устгачихаад сэтгэл зүрхээрээ хайрлана гэдэг нэг л ойлгомжгүй. Одоо хэр би тэр их зурамны арьсаар яадаг байсныг мэддэггүй юм. Хожим сонсоход экспортод гаргадаг байсан бололтой.
Түүнээс ч хэцүү юм бас бий. Хөдөөгийн дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдыг намар намарт Орос руу гаргах экспортын мах бэлтгэх нядалгаанд "дайчилдаг" байв. Экспортын нядалгаа нь малыг өрлөж бус шууд хоолойг нь хэрчиж бэлтгэдэг технологитой. Хөвгүүд нь нядалгаанд, охидууд нь "гэдэс арчих" ажилд тусгай нормтойгоор ажиллана.
Гэдэс арчих гэдэг нь хонины гэдсийг энхрийлэх маягтайгаар даавуугаар арчих юм биш шүү дээ. Хонины хэвлийд байсан бүх л эрхтнүүдийг тусгай дарааллаар нь цэвэрлэн, зарим олгойд нь цусыг нь цутгах зэрэг нарийн ажиллагаа. Мэдээж ийм ажилд сайн дураар биш албадан маягаар суралцаж байгаа хүүхдүүд мал амьтдыг хайрлахаас илүүтэй махны амтыг л сайн мэддэг болдог юм даа.
Том насны "ШУНАХ" сэтгэлгээ
...Балчир насандаа зуны даалгавраа биелүүлэх гэж үзэсгэлэнт сайхан эрвээхий, өчүүхэн хөөрхөн зурам хүртэл агнаж өссөн хөөрхий бид, том болохоороо нүдэнд харагдсан ан амьтан, ургамал, жимс цэцэгсийг хайр найргүй агнаж, ашиглаж, түүж өөрсдийгөө баяжуулах болон цэнгүүлэхийг л боддог болох аж.
-ЧОНО. Монголчууд бид чоныг харахаараа л хөөдөг муу зуршилтай.
"Ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алуулдаг" гэх хэлцээс болж л хөөнө. Алж чаддаггүй юмаа гэхэд "ижил тэнгэртэй"-гээ нотлох гэж л шүү дээ. "Амь наана, там цаана" тэвдэж яваа хөөрхий чоно юу гэж л алах гэж хөөж байгаа хүндээ "адилхан л тэнгэртэй" гэж хэлж өгөх билээ. Тэнгэр шүтдэг Монголчууд, сүүлийн үед олон чоно алснаараа өөр хоорондоо өрсөлдөж хийморь лундаагаа нотолдог болсон гэх.
Өнөө цагийн өндөр үнэтэй хурц хараат дурантай, холч мэргэн тусгалтай, хурц үзүүрт сумнаас амьд гарна гэдэг өнөө цагийн чононуудаас их л ухаан, авхаалж самбаа шаардаж буй биз. Алагдсан чононоос хаях юм огт үгүй гэнэ. Адил хийморьтой болохоороо бүх л эрхтэн нь хүний эрхтнийг сайжруулдаг гэх. Ядаж л арьсаар нь өрөөгөө бас гэрээ гоёх хүсэлтэй баячууд цөөнгүй.
-БУГА. Нэгэн цагт тэмээг "хулхидаж" эврийг нь авч одсон хэмээн үлгэр домогт өгүүлэгддэг буга гээч амьтан эврээсээ болж ихэд зовж буй. Цусан болон ясан эвэр бас чивнээсээ болж Монголын буга ихэд цөөрсөн гэнэ. Сүрлэг сайхан үзэмжээрээ, эрхэмсэг зөөлөн алхаагаараа, уянгат сайхан урамдах дуугаараа хангай нутгийн эзэн савдаг болсон тэр л амьтдыг харахдаа баясан хайрлахаасаа илүүтэй "эвэр, чив нь хэд хүрдэг бол?" хэмээн санаашрах болж дээ. Хангайн сайхан сүрлэг бугыг шуналаасаа болж "унагачихаад" зөвхөн эврийг нь тайрч, чивийг нь огтолж аваад одсон тохиолдол зөндөө гарсан гэсэн.
Мартсанаас, Монголчууд бид өөрсдийгөө ЧОНО, БУГА хоёроос үүссэн гэж сайрхан нотлох мөртлөө, мөнгөнд шунасан сэтгэлээсээ болж "аав, ээж" хоёрыгоо "алж", "арилжиж" байхдаа сэтгэл өвдөхгүй л юм даа.
-ГӨРӨӨС. Хурдан хөлт гөрөөсийг хүн болгон өхөөрдөн хайрладаг.
Хэн ч түүнийг нотолж, баталсан юм бүү мэд. "Хавар цагт гөрөөсний халуун цус уувал бие амархан тэнхэрдэг" гэсэн хуурай мэдэмхийрлээс болж, арай гэж онд орсон гөрөөснүүд хавар цагт "золиос" болно. Хурдан унаагаар хөөн бахардуулж, цэцэн бууны сумаар хөнөөн байж, хурц хутгаар гүрээг нь ханан, халуун цусыг нь түүхийгээр нь залгилах биднийг харсан хэн боловч "ВАМПИР" хэмээх "цус сорогчид" гэж андуурмаар... Бас аймаар... Тэгж уугаад хэдэн хүн тэнхэрч хүч орсоныг хэн ч нотлоогүй.
-ТАРВАГА. Тарвага гэдэг амьтныг монголчууд "буянтай"-д тооцон хөшөө босгож байв даа.
Нэгэн үед хойд хөрш Орос руу, дараа нь урд хөрш Хятад руу зөөсөн тарваганы арьсны наймаагаар олон ч хүн амжиргаагаа залгуулж, "хөл дээрээ боссон" гэдэг. Арьснаасаа болж ихэд цөөрсөн тарвагыг "боодог" хийж идэх хүслээрээ одоо ч агнаж л байгаа. За тэгээд тарваганаас үлдэх юм ч байхгүй болсон дог. Нөгөө чоно шиг л элгийг нь, бөөрийг нь, ходоодыг нь хүртэл огиж зогьсон байж түүхийгээр нь залгилцгаана. Энэ маягаар бол монголчуудад эмнэлэг тэгтлээ хэрэг болохгүй л болов уу?
-ХЭРЭМ. Хөөрхий хэрэм арьснаасаа болж бас идэх хоол болох самартайгаа хамтад урд хөрш рүү хичнээн ихээр зөөгдөв. Хэн ч харсан өхөөрдөм хөөрхөн, жижигхэн амьтныг мөнгөнд шунасан шунал өршөөсөнгүй. "Ядахад яр" гэдэг шиг амтат самрыг нь хүртэл зөөчихөөр амьд үлдсэн хэрэмнүүдэд "дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" болж байгаа. Алгын чинээ арьс нь юу л болов гэж бодохоор, ахиу олноор нь хувцас хийнэ гэвэл дэндүү олныг сүйтгэх хэрэгтэй болох юм. Жижиг биений зовлон их ээ.
-БААВГАЙ доньт болон өөхнөөсөө, ЗЭЭР махнаасаа, ХҮДЭР заарнаасаа, БУЛГА, МИНЖ сорлог арьснаасаа болж ихэд хэлмэгдэж байгаа. Ил далд ийм байдлаар алж устган, арилжиж наймаалцах шуналаас болж Монгол орны байгаль орчны тэнцвэр ихэд алдагдаж байгааг хэн ч тоож дурсахгүй юм даа. Бас хажуугаар нь эмийн зориулалтаар ашиглаж болох ховор үнэт ургамлуудад хэн ч анхаарахгүй, хянахгүй байгаа. "Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор" гэдэг шиг уул уурхайн халууралд бид хичнээн үнэт баялгаа нөхөн сэргээх аргагүйгээр сүйдэлж л байна. Эргээд бид түүнийг хэзээ ч олж авч чадахгүй.
Өнөө цагийн "ТЭНЭГ" сэтгэлгээ
-Монгол улсад Байгаль Орчныг Хамгаалах Яам гэж бий. Тэдний юу хийж юу хамгаалж байгаа нь олон нийтэд тийм ч ойлгомжтой биш. Арабын улсуудад ШОНХОР шувуу наймаалдаг, ховордсон ИРВЭС, БӨХӨН, АРГАЛ, УГАЛЗ-ыг өндөр үнээр агнуулдаг, ТАХЬ-ийг торон хашаан дотор "нутагшуулж" байгаа зэргийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр мэдээлснээр нь мэдэж байгаа. Харин үндсэн үүрэгт ажлуудаа хэр хийж Монгол орны байгаль орчны тэнцвэртэй байдалд хэрхэн санаа тавьж байгаа юм бол? Энэ дашрамд "цагаан шонхор шувуу" манай цагдаагийн байгууллагын бэлэг тэмдэг төдийгүй ийм нэртэй компаниуд байдгийг ч дурдья.
Дам хүмүүс ярихдаа, "шонхор шувууны наймаа ихэд ашигтай" гэх юм билээ.
-Монголчууд бид өөрсдөө Монголынхоо байгаль орчны тэнцвэрийг алдагдуулан, амьтан ургамлаа сүйтгэж байна. Би заримдаа харддаг юм. Урд хөрш маань манай байгаль орчны тэнцвэрийг зориуд их л холын бодлоготойгоор алдагдуулаад байна гэж!. Тэд бидний шунал болон мунхаглалыг маш сайн тооцож байна.
Санаж байгаа бол:
Ямааны ноолуурыг үнэд оруулах үед ямаагаа ихээр өсгөн бэлчээр нутгаа цөлжүүлсэнийг, хэрэмний арьс болон самар үнэд орох цагаар Хангай Хэнтийн нурууны их уулсад хонон өнжин байж сүйтгэснийг, бугын эвэр чив, хүдрийн заарь, баавгайн доньд үнэд орох цагаар хичнээн олноор нь хядаж, хөвчид сэглэж орхисныг, тарваганы арьс үнэд орох цагаар ямар ихээр алж зөөснийг, өнөө хэр алсан чоноо бүрэн бүтнээр нь гаргах гэж арга саам хайж байгааг, зээрийн сүргээ хичнээн ихээр хил давуулан алдаж байгааг мартаж боломгүй.
Энэ бүхнийг хувь хүмүүс, пүүс компаниуд, Улсын байгууллагууд өөр хоорондоо л уралдан өрсөлдөн байж зөөцгөөсөн. Хил дээр баригдах нь баригдаж, баригдахгүй нь зугатаж, ааг амьсгаагүй өрсөлдөөнт сүйтгэл дунд авилгал, мэхлэл л хөгжсөн. Ингээд Монголчууд бид юу хожив оо.
Ингэж гаргасан их баялгийнхаа оронд:
Хятадын ноолууран бүтээгдэхүүнийг, урт богино хийцийн булган дээлүүдийг, тарваганы арьсан малгайнуудыг, ховор нэртэй өндөр ханштай эм, тоснуудыг хичнээн ихээр нь өндөр үнэтэйгээр авчран бие биедээ "шахaцгаав". Өөрсдөдөө байгаа ховор эрдэнийн баялагуудаа түүхийгээр хямд үнээр гадагшаа зөөж, хариуд нь "ховор чанарын" нэрээр, боловсрогдсон бүтээгдэхүүнийг өндөр үнээр буцаан худалдаж авдаг тэнэгүүд биднээс өөр олон бий болов уу?
-Монголчууд бидний ан амьтад болон ургамал цэцэгст хандах хандлага нь:
Мах болгож идэх
Мөнгө болгон арилжих
Гоёл болгон өмсөх сонирхол дээр тогтоод байгаа юм биш байгаа даа.
Өөрчлөгдөх сэтгэлгээ
...Бид одоо энэ байдлаа өөрчлөн сайжруулах цаг болж байнаа. Алийн болгон Монголчууд гэхээр учиргүй их мах иддэг, харсан амьтан болгоноо хөөж алж байж санаа нь амардаг, худалдан арилжиж байж амжиргаагаа залгуулдаг мэтээр бусдад ойлгуулж байх юм бэ? Ийм байдлаа "баатарлаг", "эрэлхэг" мэтээр төсөөлбөл өнөө цагт арай л зохимжгүй. Уламжлал, заншил байлгүй л яахав? Гэхдээ хөгжил дэвшил гэдэг сайн зүйлээ авч үлдэж, муу зүйлээ засч сайжруулж байхын эхлэл.
1. Монголд дэлхийн жишигт хүрсэн амьтны хүрээлэн байгуулах цаг болжээ. Амьтны хүрээлэн бага насны хүүхдүүдэд маш их мэдлэг болон ойлголтыг өгдөг. Бас тэднийг амьтдыг хайрлан энэрэх сэтгэлгээнд сургадаг. Амьтан судлал болон ургамал судлалын чиглэлийн хичээлд хоосон төсөөлж, хий цээжилж байж мэдлэг эзэмших хэрэгтэй гэж үү?
2. Байгалын болон түүхийн музейг үнэгүй болгож, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газар болгох хэрэгтэй байна. Дэлхийн олон орноор зугаацаж тусламж гуйх дуртай дарга нар маань түүхийн болон байгаль шинжлэлийн чиглэлээр ШУ-ны хялбаршуулсан олон сайхан кинонуудыг гуйвал тэд дуртай бэлэглэнэ дээ. Ийм кинонууд Солонгосын олон ангид "савангийн дуурь"-иудаас хавьгүй сайнаар манай залуус хүүхдүүдэд нөлөөлөх болно.
3. Аймаг аймгийн нутгийн зөвлөл байгуулж түрүүлсэн бөхөд байр машин бэлэглэдэг архаг зүтгэлтнүүд, аймаг аймгийнхаа түүх болон байгаль орчин, амьтан ургамлын тухай баримтат кинонуудыг өөрсдөө санаачлан, ивээн тэтгэж хийлгэвэл найраагаар начин хийлгэсэн бөхчүүдээс тань илүү нутаг усныхандаа буян болно доо. Ядаж л тэр нутагт юу байж байгаад , хэзээ хэрхэн алга болсныг тогтоох боломж ч болох юм билүү?
4. Өөр хоорондоо уралдан өрсөлдөн байж элдэв кино хийж мөнгө олж, "шатаж" байгаа уран бүтээлчид, хүүхэд залууст зориулан амьтдын тухай, хүүхэлдэйн баатартай кино хийвэл үүнээс ч илүү мөнгө олно доо. Үгүй дээ л монгол маягийн Микки Маус байж яагаад болохгүй гэж? Хэрэв тийм сайн кино хийж чадвал ядаж л тэдний зурагтай маш олон бүтээгдэхүүнээс орлого олж болно.
5. Бид өөрсдөө хичээж алив амьтныг алж, махыг нь идэж, арьсыг нь өмсөхийг хүссэн сэтгэлгээнээсээ бага боловч ангижирмаар. Өөрсдийн үр хүүхдүүддээ хүртэл амьтан ургамлыг хайрлан хамгаалж сургахад, бидний өөрчлөгдсөн сэтгэлгээ болон сайн үлгэр жишээ их хэрэг болно. Амьтан болгон бидний дайсан биш шүү дээ. Бас булга минжин дээл өмссөн бүхэн сайхан хөөрхөн харагдахгүй шүү дээ.
Энэ дэлхийд хүмүүн биднээс гадна өчнөөн олон ургамал, амьтад хамтдаа оршиж байгаа. Бид тэднийг хэр ихээр хайрлах аваас тэд ч биднийг адил нэгэн хайрлах болно.